Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа: Ойн салбарт тогтвортой бодлого, менежмент хамгийн чухал
-Хөгжлийн маш их боломж, бололцоо байна. Бид шинжлэх ухаанд суурилсан бодлого хэрэгжүүлж,
мэргэжлийн үйл ажиллагаа явуулна –
“Ногоон хоймор” булангийн энэ удаагийн зочноор Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа уригдлаа. Түүнтэй дөнгөж саяхан нэг нас хүрсэн шинэхэн агентлагийнх нь талаар болон Монголын ойн салбарын өнөөгийн нөхцөл байдал болоод цаашид хийхээр зорьж буй ажлуудын талаар ярилцлаа.
ЭРХ ЗҮЙН ОРЧНОО ОРЧИН ҮЕТЭЙГЭЭ НИЙЦҮҮЛЭН ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ
-Төрөөс ойн салбарт онцгойлон анхаарч, агентлаг байгуулаад яг нэг жилийн нүүрийг үзэж байна. Өмнө нь Ойн судалгаа хөгжлийн төв, БОАЖЯ-ны дэргэдэх Ойн бодлого, зохицуулалтын газар гээд цөөн хүний бүтэцтэйгээр ажиллаж байсан?
-Тийм ээ. Манай ойн салбар хавсарга маягтайгаар нэг хэсэг орхигдож явсан үе бий. Гэтэл ерээд оноос өмнө Ой модны аж үйлдвэрийн яамтай байлаа. Харин 2008-2012 онд агентлаг хэлбэрээр ажиллаж байсан түүхтэй. Ойн агентлагийг дахин байгуулсан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилготой гэж ойлгож болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс Монгол Улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, ургуулна гэж амласан. Дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол Монгол Улсыг тойроогүй. Энэ гамшигт хамгийн их нэрвэгдэж байгаа орны тоонд багтсан. Тиймээс ч Монгол Улс байгаль орчны доройтлын эсрэг тэмцэж илүү санаачилгатай ажиллана гэдгээ ийнхүү илэрхийлсэн юм.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь маш олон талын оролцоотойгоор амжилтад хүрэх учир талуудын уялдаа холбоог хангаж чадах бүтэц, зохион байгуулалтын оновчтой шийдэл зайлшгүй хэрэгтэй болсон. Тиймээс ч манай агентлаг байгуулагдаж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд чамлахааргүй амжилттай ажиллаа гэж бодож байна.
-Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ойн газрын өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас дурдвал?
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрхэн үр дүнтэйгээр орон даяар өрнүүлэх, үүний тулд байгууллагын бүтэц, зохион байгуулалт ямар байх, ер нь цаашид ойн салбарыг хөгжүүлэхийн тулд аль чиглэлээр ажиллавал зохих вэ гэдэгт түлхүү анхаарч ажилласан.
Жилийн хугацаанд бид зорилтуудаа бүлэглэж, үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг боловсруулсан. Чухам хаагуур, ямар модыг хэдий хэмжээтэй тарих вэ гэдгийг ч тодорхойллоо. Ойн газар өнөөдөр 38 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн хэлтэстэйгээр чиглэл чиглэлээрээ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тавигдсан зорилтуудыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Тэр дундаа Ойн нөхөн сэргээлтийн хэлтэст онцгойлон ач холбогдол өгч, үр, тарьц, суулгац хариуцсан болон сэрүүн бүсийн, говь цөлийн бүсийн, түүнчлэн агро ой аж ахуй хариуцсан мэргэжилтнийг томилон ажиллуулж байна.
-Манай ойн салбар үүсэж, хөгжөөд нэгэн зууныг үджээ. Өнгөрсөн хугацаанд бидний гаргасан алдаа оноо юу байв гэдгийг танаас асууя?
-Монголчууд нүүдлийн МАА-н соёлтой, нүүдэлчин ард түмэн. Байгаль, уул ус, модтойгоо шүтэн барилдлагатай байж, олон мянган жилийн турш дээдэлж, хамгаалж ирсэн уламжлалтай. Гэвч яг сонгодог утгаараа, тэр дундаа ойн хамгаалал гэж яривал тийм ч олон жилийн түүх байхгүй. Өнгөрсөн зуун жилийн хувьд 70-80 жилд нь ашиглалтын хэлбэр л зонхилж байсан. Эдийн засгийн эргэлтэд ойн нөөцийг яаж оруулах вэ гэдэгт голлон анхаарч, ургаа моддыг шилж сонгон, улс орны бүтээн байгуулалтад ашиглаж байлаа.
