“Монголын ой судлалын нийгэмлэг” ТББ-ын мэргэжилтэн Ганбаатарын Эрдэнэцолмон: ХУУЛИУДЫН УЯЛДАА ХОЛБООГ ХАНГАХ, ЗАРЧМЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ШААРДЛАГА Ч ИХ БИЙ

 “Монголын ой судлалын нийгэмлэг” ТББ-ын мэргэжилтэн Ганбаатарын Эрдэнэцолмон: ХУУЛИУДЫН УЯЛДАА ХОЛБООГ ХАНГАХ,  ЗАРЧМЫН ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ШААРДЛАГА Ч ИХ БИЙ

Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийнхэн эхний төслийг боловсруулан бэлэн болгожээ. Бид ажлын хэсгийн гишүүн, “Монголын ой судлалын нийгэмлэг” ТББ-ын мэргэжилтэн Ганбаатарын Эрдэнэцолмонтой уулзаж зарчмын өөрчлөлтүүд, онцлог зохицуулалтуудын талаар тодрууллаа.

-Ойн тухай хуулийг шинэчлэх шаардлага юу вэ?
-Бид Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Ойн салбарын хөгжлийн хөтөлбөр” “МОН-9899” төслийн хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд. 8 аймаг, 30 гаруй сумын 100 гаруй мэргэжлийн байгууллага, 107 ойн нөхөрлөл болон сум, сум дундын ойн ангиуд, аймгийн байгаль орчны газрын удирдлагууд, салбарын экспертүүд, мэргэжилтнүүдтэй уулзаж тоон болон чанарын судалгаа хийсэн.
Үр дүнгээс үзэхэд өнгөрсөн хугацаанд Монгол орны ойн сангийн талбай нэмэгдээгүй, ой бүхэлдээ хөгширч ойн бүтээмж буурсан, ой хөнөөлт шавжид ихээр өртөж доройтсон, ойн мэргэжлийн байгууллага, ойн ангиуд бие дааж ажиллах чадамжгүй, техник тоног төхөөрөмж нь хуучирсан, үйл ажиллагаа нь төсвийн хөрөнгө оруулалтаас шууд хамааралтай болсон, ойн мэргэжлийн хүний нөөцийн бодлого алдагдсан, дутагдал үүссэн, орон нутгийн ИТХ, засаг даргаас ихээхэн хамааралтай буюу мэргэжлийн байдал алдагдсан байдалтай байна. Ойн салбарын төрийн байгууллагын бүтэц, ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөлийн чиг үүргийн давхардал их байгаагаас орон нутагт маргаан, зөрчил их байна. Мөн түүнчлэн ойн тухай хуульд чиг үүргийн давхардал үүсгэсэн, хяналт, хариуцлагын зохицуулалтын уялдаа холбоо алдагдсанаас ойн менежментийн төлөвлөгөөг шат шатандаа дагаж мөрдөхгүй, хэрэгжүүлэхгүй байх явдал нэмэгдсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн орон даяар хүчээ авч, энэ салбарт урьд өмнө байгаагүй шинэ боломжууд бий болж байгаа ч хэрэгжилтийг хангахын тулд Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулга хийх зайлшгүй хэрэгцээ шаардлага үүсэж байна.Нөгөө талаас уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулахын тулд дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагууд байгаль, цаг уурын өөрчлөлттэй хамтран тэмцэж, ойн тогтвортой менежмент, ойн нүүрстөрөгчийн шингээлтийн асуудлыг чухлаар авч үздэг болсон ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд энэ талаарх зохицуулалт тодорхой тусгагдаагүй байгаа тул Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулга зайлшгүй хэрэгцээтэй болоод байна. Иймээс шинэчилсэн найруулгын хуулийн төслийн техникийн ажлын хэсэг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын даргын 2023 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн А/01 тушаалаар байгуулагдан ажиллаж байна.

