Үхрийн нүд тарих аргачлал
Энэ нь саланги бэлэгт нэг гэрт ургамал юм. Өөрөөр хэлбэл, эр, эм гэж байхгүй. Навчаа гөвдөг бут бөгөөд чийглэг хөрсөнд, гэрэл гэгээ сайтай газар ургана. Манай орны байгаль цаг уурт зохицон ургаж чадах тэсвэр хатуужилтай, 1-1,5 метр өндөртэй, амтат жимс бүхий сөөг ургамал юм. Жимс нь дархлааг идэвхжүүлж, эсийг залуужуулж, мэдрэлийн системийг бэхжүүлэн, зүрхний үйл ажиллагааг дэмждэг. Даралт хэвийн байхад тустай. “С” аминдэмээр маш баялаг.
Ургуулах арга, арчилгаа
Суулгац нь 18-25 см голлосон үндэстэй, 3-аас доошгүй салаа мөчир бүхий 30 см-ээс богиногүй иштэй байвал шаардлага хангана. Үхрийн нүдний ургалт эрт эхэлж, IY сарын сүүлчээс X сарын эхний 10 хоног хүртэл үргэлжилнэ.
Үхрийн нүдний суулгацыг 50-60 см гүн, 40-50 см диаметртэй нүхэнд, ургамал хооронд 1,5-3, эгнээ хооронд 3 метрийн зайтай тариална. Дулаан, хүйтний хэлбэлзэл ихтэй, агаарын чийг, цасан бүрхэвч багатай нөхцөлд эгнээ хооронд 2-3, ургамал хооронд 1-1,5 метр зайтай шигүү тарьж, арчилгааг сайжруулснаар илүү ургац авч болно. Нэг талбайд нэг л сорт тариалах нь ургацад муугаар нөлөөлөх тул 2-3 сортыг хольж тариалбал зүгээр.
Та суулгацаа 1-2 хүрз хөх бууц, 75 г фосфорын бордоотой хольж, 1-2 нахиа нь хөрсөнд булагдсан байхаар, 45 хэмийн хазгай суулгаарай. Ингэх нь бутны цаашдын хөгжилд сайнаар нөлөөлж, хажуугийн нэмэлт үндсүүдийг үүсгэдэг. Шороог чигжих үед нахиаг гэмтээж болохгүй. Суулгасны дараа тогоо засч, 40 л усаар усална. Хөрсийг өрөмтүүлж хатаахгүйн тулд тогооны дотор ялзарсан бууц, үртсийн аль нэгийг дэвсч өгнө.
Үхрийн нүдийг хавар, намрын аль ч улиралд тарьж болох боловч ургалт эрт эхэлдэг учир намар нь дээр юм. Сэрүүн орохоос өмнө 2-3 долоо хоногт багтааж амжуулвал дараа жил сайн ургаж хөгжинө.
Үхрийн нүд үржүүлэх хялбар арга
Үхрийн нүдийг ногоон мөчрөөр олшруулан үржүүлж болно. Ингэхдээ, хавар IY сард үхрийн нүдний үндэснээс гарсан нэг настай ногоон мөчрийг үндэсний дээд хэсгээр огтлон авч, нойтон элсэнд хийж, нийлэг эдээр боож, сэрүүн байранд хадгална. Уг мөчрөө YI сарын 1-ний орчим ил талбайд бэлтгэсэн хөрсөнд 2-3 нахиа ил гарган суулгаж, өдөр бүр усална. Намар навч нь унасны дараа манаж өвөлжүүлнэ. Сайн арчилсан нөхцөлд жилийн дараагаас ургац өгч эхэлнэ. 10 ширхэг үхрийн нүдний буттай айл жилд 40 кг жимс хурааж авна. Анхны жимслэлтээс хойш 10 жил ургац өгөх бөгөөд үүний 7 жилд нь найдвартай, өндөр ургац авах боломжтой.
МОДТОЙ ДЭЛХИЙ-Мод тарих гарын авлагаас…