Рэми Марсэлин: Монголчууд тун сайн хамтрагчид юм шүү
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт зөвлөхөөр ирсэн Франц улсын мэргэжилтэн Рэми Марсэлинтэй ярилцлаа.
-Сайн явж ирэв үү? Анхны сэтгэгдэл ямархуу байна даа?
-Сайн явж ирлээ. Би өмнө нь ч Монголд ирж байсан. Тиймээс энэ сайхан орон надад маш дотно санагддаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өөрийн чаддаг мэддэг бүхий л зүйлээр зөвлөн туслах болсондоо их баяртай байна. Ирээд удаагүй ч хийх ажлаа төлөвлөж, бэлтгэлээ хангаж даа.
-Монголд хэр удах вэ. Энэ салбарт ажиллах болсон гол зорилго гэвэл?
-Ойн газрын хамт олонтой гар, сэтгэл нийлэн 2025 оны есдүгээр сар хүртэл ажиллана. Би гидрогеологич мэргэжилтэй. Хүрээлэн буй орчны чиглэлээр магистрын зэрэгтэй. Тиймээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд говь, хээрийн бүсэд тарьж ургуулах мод бут, сөөгний усалгааны менежментийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт голлож анхаарна. Мөн Францын Элчин сайдын яамтай байнгын холбоотой байж, байгаль орчны чиглэлийн хамтын ажиллагааны бусад төслүүд болон Монгол Улсад 2026 онд болох цөлжилтийн эсрэг “СОР17” уулзалтын бэлтгэл ажилд оролцох юм.
-Говь хээрийн бүсэд мод тарьж ургуулна гэдэг амаргүй асуудал. Ялангуяа ус амин чухал шүү дээ?
-Мэдээж хэрэг. Зургадугаар сарын 10-аар орон нутгуудаар явна. Газар дээр нь очиж танилцаад, судалж сурвалжлаад, хаана, ямар мод таривал зохих, усалгааг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар үйл ажиллагааныхаа урт ба богино хугацааны төлөвлөгөө гаргана. Тэгээд л ажил ундарна даа.
-Мэргэжилтний хувьд говь, хээрийн бүсэд усалгааны ямар арга зам сонговол дээр гэж хэлэх вэ? Өртөг зардал, хөрөнгө санхүү гээд бэрхшээл тулгарах л байх даа?
-Одоогоор тэнд тийм усалгааны систем зүгээр гээд шууд хэлчих боломжгүй байна. Дахин хэлэхэд, газар дээр нь ажиллаж, орон нутгийн иргэд, ойжуулалтын компани, хувь хүмүүстэй уулзаж ярилцах хэрэгтэй. Түүнчлэн өмнө нь Монголд хэрэгжиж байсан төслүүдийн ололт амжилтыг судалж нэвтрүүлэх боломжийг эрэлхийх нь зөв. Жишээ нь, Монгол Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” зэрэг төслийн сайн туршлагыг судлах ёстой. Энэ бүхний эцэст илүү тодорхой хариулж болох байх.
-Та өмнө нь Монголд ажиллаж байсан гэлээ?
-Тийм ээ. Анх 2014 онд Монголд ирж, уул уурхайн нөхөн сэргээлтэд усны менежментийн чиглэлээр хоёр жил ажилласан. Тэгэхдээ олон ч сайхан газраар аялсан. Удахгүй монгол хэл сурна гэж найдаж байна \инээв\.
-Миний санахаар өмнө нь гадаадын зөвлөхүүд тусгай баг болон ирдэг сэн. Гэтэл та ганцаараа, Ойн газрын мэргэжилтнүүдийн дунд ороод, сайн мууд нь хутгалдаад, яг л манай хүн шиг ажиллах нь ээ?
-Тийм шүү, та зөв анзаарсан байна. Хоёр улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд сонгогдож ирсэн. Өмнө нь Зүүн өмнөд Азийн зарим улсад энэ чиглэлээрээ ажиллаж байсан.
Хамтран ажиллагсадтайгаа хэлний бэрхшээл гарахгүй байгаа. Орчуулагчгүй үед хэнтэй ч англиар ойлголцож чадаж байна.
-Франц улсын Ерөнхийлөгч Монголд айлчиллаа. Энэ хүрээнд таны ажилтай холбоотой зүйл дээд түвшинд яригдав уу?
-Хоёр улсын Ерөнхийлөгч хүрээлэн буй орчин, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах талаар 15 минут орчим ярилцсан. Яриа хэлэлцээ бүхэн ажил хэрэг болох нь дамжиггүй. Онцлон хэлэхэд, өмнө нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Францын Үндэсний ойн газрын хоёр эксперт Монголд ажилласан. Энэ удаад ч бидний хамтын ажиллагаа үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.
-Монгол орон, монголчуудын тухай сэтгэгдлийг тань сонсмоор байна?
– Монгол хүний амьдралыг харах өнцөг их сонирхолтой. Байгальтайгаа ойр амьдардаг, өвөрмөц соёл, ахуйтай улс. Ажилдаа их шаргуу, сайн хамтрагчид юм шүү.