Менежментийн төлөвлөгөө- Ойн тогтвортой менежментийн үндэс
Монгол Улс өнгөрсөн хугацаанд ойг хамгаалах бодлогыг түлхүү хэрэгжүүлж ирсэн бөгөөд хамгаалалтын бүсийн ой нийт ойн сангийн 83.1 хувийг эзэлдэг. Өнөөдрийн байдлаар ойн сангийн 15471.5 мян.га буюу 83.1 хувь нь хамгаалалтын бүсийн, 3136.5 мян.га буюу 16.9 хувь нь ашиглалтын бүсийн ойд хамаарч байна. Ойг хамгаалах бодлогыг дангаар нь хэрэгжүүлснээр ойн сангийн нөөцийн 76 хувь нь болц гүйцсэн буюу хөгширсөн, унанги болон ойн хөнөөлт шавжид идэгдсэн ойн талбай ихээр нэмэгдсэнээр ойн цэвэрлэгээний зардал үлэмж нэмэгдсэн, залуу мод ургах буюу ойн байгалийн нөхөн сэргээлт явагдах нөхцөл багассан, ойн эдийн засгийн бүтээмж буурсан, ойг эдийн засгийн эргэлтэнд оруулахыг хязгаарласнаас ойн анги, ойн мэргэжлийн байгууллагууд бие даагаагүй, зөвхөн төсвийн хөрөнгө оруулалтаас шууд хамааралтай болсон зэрэг сөрөг үр дагаврууд үүссэн байна. Иймд ойн тогтвортой менежментийн бодлогыг урт хугацаанд хэрэгжүүлж, ойн нөөцийг зохистой түвшинд ашиглах, үйлдвэрлэлийн зориулалттай огтлолтыг нэмэгдүүлэх, ойн замыг улсын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах, мэргэжлийн байгууллагууд ойн нөөцийг ашиглаж дотоодынхоо модны хэрэгцээг хангах, нөхөн сэргээх замаар ойн салбарын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх хууль, эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай байна.
-“Зөв, тогтвортой менежмент” гэдгээ тодруулахгүй юу?
– Ойн менежментийн төлөвлөгөөг улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд шат нэгдмэл байдлаар гарган хэрэгжүүлэх замаар ойн тогтвортой менежментийг хангаж, ойн аж ахуйн арга хэмжээг нэгдсэн зохион байгуулалт, уялдаа холбоотойгоор хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Үндсэндээ ойн тогтвортой менежмент гэдэг нь зохистой ашиглалтад суурилсан тогтвортой хамгааллын менежмент юм. Ойг арчилж цэвэрлэснээр бүтээмж нь нэмэгдэнэ. Гэрлийн хангамж сайжрах, хөнөөлт шавж үржиж тархахгүй байх, түймрийн эрсдэл буурах, олон төрөл зүйлийн мод ургах, биомассын нөөц нэмэгдэх сайн талтай. Өнөөдөр 500-гаад мэргэжлийн байгууллага, 1300-гаад ойн нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл тэд эрх үүргийн давхцалтай, хэн нь юу хийх нь тодорхой бус байгаа юм. Ойн нөхөрлөл, мэргэжлийн байгууллага хоёул ойн санг гэрээгээр эзэмшдэг. Нөхөрлөл гэдэг бол малчдын сайн дурын бүлэг. Мэргэжлийн байгууллага бол тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж. Хуулийн шинэчлэлээр ойн санг нөхөрлөлүүдэд гэрээгээр эзэмшүүлэх, мэргэжлийн байгууллагуудад ойн нөөцийг ашиглуулах, ойг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой, хариуцлагатай ашиглах асуудлууд нэгдсэн зохицуулалттай болж,нүүрстөрөгчийн зах зээлд оролцох боломж бүрдэнэ.
-Нүүрстөрөгчийн зах зээлд хэрхэн яаж оролцох боломж бүрдэх бол?
-Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 407 дугаар тогтоолоор батлагдсан “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт”-д “Монгол Улс үндэсний хүлэмжийн хийн ялгарлаа нийт ялгаруулах суурь нөхцөлтэй харьцуулахад 2030 он гэхэд 22.7 хувиар буюу 16.89 сая тонн СО2-тэй дүйцэхүйц хүлэмжийн хийг бууруулах боломжтой” гэж заасан. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх үүднээс ойн нүүрстөрөгчийн шингээлтийг тооцох, түүнийг үнэлэх болон ойн нүүрстөрөгчийн худалдаанд оролцохтой холбоотой зохицуулалтыг хуулийн төсөлд оруулж өгсөн.Түүнээс гадна “Тэрбум мод”-ны хүрээнд компаниуд амлалт авч байна. Тэгвэл амлалтаа биелүүлэх үндсэн хөшүүрэг нь нүүрстөрөгчийн зах зээл болж болно. Компаниуд хөрөнгө зардлыг нь гаргаад ойн нөхөрлөлүүд, мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээлт, ойжуулалт хийлгэнэ. Үүнийгээ өөрийн нэр дээрээ эсвэл ойн нөхөрлөл дээрээ бүртгүүлж, нүүрстөрөгчийн зах зээлд худалдах гарцыг хуулийн шинэчлэлт нээж өгнө. Нүүрстөрөгчийн зах зээлд хамгийн гол тоглогч нь төрийн нийтийн өмчийг хамгаалж буй ойн нөхөрлөлүүд байх бололцоо бүрэн байна.
-Тэгвэл ойн нөөцийг ашиглагч мэргэжлийн байгууллагууд яах болж байна?
-Тухайн сумын ИТХ мод бэлтгэлийн мэргэжлийн байгууллагад дараа жилийн квотыг тогтоож өгдөг. Жил бүр гэрээ хийгээд явдаг л даа. Өөрөөр хэлбэл, та нар энэ жил тэндээс тийм хэмжээний мод бэлтгэнэ шүү гэх нь байна. Зөвхөн ийм зөвшөөрөл өгдөг эрхтэй болохын тулд ИТХ-д орж ирдэг хүмүүс бий. Нууц биш шүү дээ. Өнөөдөр ой бүхий сумдын ойн ангийн удирдлагуудын тун цөөхөн нь мэргэжлийн хүмүүс буюу 43 ой ангийн зөвхөн зургаа нь л мэргэжлийн, бусад нь мэргэжлийн бус хүмүүс томилогдсон байна. Мод бэлтгэлийн үйл ажиллагаа улстөрөөс шууд хамааралтай гэдгийг харуулж байгаа юм. Ойн мэргэжлийн байгууллагуудын хувьд хүний нөөцийн болон санхүүгийн чадавх сул байна. Үүний цаад шалтгаан нь нэг талаас ойн арчилгаа, цэвэрлэгээ, нөхөн сэргээлтэд зарцуулж буй төсвийн санхүүжилт бага, нөгөө талаас ойгоос мод бэлтгэх квот хангалтгүй бөгөөд жил бүр тухайн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аж ахуйн нэгж байгууллага тус бүрд батлан хуваарилж байгаатай холбоотой байна. Тодруулбал, нэг ойн мэргэжлийн байгууллагад жилд дунджаар 400 м.куб мод бэлтгэх квот олгодог ба 4-5 сарын дотор квотоор олгосон модоо бэлтгэж, бусад үед сул зогсдог учир байнгын тогтвортой ажлын байр болж чадахгүй, санхүүгийн хувьд бэхжих, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, техник технологио шинэчлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна.Тухайн мэргэжлийн байгууллага багадаа таван жилийн хугацаанд хэдий хэр үйлдвэрлэл явуулах вэ гэдгээ мэдэх боломжгүй, энэ мэдээлэл тодорхой бус байгаа учир аргагүй шүү дээ. Хуулийн гол өөрчлөлтийн нэг нь энэ тогтолцоог өөрчлөхөд чиглэж байна. Улстөрийн шийдвэрээс илүү менежментийн тогтвортой төлөвлөгөө чухал. Менежментийн төлөвлөгөө байж л мэргэжлийн байгууллагууд урт хугацаанд ашиг олох, хөгжих, улмаар ойгоо нөхөн сэргээх, хамгаалах болно. Иймээс энэхүү шинэчлэлээр ойг зүй зохистой, хариуцлагатай ашиглах эрх зүйн орчин тодорхой болж, ойг арчлах, цэвэрлэх зэргээр ойн бүтээмж, экологи, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх эрх зүйн орчин бий болно.
