Б. Батбилэг: Цэнхэр халимны зулзага өдөрт 100 литр сүү хөхдөг

 Б. Батбилэг: Цэнхэр халимны зулзага өдөрт 100 литр сүү хөхдөг

Сэтгүүлч Баравын Батбилэгтэй далай тэнгис хийгээд халим хэмээх аварга амьтны талаар ярилцлаа.

-Сэтгүүлч хүн атлаа хаа хамаагүй, бүр Монголд ч байдаггүй халим гээч амьтныг яагаад судлах болов?

-2003 оны эхээр, тэр үеийн Байгаль орчны сайд У.Барсболд Японд айлчилжээ. Японы нөхөд манай сайдад нэг сонирхолтой атлаа хачирхалтай санал тавьсан байна. Монгол Улс Олон Улсын халимын конвенцид нэгдсэн орон атлаа монголчууд энэ амьтны талаар бараг юу ч мэддэггүй. Ард түмэндээ энэ талаар мэддэг болгохын тулд хамтарсан төсөл хэрэгжүүлье. Танайх хүнээ сонгож даруй илгээ, бид бусдыг нь даая гэж.

-Тэгээд яагаад загас, амьтны талын мэргэжилтэй хүнийг биш таныг сонгосон хэрэг вэ?

-Энэ бас их учиртай. Япончууд У.Барсболд сайдад хүн сонгох талаар нэг хатуу болзол тавьжээ. Юу гэвэл, цаг уурч, загас судлаач эрдэмтэн энэ тэр хүн хэрэггүй, тэд үзсэн судалсан зүйлээ хавтаслаад шүүгээнийхээ нүдэнд хийгээд мартчихдаг юм. Тэгэхээр сэтгүүлч хүн явуулаарай, тэр хүн л халимын тухай мэдээллийг монголын ард түмэнд хүргэж чадна гэж.

-Зөв л шийдэл байна. Монголд чинь олон зуун сэтгүүлч бий шүү дээ. Тэднээс таныг яагаад онцолсон юм бол?

– БОЯ-наас сонгон шалгаруулалтанд 50 гаруй сэтгүүлч оролцсоноос халим гэдэг гайхамшигт амьтныг нүдээр харах судлах ховорхон хувь заяа надад тохиосон билээ. Энэ бол нэг талаар цөөнгүй жил үзэг, цаас нийлүүлж явсныг минь үнэлсэн үлэмж хүндэтгэл, нөгөө талаар юутай ч энэ нөхрийг явуулчихвал нүүр улайлгахааргүй юм хийх болов уу гэсэн найдлага хариуцлага байсан.

-Төслийн нэр нь ”Монгол Хэмингуэй ” гэж их өвөрмөц сонин нэр байсан санагдана, яагаад ингэж нэрлэсэн юм бол?

-Америкийн зохиолч Эрнест Хэмингуэйг та сайн мэднэ дээ. Яагаав, өнөөх “Өвгөн тэнгис хоёр” алдарт бүтээлээрээ Нобелийн шагнал хүртсэн зохиолч. Далай тэнгис, загас жараахайны ааш авирыг гайхалтай гаргасан эр дээ. Халимын ааш аягийг түүн шиг л гаргаж бичнэ гэсэн санаа. Монгол гэдэг нь ойлгомжтой биз дээ.

-Төслийг маань мэдээж япончууд хэрэгжүүлсэн биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. Хэлсэн амандаа хүрдэг нь Япон хүний зан юм чинь, дэлхийд алдартай, Японы халим судлалын хүрээлэн төслийн бүхий л ажлыг эхнээс нь гардан зохион байгуулж, бэлтгэлийг хангаж, санхүүжүүлсэн юм.

-Та япон хэл мэддэг үү. Япончуудтай хэл амаа яаж ололцож байв?

-Ямар юмаа мэдэх вэ дээ, очингуут Токио хотын ойролцоох Чиба Мужид байдаг Олон улсын хэл судлалын төвд аваачсан.Тэнд арван долоо хоног буюу хоёр сар хагас дан япон хэл үзэв. Дөрвөн үндсэн хоёр туслах багштай, долоо хоногийн зургаан өдөр, өдөрт 6-8 цаг цор ганцаараа юм үзэхэд усан тэнэг л биш бол юм суралгүй дээ. Сайн багш нар, сайхан сэтгэлт япон хүмүүс, тохитой орчны ачаар богино хугацаанд жаахан юм сурсаан.

