Доктор, профессор, байгаль орчны гавъяат ажилтан Д.Энхсайхан: “Бургас хожуулаасаа сайн ургадаг”
Доктор, профессор, байгаль орчны гавъяат ажилтан Дамдинсүрэнгийн Энхсайханыг “бургасны” гэж тодотгон авгайлна. Энэ бол хүндэтгэл юм. “Монгол оронд бургас ургуулах арга технологи” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсандаа ч бус, ерөөс Монголд бургас тариалж, үржүүлж, ургуулах анхны шанг татсан, энэ чиглэлээр их зүйл хийж бүтээсэн гавьяатай учир тийн биз ээ. Зууны түүхтэй ойн салбарын 50 жилийн түүхийг бичилцсэн эрхэм хүндэт хүнтэй уулзаж ярилцах завшаан тохиосон юм.
-Бургасыг та л ёстой ярина даа?
-“Монгол мод” гэдэг юм шүү дээ. Хийхгүй юм байхгүй, хамгийн хэрэгтэй мод. Гэрийн хана, унь, тооно, араг шээзгий, сав суулга, юу эс байх вэ. Дээхнэ үедээ бургас ч их ургадаг, бургасаар ч их хийдэг байж. Тэр хэрээрээ хайрлаж, хамгаалдаг ч байжээ. Гэтэл өнөөдөр ялангуяа, голын сав дагуух бургасан шугуй устахдаа тулаад байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, хүний буруутай үйлдэл эмзэг хэврэг болгожээ. Ойрын жишээф, Туул голын бургасыг хар л даа. Нууц товчоонд хүртэл бичигдэж, Монголын хаад идээшин нутаглаж байсан тэр сайхан шугуй хаана байна вэ. Орхон, Сэлэнгэ, Эг, Ховд, Түй голын бургас хаачлаа. Түймэрт шатаж, хорхой шавьжинд идэгдэж дууссан. Хүн ч их сүйтгэсэн. Үлдсэн жаахан ой нь доройтож, хөгширсөн. Ийм л байдалтай байна. Адаглаад цэвэрлэж, арчлахгүй болохоор арга ч байж уу. Цаг алдаагүй дээр Монгол орны бургасыг аварч хамгаалах, нөхөн сэргээхгүй бол болохгүй болжээ.
-Яамаар юм бэ, тэгээд?
-Хийх л ёстой. Өөр аргагүй. Жаахан ч болов гэрэл гэгээ байна аа, байна. Засгийн газар, БОАЖЯ зүгээр суугаагүй. Хэрлэн, Онон, Улз, Туул голын дагуух бургасан шугуйг цэвэрлэх, өмхөрсөн, хатсан, үхсэнийг зайлуулж, шинээр тарьж ургуулан ойжуулах ажлыг хэдий өргөн хүрээтэй биш ч бага боловч эхлүүлсэн. Цаашид энэ ажлаа улам эрчимжүүлэх хэрэгтэй байна. Эрдэмтэн мэргэжилтнүүдийнхээ хүчийг авч, тухайн талбайд арчилгаа, ойжуулалтын ямар ажил хийгдэх вэ гэдгийг шинжлэх ухааны үндэстэйгээр судалж тогтоосны дараа тодорхой арга хэмжээ авмаар байгаа юм.
-Ноднин таныг бургас “хөөгөөд” алга болчихсон дуулдсан?
-Ээ дээ, Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатарын нутгаар, Хэрлэн, Онон, Улз, Завхан, Идэр, Буянт гол дагаад 10 мянга гаруй км явлаа. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд бургасан шугуйн өнөөгийн төлөв байдлыг судлан дүгнэх, цаашид яаж хамгаалж нөхөн сэргээх вэ гэсэн зөвлөмж боловсруулах зорилгоор төсөл хэрэгжиж байгаа юм л даа.
-Тэгээд ямар дүгнэлт гаргав?
-Эхний ээлжинд цаг алдалгүй цэвэрлэгээ арчилгаа хийх хэрэгтэй болжээ. Тэгээд даруй ойжуулах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан тарьж ургуулах шаардлагатай юм байна.
-Бургасыг үржүүлэхэд тийм ч амар биш байх даа?
-Мөчрийн тайрдсаар сайн үндэслэж, түргэн ургадаг мод шүү. Бэлдэц мөчрийг бойжуулах талбайд ургуулж, тэндээсээ байнгын талбайд гаргадаг. Бургасыг цэвэрлэж, тайрахаар хожуулаасаа сайн ургана. Тиймээс цэвэрлэе гэж дахин дахин яриад байгаа юм. Бургасыг тарьж ургуулаад, арчлаад байвал экологи, эдийн засгийн асар их өгөөжтэй, аж ахуйд хамгийн хэрэгтэй мод байхгүй юу. Гагцхүү зөв зүйтэй ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх л хэрэгтэй.
-“Социализмын” гэх үед бургас тарьж, ургуулах ажил хэр байсан юм бол?