Ерээд оны нийгэм, эдийн засгийн шилжилтийн цаг үед бүх салбар, тэр дундаа ойн салбар уналтад орсон. Бүгд л байгалийн баялаг руугаа хошуурсан. Ойн баялаг, нөөцийг хайр гамгүй цөлмөж, төдийлөн ач холбогдол өгч байгаагүй самар, жимсийг хүртэл мөнгө болгохоор улайрсныг бид мэднэ. Хууль бус ан агнуур ч эрс нэмэгдсэн. Байгалийн доройтлоос үүдээд тухайн үед хамгаалах үзэл, хандлага маш хүчтэй дэлгэрч, төр засгийн бодлого шийдвэрт ч нөлөөлсөн.
Монгол Улс олон улсын байгаль хамгаалах байгууллага, санаачилгуудад идэвхтэй нэгдэх болсон. Гэвч хэрхэн, яаж хамгаалах вэ гэдгээ нарийн тодорхойлж чадаагүй, хамгаалах нэрээр хав дардаг цаг үе байв. Харин сүүлийн арван жилд ашиглалт, хамгаалал нь зэрэгцэж явах ёстой юм байна гэдгийг хаа хаанаа ойлгож эхэлсэн. Ойн салбарт хөгжлийн маш их боломж, бололцоо байна. Бидэнд хөгжлийн гарц нээхийн тулд хийж, хэрэгжүүлэх ажил их бий.
ОЙН САЛБАР БОСОО БҮТЭЦТЭЙ БАЙХ ЁСТОЙ. САЛБАРЫН БОДЛОГО ОРОН НУТАГТ ТОГТВОРТОЙ ХЭРЭГЖИХ ЭСЭХ ҮҮНЭЭС ХАМААРЧ БАЙНА
-Тухайлбал?
-Юуны өмнө эрх зүйн орчноо орчин үетэйгээ нийцүүлэн шинэчлэх шаардлагатай. Энэ хүрээнд Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэлээ. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэгдэх байх. Ойн тухай хуулийг хамгийн сүүлд 2012 онд шинэчилсэн байдаг. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нийгэм, эдийн засаг, гадаад, дотоод хүчин зүйл нэлээд их өөрчлөгдсөн. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр ч хэрэгжиж эхэллээ. Цаг үетэйгээ нийцүүлж, эрх зүйн шинэчлэлтийг зайлшгүй хийхгүй л бол ажил урагшлахгүй гацах магадлалтай.
Талуудын оролцоог илүүтэй хангасан, ойн салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн байгууллагуудыг дэмжсэн, олон нийтийн мод тарих санал санаачилга, идэвх зүтгэлийг өрнүүлсэн тогтолцоог хуулийн шинэчлэлтээр бий болгохыг зорьж байна. Бид шинэчилсэн найруулгын төслийг тал талаас нь нээлттэй, нухацтай хэлэлцэж гаргавал урт хугацаанд хэрэгжих, амьдралд ойр хууль болно гэж бодож байна. Ойн тухай хуулийг бусад хуультай уялдуулахаас гадна ойн салбарт технологийн дэвшлийг аль болох ашиглах, бүртгэлийн системийг боловсронгуй болгох, гэхчлэн олон асуудал бий.
-Ер нь ойн салбарт төрийн байгууллагуудын уялдаа холбоо ямархуу байдаг вэ?
-Ойн газар бол Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг. Үйл ажиллагааны хувьд БОАЖЯ-нд харьяалалтай. Сайдын багцад төсөвтэй. Бид нэг л урсгалтай.
