Журамд нийцээгүй шаардлага иргэд,аж ахуйн нэгжид хүндрэл учруулж байна
Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Д. Туяатай байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар ярилцлаа.
Таны бодлоор байгаль хамгаалагч гэж хэнийг хэлэх вэ?
– Эх орноо хайрлан хамгаалах чин сэтгэлтэй, өндөр ёс суртахуунтай, иргэд олон нийттэй харилцах харилцааны соёлтой, байгаль дэлхийгээ танин мэдэх онол, арга зүйн зохих мэдлэг эзэмшсэн хүнийг л БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ гэнэ дээ. Монголчууд эрт дээр үеэс л байгаль дэлхийтэйгээ нарийн шүтэлцээтэй, од эрхсийн зүй тогтлыг ажиглаж уламжлалт нүүдэлчин ахуйдаа ашигладаг, ан амьтан, өвс ургамлаа хайрлан хамгаалж ирсэн түүхэн уламжлалтай ард түмэн билээ. Тиймээс ч иргэн бүр нь байгаль хамгаалагчийн үүрэг гүйцэтгэдэг байжээ.
Өнөө үед байгаль хамгаалах ажилд тулгамдаж буй асуудал юу байна?
– Монголчуудын нүүдэлчин ахуйгаас суурин амьдрал руу шилжин орсонтой холбоотойгоор байгаль дэлхийгээсээ нэлээн холджээ.Түүнээс гадна хүмүүсийн аливаа хэрэгцээ нэмэгдсэний хэрээр заримынх нь ухамсар нэлээд доройтсон. Ер нь төвлөрсөн эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжих үед хэсэг бүлэг хүмүүст мөнгөнөөс өөр зүйл харахаа байсны л улбаа гэж боддог. Тэд нэг зүйлд улайрахаараа түүнийгээ л дагначихдаг.Нэг хэсэг ан амьтны эд зүйлд шүлэнгэн жаал устгалаа, алт, мөнгө,байгалийн баялаг гэж уул усаа ихээхэн ухаж төнхлөө, мал ахуйгаа хэтэрхий өсгөж бэлчээр,ус нутгаа доройтууллаа. Одоо харин эргээд хандлагаа өөрчлөх аястай болж л байна. Гэхдээ зарим талаараа арга нь хэтэрхий их нарийсаад байна.Тухайлбал, ганц нэг иргэн биш бүлэглэл хэлбэрээр том хүчээр оролцдог болоод байна.
Байгаль хамгаалах ажлыг төр засаг, төсөл хөтөлбөрөөс хэр дэмжиж байна
-Монгол орны онгон дагшин байгалийг хамгаалах,тэр тусмаа Тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын менежментэд донор орнуудын төсөл хөтөлбөрүүд их хэрэгжиж байна. Манай Засгийн газар ч нэг үеэ бодвол бодлогоор дэмжиж л байна. Би салбартаа 27 жил ажиллаж байгаа. Бид саяхныг болтол “байгалиа хамгаална” гэсэн сэтгэлээс өөр зэвсэггүй л байсан. Одоо ажилчид маань чадавхижиж, техник тоног төхөөрөмжөөр хангагдаад сайхан л болжээ. Гагцхүү хөгжил дэвшил хурдсаж, мөнгөний ханш огцом буурч байгаа үед байгаль хамгаалагчдын цалин хангамж нь тэр хурдыг гүйцэхгүй байна л даа. ТНБЦГ л гэхэд анх 2001 онд улсын тусгай хамгаалалтанд орж 2005 онд Тосонцэнгэлд хэсгийн төв байгуулагдахад контор сав, унаа унаш, шатахуун гэхчилэн юу ч байхгүй гэрийнхээ нэг өрөөнд конторлоод, өөрийнхөө унаа, шатахуунаар явж ажилладаг байлаа. Гэтэл одоо ГТХАН, KFW төслийн дэмжлэгээр тэрбумаар тоологдох төгрөгний хөрөнгөтэй, байр машин унаагаар хангагдсан, боловсон хүчин нь чадавхижсан зэрэг ололт амжилт ихтэй байна. Сүүлийн жилүүдэд KFW болон НҮБ-ын “Унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь” төслийн дэмжлэгээр орчны бүсийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, иргэд олон нийт, хүүхэд багачуудад экологийн боловсрол олгох чиглэлээр нэлээн хөрөнгө оруулалтыг хийсэн.
Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахын тулд цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах болсон. Үүний үр дүн хэр зэрэг байна вэ?
-Урьд нь байгаль орчны улсын байцаагч нар нэлээн эрх мэдэлтэй ажилладаг байлаа. “Зөрчлийн тухай хууль” хэрэгжиж эхэлснээр тэдний эрхийг нилээд хязгаарлаж, үүрэг нь нэмэгдсэн. Эрх нь багасах тусам үнэлэмж нь бас төдийчинээ буурдаг талтай. Дээр нь Экологийн цагдаагийн алба байгуулагдаад хэдэн жил болж байна. Нэг талаараа байгаль хамгаалагчид байцаагчийн ажил багассан мэт боловч зарим асуудал дээр нэгдсэн ойлголтонд хүрэхгүй бол иргэдэд багагүй дарамт бий болох тал ч ажиглагддаг л юм. Манай тусгай хамгаалалттай газарт шатсан ойн цэвэрлэгээтэй холбоотой зөрчил багагүй гардаг. Экологийн цагдаа Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад чиглэн сайн ажиллаж байгаа. Илүү сайн болгох гэж ч тэгдэг юм уу, зарим тал дээр өөрсдийнхөө бодлоор элдэв нэмэлт илүү зүйлийг шаардаж иргэд болон мэргэжлийн байгууллагуудад дарамт учруулдаг. Бусад зүйлийг мэдэхгүй ч Ойн тухай хууль, түүнийг дагаж гарсан журмуудыг мөрдөж ажиллахгүй байна. Тарвагатайн нурууны ойн сангийн тал хувь шатсан тул энд ойн цэвэрлэгээний ажил хийдэг.Тэр ажлыг гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллага, нөхөрлөлүүдэд байгаль хамгаалагчид маань хяналт тавьж ажилладаг юм. Ойд цэвэрлэгээ хийхэд хийхэд мөрдөгдөх гол эрх зүйн акт бол “Ойн тухай хууль”, түүнтэй нийцүүлж гаргасан журмууд байдаг. Ой цэвэрлэж байгаа хуулийн этгээд цэвэрлэгээ хийх талбайгаа тусгаарлуулж, гарах модны нөөцөд тохируулж “Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг” хэмээх үнэт цаасыг авснаар ой дотор ажиллах эрх нь үүсдэг. Ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийг “ойд мод бэлтгэх, ойгоос мод тээвэрлэх үед заавал биедээ авч явах үүрэгтэй” бөгөөд шалгах тохиолдолд эдгээр бичиг баримт байхгүй бол зөрчил гэж үздэг. Ойгоос бэлдсэн модыг зүсмэл материал болгоод, эсвэл түлээ, шургааг хэлбэрээр Улаанбаатар хот болон өөр аймаг сумдад тээвэрлэх тохиолдолд “Гарал үүслийн гэрчилгээ” хэмээх үнэт цаасыг ашигладаг. Үүнийг олгох, бичих зэргийг бас л журмаар зохицуулсан байдаг. “Гарал үүслийн гэрчилгээг ойн анги болон Ой ангигүй газарт Засаг даргын томилсон төрийн ажилтан олгох ба гарал үүслийн гэрчилгээн дээр “Ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийн дугаарыг бичнэ” гэсэн байдаг. Мөн “Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг”-ийн ард “ Эрхийн бичгийг хуурамчаар үйлдэх, хувилан олшруулах, бусдад дамжуулахыг хориглоно” гэсэн санамж байдаг.
