М.Тунгалаг: Зөв ашиглах нь зохистой хамгаалалтын үндэс

 М.Тунгалаг: Зөв ашиглах нь зохистой хамгаалалтын үндэс

Ойн газрын дарга М.Тунгалагийг “Ногоон хоймор”-тоо урилаа. Ой мод бол амьдралын эх сурвалж, ундарга юм. Тэр биднээс хол мэт санагддаг ч бидний амьсгалах агаар, уух устай хүйн холбоотой амьд ертөнц. Тийм ч учраас БОАЖЯ- наас 2010 оныг “Ойн менежментийг боловсронгуй болгох жил”-ээр зарлаж, олон бодитой ажлыг хийж байна.

-Ногоон өнгөнд ойр ажил эрхэлдэг болохоор танаас энэ өнгөний тухай оршил болгож асуухгүй өнгөрч боломгүй. Ногоон өнгийг харахаар танд чухам ямар сэтгэгдэл төрдөг вэ?

-Ногоон бол байгаль өөрөө сонгосон өнгө. Байгалийн тэнцвэрт байдлыг хадгалдаг, өөрөө өөрийгөө авч явдаг, амьдрах чадварыг бий болгодог гээд тоочвол бүх амин шимийг шингээсэн нь ногоон өнгө юм. Ургамал, амьд биетийн ихэнх нь энэ өнгийг сонгож оршин тогтнож ирсэн.

Хүмүүс ойг хэдхэн модоор төсөөлөх нь бий. Ер нь ой гэж юу юм бэ. Ойн менежментийг боловсронгуй болгох жилийн хүрээнд ямар асуудлыг чухалчилж байгаа бол?

-Ойг зөвхөн мод бүрдүүлдэггүй. Өнгө, үнэр, орчин, ургамал, амьтан, биологийн бүх төрөл зүйлээс гадна ой модыг бүрдүүлдэг хамгийн гол хүчин зүйл бол хүн. Мод, хүн нийлээд ойг гэх ойлголтыг бий болгодог. Ер нь байгаль гэдэг хүний сайн сайхан амьдралын төлөө заяагдсан хишиг. Байгалиас заяагдмал хувь хишгийг хүртэж байгаагийн хувьд ойгоо хамгаалж, арчилж, тордож явах ёстой. Тэгвэл бидэнд эргээд ээлээ өгнө. Ойн талаар сүүлийн үед их ярьж байна. Гэхдээ хулгай, түймэр, өвчин гээд хар талаас нь их ярьж байгаа нь буруу. Хүнээс салгаж ойлговол бүр ч өрөөсгөл. Ой модыг ядуурлыг бууруулах, эдийн засгийн үр ашиг, ялангуяа тогтвортой амьжиргаанд нөлөөлөх эерэг талаас нь харж, энэ талаас нь ярьж байвал монголчууд бидний амьдралд байгалийн үзүүлэх хувь нэмэр, оролцоо ихэснэ.

-Та сая ой модыг тогтвортой амьжиргаанд нөлөөлөх талаас нь ашиглах тухай үнэтэй санаа дурдлаа. Энэ чиглэлээр Ойн газраас ямар ажил хэрэгжүүлж байгаа бол. Ямар үр дүнд хүрээд байна вэ?

-Ойн салбарт нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа идэвхжиж байна. Ойн захад амьдарч буй иргэд хамтраад нөхөрлөл байгуулж, ойр орчмынхоо ойг тордох, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулдаг нь үр дүнд хүрч байгаа. Нөхөрлөлөөр дамжуулан ой модоо хамгаалах менежментийг бид дангаараа хэрэгжүүлээгүй. Энэ нь олон оронд амжилттай хэрэгжсэн, ой модыг доройтлоос сэргийлэх, иргэдийн оролцоотой ойн тогтвортой менежмент юм. Жишээ дурдахад, өнгөрөгч жилүүдэд 28 удаа түймэр гарсан Сэлэнгийн Түнхэлийн орчимд энэ жил ганцхан удаа түймэр дэгдэхэд нөхөрлөлүүд хамтын хүчээр унтраасан. Эзний ёсоор хандаж буйн нэг илэрхийлэл бол энэ. Мэдээж төр дангаараа байгаль орчны менежментийг авч явж дийлэхгүй.Иргэдээ зөв зохион байгуулалтад оруулж, тэднийг дэмжиж байж үр дүн гарна.