-Та “тогтвортой” гэдгийг хэдий хугацааг хамруулан хэлж байна вэ?
-Багадаа арван жил. Сумын ИТХ менежментийн төлөвлөгөөг дор хаяж ийм хугацаагаар батлах ёстой. Менежментийн төлөвлөгөөний суурь нь ойн тооллого, зохион байгуулалт байх нь мэдээж.
-Сум, дүүргийн Засаг дарга, ИТХ-ын эрх мэдлийг үгүйсгэж байна уу?
-Менежментийн төлөвлөгөөг ИТХ батална гэж хэллээ шүү дээ. Засаг дарга энэ төлөвлөгөөний биелэлтийг хэрэгжүүлдэг, хянадаг, эргээд ИТХ-даа тайлагнадаг байна. Түүнчлэн уг хуулийн өөрчлөлтөөр ойн менежментийн төлөвлөгөөний үндсэн хэрэгжүүлэгч нэгж болох сумын болон сум дундын ойн ангиудын ажлын уялдаа холбоо, үүрэг, хариуцлагыг тодорхой, цаашдаа өсөн дэвжих боломжийг хангаж өгөхүйц болсон.
-Бэлтгэх, ашиглах яахав, болох л байх. Харин нөхөн сэргээх, хамгаалах л…?
-Энэ бол туйлын чухал. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх үндсэн нэгж болох Ойн газар, ойн анги, ойн мэргэжлийн байгууллага, Ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа сайжирч, мод тарьсан иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгжийг урамшуулах, нүүрстөрөгчийн худалдаанд оролцох, таримал ойн талаарх зохицуулалтыг тодорхой болгосноор хөдөө аж ахуйн эдэлбэр газраас шаардлага, нөхцөл хангасан талбайг таримал ойд бүртгэлжүүлэх, улсын санд худалдан авах харилцаа тодорхой болно. Үүнээс гадна “Ойн цэвэрлэгээ, ойн арчилгаа” хийх зохицуулалтууд тодорхой болсноор ойн санг доройтохоос урьдчилан сэргийлэх, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх арга хэмжээг ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөлүүд гүйцэтгэх боломж бүрдэнэ.
Цаашилбал манай улсад хамгийн их асуудал болон хүлээлт бий болгоод байгаа Агро-ойн аж ахуйн зохицуулалтыг бий болгосноор ойн санд мал бэлчээрлэх, ойжуулалт, нөхөн сэргээлт хийсэн талбайд мал бэлчээрлэхийг хязгаарлах, ой хамгааллын шинэлэг хэлбэрүүдийг нэвтрүүлэх боломж бүрдэнэ.
Шинэчлэн найруулж буй хуулийн төсөлд ямар ойд ямар үйл ажиллагаа явуулах талаар тодорхой дэглэм тогтоож оруулснаар ойн хамгаалал, нөхөн сэргээлтийн ажил эрс сайжирна гэж бодож байна.
-“Дэглэм тогтоох” гэдгийг тайлбарлаач?
