Гүйлс (Armenica sibirica lam) үржүүлэх, тариалах зөвлөмж
Монгол оронд Сибирь гүйлс тархах бөгөөд Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Дорнод Монголын тойргийн хотгор хөндийн хажуу, хээрийн сөөгөн шугуй, хад цохиот болон чулуурхаг хажуу, хад асганд ургах 0.5-1.5 м өндөр, саглагар сөөг, навчис өргөн өндгөрхүү ба зүрхэрхүү-өндгөн, урт бариултай. Цэцэг нь нил ягаан, ягаавтар өнгөтэй, навчлахын өмнө цэцэглэдэг. Жимс дугуйдуу, хавчгар, шар юмуу шаргал, маш богино шилбэтэй зэрэг морфологийн онцлогтой. Гүйлсний үрээр гоо сайханы бүтээгдэхүүн, үнэртэн, ардын уламжлалт эмчилгээнд хэрэглэдэг. Гүйлс нь хавар эрт нил ягаан өнгөөр цэцэглэдэг тул хотын доторх ногоон байгууламж, ойн зурвасанд өргөн тариалдаг.
ҮР ТҮҮХ
Гүйлсний жимс нь 8-р сарын сүүлээр бүрэн боловсорсон үед нь гараар түүнэ. Жимсний махлаг эдийн дотор талд үр нь ясан бүрхүүлтэй, хажуугаасаа зуувандуу дугариг хэлбэртэй. Хэмжээгээрээ 10.44 мм урт, 10.15 мм өргөн, 8.58 мм зузаантай, улбар шар, цайвардуу хүрэн өнгөтэй. Үр нилэнхүйдээ торлог гүвдрүүт гадаргуутай, хажуу талдаа хурц ирмэгтэй. 1000 үрийн жин 660 гр.
ХӨРС БОЛОВСРУУЛАЛТ
Гүйлс үржүүлэх, бойжуулах талбайн хөрсийг шинжилгээнд өгч ялзмаг, давсжилт, хүчил шүлтийн орчин болон бусад химийн найрлагыг тодорхойлуулах шаардагатай бөгөөд хөрсний орчин pH 6.5-7.5 тохиромжтой байдаг. Хөрсний шинж чанар, бүтэцээс хамааран өнжсөн бууц, үртэс, голын элс зэргийг зохих хэмжээгээр хольж бүтэц үржил шимийг сайжруулна. Үржүүлгийн талбай нь хөнгөн бүтэцтэй үржил шим сайтай хөрсөнд сайн ургана. Атар газар шинээр үржүүлгийн газар байгуулахад химийн уринш хийж хиаг болон хог ургамлыг устгана.
Тариалах талбайн хөрсийг гүн хагалж /35-40 см/, хөрсийг буталж, тэгшилж бэлтгэнэ.
ҮРИЙГ ТАРИАЛАЛТАНД БЭЛТГЭХ
Гүйлсний үрийг 8-р сард боловсрох үеэр нь түүж аваад махлаг эдээс нь цэвэрлэж хатааж хадгална. Гүйлсний үрийг намар тарих нь илүү тохиромжтой байдаг. Хавар тарих үрийг 70 хоног цаслах болон элслэх аргуудыг хэрэглэн идэвхжүүлж тариална.
ҮР ТАРИХ
Гүйлс гололсон үндэсний системтэй учир хөрсийг аль болох гүн хагалж уриншилсан хөрсөнд тариална. Хөрсөө бэлтгэхдээ 1м2 талбайд 5-8кг бууцаар бордож хайрцаглах болон туузлан талбайгаа бэлтгээд усална.
ТАРИХ ХУГАЦАА БОЛОН АРГА
Yрийн намрын тариалалтыг 9-р сарын 5-10 хооронд тарина. Тарихдаа бэлтгэсэн талбайн ус нь эвэрсний дараа мөр хооронд 30 см, ургамал хооронд 35 см зайтай, үрээ хөрсний бүтэцээс хамааруулан 3-5 см гүнд тариалдаг. Нэг Га-д дундажаар 1200 кг үр тариалдаг.
УСАЛГАА, АРЧИЛГАА
Тарьсаны дараа усалгааг зөөлөн шүршүүрээр услах ба ургалтын хугацаанд 1м2 талбайд 20-30 литр усаар тооцон ургалтын хугацаанд 6-8 удаа усална. Усалгаа бүрийн дараа хөрсийг сийрүүлж хог ургамлыг устгана. Гүйлсний эхний жилийн өсөлт нь 10-25 см өндөртэй ургадаг. Ургасан тарьцаа намар ухан авч шуудуунд өвөлжүүлнэ.