Гэтэл ойн ангиуд хэвтээ бүтэцтэй. Орон нутгаасаа санхүүждэг, тэндээсээ томилогддог. Үүнийг босоо бүтэцтэй болгох тухай ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, ойн ангиуд Ойн газартаа харьяалагддаг байхаар хуулийн шинэчилсэн найруулагд тусгасан. Сумын болон сум дундын 45 ойн анги байна. Удирдлагууд нь байнга солигддог. Орон нутагт улс төржилт хэрээс хэтэрсэн. Ойн ангийн инженер, техникийн ажилтнуудыг сургалтад хамруулж, арай гэж мэргэшүүлтэл удирдлага солигдоод нөгөө хүнийг маань халчихдаг. Ингээд хэдэн жил эсвэл ганцхан жилийн хугацаанд дахиад л шинэ цаасан дээр шинэ түүх бичих болдог.
Энэ нь салбарын бодлого орон нутагт тогтвортой хэрэгжихэд хамгийн их садаа болдог. Босоо бүтэцтэй байсан бол төвөөс шаардлагуудыг тодорхой тавиад, мэргэжлийн хүнийг өндөр шалгуураар томилж, тогтвортой ажиллуулах боломжтой. Ойн салбарын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилдэг. Хөгжил нь урт хугацааны төлөвлөлт байдаг гэдэг утгаараа тогтвортой бодлого, менежмент хамгийн чухал юм.
-Босоо бүтэцтэй боллоо гэхэд ажилтнууд хариуцлагатай байж, тогтвортой ажиллах нөхцөл нь бүрдэх үү?
-Ур чадваргүй, ажилдаа хайнга, хойрго, хариуцлагагүй бол хэн ч байсан бид өмөөрөхгүй. Гэтэл ажилтныг улс төрийн шалтгаанаар солих бол байж болохгүй асуудал. Мэргэжилтэн бол бидний үнэт зүйл. Тэдний хуримтлуулсан мэдлэг туршлага, ур чадвар нь юугаар ч орлуулахгүй үнэ цэнтэй. Гэтэл орон нутагт сонгогдож гарч ирсэн нөхөр улс төрийн үзэмжээрээ хүмүүсийг халж солиод байж болохгүй. Мөнгө, техник хэрэгслийг бол хаанаас ч олж болно. Харин бэлтгэгдэж боловсорсон мэргэжилтнийг олох хэцүү. Бид өндөр зардал, их хугацаа зарцуулж байж хүнээ сургадаг. Тогтолцоогоо өөрчилж чадахгүй бол ямар ч үр дүнгүй хоцорно.
Бид өнөөдөр шинэ хандлага бий болгох ёстой. Хүмүүсээ аль болох тогтвортой ажиллуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Тэгэхдээ ур чадварын хувьд шахаж, хөгжүүлж, байнга санаачилгатай байлгах хэрэгтэй.
Миний хувьд залуучуудаа урт, богино хугацаагаар дотоод, гадаадад аль болгох сургахыг хичээдэг. Эхнээсээ сургалтад явуулж эхэлсэн. Цаашид ч сурч, хөгжих тал дээр нь анхаарах болно. Гаднаас өндөр мэргэжлийн хүмүүсийг урьж, заалгаж байна. Хамгийн ойрын жишээ л гэхэд БНХАУ байж болно. Тэнд цөлжилттэй яаж тэмцэж, мод яаж үржүүлж, ургуулж байгааг залуус маань нүдээрээ үзэг. Алс баруун хязгаарт, эсвэл Өмнийн говьд байдал ямар байгааг томилолтоор очоод өөрийн биеэр мэдэрч, ажиглаг. Тэгж байж цаасан дээр буух бодлого шийдвэр хэрхэн хэрэгжих тал дээр төсөөлөлтэй болог л дээ. Бусад улсын жишиг ч ийм.
-Ойн газрын гадаад харилцаа нэлээд өргөн хүрээнд яваад байх шиг?
-Маш сайн. Гадаад харилцааны хувьд миний зүгээс бардам байж чадна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй холбоотойгоор олон улсын байгууллага, хандивлагчид, улс орнуудтай хэлэлцээ яриа багагүй хийсэн. Энэ салбарын бүтэц, зохион байгуулалтыг тодорхой болгочихвол тухайн чиглэлдээ хандсан хөрөнгө оруулалтыг оруулж ирж болно. БНСУ гэхэд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд тасралтгүй хамтран ажиллаж байна. Тогтвортой, урт хугацаанд хангалттай сайн үр дүнд хүрлээ.