-Ойг ногоон бүсийн ой, хориотой зурвасын ой, таримал ой, хамгаалалтын ногоон зурвасын ой, цармын бүслүүрийн ой зэргээр ангилж дэглэм тогтоож өгснөөр иргэн, хуулийн этгээд санамсаргүй байдлаар хууль зөрчих, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажилллагаанд шүүх, цагдаа, прокурорын байгууллага хуулийг хэрэглэх, тайлбарлахад хялбар болж, тусгай хамгаалалттай газар нутгийн бүсүүдийн дэглэмийн адил мөрдөгдөж хэрэгждэг болох юм. Түүнээс гадна хамгаалалтын бүсийн ойн 43 хувь нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт багтдаг. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаснаар бол тэнд тодорхой дэглэмийнхээ хүрээнд зөвшөөрөгдсөн бүсэд арчилгаа, хамгаалалтын үйл ажиллагаа явуулдаг болж тусгай хамгаалалттай газар нь Монгол Улсын ойн сангаас тусдаа байдаг юм шиг байдал арилж нэгдсэн нэг бодлого, төлөвлөлтийн хүрээнд ажиллах боломж бүрдэнэ.
Өнөөдөр тулгамдаад байгаа ойн дагалдах баялагтай холбогдсон харилцааг хэрхэн зохицуулах вэ гэхчлэн хуулиудын уялдаа холбоог хангах, зарчмын шинэчлэлүүд хийх шаардлагууд ч их байна.
-Байгалийн дагалдах баялагтай холбоотой асуудлыг хэрхэн зохицуулж байгаа юм?
-Ойн дагалдах баялгаас олсон орлого 2015 оноос өнөөг хүртэлх хугацаанд ойн нөөц ашигласан хэмжээнээс давчихсан. Зөвхөн 2020 оны экспортолсон самар гэхэд 100 сая ам.долларын хэмжээнд хүрсэн байна. Самрын ургац сайтай жилүүдэд ойролцоогоор 40 мянган хүн хуш модыг мунадсаар, гэмтэлгүй хуш мод үлдээгүй нь маш харамсалтай. Тиймээс байгалийн дагалдах баялаг ашиглах, хамгаалах, хариуцлагатай болгохтой холбогдсон харилцааг маш тодорхой болгох хэрэгцээ шаардлага үүсэж байна. Ойн дагалт баялгийг урт хугацааны гэрээгээр ашиглуулах, дуудлага худалдаагаар ашиглуулах зохицуулалтууд тодорхой болгосноор ойн салбарын эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ гэж үзэж байгаа.
-Хуулиудын зөрчлийг арилгаж, нэр томьёог тодорхой болгоно гэлээ?
-Жишээ хэлье л дээ. Одоогийн хуулийн 91 заалт нь зөвхөн ой, хээрийн түймэртэй холбоотой. Галын аюулгүй байдлын тухай хуулиар ихэнх харилцаа зохицуулагдаж байгаа учир гал түймэртэй холбоотой ийм олон заалт Ойн тухай хуульд байх шаардлагагүй. Хуулийн давхцалыг арилгахаар төсөлд тусгасан. Маш олон нэршил, тодорхойлолтыг шинээр гаргах, тодорхой болгох шаардлагатай байгаа. Жишээ нь “ой” гэж “мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг” гэж хамруулан тодорхойлж байсан боловч түүнийг тодорхойлох хэмжих нэгж, шалгуур байхгүйн улмаас ямар талбайтай модыг ой гэж үзэх, өтгөрөл тооцох эсэх, мод, бут, сөөг, заг гээд бүх төрлийн модыг оруулах эсэх гэх мэт тодорхойгүй байдлыг хууль хэрэглээний түвшинд үүсгэсэн байна. Түүнчлэн хуулийн үйлчлэх хүрээг тодорхой болгож байгаа. Тухайлбал, Ойн тухай хуулиар хот суурин газрын ногоон байгууламжтай холбоотой асуудлыг зохицуулахгүй. Ойжуулалт, нөхөн сэргээлт хийсэн талбайд мал бэлчээхгүй байх нь ч энэ хуулиар шийдэгдэх ёстой гэх мэтээр нарийвчилсан олон өөрчлөлт бүрийг энд дурдвал дуусахгүй.
