Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Батхишигийн Ганзориг:”ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ТАРИГДАХ ТАРЬЦ, СУУЛГАЦ БҮХЭН УНАГАН ТӨРӨЛ БАЙХ ЁСТОЙ 

 Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Батхишигийн Ганзориг:”ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ТАРИГДАХ ТАРЬЦ, СУУЛГАЦ БҮХЭН УНАГАН ТӨРӨЛ БАЙХ ЁСТОЙ 

ЗГХА Ойн газрын дөрвөн хэлтэс чиглэл чиглэлээрээ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилтуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Тэр дундаа  Ойн нөхөн сэргээлтийн хэлтэст онцгойлон ач холбогдол өгч, үр, тарьц, суулгац хариуцсан болон сэрүүн бүсийн, говь цөлийн бүсийн, түүнчлэн агро ой аж ахуй хариуцсан мэргэжилтнийг томилон ажиллуулж байна. Тус хэлтсийн дарга Батхишигийн Ганзоригтой ярилцлаа.

“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД ҮРИЙН НӨӨЦ Л ГЭХЭД ДӨРӨВ ДАХИН ӨССӨН

-ЗГХА Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтэс гэхээр яах аргагүй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй салшгүй холбоотой байх нь?

-Тэгэлгүй яахав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр Монгол Улсын ДНБ-ий 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр, стратегийн хүрээнд манай агентлагийг байгуулсан. Ойн аж ахуйн нэгжийг байгуулах, агро-ойг хөгжүүлэх, дүүрэг, сумдад ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэдэд мод тарих соёлыг сурталчлан түгээж бүх нийтийн үйлс болгох, иргэд, аж ахуйн нэгжийн тарьсан модоор ойн сан бүрдүүлж, улсын нэгдсэн санд бүртгэх, тарьсан модыг зах зээлийн эргэлтэд оруулах, байгалийн бүс, бүслүүрийн хөрс, цаг агаарын онцлогт тохируулан мод тарьж ургуулах арга, технологийн нэгдсэн зөвлөмжийг боловсруулан хэрэгжүүлэх, хот, суурин газрын ногоон байгууламжийг бие даасан салбар болгон хөгжүүлэхийг гээд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өгөгдсөн тодорхой чиглэлүүд бий.  Уг чиглэлийн хүрээнд бид ажиллаж байна.

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлсэнд ойн салбарынхан маш талархалтай байгаа. Өнгөрсөн жил Монгол Улс 12 сая мод тарьсан нь өмнөх жилүүдээс төдийлөн өсөөгүй үзүүлэлт гэх юм?

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж байна. Эхний ээлжид бичиг баримтууд албажин баталгаажих, хөдөлгөөнийг хэрэгжүүлэх нэгж, бүтэц бий болж жигдрэх, мод үржүүлгийн газрууд олноор байгуулж, тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх гэх мэтчилэн бэлтгэл ажлын үе шат гэж бий. Үүнтэй холбоотойгоор тоон мэдээллийн хувьд төдийлөн өсөөгүй харагдаж байгаа байх. Гэвч үр дүн маш сайн гарч байгаа гэдгийг дуулгахад таатай байна. Үрийн нөөц л гэхэд дөрөв дахин өссөн. Энэ хаврын тарьсан модны дүн мэдээ удахгүй гарна. Ирэх намрын тарилтын тоо нэмэгдэхээр энэ 2023 оны жилийн эцсийн дүн арай өөр гарах байх. Нэг үгээр одоо л бодит ажил ундарч байна даа. Ирэх жилээс эхлээд энэ тоо үлэмж нэмэгдэх нь тодорхой.

-Уул уурхайн компаниуд олон сая мод тарих амлалт авсан. Компаниуд амлалтынхаа хүрээнд ажиллаж эхэлсэн үү?

-Ганцхан уул уурхайн компаниуд биш төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн нийлээд 1,5 тэрбум орчим мод тарьж, ургуулах амлалт авсан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хариуцлагын гэрээг бүгдтэй нь байгуулсан. Аймгууд 670 сая орчим, уул уурхайн 22 компани 608 сая, банк, санхүүгийн байгууллагууд 88 сая мод тарихаа амласан. Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэхчлэн батлан хамгаалах салбарынхан, УБТЗ зэрэг зам тээврийн байгууллагууд ч бас тодорхой амлалт авсан. Ер нь бол ажил эрчимтэй урагшилж байгаа гэж хэлэхэд болно.