Жишээлбэл: Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төсөл л гэхэд өнөөдөр гуравдугаар шат хүртлээ хэрэгжиж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нэгэн эд эс болчихсон яваа. 9 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалтаар Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Улаанбаатарт мод үржүүлгийн газар бүхий сургалтын төв, дэд бүтцүүдийг бий болгож эхэлсэн. Төслийг даган Солонгос мэргэжилтнүүд ирж, манайхан ч тэднийх рүү зөрөөд явж байна.
БНХАУ-тай хамтын ажиллагаа үр дүнтэй хөгжиж байна. Монгол-Хятадын төрийн тэргүүнүүд цөлжилтийн эсрэг хамтран ажиллахаар өнгөрсөн жил мэдэгдэл гаргасан. Үүний дагуу хоёр улсын хамтарсан судалгааны төв байгуулахаар болсон. Төвийг байгуулах судалгааны багийнхан манайд айлчилж, орон нутгуудаар явж, цөлжилтийн байдлыг нүдээр үзэж, бидэнтэй санал солилцсон. Хятад улсын 60, 70 жилийн хугацаанд цөлжилтийн эсрэг хийсэн томоохон ажил гэвэл 70-аад тэрбум мод тарьж ургуулсан явдал юм. Энэ нөр их хөдөлмөрийн явцад алдсан, оносон нь их байж таарна. Тэр туршлага, мэдлэгийг нь бид авна гэдэг том хөрөнгө оруулалт.
Мөн нүүрстөрөгчийн зах зээл орчин цагт маш том орон зай, боломжийг олгож байна. Энэ чиглэл рүү Монгол улс бас л анхаарлаа хандуулах ёстой.
Дахин сануулахад бид нэн даруй эрх зүйн орчноо ойлгомжтой, тодорхой болгон шинэчилж, зохион байгуулалтын олон асуудлаа шийдвэрлэх шаардлагатай байна. Ойн салбар үндэсний аюулгүй байдалтай нягт холбоотой. Тэр утгаараа дэлхийн улс орнууд энэ салбартаа маш их хөрөнгө зарцуулж, ач холбогдол өгдөг. Ганцхан жишээ хэлэхэд БНСУ-ын Үндэсний ойн агентлаг нь бараг яамны статустай. Долоо, найман салбар хүрээлэн, бүсийн ой аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэн, сургалтын төвтэй. Агаараас түймэртэй тэмцэх албатай, тэр нь 40 гаруй нисдэг тэрэгтэй, 2000 гаруй албан хаагчтай. Дэлхийд хоёрхон байдаг үрийн сантай. Богино болон урт хугацаанд үр хадгалах дэд бүтцийг бий болгочихсон, ойн салбартаа ингэж их анхаардаг ард түмэн.
БНХАУ ч бас адилхан. Ой бэлчээрийн үндэсний газар нь мөн л яамны статустай. Ой, ан амьтан, бэлчээрээ хариуцдаг. Бээжингийн их сургуулийг хүртэл бүтцэдээ багтаасан.
Тиймээс зорьж буй ирээдүйгээ бид өнөөдрөөс эхлэх бүтээх ёстой л гэж хэлмээр байна.
“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ХЭРЭГЖИХЭД ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО МАШ ЧУХАЛ
-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд уул уурхайн 21 аж ахуйн нэгж, компаниуд 608 сая, аймаг, нийслэл 680 сая, банк, санхүүгийн байгууллага 88 сая мод тарьж ургуулна гэж амласан. Тэгвэл олон нийтийн оролцоо хэр байх юм бол?
-Мэдээж олон нийт энэ хөдөлгөөнд маш чухал үүрэгтэй. Бидний гол хөдөлгөгч хүч ард иргэд байх ёстой. Энэ бол бүх талын оролцоотой хийх ажил юм. Үүнд Монгол улсын иргэн бүр хүчээ нийлүүлэх хэрэгтэй. Хэн нэгэнд мод тарьж өгч байгаа хэрэг биш шүү дээ. Өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө хийж байгаа буян, нөгөө талаар маш том хариуцлага юм. Монгол Улсынхаа төлөө, цаашлаад дэлхий нийтийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулж байна гэж та бүхэн ойлгоорой. Ийм л сэтгэлээр хандаж чадвал “Тэрбум мод” хөтөлбөр амжилтад хүрнэ. Тухайн айл хашаандаа мод тарилаа, тэр хүний л өмч. Хашаандаа модтой айлын 0,7 га модгүй айлынхаас үнэтэй байдаг болсон. Таны хашаандаа тарьсан модноос ялгарч байгаа хүчилтөрөгчөөр хамгийн түрүүнд та болон таны гэр бүл амьсгална. Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилга гаргалаа. Энэ боломжийг бүгдээрээ алдахгүй ашиглах ёстой.