-Ой модны нөөцөөрөө бусад орноос илүүрхдэг давуу талаа эдийн засгийн үр ашиг талаас нь “чулуу болгож” чадаж байна уу?

-Ой манай орны газар нутгийн 13.6 хувийг эзэлдэг. Нийт 19 орчим сая га талбайд тархсан. Нэг хүнд оногдох нөөцөөр дэлхийн дунджаас 10, Европынхоос 20 дахин их. Ийм нөөцтэй болохоор манай улсын эдийн засгийн үзүүлэлтэд тодорхой хэмжээний орон зай эзлэх ёстой л доо. Тухайлбал, ойгоос гарах бүтээгдэхүүн, үүнээс олох ашиг орлого их байх ёстой. Харамсалтай нь өнөөдөр ойн хамгаалалт,ашиглалт гэсэн хоёр талд менежмент төдийлөн зөв яваагүйгээс иргэддээ, улс орондоо өгч буй үр өгөөж нь харьцангуй бага байна. Өөрөөр хэлбэл, хүн амын амьжиргаанд нөлөөлөх хувь нэмэр маш бага. Энэ бол муу үзүүлэлт.

-Манайхан хамгаалах бодлогоо нэгдүгээрт тавиад ашиглах талаа орхигдуулсан тал бий байх. Ойн санг нөхөрлөлүүдэд эзэмшүүлэх бодлого эн тэнцүү хэрэгжвэл сайн гэж хэлэх гээд байна уу?

-Хамгийн чухал асуудал нь энэ. Үндсэн хуульд зааснаар ой бол төрийн өмч, мал төрийн хамгаалалтад байдаг. Мал аж ахуйд хандсан төрийн бодлого ямар үр дүнд хүрснийг бид сайн мэднэ. Мал аж ахуйтай жишвэл ойд хандах үнэлэмжийг бий болгож чадаагүйгээс үүссэн зөрчил, хуримтлагдсан асуудлууд бий. Ойн эзэн нь төр хэвээр байна. Иймд “ой” хэмээх үнэ цэнэтэй баялгаа иргэддээ эдийн засгийн үр ашигтай талаас нь ашиглуулах боломж бололцоог эрэлхийлж байна. Ойгоо зөв хамгаалбал эргээд эдийн засгийн үр өгөөж нь миний гэр бүлд наалдана, ойгоос түлээ авахдаа ургаж байгаа сайхан модыг огтлох биш хаягдал унангийг сонгож авдаг сэтгэлгээ давамгайлдаг болбол улс, аж ахуйн нэгж, иргэндээ ч хэрэгтэй. Ингэхдээ ойг хамгаалах, ашиглах ажлыг ядуурлыг бууруулах, тогтвортой амьжиргааны олон төрлийн төсөл хөтөлбөрүүдтэй холбох хэрэгтэй байгаа юм. Иргэдэд ашигтай талаас нь сургалт сурталчилгаа явуулж, эзний ёсоор ханддаг сэтгэлгээтэй болбол хөрөнгө мөнгө олж ирдэг амьжиргааны эх үүсвэрээ хэн ч хайрлахыг бодно шүү дээ. Тийм болохоор ой модоо ганцхан хамгаалах тухай яриад байх бус эдийн засгийн хөшүүргээ бий болгох шаардлага бий. Хамгаална, ашиглана гэдэг нэг зоосны хоёр тал. Өөрөөр хэлбэл, зөв зохистой ашиглах нь зөв зохистой хамгаална гэсэн үг.

-Ойн салбарт ажиллаж байхад юун түрүүнд засч залруулмаар, үндсэн бодлого, зарчимтайгаа зөрчилддөг ямар асуудал байгаа вэ?