БОЙЖУУЛГЫН ТАЛБАЙД ТАРИХ
Шуудуунд хадгалсан тарьцаа хавар ухан авч мөр хооронд 50 см, ургамал хооронд 20 см зайтай шилжүүлэн суулгаад усалгааг 1м2 талбайд 40-50 литр усаар тооцон, ургалтын хугацаанд 5-7 удаа усална. Усалгаа бүрийн дараа хөрсөө сийрүүлж хог ургамалтай тэмцэнэ.
Ургуулсан стандартад тэнцэх суулгацаа цэцэрлэгжүүлэлт болон хамгаалалтын зурвасанд тариална. Гүйлсийг хэт томруулж олон настай болговол шилжүүлэлт хийхэд үндэс нь ихээр гэмтэж амьдрах чадвар нь мууддаг.
ГҮЙЛСИЙГ ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТЭНД БОЛОН ХАМГААЛАЛТЫН ЗУРВАСАНД ТАРИАЛАХ
Суулгац сонгох
Үржүүлгийн эх цэцэрлэгээс үрээр үржүүлэн гаргаж авсан цэцэрлэгжүүлэлт, ойжуулалт болон хамгаалалтын зурвас байгуулах тариалалтад зориулагдсан 2-3 настай суулгац байх бөгөөд MNS 6759:2019 стандартыг хангасан байвал зохино.
ТАРИХ ХУГАЦАА
Манай орны нөхцөлд мод бутны суулгацыг хавар нахиа хөөхөөс өмнө 4 сарын 25-наас 5 сарын 15-ны хооронд, намар 9 сарын 25-наас 10 сарын 15 хүртэлхи хугацаанд тарих нь тохиромжтой. Гүйлсийг цэцэрлэгжүүлэлтэнд тариалахдаа мөр хооронд 3-4м, ургамал хооронд 1,5-3м зайтай тариална.
УСАЛГАА
Гүйлсийг цэцэрлэгжүүлэлт болон хамгаалалтын зурвасанд тариалаад услахдаа шангаар болон тогоо хийж услахад тохиромжтой байдаг. Сүүлийн үед дуслын усалгааны системийг өргөн ашиглаж байна.
ХАМГААЛАЛТЫН ЗуРВАСТ ТАРИАЛАХ АРГА
Монгол орны байгаль, цаг уурын бүс, бүслүүрийн ангиллыг харгалзан хамгаалалтын ойн зурвасанд дараах мод, сөөгийн нэр, төрлөөс сонгож тарина.
Жимст цэцэрлэгийн хамгаалалтын ойн зурвас байгуулахдаа мод, сөөгийн үр, модлог болон ногоон мөчрөөр үржүүлсэн стандартын шаардлага хангасан суулгацыг ашиглана.
АРЧИЛГАА
Услах, бордох, танах, хэлбэржүүлэх, хөрсийг сийрүүлэх, хог ургамлыг устгах, өвчин хортонтой тэмцэх, хүйтнээс хамгаалах, өвөлжүүлэх зэрэг арчилгаанууд хийгдэнэ. Тухайн жилийн цаг уурын нөхцөл, ургамлын өсөлт хөгжилт зэргээс хамаарч арчилгаа хийх хугацаа жил бүр харилцан адилгүй байна. Гэхдээ эхний 2-3 жил арчилгааг онцгой анхаарвал зохино.
СИЙРҮҮЛЭЛТ
Суулгасны дараа залуу ургамлын өсөлт хөгжилт хэвийн сайн явагдах нөхцлийг хангахад чиглэгдэж хөрсийг байнга өнгөц сийрүүлж хог ургамлыг устгаж байна. Зуны хугацаанд иш орчмын хөрсийг 10-12 см гүн сийрүүлж хог ургамлыг устгана. Сийрүүлэлтийг хийхдээ аль болох үндэсийг гэмтээхгүй байхаар тооцож хийнэ. Усалгаа бүрийн дараа 1-2 хоноод сийрүүлэлт хийнэ. Энэ нь ус ууршилтыг багасгах, хөрс өрөмтөж хатахаас хамгаалдаг.