Улсын хилийг цэргүүд манадаг бол Улаанбаатарын хилийг байгаль хамгаалагчид хамгаалдаг
-Хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг Улаанбаатар хотод байгаль орчны асуудал тулгамдсан хэвээр байна. Иймд байгаль орчны талаар ямар дорвитой бодлого баримталж байна вэ?
-Улаанбаатарт хүн ам хэт төвлөрснөөс байгаль орчны олон сөрөг үр дагаврыг шийдэхэд хотод хуваарилж буй төсөв хөрөнгө нь хаанаа ч хүрдэггүй. Иймд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Бид байгаль орчныг хамгаалах менежментийг нийслэлийн оршин суугчдын байгальд хандах хандлагыг өөрчлөхөд чиглүүлж байна. Нийслэлийн иргэд, олон нийтэд байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг сурталчлахаар “Ногоон хот аян-2009”, “Ногоон хот аян-2010” бүх нийтийг хамарсан байгаль орчны өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан. Энэ ажил иргэдийн байгаль орчинд хандах хандлагыг өөрчлөхөд нөлөөлнө гэж үзэж, цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Нийслэлийн Байгаль хамгаалах газар нь нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн дөрөвний нэг буюу 24 хувийг эзэлдэг ойн сан бүхий газрыг хортон шавьж, ойн түймэр, хууль бус мод бэлтгэлээс хамгаалах үндсэн үүрэгтэй.
-Тантай өмнө нь ярилцахад агаарын бохирдол, утаа бол асуудал биш, харин уух ус, ой модгүй бол амьдрахад улам л хүндэрнэ гэж ярьж байсан даа. Магадгүй бид утаанд гол анхаарлаа хандуулаад байх шиг?
-Хүн төрөлхтөн, улс үндэстний оршин тогтнох үндэс бол ус. НҮБ нэг хүнд ногдох усны жилийн хэрэгцээ 1000 шоо метрээс буурахад тухайн орныг усны ноцтой хомсдолд орсонд тооцдог юм билээ. Одоогоор дэлхийн хэмжээнд ноцтой хомсдолд орсон орны тоонд Африкийн Сахарын цөл, Ойрхи Дорнодын орнууд оржээ. Тухайлбал, Хятад, дундад Азийн Каракум, Саудын Араб, Австралийн цөлөрхөг газрууд, Сахарын цөлд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт илүү мэдрэгдэж байгаа. Бараг бүх тивд ган гачиг бүхий хуурай бүс нутгийн хэмжээ нэмэгдэх болсон энэ цаг үед манай нийслэл дундуур урсдаг Туул, Сэлбэ голын ус татарч, бохирдож байгаа учраас олон нийтийн анхаарлыг зориуд энэ асуудалд хандуулах гэж тэгж ярьсан хэрэг л дээ. Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн нь үнэн. Гэхдээ улс орны эдийн засаг сайжирвал агаарын бохирдол шийдэж болох асуудал. Харин эдийн засаг сайжраад ч ус бий болгож чадахгүй. Хотын удирдлагууд усны асуудалд нэлээд анхаарал хандуулж байгаа. Цаашид Туул голыг хамгаалахад тулгарч байгаа бэрхшээлүүд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлахаар төлөвлөж байна.
-Сүүлийн жилүүдэд нийслэл орчмын ногоон бүсэд түймэр гарах нь багассан. Энэ нь та бүхний үйл ажиллагааны үр дүн гэж ойлгож болох уу?
-Нийслэлийн ногоон бүс хамгаалалтын зориулалттай бүс боловч оршин суугчид, машин, малын хэт төвлөрөлд их нэрвэгдэж, хүний хүчин зүйлийн нөлөөлөлд автсаар байна. Нийслэлийн нутаг дэвсгэр сүйтгэгдэх эрсдэл ихтэй суурьшлын бүсэд хамаардаг. Сүүлийн хоёр жилд бид ашиглалтынх нь явцад хамгаалуулах менежментийн хүрээнд нутгийн иргэдтэй хамтарч ажиллаж, тэднийг ажлын түр байраар хангаж, морин эргүүл, идэвхтэн байгаль хамгаалагчаар авч ажиллуулсан. Мөн мэдээллийн сүлжээ үүсгэж ажиллуулснаар нийслэлийн ойн санд ойн түймэр гаргаагүй нь нийслэлийн эдийн засагт ч эерэгээр нөлөөлсөн.
-Хулгайгаар мод огтлох нь хүчилтөрөгчийн гол ундарга болсон ойд маш халтай тусч байгаа. Мөнгөний төлөө ой мод руугаа хөрөө, сүх далайж байгаа хүмүүстэй хэрхэн тэмцэж байна?
-Бид тухайн уулын аманд амьдарч буй иргэдийг морин эргүүл, идэвхтэн байгаль хамгаалагчаар ажиллуулж, хамтран ажилласны үр дүнд нойтон мод огтлуулахыг үндсэндээ зогсоож чадсан. Мөн зэргэлдээ ойн сан бүхий аймаг, орон нутгаас хот руу хууль бусаар нэвтэрч буй мод тээвэрлэлтийг зогсоох талаар судалгаа хийж, хот руу хулгайн тээвэрлэлт нэвтэрдэг баруун, зүүн чиглэлд хоёр гол зам дээр Ойн газар, УМБГ-ын Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх алба, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч хөдөлгөөнт хяналтын пост ажиллуулж эхлээд байна.