-Мэргэжлийн байгууллагууд ойн үндсэн ашиглалтын огтлол явуулдаг. Огтлол явуулахын зэрэгцээ борлуулалтыг хамт эрхэлдэг нь үндсэндээ буруу юм билээ. Үндсэн ашиглалтын огтлол эрхэлдэг мэргэжлийн компаниуд худалдах ажлаа өөрсдөө хийхээрээ мэдээж өөрсөддөө ашигтай модыг л сонгодог. Өөрөөр хэлбэл, яргуй хөөсөн ямаа шиг л модыг сорчлодог гэх үү дээ. Талбай тусгаарлалтын ажлыг хийгээд хуулийн дагуу ой руу орж байгаа ч цаана нь маш түргэн борлуулчих юмсан гэсэн сэтгэхүй үйлчилж байгаа нь харагдаж байгаа. Тухайлбал, байгальд хамгийн их нүүрстөрөгчийн хийг шингээх модыг авчихдаг. Тиймээс ойн үндсэн ашиглалтын огтлолт явуулдаг, борлуулдаг компанийг тусад нь үйл ажиллагаа эрхлэх хэлбэрээр журамлаж аль алинд нь дэмжлэг үзүүлбэл төрд төдийгүй бүх нийтэд ашигтай. Ингэж үйл ажиллагааг нь салангид болговол наад зах нь худалдаа, борлуулалтын сүлжээ эрхэлдэг компаниуд модоо ангилдаг болно шүү дээ. Энэ нь дээд зэргийнх, энэ нь түлшнийх, үүнийг нь бүтээгдэхүүний чиглэлээр ашиглана гэх мэтээр аль болохоор үлдэгдэлгүй борлуулахыг зорино. Харин огтолсон модоо өөрсдөө борлуулдаг компаниуд мөнгө авчрах модыг л сорчилж аваад байвал ой дотор их хэмжээний хог хаягдал үлдээдэг.

Ингэснээр ойд хүний болоод байгалийн хүчин зүйлээс шалтгаалж их хэмжээний хаягдал бий болдог. Ойн биомасс буюу шатах материал нь ихсээд ирэхээр дийлдэхгүй түймэр болдог жишээ манайд ч, гадны орнуудад ч их гарч байна. Хамгаалж байгаа нь энэ гээд хэт хадгалснаас ойд хөгширч, хуурайшиж хатах процесс явагдсанаас түймрийн харанга байнга дэлддэг тал ч бий. Зөв ашиглалтыг зөв хамгаалалттай хослуулан явуулахгүй бол мод хөгширч, түүний дотор биомасс маш ихээр бүрэлддэг. Олон хөгшин модтой ой эргэн тойрныхоо залуу моддын үр шимийг сорж ургалтад саад болно. Тэгэхээр зөв ашиглалт бол зөв хамгаалалтын үндэс юм.

-Манай улсын ой мод чанарын хувьд ямар вэ. Эмзэг бол хамгаалалт илүү шаардагдана биз?

-Ой модоо хамгаалах бодлогоо хэзээ ч орхигдуулж болохгүй. Яагаад гэвэл манай ой бол Сибирийн ойн үргэлжлэл, маш эмзэг. Жилдээ нэг га-н өсөлт нэг куб метр учраас өсөлт удаантай. Чанарын хувьд сайн, байгалийн унаган байдлаараа байгаа ойд ордог. Усны хагалбарууд, гол усыг барьж байгаа зүйл бол ой. Тиймээс ой модны эко системд үзүүлж байгаа, үзүүлэх ач холбогдол үнэлж баршгүй. Ой мод бол усны эх ундарга юм. Модгүй бол усгүй, усгүй бол амьдралгүй.

-Уг нь монголчууд ой мод, байгаль усаа орой дээрээ залж дээдэлж ирсэн ард түмэн. Нэг үе тасрахад хүрсэн уламжлал маань эргээд сэргэх тал руугаа орж байгаа нь сайшаалтай. Мод тариад л байдаг, ургадаггүй нэг зовлонтой ажилд чанарын эргэлт гаргах цаг болжээ. Энэ чиглэлээр танай агентлагаас ямар ажил санаачлан хийж байгаа бол?

