Та хашаандаа мод тарих гэж байгаа бол анхаарна уу!

 Та хашаандаа мод тарих гэж байгаа бол анхаарна уу!

Ногоон загалмайн нийгэмлэг, “Ногоон эрэл” сэтгүүл хамтран ирэх амралтын өдрүүдэд буюу 2022 оны 4-р сарын 9, 10-нд “Мод, бут сөөгийг тарьж ургуулах нь” сэдэвт үзүүлэх сургалтыг Шадивлангийн зусланд зохион байгуулах аж. Уг арга хэмжээнд мод тарьдаг, тарихыг хүссэн хэн ч оролцож болох юм. Бид Ногоон загалмайн нийгэмлэгийн ерөнхийлөгч, биологийн ухааны доктор Шаравын Пүрэвсүрэнтэй уулзав.

-Үзүүлэх сургалтын талаар дэлгэрүүлж тайлбарлахгүй юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Тэрбум мод-Үндэсний хөтөлбөр” хэрэгжиж байна. Бүх нийтийг хамарсан энэ ажилд бид ч бас хүч нэмж байгаа хэрэг. Чаддаг нь чадлаа өргөж, мэддэг нь мэдлэгээ хуваалцаж, ямар ч байсан “Тэрбум мод-Үндэсний хөтөлбөр”-ийг үр дүнд хүргэх ёстой. Сургалтын үеэр жимс, жимсгэний бут сөөг, мод ургамлыг хэрхэн тарьж, арчилж ургуулах вэ, тайралтыг хэзээ, хэрхэн хийх вэ, яаж хэлбэржүүлэх вэ, хортон шавьжтай хэрхэн тэмцвэл зохих юм гэхчлэн бодитоор үзүүлж зөвлөнө. Хашаандаа мод тарихыг завдаж буй, тарьж ургуулж буй хэн ч байсан санаа авах, эргэцүүлж ухаарах үр өгөөжтэй арга хэмжээ болно гэдэгт итгэж байна.

-Таныг томоохон цэцэрлэгтэй гэж дуулсан. Түүнийгээ түшиглэн сургалт явуулах уу?

-Тийм ээ. Би хашаандаа 32 төрлийн 2000 гаруй модтой хүн. Энэ жилээс л арван хэдэн жилийн туршлага мэдлэгээ бусадтай хуваалцахаар шийдээд байгаа нь энэ. Мод ургамалд дуртай хүн бүр ирж үзэг, нэг өдөр агаар салхинд явж, чөлөөтэй сайхан ярилцацгаая. Бөөрөлзгөнийг яагаад заавал хучиж өвөлжүүлэх ёстой юм, үхрийн нүдний навчийг хаврын салхинд хийсгэхгүйн тулд яах юм, хэдийд шилжүүлж суулгах вэ, тарьц, суулгацыг сонгохдоо юуг анхаарах юм, ямар хугацаанд яаж хадгалж байж хөрсөнд суулгах юм бэ, ургуулж хураасан жимсээ яаж боловсруулах юм, яаж чанарыг нь алдуулахгүй хадгалах вэ гэхчлэн маш олон асуулт гарах нь гарцаагүй.

Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй гэж үгтэй. Зорин ирсэн хүн бүхэнд санаа сэдэл төрүүлчихвэл зорилго биеллээ л гэсэн үг.

-Ямар мод, бут ургуулж байна вэ?

-15 жилийн өмнө 500 хайлаас авчирч тарьсан нь одоо 660 орчим болжээ. Дээд тал нь арван хэдэн метрийн өндөр ургаж байна. Мөн 200 гаруй улиас бий. Хот тохижилтынхон нэгдүгээр хороололд улиас хэлбэршүүлэн тайрч байхтай таарч, хэдэн мөчир авчраад тарьсан нь 100 хувийн ургалттай байна. Түүнээс гадна жилд 2 метр хүртэл өндөр ургадаг польш бургас ч бий. Увсын чацаргана бий. Ер нь нэг айлд 5-6 ширхэг чацарганы мод байхад хэрэгцээгээ бүрэн хангачихна шүү. Давжаа алимны мод ноднингоос тарьж байна. Манжуураас мөнгөлөг /цэнхэр/ гацуур авчирсан нь сайхан ургаж байна. Тэс мод байна. Гоё улаан цэцэгтэй энэ модыг Монголд нэмэргүй л гэдэг, үгүй л дээ. Монгол орны хөрс, уур амьсгалд ямар ч мод сайхан ургана. Ер нь эх нутгийн минь хөрс гайхалтай шүү дээ. Манай чацарганыг япончууд нутагтаа аваачаад тарьсан чинь эндэх шигээ тийм их тос гарахгүй байсан гэдэг. Алим гэхэд юун урд хөршийн алим бэ, зүйрлэшгүй амттай байх жишээтэй. Гагцхүү хүний сонирхол, хичээл зүтгэл, сэтгэл л хэрэгтэй дээ.