-Тодорхой ажлуудаас дурдвал?

-“Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв шинээр байгуулагдсан. Тэнд тун удахгүй механикжсан мод үржүүлгийн газар бий болно. Түүнээс гадна “Эрдэнэс таван толгой” компани автомат хүлэмжүүд барьж байгуулж эхэлсэн. Энэ мэтчилэн аж ахуйн нэгжүүд ойжуулалтад идэвх, зүтгэлтэй оролцож байгааг дуулгахад таатай байна. Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1000 орчим га талбайд ойжуулах, ойн зурвас байгуулах ажил хийгдэнэ. Гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерүүд зарлагдсан.

-Ирэх онд манай ойн салбарын 100 жилийн ой тохионо. Ойн нөхөн сэргээлтийн хэлтэс энэ хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Мэдээж ойчин бидний хувьд 100 жилийн ой маань маш чухал. Юун түрүүнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд бүсчилсэн зөвлөгөөнүүдийг орон нутагт зохион байгуулна. Хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд чухам ямар саад, бэрхшээл байгаа, юун дээр анхаарах шаардлагатай байна вэ гэдгийг тал бүрээс нь ярилцаж байж тодорхой шийдвэрт хүрэх болов уу. Мөн бид мод үржүүлгийн газруудын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцана. Үйл ажиллагааны хэтийн төлөвт тусган хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ юу байж болохыг судалж, тодорхойлох юм. Сум дундын ойн ангиудад төсвийн хөрөнгөөр үрийн талбай тусгаарлах, плантаци байгуулах ажлыг зохион байгуулах ёстой. Дээр нь ойн хөнөөлт шавжтай тэмцэх томоохон төслүүд үргэлжилнэ. Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд хэрэгжиж байгаа “Эрүүл ой” төслийн хүрээнд судалгаа, шинжилгээнд үндэслэн тэмцлийн ажил өрнүүлж, үр дүнг тооцох ажлаар манайхан хээрийн ангид тасралтгүй ажиллаж байна. Энэ мэтээр бидний ажил ундарч байгаа.

ДОРНОД АЙМАГТ ЖИЛД ХОЁР САЯ ХҮРТЭЛ ТАРЬЦ, СУУЛГАЦ ҮРЖҮҮЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ МОД ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАР БАЙГУУЛНА

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд гадаад хамтын ажиллагаа маш чухал байх болов уу?

-Тэгэлгүй яахав. Бидний анхаарлаа хандуулах ёстой хамгийн чухал ажил бол “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх. Энэ жилийн хувьд гадаад хамтын ажиллагаа шат ахиад явж байгаа гэдгийг онцолж хэлмээр байна. Гэрээ хэлцэл, санамж бичиг байгуулсан 46 улс бий. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр гэх мэт олон байгууллагатай хамтарч ажиллалаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж оролцъё, дэмжлэг туслалцаа үзүүлье, хамтарч ажиллая гэсэн санал санаачилгууд нэлээд их ирж байна. Хоёр хөрш улсууд маань ч идэвхтэй хамтран ажиллах хүсэл зоригоо илэрхийлсэн. Хамтарч судалгааны төв, мод үржүүлгийн газар байгуулъя гэлээ. Мөн БНСУ-ыг энд онцлон дурдах хэрэгтэй. Дорнод аймгийн Баян-Уул суманд жилд хоёр сая хүртэл тарьц, суулгац үржүүлэх хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулах нэг сая орчим ам.долларын төсөвтэй төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Улаанбаатар хотод 40 га-д цэцэрлэгт хүрээлэн байгууллаа. Мөн тус улсын “Ногоон хэрэм” төслийн хоёр дах үе шатанд Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл гэхчлэн таван аймагт мод үржүүлгийн газар байгуулж, эхнээсээ хүлээлгэж өгөөд байна. Төслийн гурав дах үе шат түймэртэй тэмцэх бүтцийг бэхжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилготой хэрэгжиж эхэллээ.