-Бид ганц мод авахын тулд уул усаа аргадаж, хадаг уяж, үр хүүхдүүдээ дагуулж очоод ёслол үйлддэг сайхан уламжлалтай ард түмэн. Энэ орон зай нэг хэсэг хоосорч үлдсэн л дээ. Уламжлалтай ард түмэн учраас эргээд сэргээхэд нэг их хугацаа шаардахгүй. Юун түрүүнд мод тарилт, ойжуулалтын асуудал чухал. Ой мод ургах угийн экосистем нь бүрдмэл байгаа газарт цаг зав, хөрөнгө хүч бага зарцуулж ойжуулалт хийж байна. Тийм учраас ойгоо өргөтгөх, тэлэх, нэгэн цагт модтой байсан ч өдгөө байхгүй болсон газраа эргүүлж нөхөн сэргээх ажлууд бидэнд илүү ач холбогдолтой юм. Өнгөрсөн жилүүдэд ойжуулах, мод тарих ажлыг тухайн төсвийн жилтэй уялдуулан зохион байгуулж ирсэн. Хавар мод тарьж, намар нь тоолж авах хэлбэрээр гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл, мод тарихад зарцуулсан хөрөнгө тэр жилдээ л хамаатай. Харин энэ жилээс ийм менежмент, арга барилыг өөрчлөх цаг нь ирсэн гэж үзлээ. Шинэ менежментийн дагуу тарьсан модоо гурван жил хамгаалж арчлах бүх зардлыг шингээх юм. Эл ажлын эхний санхүүгийн төлөвлөлт хийгдэж өргөн баригдаад байна.

-Ойн салбарт мэргэжилтэй боловсон хүчин хэр хангалттай вэ. Их, дээд сургуулиудыг ойн инженер мэргэжпээр төгсөгч олон л байх юм?

-Ойн газар байгуулагдаад хоёр жил гаруй болж байна. Ойжуулах ажилд зүрх сэтгэлээ зориулсан хэдхэн аж ахуйн нэгж, хэдхэн иргэн өнөөдрийг хүртэл мод үржүүлгийн газруудыг авч явж ирсэнд бид үнэхээр талархдаг. Гэтэл улсаас мод үржүүлгийн газруудад дорвитой дэмжлэг өгөх ажил цалгардсан. Хөдөө аж ахуйн салбарыг хар л даа, “Атрын III аян”-ы хүрээнд газар тариалангийн салбар ямар богино хугацаанд хөл дээрээ босч дэвжив. Миний мэдэхийн барилга, уул уурхайн салбарт амжилт гаргасан олон компани төрөөс дэмжлэг үзүүлж эхлэнгүүт хөдөө аж ахуйн салбар руу хөл тавьсан. Улсаас дэмжлэг үзүүлж байгаа учир энэ салбараас ашиг орлого олох бололцоотой юм байна гэсэн итгэл үнэмшил тухайн хүнд төрж байна. Гэтэл мод үржүүлэгт хэдэн мянгаар нь мод тариад л байдаг, дараа нь худалдаж авдаггүй. Харин өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн зарлигаар мод тарих өдөртэй болж байдал арай дээрдэж байна. Нийслэлийн өнгө төрх хүртэл өөрчлөгдөж, модны чиглэлээр үржүүлгийн ажил эрхэлдэг хүмүүс баяртай байгаа. Гэхдээ мод тарилтад үгүйлэгдэж буй зүйл бол мэргэжилтэй боловсон хүчин. Хэдэн их, дээд сургууль ойн инженер бэлтгэж байгаа ч төгсөгчид нь жижиг ч гэсэн дарга болчих хүсэл тээгээд мод тарих ажил руу ордоггүй. Би тарихыг заадаг хүн болохоос тарьдаг хүн биш гээд тэр ажил руу шамдахгүй байгаа нь үнэн. Тэгэхээр МСҮТ-д яг хүрзээ бариад модоо тарьдаг, мод ургалтын үйл явцыг сайн мэддэг ажилчин бэлтгэх шаардлага тулгарч байна. Модны арчилгаа, цэвэрлэгээ, үндсэн ашиглалтын огтлолыг хийхэд мэргэжилтэй, мэдлэгтэй, бодолтой, боловсролтой хүн хэрэгтэй. Хөрөө сүхтэй хүн ой руу ордог цаг өнгөрсөн. Бид хэчнээн жил дээд боловсролоор хөөцөлдлөө дөө. Малчин өрхүүдийг сөхрүүлж байгаа нэг зүйл бол энэ. Яг гардаад хийвэл, сайхан амьдрах нөхцлийг бий болгох салбар бол ой юм. Модыг зарим оронд тариалан шиг зорилготойгоор тарьдаг. Энэ дашрамд залуучууддаа хандан хэлэхэд ойн салбарт хөл тавиач ээ гэж уриалмаар байна. Яваандаа ашигтай бизнес болох учраас ойн тариалан руу хүмүүс их орох байх.

