ЭМДЕГ хиймэл оюун ухаанд суурилсан системийг нэвтрүүлж, иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлнэ

 ЭМДЕГ хиймэл оюун ухаанд суурилсан системийг нэвтрүүлж, иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлнэ
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар иргэдэд илүү түргэн шуурхай, хүртээмжтэй, найдвартай мэдээлэл хүргэх зорилгоор хиймэл оюун ухаанд (AI) суурилсан хэрэглэгчийн мэдээллийн системийг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.
 ЭМДЕГ-ын Хэрэглэгчтэй харилцах төв нь жилд дунджаар 90 мянга орчим дуудлага, 3000 -4000 даатгуулагч-иргэн биечлэн ирж үйлчилгээ авдаг, 10 мянга гаруй чат, 1000 гаруй сэтгэгдэл, комментод хариулт өгдөг. Өдөр ирэх тусам нэмэгдэж буй иргэдийн мэдээлэл авах хэрэгцээ, үйлчилгээний ачааллыг бууруулах, илүү хүртээмжтэй шуурхай хариу өгөх шаардлагын үндсэн дээр энэхүү дэвшилтэд технологийг нэвтрүүлэхээр зорьж байна.
 Шинэ AI систем нь эрүүл мэндийн даатгалтай холбоотой тусламж үйлчилгээ, тогтоол шийдвэр, лавлагаа мэдээллийг автоматжуулсан байдлаар, 24/7 горимоор чат болон сэтгэгдлээр ирсэн асуултад шуурхай, үнэн зөв хариу өгөх боломжийг бүрдүүлэх юм.
Энэ хүрээнд өнөөдөр ОНХХ-ийн дарга, МТХ-ийн дарга нар холбогдох байгууллагын төлөөллүүдтэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, AI системийн бүтэц, үйл ажиллагааны чиглэл, нэвтрүүлэх үе шат, мэдээллийн аюулгүй байдал зэрэг асуудлаар ярилцаж тодорхой ажлууд хийхээр тохиролцлоо.
 ЭМДЕГ нь технологийн дэвшлийг төрийн үйлчилгээнд үр ашигтайгаар нэвтрүүлж, иргэдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай мэдээллийг хүргэх, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Холбоотой мэдээ