Хар хорины багачууд томчуудаа дагуулж байна

 Хар хорины багачууд томчуудаа дагуулж байна

Хархорины багачууд томчуудаа дагуулж байна

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны Мэдээллийн төвийн дэргэдэх “Орхон” эко клуб “Хоггүй Хархорин” аян зарлаж, сумын төвийн төв зам дагуу хогийн сав байрлууллаа. Навчин хэлбэртэй нэг загварын 15 ширхэг хогийн савыг тэд албан байгууллагуудын хандиваар хийлгэсэн юм. Байгуулагдаад удаагүй ч “Орхон” эко клубын хүүхдүүд цөөнгүй бүтээлч ажил өрнүүлсний нэг нь энэ бөгөөд орон нутгийн иргэд тэдний ажилд тун талархалтай хандаж байна. Тэдний сар бүр санаачлан хийдэг голын дагуух цэвэрлэгээнд жуулчны баазууд нэгдэх болсон. Байгаль эхдээ хайртай багачуудын орон нутагтаа санаачлан өрнүүлж буй бүтээлч ажлын эхлэл энэ оны тавдугаар сараас эхэлжээ. Тэд үүнээс хойш сар бүр Орхон голын дагуу цэвэрлэгээ хийж байгаа бөгөөд жуулчны баазууд хамтран оролцох болсноор Орхон голын эргийн дагуух цэвэрлэгээ өргөн хүрээтэй өрнөж байна. Наймдугаар сарын ээлжит цэвэрлэгээнд Мөнх тэнгэр, Мишээл, Анар жуулчны баазууд “Орхон” эко клубын хүүхдүүдтэй хамт Орхон голын гүүрний зүүнээс баруун тийш Өл давж, Орхоны хөндийн эргийг таван км зайд цэвэрлэж, хоёр “портер” хог ачуулсан байна. Дараагийн цэвэрлэгээнд “Хаан тайж”, “Дриймланд”, “Риверсайд” жуулчны баазууд хүүхдүүдтэй хамтран ажиллана.

“Эко” клубын хүүхдүүд цэцгээр гайхуулав

“Орхон” эко клубын гишүүд иргэд, аж ахуйн нэгж, байгууллага болон тасалгааг цэцэгжүүлэх зорилгоор цэцгийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж 32 төрлийн тасалгааны 50 цэцэг тарьжээ. Үзэсгэлэн худалдааг Хархорин захын хойд талбайд нээсэн байна. Иргэд хүүхдүүдийн тарьсан цэцгийг үзэж сонирхохын зэрэгцээ ховор сонин цэцгийг бөөнөөр нь худалдан авсаар байгаа юм. Мөн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд багш нарынхаа даалгаврыг биелүүлж, цэцэг худалдан авчээ. Энэ арга хэмжээний үеэр “Орхон” эко клубын гишүүд хийсэн ажлаа сурталчилсан аж.

Холбоотой мэдээ