 -Говь, тал хээрийн бүс цөлжинө үү гэхээс ойд цөлжилт явагддаг гэж дуулаагүй. Гэтэл сүүлийн үед ой мод энэ гамшигт өртөх нь элбэгшиж байгаа талаар сэтгэл эмзэглэм мэдээллийг албаны хүнээс сонслоо. Цөлжилт ой модонд хэр нүүрлээд байна вэ?

-Улаанбаатар хотод олон удаагийн судалгаа, тандалт хийсний дүнд цөлжилт тал хээрт биш ойд явагдаж байгааг тогтоосон. Хамгийн сүүлд байгаль орчны чиглэлийн докторууд тэргүүлсэн судалгааны багийг Богдхан ууланд ажиллууллаа. Судалгаагаар Богдхан уулын ойн нөхцөл байдал, доройтлыг судлахад ой дотроосоо цөлжиж, хээршиж байна гэсэн дүгнэлт гарсан нь түгшүүр төрүүлж байна. Өөрөөр хэлбэл, ойн экосистем эргэж бий болохгүй байна гэсэн үг. Уг нь хортон шавж, түймэрт идэгдсэн моднууд руу хүмүүс оруулж ашиглахыг нь ашиглаж, хэрэггүйг нь ялгах ёстой л доо. Ингэхдээ шинжлэх ухааны үндэстэй авах ёстой. Богд уул руу яг ийм байдлаар хүмүүс оруулсан чинь тэр хавийн бүх мод хэрэггүй гэж үзээд хядчихсан. Гэтэл энэ нь эргээд экосистем сэргэлгүй цөлжилт бий болоход хүргэжээ. Харин мэргэжлийн байгууллагын оролцоотой орсон газруудад байдал арай өөр, модны үр нь унаад экосистем нь сэргэх боломжтой байгаа. Үүнтэй адилхан нэлээд шатсан Тарвагатайн нуруу, Хэнтий нурууг харсаар байтал өт хорхойд идэгдэж, хэрэглэхийн эцэсгүй болохоос нь өмнө оръё гэсэн хүсэлт тавьж байгаа нь зөв. Ингэхдээ мэргэжлийн байгууллагын оролцоотой тийшээ орохгүй бол цөлжиж дахин сэргэхгүй. Ой бол маш эмзэг экосистем. Хүний оролцооноос үүдэн ой мод ихээхэн сүйрч байна. Хүн оролцохгүй дэлхий ертөнцийн газар гэж алга. Өнгөрсөн жил Соросын сангаас санхүүжүүлж гаргасан “Сүйрэл” номын агуулга нь мөн л хүний хүчин зүйлээс шалтгаалж ой мод хэрхэн сүйрснийг өгүүлсэн байсан. Тухайлбал, хүмүүс далайгаар дамжиж яаж ийж байгаад нэг арал дээр амьдрахаар очдог. Арал дээр эхний үед бяцхан сал хийж хэрэгцээгээ хангаж байснаа төд удалгүй урц барьж амьдрах нөхцөлөө сайжруулна. Тэгснээ гэнэт хаустай болох гэх мэтээр хүмүүсийн модны хэрэглээ ихэссэнээс сүүлдээ тэр аралд хөрсний гулгалт болж сөнөдөг. Арал нь үгүй болонгуут оршин суугчид нь мөн сүйрнэ. Амь гарсан хэд нь дахиад л өөр арлын эрэлд гарч гашуун түүх давтагдсанаар Номхон далайг тойрсон олон тооны арал сөнөсөн тухай өгүүлдэг. Хэрвээ ой модоо хайрлахгүй бол ийм түүх хаана ч давтагдаж болохыг хүн төрөлхтөнд сануулсан сургамжтай ном л доо. Тиймээс мод бол хүний амьдралын хамгийн чухал, үндсэн хүчин зүйл юм.