-Би 1974 онд ХАА-н дээд сургуулийг ойн аж ахуйн инженер мэргэжлээр төгссөн. Тэр цагаас хойш ойн салбартай ажил, амьдралаа холбон өдийг хүрлээ. Дандаа л тарьж, ургуулж байж дээ. Их ч буян хийсэн байгаа биз /инээв/. Би Монгол орны бургасан шугуйн тархалт буюу татмын ойг 1983-1993 онд ялангуяа, сайн судалсан хүн. Бургасыг үйлдвэрлэлийн аргаар тарьж ургуулах нь сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Энэ чиглэлээрээ ч их зүйл хийж амжуулсан байдаг юм. 1980-аад онд бургас тарьж үржүүлэх ажил эрчимтэй өрнөсөн. Ховд гол дагуух бургасан шугуйн чанар муудаж, нөөц багассан тул тухайн үеийн нам засгаас даалгавар өгч намайг тийш нь томилж байж билээ. Тэгэхэд бургас модны судалгаа шинжилгээ гэж огт байсангүй. Би Ховд голын бургасыг нөхөн сэргээх, ойжуулах, улмаар үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах боломж бүрдүүлэхээр судалсан. Улмаар эх ургамлын талбай байгуулж, хаа байсан Халх гол, хангай, хэнтийн бүсээр явж байж таван зүйлийн бургас сонгон авчирч тариалсан юм. Монгол оронд 40-өөд зүйлийн бургас ургадаг юм шүү дээ. Ердөө 40 см урттай нь байхад 18 метр өндөр ургадаг нь ч бий. Тэдгээрийг харьцуулж, шилж сонгож байж казахуудын гэрийн мод болчихоор, энэ ард түмний хэрэгцээ шаардлагыг хангаад байхаар бургасны сая гаруй ширхэг тайрдас бэлтгэж авсан юм даг. Эрдэм шинжилгээний ажил учир их юм болно оо. Харьцуулна, жишнэ, янз бүрийн хувилбараар туршиж үзнэ, тэгж байж ямар ч байсан 200 га-д үйлдвэрлэлийн плантац байгуулж чадсан юм даг. Энэ ажлаараа би одоо ч бахархдаг даа. Миний энэ ажил 1997 оноос үр дүнгээ өгч, жилдээ 40-100 гаруй гэрийн мод бэлтгэдэг болсон юм. Зөвхөн Баян-Өлгий ч биш, Ховд, Увс, Завхан аймагт бургас тарьж ургуулах аргачлалыг тухайн үед зааж хэрэгжүүлж л байлаа.
-Казах үндэстэний гэр сууц их том харагддаг. Бургас ч тэр хэрээр ордог байсан биз?
-Хана нь 2,20 метр өндөртэй, унь нь 3,20 метр урттай байдаг. Их өндөр ургасан бургас хэрэгтэй байгаа биз. Бидний ажлын үр дүнд Баян-Өлгий аймаг тодорхой хэмжээний нөөцтэй болсон. Ховд голын эргээр 1985 оноос хойш жил бүр нэмж тарьсаар, 300 орчим га-г ойжуулж, одоо ч сайхан ургаж, үржсээр байгаа. Орон нутгийнхан арчилж, зөв зүйтэй ашиглаж байдаг юм. Зэргэлдээ Ховдоос хүртэл гэрийн мод бэлтгэхээр хүмүүс тэнд ирж л байдаг юм билээ.
Ингэхэд та надаар дандаа л бургас яриулаад байх юм /инээв/. Гэтэл би бургаснаас өөр мод тарьж ургуулж байсан л хүн дээ.
-Тийм шүү дээ?
-Монгол орны ойд зохион байгуулалт хийх, судлах ажилд олон жил гар бие оролцсон доо. Ой модны үйлдвэрлэлийн институт, Ой ан судлалын хүрээлэн гэж байхад захирлаар нь 10 гаруй жил ажилласан. 1980-аад оны дунд хавьцаанаас байх шүү. Модыг үйлдвэрлэлд хэрхэн ашиглах, хэрхэн ургуулж хамгаалах вэ гэсэн чиглэлээр ажлаа төлөвлөн гүйцэтгэдэг байв. Байгууллагын дэргэд Ойн зохион байгуулалтын экспедицтэй, ой бүхий газраар жил бүр явж судалгаа хийдэг байлаа. Дараа нь Ой аж үйлдвэрийн яам гэж байхад тэнд найман жил ажилласан.
Би 1975 онд анх удаа заган ойн нөөц, тархалтыг судалж, цаашдын ашиглалт, хамгаалалт-ой зохион байгуулалтын төслийг хийж гүйцэтгэж байлаа. Энэ бол их том ажил. Ой зохион байгуулалт гэсэн ойлголтыг бас л анх удаа бий болгосон хэрэг. 1990-ээд оноос энэ жишгээр модтой аймаг бүр “ой зохион байгуулалт” хийдэг, модоо тоолдог болсон. Ер нь би ойн салбартай холбоотой бүхий л зүйлд хүрч, хийлцэж, амжилтад хүрч явсан юм байна. 1974-1975 онд ойн аж ахуйнуудаар явж, мод тарьж ургуулах, ялангуяа нарс шинэс мэтийн шилмүүст модыг хэрхэн арчилж тордох ёстой талаар зөвлөгөө өгч л байсан.
Түүнчлэн ойн хөнөөлт шавьжтай тэмцэх, ойг түймрийн аюулаас хамгаалах талаар иж бүрэн төсөл боловсруулж, төслөө өөрийн биеэр удирдан ажиллаж байлаа. Би энэ бүх ажил, судалгаандаа тулгуурлан хэд хэдэн ном, гарын авлага бичиж хэвлүүлсэн юм. Өнгөрсөн хугацаанд би энэ мэтээр менежментийн боловсруулалтыг голчлон хийж байжээ.
-Ярилцсанд баярлалаа.
Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Бөхдамбий