Би Канадад хуралд явахдаа гуравхан ширхэг бөөрөлзгөний суулгац сонинд боогоод чемоданыхаа доор хийж авчирсан юм даг. Гэтэл замбараагүй үржиж байна. Үхрийн нүд ч бий. Хөгширсөн мөчрүүдээ ноднин угаар нь тайрсан, шинэ залуу мөчрүүд сагсайтал ургачихсан байна. Монос мод бий. Дендрологич Б.Чимэд гуай “Монос их амархан ургадаг шүү. Мойл идэж байгаад ясыг нь тургичихдаг л болно” гэж хошигнож байсан нь үнэний ортой шүү. /инээв/. Жимсийг нь хатаачихаад усанд дэвтээж ууна. Хүүхдүүд дуртай. Гэдэс гүзээ нь өвдөхөд үүнээс сайн эмчилгээ үгүй шүү дээ. Иван цай гээд их гоё ягаан цэцэгтэй ургамал байна. Түүж аваад хандалж хүртдэг юм. Бөөрөлзгөний навчийг ч уудаг. Сүлжээний элдэв уусмал хэрэггүй. Хэрэгтэй шим тэжээлээ хашаанаасаа авчихдаг юм. Ер нь бид энгийн жирийнээс эхлэх хэрэгтэй юм. Тэмээ зурах гэж байгаа хүн хоёр бөхөөс нь эхэлнэ биз дээ. Түүн шиг хайлаас, улиас тарьж эхэл гэж би хэлэх дуртай.

-Мэргэжлийн хүний хувьд “Тэрбум мод-Үндэсний хөтөлбөр” хэрэгжихэд санаа болохуйц үг зөвлөгөө байна уу?

-Мод тарина гэдэг хавар, намартаа энд тэнд очиж баахан шороо бужигнуулж, харандаа шиг хэдэн юм булчихаад эргэж харалгүй давхиад явчихын нэр биш л дээ. Хамгийн гол нь эзний сэтгэлээр арчилж, усалж, тордож байж ургуулдаг учиртай. Тиймдээ ч би “Тэрбум мод-Үндэсний хөтөлбөр”-ийн гол цөм нь хувь иргэн байх ёстой гэж онцлон сануулмаар байна. Улсын хэмжээнд өөрийн эзэмшлийн газартаа амьдарч буй 600 мянган өрх айл бий гэж бодвол айл бүр арав нь арав, зуу нь зууг тарьж ургуулбал хамгийн багадаа тэрбум модны даруй талаас илүү нь ургачихлаа л гэсэн үг юм. Иргэдийнхээ ургуулсан модыг төр худалдаж авах хэрэгтэй. Тарьц, суулгацаар хангах, усны төлбөрийг хөнгөлөх гэх мэтийн нэмэлт арга хэмжээг ч бодож боловсруулж болно. Орон нутагт ялангуяа, бохир усыг дахин эргэлтэд оруулж усалгааны асуудлыг шийдвэрлэж болж байна. Ийм технологийг манай нэр бүхий эрдэмтэд үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна шүү дээ. Энэ мэт маш олон арга зам бий.

-Санхүүжилт яах болж байна?

-Хэрэв бид тарьж, ургуулж л чадвал мөнгө амласан улс орон бий. Дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага нь ч бий биз. Үндэсний томоохон компаниуд ч хүч хөрөнгө хаяна гэж байна. Хийж бүтээе гэсэн эрмэлзэл байвал болж бүтэхгүй юм байхгүй л дээ.

Мод тарих бизнес биш. Бүү ургаасай гээд дараа жил нь суга татаж хаяад хэдэн зуун мянгаар дахиад суулгадаг бизнес огтхон ч биш. Дахин хэлэхэд, энэ хөдөлгөөнийг үр дүнд хүргэх гол хөшүүрэг нь айл өрх юм. Урд хөрш маань элсэн цөлд яаж ой ургуулаад байна вэ. Ердөө л зөв бодлогын үр дүн. “Та хашаандаа мод тарьж таван жилийн турш арчилж ургуул” гээд гэрээ байгуулчих хэрэгтэй. Эхний үед төр худалдаж авах нийт үнийн дүнгийнхээ 30 хувийг ч байдаг уу өгч, гурван жилийн дараа шалгаад хэрэв ургаж байвал дахин 30 хувийг, таван жилийн дараа санхүүжилтийг нь гүйцээж өгдөг байж болно. Өвөрмонголын Ордост гэхэд хэдэн малтай хөөцөлдөж байхаар хэдэн мод тарьчихвал хамаагүй дээр амьдрах юм байна гэсэн яриатай хүнтэй таарч л байлаа. Ер нь тэгээд, айл бүр мод тарьчихвал амьдрал ахуйд нь нэмэртэйгээс гадна нийгмийн эрүүл мэндэд тустай. Наад зах нь үзэсгэлэнтэй харагдана биз дээ. Түүнчлэн манайхан бурхан болоочийнхоо газар хэдэн жилийн дараа нураад уначих суварга босгож байхаар  мод тарьж болж байна.  Ингээд хэвшчихвэл хичнээн сайхан байх билээ.

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье!

Тодруулга:

Хэрэв Та уг сургалтад оролцохыг хүсвэл 9411-8037,8858-8037,88662296 утсаар холбогдоорой. Мөн цахим дахь “Ногоон эрэл” сэтгүүлийн болон “Шарав Пүрэвсүрэн” фейсбүк хаягт, эсвэл “ногоон эрэл.мн” вэб хуудсанд зочилж болно.

Сургалт болох газар нь, Шадивлангаас Дамбадаржаа руу явсан гүүрээр дөнгөж өнгөрөөд Вокзал-Өвөр согоот автобусны эцсийн буудлаас зүүн хойшоо 500 метрт байгаа юм байна.

Холбоотой мэдээ