-Уучлаарай, малын бэлчээртэй холбоотой асуудал ХАА-н эдэлбэр газрын тухай хуулиар зохицуулагддаг биз дээ?
-Тийм л дээ. Гэхдээ ойн сан гэдэг маань үндсэндээ малын бэлчээр  болчихоод байгаа ойн нөөц ихтэй аймгууд малын тоогоороо тэргүүлж байгаагаас тодорхой харж болно. Тиймээс ойн сангийн бэлчээрийн асуудлыг Ойн тухай хуулиар Агро ойн аж ахуйн хэлбэрээр шийдэх нь тохиромжтой байна.
-Хуулийн төсөлд мэдээллийн сан бүрдүүлэхээр тусгасан байсан?
-Ойн болон ойн менежментийн мэдээллийн сан бүрдүүлэхээр тусгасан. Бүх мэдээлэл олон нийтэд нээлттэй байх юм. Цаашид ой хамгаалах ажилд иргэдийн хяналт, оролцоог нэмэгдүүлэхийг зорьсон. Өнөөдөр ойгоо хамгаалах иргэдийн хүсэл эрмэлзэл нэмэгдсэн, байгаль орчиндоо хандах хандлага өөрчлөгдсөн сайн тал ажиглагдаж байна.
-Ойг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой эдийн засгийн хөшүүрэг бий болгоно гэжээ?
-Тийм шүү. Гэмт хэрэг, зөрчил илрүүлсэн иргэн, нөхөрлөлд урамшуулал олгох, нүүрстөрөгчийн худалдаанд оролцох, таримал ой бий болгосон бол худалдах, худалдан авах, ойг хамгаалах, нөхөн сэргээх зардал санхүүжилтийг хэн гаргах, ойжуулсан иргэн, аж ахуйн нэгжийг яаж урамшуулах, ойн санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зэрэг маш олон асуудлыг шинээр оруулах болон тодорхойгүй байсныг тодорхой болгож оруулсан. Бас нэг чухал асуудал нь Ойн ангиудыг босоо удирдлагад нэгтгэх талаар хуулийн төсөлд оруулсан.
-Ойн салбар босоо удирдлагатай болно гэхээр, бүх ойн анги Ойн газарт харьяалагдана гэсэн үг үү?
-Тийм ээ. Ингэснээр Ойн анги, салбар нэгжүүд мэргэжлийн удирдлагаар хангагдах, үйл ажиллагааны санхүүжилт нь нэмэгдэх ач холбогдолтой. Менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, улстөрөөс хараат бус байж, мэргэжлийн ажлаа мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэх боломжтой болно гэж харж байна. Босоо удирдлагатай болчихвол ойн ангиуд улстөрийн элдэв нөлөөллөөс ангид байхаас гадна дээрээс гарсан шийдвэр түргэн шуурхай хэрэгжих давуу талтай. Цаашилбал, ойн мэргэжилтнүүдээ сургаж дадлагажуулах, салбарын мэргэжилтнүүд нь мэргэжлийн ажлаа өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг байх нөхцөл бүрдэнэ.
-Үрийн мужлал гэхээр…?
-Энгийнээр хэлбэл тухайн бүс нутагт нь ургасан мод, сөөгийн үрийг тухайн мужлалд нь тарьж, ургуулна гэсэн үг. Түүнчлэн, доройтсон ойг нөхөн сэргээх, таримал ойг бий болгоход импортын тарьц, суулгац тарихыг бүрэн хориглоно гээд л үнэхээр олон зарчмын өөрчлөлтүүд оруулсан хуулийн төсөл болоод байна.
Салбарын мэргэжилтний хувьд энэ удаагийн хуулийн шинэчлэл ойн салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргаж чадна гэж итгэж байна.
-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