-Иргэд мод таръя гэхэд мэдээлэл дутмаг, аргачлал мэддэггүй гэхчлэн бэрхшээл бас байгаа байх?
-Хүмүүс нэг үеэ бодвол ойн талаар харьцангуй сайн ойлголттой болжээ. Бид “terbummod.mn” гэсэн портал нээлээ. Хөгжүүлээд явж байна. Иргэн бүр тарьсан модоо энэ сайтад бүртгүүлж болно. Ингэснээр “Тэрбум мод” хөтөлбөрт хувь нэмэр оруулснаа баталгаажуулж байгаа хэрэг. Өөрийн хашаагүй, орон сууцанд амьдардаг хүн мод тарихыг хүсвэл “terbummod.mn” руу ороод зааврыг хараарай. Хаана мод тарих боломжтой байна, газрын байршил, жагсаалт мэдээлэл тэнд бүгд бий. Хаанаас тарьц, суулгац худалдаж авах вэ гэвэл мод үржүүлгийн газрууд, аж ахуйн нэгж байгууллагын жагсаалт, хаяг, утас нь хүртэл байгаа. Мод тарьж, ургуулах гарын авлага, видео контент, бүх талын мэдээллүүд байршсан. Мэдээллийн баталгаатай эх үүсвэр гэдэг маш чухал. Аливаа эрсдэл гаргуулахгүй байхыг хичээж байна. Найдвартай худалдагч, чанартай тарьц, суулгацыг иргэдэд нийлүүлэхэд энэ сайт хувь нэмрээ оруулна. Манай агентлагийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг forest.gov.mn сайт болон Ойн газар гэсэн фэйсбүүк пэйж хуудаснаас давхар авч болно.
-Ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд, ялангуяа хотын ойр орчмын ногоон бүсэд иргэд, ойн мэргэжилтнүүдийн дунд үл ойлголцол их гардаг?
-Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор манай ой их доройтсон. Ойгоо эрүүл, чийрэг байлгахын тулд ойн менежмент, арчилгааг тасралтгүй хийх ёстой. Зарим хүмүүс “Та нар ууланд яг юу хийдэг юм бэ?” гэж биднээс асуудаг. Тэгэхээр энэ хүмүүст хамгийн түрүүнд ажлаа ойлгуулах хэрэгтэй.
Жишээлбэл: Ойн хөнөөлт шавж гэж яг юу юм, тэр нь олшрохоороо ямар хор хөнөөлтэй, яагаад манай мэргэжилтнүүд судлаад, голомтыг нь олж тогтоох гээд уул хад, ой модоор яваад байгаа юм гэдэг мэдээллийг өгөх ёстойг бид ойлгож байна. Таны хэлсэн шиг үл ойлголцол цөөнгүй гардаг. Ойн хөнөөлт шавж устгах гээд очиход тэр орчинд амьдардаг хүмүүс саад болохгүй байх хэрэгтэй. Бид сэрэмжлүүлэг мэдээг өгдөг.
Өнөөдөр 700 мянга гаруй га хөнөөлт шавжид нэрвэгдсэн байна. Төсөвт 9 тэрбум төгрөг тавиуллаа. Төсөл хөтөлбөр ч хамжиж байна. Гэтэл ард иргэд сэрэмжлүүлгийг тоохгүй, тухайн газраас ядаж түр хугацаанд холдоод өгчихгүй саад болох тохиолдлууд гардаг. Ажил цалгардуулах иймэрхүү тохиолдлууд зөндөө бий. Ой руу очих гарцыг хаагаад хашаа хатгачихсан оруулахгүй гэдэг нь ч байна. Ийм байж таарахгүй. Бид шинжлэх ухаанд суурилсан бодлого хэрэгжүүлж, мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн төлөөлөл учир шаардлагаа тавиад ажлаа хийх ёстой.
