Эх дэлхийгээ аврах аянд мордъё
Японы Нагоя хотод өнгөрөгч аравдугаар сарын сүүлээр болсон Биологийн олон янз байдлын асуудлаархи дээд хэмжээний уулзалтын үеэр хүн төрөлхтний оршин тогтнох үндэс болсон амьтан, ургамлын устаж буй төрөл зүйлийг хамгаалан эх дэлхийгээ, цаашлаад өөрсдийгөө аврах аянд дэлхий нийтээрээ мордохыг НҮБ-аас уриаллаа. Биологийн олон янз байдлыг хамгаалах конвенцийн (CBD) ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Жоглаф уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Дэлхий дахин нэгэн зэрэг хөдлөх цаг болсон” гээд Нагоягийн уулзалт үргэлжлэх 12 хоногийг “ирээдүйг тодорхойлох цаг мөч” хэмээн онцолжээ. Мөн хүний зүй бус үйл ажиллагаа халуун бүсийн ой ширэнгэ, далайн гүн дэх шүрэн арал зэрэг экосистемийг сүйтгэж, хүн төрөлхтний орших, эс оршихийг шийдэх хэмжээнд тултал нь дордуулсныг анхааруулсан байна. Уулзалтын нээлтийн үеэр Дэлхийн байгаль хамгаалах сангийн Ерөнхий захирал Жим Лийпе “Эх дэлхийн амьд үнэт баялаг болох амьтан, ургамлын олон төрөл зүйл, тэдгээрийн экосистемийг аварч, хамгаалах тухай тухай гэрээ тунхаг батлах нь Нагояд цугласан бидний гол зорилго” гэжээ.Одоогоос арван жилийн өмнө НҮБ-ын гишүүн орнууд Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд Олон улсын амьтан, ургамлын төрөл зүйлийг хамгаалах жил буюу 2010 он гэхэд төрөл зүйлийн устаж буй хурд, үзүүлэлтийг тодорхой хэмжээгээр бууруулна хэмээн ам өгсөн. Гэсэн ч өнөөдөр дэлхий дээрх амьтан, ургамал олноороо мөхсөн хэвээр байгаа төдийгүй зарим шинжээч дэлхийн зургаа дахь их сүйрэл, мөхлийн үе ирээд байна хэмээн анхааруулж буй. Сүүлийн их мөхлийн үед буюу 65 сая жилийн өмнө үлэг гүрвэлүүд устаж үгүй болсон билээ. Байгаль хамгаалах олон улсын нийгэмлэгийн тооцоогоор хөхтөн амьтны бараг дөрөвний нэг, мөлхөгчийн гуравны нэг, найман жигүүртэн тутмын нэг, ургамлын төрөл зүйлийн тавны нэгээс илүү нь өдгөө устах аюулын ирмэгт байна. Эрдэмтдийн судалгаагаар 2007 онд дэлхийн 6.8 тэрбум хүн эх гаригийнхаа био багтаамжийн 50 хувийг эзлэн амьдарч байсан бол 2030 он гэхэд одоогийнх шигээ чөлөөтэй амьдрахын тулд хоёр дэлхийг нийлүүлсэнтэй тэнцэх био багтаамж шаардах гэнэ. Тиймээс ч байгаль орчны асуудалд хүн бүр хариуцлагатай хандах цаг ирснийг НҮБ сануулсаар байна.
Монголын тӨлӨӨлӨгЧид НагоЯд
Биологийн олон янз байдлын асуудлаархи дээд хэмжээний уулзалтаар хүний зүй бус үйлдлийн улмаас олноороо мөхөж буй төрөл зүйлийг хамгаалах бодлого, төлөвлөгөө боловсруулж, тэдгээрийг 2020 он гэхэд биелүүлэх тухай мөн хэлэлцэв. Түүнчлэн онгон байгаль, ан амьтнаа хамгаалахад нь ядуу буурай орнуудад санхүүгийн тусламж үзүүлэх талаар санал солилцжээ.
Нагоягийн уулзалтад манай улсаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол орны биологийн олон янз байдал алдагдаж буй тухай судалгаа, шинжилгээний дүнг тусгайлан танилцуулсан байна. Уулзалтад оролцсон Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Байгаль хамгааллын асуудал хариуцсан захирал Б.Лхагвасүрэн энэ тухай “Байгаль хамгаалал, тэр дундаа ан амьтнаа хамгаалах чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулж, сурталчилсан чухал арга хэмжээ боллоо. Гадаадынхан манай улсыг их сонирхож, танилцуулгын үеэр 50 гаруй хүн биднээс сонирхсон зүйлсээ асуусан” хэмээн ярив.
Байгаль хамгаалах тухай тҮҮхэн гэрээ батлагдлаа
Биологийн олон янз байдлыг хамгаалах НҮБ-ын конвенц батлагдсанаас 18 жилийн дараа олон улс уг тунхагийн хамгийн чухал зорилгын нэгийг биелүүлж, Нагоягийн гэрээг байгууллаа. Японд болсон биологийн олон янз байдлыг хамгаалах тухай дээд албаныхны уулзалтын үеэр батлагдсан уг гэрээг 192 орон дэмжсэн бөгөөд энэ нь 1997 оны Киотогийн гэрээнээс хойшхи байгаль орчныг хамгаалах тухай хамгийн чухал гэрээ юм.
2020 он гэхэд усны амьтдын 17, далай тэнгисийн амьтдын 10 хувийг биологийн олон янз байдлын хамгаалалтын тусгай бүсэд хамруулахаас аргагүй болно гэсэн тооцоо бий. Гэрээнд уг тоог нэмэгдүүлэхгүй байх, биологийн олон янз байдлын нөөцийг бүх улс орон тэгш хүртэх, эрх тэгш хамгаалах тухай заажээ. Дэлхийн байгаль хамгаалах сан гэрээг түүхэн ач холбогдолтой гээд “Одоо ажил хэрэг болгох л үлдлээ” гэж онцолсон байна.
Дэлхийн тэргүүлэх хүчин АНУ биологийн олон талт байдлын генийн нөөцийг хамгийн их ашигладаг улс атлаа шинэ гэрээнд хамрагдаагүй нь мэргэжилтнүүдийг сэтгэл дундуур үлдээсэн. Гэлээ ч өнгөрөгч онд болсон Копенгагений уулзалт шиг үр дүнгүй өнгөрөх нь гэж эхэндээ ажиглагчдыг гонсойлгож байсан Нагоягийн уулзалт багагүй амжилтаар өндөрлөв.