-Монгол Хэмингуайн төсөл хэдий хугацаагаар үргэлжлэв. Энэ хүрээнд ямар ажил амжуулав?

-Их зүйл амжуулсаан, Япон халим агнуурын даргын том компани байдгаас гурвыг нь очиж үзлээ. Халим судлалын хүрээлэнд хоёр сар ажиллав. Шимүзү, Ёокохама дахь халимын хүрээлэн, Токой их сургуульд мөн хоёр сар шахам халимын тухай номын дуу сонслоо. За тэгээд Номхон дөлгөөн далайд удаан хугацаагаар аялсан маань энэ төслийн оргил байлаа.

-Энэ аяллынхаа талаар тодруулаач?

-11 далайчин, халим судлаач гурван эрдэмтэн, NHK-ийн зураглаачтай хамт 16 эр “Куросаки” хэмээх аварга хөлгөөр их далайд нэг сар аялсан даа. Аяллын явцад адал явдал цөөнгүй л тохиолдсон билээ. Далайд наран ургах, жаргах, бороо хувингаар биш торхоор цутгах мэт асгарах хөлгүй манан далайн мандал дээр буух, мянгаад далайн гахай 4-5 цаг хөлөг онгоц дагаж давхих, далайн хар шуурга гээд юу эсийг үзсэн гэх вэ. Хамгийн гол нь өнөө хүсэн хүлээсэн халим гээч амьтныг нүдээрээ харж баяссан цаг мөчийг яаж мартах вэ.

-Анх халим хараад ямар сэтгэгдэл төрөв?

-Үгээр хэлж баршгүй халим бол үнэхээр эрхэмсэг, нэн сүрлэг, даанч амгалан тайван амьтан даа. Далайд гараад долоо хонож байж анхны халимаа үзсэн. Саарал халим байсан. 14-35 тн жинтэй, 15 орчим метр урттай аварга амьтан даа. Хэд хоногийн дараа энэ ертөнцийн хамгийн том амьтан болох цэнхэр халимыг харав. Энэ маань 25-30 м урт, 180 тн хүнд, 100 орчим жил насалдаг амьтан.Үнэхээр гайхалтай. Хуурай газрын хамгийн том амьтан заан. Тэгвэл нэг халим 25-26 зааныг нийлүүлсэнтэй тэнцэнэ. Эрүү нь гурав, хавирга нь дөрвөн метр урт, элэг, зүрх, бөөр нь үхрийн ходоодтой дүйцэхүйц том, судсан дундуур нь хүн чөлөөтэй сэлчихмээр бүдүүн, бэлэг эрхтэн нь 2-3 м-ээс илүү. Ийм аварга амьтныг сэтгэлдээ төсөөлөөд үз дээ. Хэрвээ ертөнцөд долоон гайхамшиг байдаг нь үнэн бол найм дахь нь чухамхүү халим л байж таарна. Энэ сайхан амьтныг дэндүү үзэсгэлэнтэй болохоор нь “Цэнхэр гүнж”, далайд хөвөх нь агаарт дүүлэх “Боинг”-той адил болохоор нь “Боинг” хэмээн нэрлэсэн нь санамсаргүй хэрэг биш байх. Хэдхэн хоноод цэнхэр халим үздэг чи мөн азтай монгол юм. Бүхэл бүтэн зургаан сар аялаад түүний барааг ч хараагүй далайчин, судлаач тун олон шүү” гэж япон нөхөд хэлж байсансан. Аялах явцдаа энэ дэлхийд байдаг 82 зүйлийн халимын 28-ыг нь нүдээрээ харлаа. Номхон дөлгөөн далайд удаан хугацаагаар аялж, халимын судалгаанд оролцсон анхны монгол хүн, Монголын анхны сэтгүүлч алдрыг хүртсэн би үнэхээр азтай аавын хүү байгаа биз.

-Халимд бусад амьтнаас ялгарах онцлог гэж бий юу?