-Байгаль орчны эсрэг гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд буурав уу?
-Уулын амны оршин суугч иргэдтэй хамтарч ажилласнаар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд байгаль орчны эсрэг гэмт хэрэг буурсан гэж бид дүгнэж байгаа. Байгаль хамгаалах асуудалд арай өөр өнцгөөс хандаж, цаашид бид байгаль орчныг ашиглалтынх нь явцад хамгаалах, иргэд, олон нийтийн байгальд хандах хандлагыг өөрчлөхөд бидний ажил чиглэж байна. Өнөөдөр мөрдөгдөж байгаа байгаль орчны хууль тогтоомж, эрх зүйн орчныг ч өөрчлөх шаардлагатай. Нийслэлд байгаль орчны шийдвэрлэх асуудал олон байна.
-Ажил үүргээ гүйцэтгэж явсан байгаль хамгаалагч амиа алдсан хэрэг саяхан гарсан. Ер нь байгаль руу халдсан ийм балмад явдал давтагдахгүй гэх баталгаа алга. Байгаль хамгаалагчдын ахуй хангамж, цалин хөлс ямархуу байна вэ?
-Тахилтын амны байгаль хамгаалагч ажил үүргээ гүйцэтгэж яваад золгүйгээр амь насаа алдсан нь үнэхээр харамсалтай. Ер нь манай байгаль хамгаалагчид өдөр бүр модны хулгайч нартай тулдаг. Тэд маань халуунд халж, хүйтэнд хөрж, хүнд нөхцөлд төрийн төлөө зүтгэдэг хүмүүс шүү дээ. Улсын хилийг цэргүүд манадаг бол Улаанбаатарын хилийг байгаль хамгаалагчид маань сахин хамгаалдаг. Ахуй хангамжийн хувьд өвөлд морь, зун, намарт мотоцикльтой юм уу явганаар л машинтай, зэвсэгтэй хүмүүстэй тулна. Гэхдээ байгаль хамгаалагчид нөхцөл байдалдаа зохицож, боломжоороо нийслэлийн ногоон бүсийг сайн хамгаалж байгаа.
Төр хүчтэй байхын тулд төрийн өмнөөс үүрэг гүйцэтгэж буй байгаль хамгаалагчийн нийгмийн хамгааллын асуудалд анхаарч бие хамгаалах хэрэгсэл, ажлын хувцас, цалин хангамжийг үе шаттайгаар сайжруулах ёстой. Улсын эдийн засаг сайжраад ирэхээр байгаль хамгаалах салбарт ажиллагсдын нийгмийн халамж, хангамж сайжирна гэдэгт итгэж байна.
-Энэ онд шинээр ямар ажил хийж амжуулсан, бас эхлүүлсэн бол. Тэдгээрийн үр дүнг хэрхэн төсөөлж байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд нийслэлд мод, бут сөөгний үзэсгэлэн худалдаа, тарьж ургуулж, арчлах талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх, тарьц суулгацыг хаанаас хэрхэн авах талаархи судалгаа, мэдээллийг байгууллагын вэб сайтад байрлуулах, иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудыг мэдээллээр хангах зэрэг олон хэмжээ зохион байгуулсан. Ерөнхийдөө ард иргэдийн мод тарих, ургуулах идэвх сонирхол нэмэгдсэн нь мэдрэгдэж эхэлсэн. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2010 оныг Ойн менежментийг сайжруулах жил болгон зарлаж, Ойн газраас орон даяар “Монголоо ногооруулъя” аяныг өрнүүлсэн. Баянзүрх дүүрэгт “Монголоо ногооруулъя” аяны хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 40-өөд сая төгрөг төвлөрүүлэн Баянзүрх ууланд мод тарьж, ойжуулалт, ойн нөхөн сэргээлт хийн 4950 метр урт хашаа барьж хамгааллаа. Мод тарих үндэсний өдрүүдийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт нэг сая орчим мод бут тарьсан дүн мэдээ гарсан. Баталгаагүй газарт мод ургуулж, арчлах нөхцөл нь бүрдээгүй орчинд технологийн бусаар тарих, тариад хаядгийг болиулж, тарьсан л бол ургуулах гэсэн зарчмыг баримталж байгаа.
НИТХ-ын өнгөрсөн чуулганаар Ногоон байгууламжийн асуудал эрхэлсэн дэд хороо байгуулсан. Уг хорооны эмэгтэй төлөөлөгчид хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх асуудлаар хамтарч ажиллахаар санал солилцож, судалгаа хийн ирэх онд хийх ажлаа төлөвлөж байна. Манай байгууллагаас нийслэлийн ногоон бүсэд оршин суугч иргэдийн байгальд хандах хандлагыг өөрчлөхөөр “Зуслангийн зөвлөл” байгуулах ажлыг эхлүүлсэн.
Н.Хажидсүрэн