Гэтэл экологийн цагдаа нар юуг шаардаг вэ гэхээр “Гарал үүслийн гэрчилгээнд заавал “Ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийг дагалдуул” гэдэг. Бас эрхийн бичгийг машин машинаар нь биш бөөнд нь 170 м3 гэх мэтээр их дүнгээр нь бичүүлдэг. Энэ нь байгаль хамгаалагчдыг хяналт тавихад чөдөр болоод байгаа юм. Хөдөө ойгоос мод бэлтгэж байгаа мэргэжлийн байгууллагад хяналт тавихаар эрхийн бичиг авсан мөртлөө нэг бол түүнийгээ бөөнд нь бичүүлээд өмнөх машинд явуулсан, эсвэл гарал үүслийн гэрчилгээнд дагалдуулаад Баян-Өлгий, Улаанбаатар луу явуулчихсан гэдэг.
Тэр үүсээд буй хүндрэлүүдийг товчхон дурьдвал юу юу байгаа вэ?
– Энэ нь яг журмаараа бол эрхийн бичгээ биедээ авч яваагүй гэдгээр зөрчил үүсэх нөхцөл бүрдээд байгаа юм л даа. Ийм л ойлгомжгүй зүйлээс болоод байгаль хамгаалагчдын ажилд болон иргэд, мэргэжлийн байгууллагад ч хүндрэл үүсдэг.
Нэгд, ойгоос мод тээвэрлэж байгаа машин нь зайлшгүй эрхийн бичигтэй байх, түүний дээр тэр машины дугаар, жолоочийн нэр бичигдсэн байх ёстой.Үүнийг байгаль хамгаалагч шалгаад бичилт хийгээд явуулна. Гэтэл эрхийн бичгийг бөөнд нь бичсэнээр ингэх боломжгүйгээс гадна лимитээс илүү мод бэлдэж тээвэрлэх нөхцөл бүрдэнэ
Хоёрт, гарал үүслийн гэрчилгээнд эрхийн бичиг дагалдуулснаар “Эрхийн бичиг бусдад дамжуулж болохгүй” гэсэн журмыг зөрчихөөс гадна аж ахуйн нэгжийн эрхийн бичгийг дурын нэг жолооч авч яваад хаях бол тэр байгууллага иргэн нь өөрөө хариуцлага хүлээх болж байгаа юм. Бас мод бэлтгэж байгаа, тээвэрлэж байгаа иргэдэд шалгалт хийхэд эрхийн бичиггүй тул зөрчлийн хэрэг үүснэ.
Ийнхүү журамд нийцээгүй шаардлага иргэд, аж ахуйн нэгжид илүү хүндрэл учруулж, эрхийн бичиг шаардсан байгаль хамгаалагчийг иргэдэд дайсан болгож харагдуулж байна.
“Тэрбум” мод үндэсний хөдөлгөөний талаар таны бодол?
-Би өөрөө ой зүйч мэргэжилтэй. Энэ бол цаг үеэ олсон маш ач холбогдолтой шийдвэр. Ёр нь зорилго том байх тусмаа л үр дүн нь сайн байдаг. Бодоод үз л дээ 1992 онд Дэлхий нийтийн өмнө “2030 он гэхэд газар нутгийнхаа 30 хувийг улсын тусгай хамгаалалтад авна” гэсэн амлалт үр дүнтэй хэрэгжиж газар нутгийнхаа 20 гаруй хувийг улсын тусгай хамгаалалтын сүлжээнд хамруулаад л байна.Үүний дээр Орон нутгийн тусгай хамгаалалттай газрыг нэмбэл бас багагүй л тоо гарах байх. Тэгэхээр дээрх зорилго бол Монгол орны төдийгүй дэлхийн хүн төрөлхтөний өмнө том гавьяатай үйл болно л гэж харж байна. Одоо чинь хүнд ажил нь, үр дүн нь, ач холбогдол нь харагддаггүй “мөнгө” л харагддаг болж дээ. Тиймээс “Тэрбум” мод нь тэрбум төгрөг болж л битгий харагдаасай. Дээрээ зөв менежментээр удирдаад, доороо хүн бүр сэтгэл гаргаад ажиллаасай. Хүн бүр өнөөдрөөр биш ирээдүйгээ харж амьдраасай” гэдгийг л хүсэх байна.