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд орон даяар мод тарих үйл ажиллагаа идэвхижсэн. Ер нь хувь хүн, аж ахуйн нэгжүүд тарьсан модондоо урамшуулал авч байгаа болов уу?

-Тодорхой хэмжээний газарт өөрийн хөрөнгөөр мод тарьж ургуулсан бол улс худалдаж авдаг механизм бий. Уг механизмыг илүү боловсронгуй болгох зорилгоор хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай. Өмнөговь аймагт гэхэд иргэнийхээ тарьсан нэг модонд 13500 төгрөгийн урамшуулал олгож байна. Энэ бол зайлшгүй хийж хэрэгжүүлэх ажлын эхлэл, бодит жишээ юм. Бид бүхий л талаас нь судалж үзнэ. Манай агентлаг байгуулагдаад ердөө жил л болж байна. Хийх, хэрэгжүүлэх ажлууд ар араасаа гарч ирсээр л…

-Ойн нөхөн сэргээлтэд дэвшилтэт, шинэ техник, технологи хэр нэвтэрч байна вэ?

-Чамлалтгүй шүү. Дээр дурдсан “Эрдэнэт” үйлдвэрт гэхэд бүрэн автоматажсан, жилийн 10 сая хүртэл тарьц, суулгац үйлдвэрлэх хүчин чадалтай мод үржүүлгийн газар байгуулсан. “Эрдэнэс Таван толгой”-д жилийн 5-10 сая тарьц, суулгац гаргах хүчин чадалтай шилэн болон тунелэн хүлэмжүүд барилаа. Дээр нь зарим аж ахуйн нэгж дроноор үр цацаж ойжуулж эхэллээ. Говь, хээрийн бүсэд мод ургуулах арга технологийг боловсруулах БНХАУ-тай хамтарсан олон улсын судалгааны төв байгуулагдах гэж байна. Ус бага зарцуулдаг, говь цөлийн хөрсөнд тэсвэртэй ургадаг, салхи шуурга, цөлжилтөөс хамгаалдаг, моддын үр үржүүлгийн эрдэм шинжилгээ, судалгааны бааз ийнхүү бүрдэнэ. Судлаачдын зөвлөмж, аргачлалыг амьдралд шууд хэрэгжүүлэх боломжтой байх юм.

-Шинэ эринд цахим технологигүйгээр ажил урагшлахааргүй болжээ. Ойн салбарт цахим технологи хэр нэвтэрч байгаа бол?

-Хэд хэдэн цахим хуудас хөгжүүлж байна. Тарьсан мод бүрийг бүртгэлжүүлэх гар утасны аппликейшн, вэб сайт бий. Хаана ч, ямар ч мод тарьсан төвөггүй бүртгүүлэх боломжтой. Амьдралтын хувь, тарьсны дараах арчилгаа хамгаалалтын мэдээлэл ч мөн давхар ороод явна. Түүнчлэн үрийн чанар, тарьц суулгацын гарал үүслийг цахимаар бүртгэлжүүлнэ. Бүх цуглуулсан мэдээллүүддээ тулгуурлаад хүлэмжийн хийг бууруулах эдийн засгийн том эргэлтэд орох боломжтой. Энэ бол гаднаас татаж болох асар их мөнгөний боломж гэж бид харж байна.

-Ойн тухай хуулиар гаднаас тарьц, суулгац импортлох, уулнаас шилжүүлэн суулгах хориотой. Гэвч жимс, жимсгэний их хэмжээний мод орж ирсэн гэдэг. Байгалийн ойгоос ч ухаж авчраад суулгаж байгаа талаар мэр сэр мэдээлэл гардаг?

