Агаар цэвэршүүлэгч МӨНХРӨӨ

 Агаар цэвэршүүлэгч  МӨНХРӨӨ

Африк тив энэ цэцгийн уугуул нутаг бөгөөд Австрали, Хятад, Япон Хавайн арлуудаар мөн тархан ургадаг. Суккулент буюу шүүслэг ургамлын төрөл зүйлд ордог. Биологийн хэллэг нь Sansevieria Монгол нэршил нь Мөнхрөө , оросоор Сансевиерия гэж нэрлэдэг. Үүнээс гадна байгаа байдал гаднах төрхөөр нь Snake Plant буюу Могой цэцэг, Mother in Law’s Tongue буюу Хадам ээжийн хэл гэж нэрлэх нь ч бий. Энэ цэцгийг ургуулахад амархан бөгөөд арчилгаа бага шаарддаг бөгөөд цэцэг эхлэн таригч нарт хамгийн сайн тохирох цэцэг юм. Мөнхрөөгийн навч шулуун, махлаг байх ба хээ нь маш олон төрөл янз байдаг.

Навчны үндсэн өнгө нь хар ногоон бөгөөд зарим төрөл нь навчны ирмэг тойрсон алтан шаргал эмжээртэй байдаг. Зарим төрлийн мөнхрөө нь урт нарийн иштэй цагаан, ногоон өнгийн цэцэгтэй байдаг. Агаарыг маш сайн цэвэршүүлдэг 10 цэцгийн нэгэнд мөнхрөө орно.Мөн албан тасалгаа оффис, зочид буудал, нисэх онгоцны буудал гэх мэт газруудад чимэглэлийн зориулалтаар их ашигладаг.

Хөрс ба сав

Кактус, суккулент ургамалд ус сайн нэвчдэг, том ширхэгтэй элс хольсон хөрсний хольцыг сонгоно.Кактус бүрийн хөрсний бүтэц өөр байдаг боловч, ерөнхийдөө доорхи хольцоор хөрсийг бэлдэхэд болно.Модны жижиг ширхэгтэй удаж харласан үртэс холтос, хар шороо, хайрга буюу жижиг чулуу мөн уушиган чулуу буюу бидний мэдэх өөхөн чулуу, том ширхэгтэй элс байх нь тохиромжтой байдаг. Энэ ургамал маань их өндөр ургадаг тул бат бэх дунд зэргийн хэмжээтэй шавар эсвэл шаазан сав тохиромжтой байдаг. Хэт өтгөн ургасан мөнхрөөний үндэс жижиг хуванцар савыг зад татах тохиолдол бий.

Усалгаа

Усгүй удаан амьд байх тал дээр тун тэсвэртэй цэцэг. Навчны оройн хэсэгт ус хүргэж болохгүйг онцгой анхаар. Хөрсний өнгөн хэсэг 1,5 см орчим хатсаны дараа услагааг хийнэ. Хөрсийг модон савхаар хатгаж үзэж болно. Усалгаа ихэдвэл навч болон үндэс гэмтдэг. Услагаа багадвал навч үрчийж унжих байдал ажиглагдана. Агаарын дулаанаас хамаарч долоо хоногт нэг юм уу хоёр удаа услана. Өвөл сардаа нэг удаа услахад болно.

Гэрэл

Энэ ургамал нь халуун орноос гаралтай тул нарны гэрэлд дуртай боловч өдрийн хурц нарны тусгалд удаан байлгах нь тохиромжгүй. Хагас сүүдэрлэг юм уу нарлаг орчинд дуртай. Гэрэл багадахад дургүй.

Дулаан

Зундаа +18-23 хэмийн дулаан тохиромжтой бол өвөлдөө +13 хэмээс доошгүй дулаан орчныг бүрдүүлэх ёстой. Өрөөний дулаан их байх тусам сайн ургадаг. Сэрүүн нөхцөлд тэвчээр муутай цэцэг юм. Дулаарсан үед гадаа савтай гаргаж тавьж болно. Гадаа гаргаж тавьсан үедээ хүйтэн бороонд удаан байлгаж болохгүй.

Арчилгаа

Навч хэт өндөр ургаж биеэ даахаа больж хажуу тийш унах үед нь та тулгуур хийж уях хэрэггүй бөгөөд хөгширсөн навчийг угаар нь хайчилж авах хэрэгтэй. Удалгүй шинэ навчнууд нөхөн ургах болно. Навч зөөлөрч зузаарах байдал ажиглагдвал угаар хайчилж авах хэрэгтэй.

Шилжүүлэн суулгах ба бордоо

Бордооны бүтэц нь , 20-20-20 байх ба азотын бордооны хэмжээ бага байхаар бодож бордоог найруулна. Бордоог их бага шаарддаг ургамал бөгөөд сард нэг удаа бордоно. Жил бүр шилжүүлэн суулгаж болно. Үндэстэй навчийг салгаж үрслүүлэхээс гадна хавраас намрын улирал дуустал навчийг хувааж үндэслүүлж болно. Ижил төрлийн хөрсөнд ургадаг ургамлуудтай хамтад нь тарихад үзэмжтэй гоёмсог харагддаг.

Холбоотой мэдээ