САМРЫН БИЗНЕСТЭЙ ХОЛБООТОЙ МӨНГӨНИЙ УРСГАЛЫГ ТОДОРХОЙ БОЛГОЖ ӨГНӨ
-Хуш модны самартай холбоотой шинэ журам батлан мөрдүүллээ гэж дуулсан?
-Самартай холбоотой бизнест их хэмжээний мөнгө эргэлддэг. Гэвч татварт бүрэн ордоггүйгээс гадна хардлага, үл ойлголцол их байдаг. Энэ бүх асуудлыг нэг мөр цэгцлэхээр ажиллаж байгаа. Самар түүхээс эхлээд боловсруулах, тодорхой хэсгийг экспортлох үе шатуудыг ойлгомжтой, тодорхой болгож, нээлттэй, ил тод байлгахаар журам боловсруулан мөрдөж байна. Нэгдсэн платформ хийж эхэлсэн. Хяналт, ашиглалттай холбоотой оролцогч талууд, тухайлбал, ойн анги, орон нутгийн байгаль орчин аялал жуулчлалын газар, сумын болон аймгийн Засаг дарга нар, байгаль орчны улсын байцаагчид, байгаль хамгаалагчид, цаашлаад БОАЖЯ, Ойн газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, ХХААХҮЯ, Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагууд дундын платформтой болно. Энэ жил энэ аймагт ийм хэмжээний нөөц байна, тэдэн хувийг нь олборлуулна, ийм компаниуд гэрээ хийсэн байна гээд бүх мэдээлэл системд орж байхаар, эрх бүхий байгууллагууд түвшин түвшиндээ ашигладаг байхаар бодож шинэчлэлтийг хийж байна.
Жишээлбэл: Сэлэнгэ аймгаас энэ жил 1000 тонн самар түүлгэх зөвшөөрөл гарлаа гэхэд платформаа ашиглаад татварынхан хэдий хэр татварын орлого төвлөрүүлэх вэ гэдэг төсөөлөлтэй болчихно гэсэн үг. Хэн нэгэн дундуур нь орж 1200 тонн болгох боломжгүй. Товчхондоо оролцогч талуудын уялдаа холбоо хангагдаж, бүх мэдээлэл ширээн дээр ил болно гэсэн үг. БОАЖЯ, Ойн газар самрын ургац нөөцийг тогтоох, хамгаалах, ашиглах асуудлыг хариуцъя. Харин боловсруулсан самрын идээг илүү нэмүү өртөг шингэсэн олон төрлийн бүтээгдэхүүн болгох нь ХХААХҮЯ-ны хариуцах асуудал байг гэсэн агуулгаар журамд тусгаж байна.
-Тухайн жилд түүх самрын дээд хязгаарыг тогтоож өгнө гэсэн үү?
-Тийм ээ. Ой руу ороод тултал нь авдаг байсан бол одоо тэгэхгүй. Сэлэнгэ аймагт 1000 тонн гарлаа гэхэд дээд тал нь 300 тонныг л түүлгэнэ. Бусад нь байгальдаа үлдэнэ гээд хязгаарыг тогтоож өгнө. Экспортлоход бас квот тогтооно. Улсын хэмжээнд үйлдвэрлэлийн зориулалтаар 10.000 тонн түүлээ гэхэд чөмгөөр нь 40 хувийг нь л гарга. Бусдыг нь дотооддоо боловсруул гэж шахна. Ингэхэд байнгын болон түр ажлын байр бий болно.
Одоо хэрэгжиж байгаа чухал зохицуулалт нь, самрыг үр хэлбэрээр, хатуу хальстай нь экспортлохыг хориглосон. Самар бол генетик нөөц, гадагш гараад тарихад ургана гэсэн үг. Тиймээс заавал чөмөг хэлбэрээр, гэхдээ тодорхой хязгаар дотор экспортлох юм. Энэ нь хушин ойгоо хамгаалах, зөв зохистой ашиглах, нөхөн сэргээх ач холбогдолтойгоос гадна самрын бизнестэй холбоотой мөнгөний урсгалыг тодорхой болгож өгнө.
-Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.