-Байлгүй яахав. Халимыг ямар гоё нүдтэй гэж бодно. Яг л ботгоо үгүйлсэн ингэн тэмээний ус гүйлгэнэсэн мэлмэгэр нүд шиг. Хүний нүд шиг давхраатайг нь яана. Хөөмийлж буй мэт дуугарна. Намрын ууланд буга урамдаж байгаа юм шиг л. Дундад зууны үеийн зохиолд “Далайн чөтгөр хөөмийлөх мэт хачин дуу гаргав” гэж өгүүлдэг нь чухам үүнээс үүдэлтэй биз. Том ходоодтой болоход өдөрт 800 кг-аас хоёр тонн хоол зооглоно. Ер нь халимыг хүнтэй их төстэй гэдэг. Биеийн халуун нь тогтмал +37 хэм орчим. Нүд, шүд, дотор эрхтэн, тархи, хээлээ тээх хугацаа, бэлгийн ажил хийх байрлалаараа хүртэл хүнтэй төстэй. Эрэгчин нь хоёр төмсөгтэй, эмэгчин нь өндгөвч, савтай. Цэнхэр халимын зулзага өдөрт 100 литр сүү хөхдөг. Халимын сүүнийх нь тослог үнээнийхээс 13 дахин их.

-Халимыг бас их ухаантай амьтан гэдэг юм билээ.

Үнэхээр тийм. Эх халим үрдээ, “нөхөр” халим “эхнэр”-тээ даанч хайртай. Хүний заасан юмыг тэр дор нь сурна. Энд тэндхийн усан санд байгаа халим үнэхээр авьяастай. Шархадсан, өвчилсөн нэгнээ ямар ч хүнд үед орхидоггүй. Тэр ч байтугай хөлөг онгоц далайд осолдсон үед халим хүмүүсийн амь аварсан тохиолдол цөөнгүй бий. Ийм ч учраас япончуудын “Күжира но атамага ий деснээ” “Халим толгой сайтай амьтан шүү” гэж ярилцдаг нь дэмий үг биш байна.

-Халим гэж ямар утгатай нэр юм бол сонирхож үзэв үү?

-Монгол хүнд нэг сонин мэдрэмж байдаг. Тэр нь өөрийнхөө нутаг оронд хэзээ ч амьдарч байгаагүй амьтдыг монгол үгээрээ нэрлэдэг явдал. Жишээлбэл, Австралид байдаг Кенгуру хэмээх уутат амьтныг имж, хойд мөсөн далайд сүрэглэх пингвинийг оцон шувуу, Вьетнам, Лаос, Тайланд зэрэг оронд байх нэг зүйлийн үхрийг одос гэх мэт. Тэгвэл их далайд оршин байх аварга том сүүгээр бойжигчийг чухам яагаад халим гэж нэрлэсэн юм бол. Халим маш тарган амьтан. Арьсан дээрээ дор хаяж төө илүү зузаан өөхтэй. Монголчууд малын арьсанд үлдсэн өөхийг халим гэж нэрлээд тэрхүү өөхний үлдэгдлийг хусаад авахыг арьс халимлах гэдэг. Тэгэхээр арьсандаа их өөхтэй гэдэг утгаар “Халим” гэж нэрлэсэн юм биш байгаа даа. Би ингэж л боддог юм.

-Таныг халимны тухай сонирхолтой ном бичсэн гэж дуулсан юм байна.

-Тийм гайхамшигтай юм үзсэн сэтгүүлч хүний онгод оролгүй яахав дээ. Аяллаас ирэнгүүтээ “Халим гэдэг амьтан чинь…” номоо бичсэн. Бүр Японд байхдаа л ийм нэртэй ном бичнэ дээ гэсэн бодолтой явсан юм. Японы халимны нийгэмлэг ивээн тэтгэж хэвлүүлсэн. Миний багш, Японы халим судлалын хүрээлэнгийн ерөнхий захирал, дэлхийд нэртэй халим судлаач эрдэмтэн Сейжи Осуми сан ч “Их далайд удаан хугацаагаар аялж, олон төрлийн халим үзсэн монгол хүн чамаас өөр байхгүй шүү, Билгээ. Тийм болохоор халим гэж чухам ямар амьтан болохыг монголчууддаа хэлж өгөх хариуцлагатай атлаа аз завшаантай үүрэг ганцхан чамд ногдлоо. Халимны тухай энгийн мөртлөө сонирхолтой хэлбэрээр ном бичсэн цагтаа л энэ эрхэм үүргээ бүрэн дүүрэн биелүүллээ гэж тооцоорой” хэмээн хичээнгүйлэн захисан билээ. Багшийнхаа хэлснийг биелүүлэхгүй бол юуных нь шавь, юуных нь монгол Хэмингуэй байх вэ дээ.

 

 

Холбоотой мэдээ