-Таримал ургамлын тухай, ХАА-н тухай хуулиар Монголд нутагшсан ямар ч сортын жимс, жимсгэний тарьц, суулгац чөлөөтэй орж ирэх боломжтой. Нэг үгээр, хуулийн зөрчил үүсдэг. Нэг зүйлийг тодорхой хэлэхэд, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд таригдах тарьц, суулгац бүхэн унаган төрөл байх ёстой юм шүү. Импортын нэг ч мод бут энэ хөдөлгөөний хүрээнд таригдахгүй. Ойгоос мод шилжүүлэх гурван тохиолдол хуульд бий. Нэгд, түймрээс хамгаалах халз зурвас гаргасан, хоёрт, эрчим хүчний дамжуулах шугамын хүрээнд орсон бол, гуравт, стратегийн орд газар ашиглахтай холбоотой шийдвэр гарвал тэндэх модыг шилжүүлэн суулгах боломжтой. Бусад бүх тохиолдолд хориотой.

-Говь, хээрийн бүсэд мод тарихад усалгааны асуудал маш чухал. Энэ тал дээр шинэ содон туршлага гарч ирэв үү?

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд говийн бүсэд таригдах модонд шаардлагатай усны тооцоо урьдчилан хийсэн. Монгол орны нийт нөөцийн нэг хувьд хүрэхгүй ус шаардлагатай гэдэг тооцоолол гарсан. Говь, хээрийн бүсэд хөв цөөрөм байгуулах, гадаргын ус ашиглах бололцоотой газруудыг нэн тэргүүнд ойжуулахаар сонгоно.  Хоёрдугаарт булаг шандын эхийг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор баян бүрд болон уст цэгүүдийг түшиглэсэн тарилтууд хийгдэнэ. Гуравт, тариалангийн талбай, авто болон төмөр замын хамгаалалтын зурваст тарих юм. Энэ бол маш ерөнхий төлөвлөгөө. Яг газар дээр нь очоод зураг төсөл, нарийвчилсан төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Тэгж байж ажил явна шүү дээ.

-Таримал ой байгалийн унаган ойгоос чанарын ялгаатай юу?

-Ач холбогдол нь адил. Бидэнд таримал ой их бий. Жараад онд Хүүшийн аманд тарьсан 20 га газар сайхан ойжсон байна. Туулын эх рүү, Хэнтий, Булган руу гээд таримал ой бий бий. Тэр дундаас Монгол хүн бүрийн хамгийн сайн мэдэх Тужийн нарсны ойжуулалтыг онцлон дурдаж болох юм. Тужийн нарсыг ойжуулсны 20 жилийн ой сая тохиолоо шүү дээ.

-Нэн түрүүнд ойжуулах шаардлагатай талбай хэр их байна вэ?

-Ерөнхийдөө нэн тэргүүнд ойжуулах шаардлагатай 1,2 сая га талбай байна гэж үзсэн.

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэний дараа Монгол орны ойн сан хэдэн хувиар нэмэгдэх билээ?

-Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 8,1 хувийг ойн сан эзэлдэг. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 630 орчим мянган га-д 1,5 тэрбум мод таригдана. Тэр бүхэн ургаад хөдөлгөөн амжилттай хэрэгжвэл манай орны ойн сан 0,3 хувиар нэмэгдэнэ. Ер нь бол ойролцоогоор арван тэрбум мод тарьж, ургуулж байж сая л нэг энэ тоо нэг хувьд хүрэх боломжтой. Тэгэхээр нэг тэрбум гэдэг тийм их тоо биш байгаа биз. Бид маш цөөхөн модтой, түүнийгээ олшруулж, ойжуулахад ямар их цаг хугацаа, хөрөнгө хүч, идэвх зүтгэл шаардлагатай байгааг эндээс дүгнэж болно.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол олон жил үргэлжлэх ёстой.  Энэ хөдөлгөөн дууссаны дараа ч цаашид жил бүр тасралтгүй ойжуулж байх ёстой. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртсөн орны тоонд дээгүүр байрт яваа. Дэлхийд нэг хэмээр дулаарч байхад манайд 2,2 хэм байна шүү дээ. Газар нутгийн 78 орчим хувь нь ямар нэгэн байдлаар цөлжсөн. Тэгэхээр, мод тарьцгаая. Дахин дахин мод тарьцгаая, ирээдүйгээ аваръя л гэж уриалмаар байна.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Монгол улсыг ойжуулах үйлст тань амжилт хүсье.

 

 

Холбоотой мэдээ