-Хотын цэцэрлэгжилтийг ойгоос салгах аргагүй. Ойгоос саглагар том мод авчирч нийслэлд тарих нь зөв буруу гэсэн маргаан байдаг. Ер нь энэ хэр зөв алхам бэ?

-Хотын цэцэрлэгжилтэд зориулж уулнаас том оврын мод шилжүүлэн суулгах талаар маргаан нэлээд бий. Бид мэргэжлийн баг гаргаж жилд 2-3 удаа үзлэг судалгаа хийлгэдэг. Социализмын үед орос мэргэжилтнүүдийн хамт өвлийн цагаар ойгоос том мод шилжүүлэн суулгасан нь үр дүнгээ өгсөн. Гэхдээ энэ нь маш нарийн технологийн горимтой. Харин манайхан энэ горимыг барьж чадахгүй байгаа. Гандангийн урдуурх модны ургалтын байдал өнгөрсөн жил гайгүй байсан бол энэ жилээс амьдралтын хувь хамаагүй доошилсон. Уулнаас модоо зөөгөөд хотоо ногооруулдаг бол дэлхийн бүх хот хэдийнэ ногоон болчихсон шүү дээ. Тийм учраас том оврын мод шилжүүлэн суулгах ажлыг санхүүжүүлэхийг зогсоох зөвлөмжийг Улаанбаатар хотын захирагчид хүргүүлсэн. Манай байгууллагаас Улаанбаатар хотын захиргаа, цэцэрлэгжилтийн ажил эрхэлдэг компаниудад мод үржүүлгийн газар, плантацтай болохыг зөвлөж байгаа. Хотын цэцэрлэгжүүлэлтийн асуудал миний хувьд санаа зовох асуудал биш гэж үзэж байгаа. Учир нь амьжиргааны төвшин аяндаа дээшилж, дунджаас дээгүүр амьдралтай өрхийн тоо нэмэгдэж, компаниуд ашиг орлого ихтэй болоод ирмэгц хүн гэдэг амьтан ногоон юм руугаа тэмүүлдэг, анхаарал тавьдаг нь жам ёсны зүйл. Дандаа гаднаа гяланцаг, дотроо паланцаг амьдрахгүй шүү дээ. Аяндаа бий болох ийм зүйлд зориулаад хот төлөвлөлтөө ухаалаг хийх учиртай. Сайхан байртай атлаа гадна тал нь авах юмгүй аж ахуйн нэгжүүд өчнөөн бий. Эхний ээлжинд аж ахуйн нэгжүүд ландшафт, ногоон байгууламжаар мэргэшсэн ажилтантай болчихвол гадна талын тохижилт дагаад л сайжирна. Гэхдээ амьжиргааны төвшин дээрдэж, өрхийн орлого нэмэгдэнгүүт хүн унаган байгалиас гаралтай бүтээгдэхүүн рүү тэмүүлж эхэлдэг нь амьдралаар батлагдсан зүйл. Ингэхдээ модон тавилга, модон бүтээгдэхүүнээр гэр орон, орчноо гоёхыг эрмэлздэг учраас тэр хэрэглээнд нь зориулж шинэ менежмент хэрэгжүүлэхэд бид бэлэн байх ёстой.

                                        Ярилцсан  Н.Хажидсүрэн

Холбоотой мэдээ