“Ойн баатар”

 “Ойн баатар”

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ойн гавьяат ажилтан Баттөмөрийн Жамсран Богд уулыг хөнөөлт шавжид идэгдэж сүйрэх аюулаас аварч, хойч үедээ үлдээсэн ачтан билээ. Түүхэн дурсгалт Тужийн нарсыг ойжуулсан, мод бэлтгэлийн үйлдвэрлэлийн технологийн карт санаачилж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн, чанартай тарьц, суулгац үйлдвэрлэж, ойн салбарт үр бүтээлтэй ажилласан гавьяатан юм. Түүний долоон хүүхдийн тав нь аавынхаа мэргэжлийг өвлөж, ойн салбарт ажиллаж байна. Хөдөлмөрийн баатар, гавьяат маань эдүгээ 80 гарсан буурал Сэлэнгэ нутагтаа аж төрж сууна.

Богдхан уулыг  “аварсан нь”

Би Москвагийн Ойн техникийн дээд сургуулийг 1968 онд ойн аж ахуйн инженер мэргэжлээр төгссөн юм. Буцаж ирээд Завхан аймгийн Тосонцэнгэлийн мод бэлтгэлийн аж ахуйн ерөнхий инженерээр томилогдсоноор ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн дээ. Хоёр жил, долоон сар боллоо. Гэтэл 1970 оны наймдугаар сард Улаанбаатарт дуудсан. Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Ой модны аж үйлдвэрийг удирдах ерөнхий газрын харьяа, түймэр эсэргүүцэх Агаарын десантын отрядад ойн хортны мэргэжилтнээр ажилла гэлээ. Жилийн дараа буюу 1971 онд Ой модны аж үйлдвэрийг удирдах ерөнхий газрын дарга Лугаагийн Чимэдцэрэн надад товч бөгөөд тодорхой үүрэг өгсөн. “Энэ жил Улс хувьсгалын 50 жилийн ой болно. Гадаад, дотоодын зочид төлөөлөгч олон ирнэ. Богд ууланд хөнөөлт шавж голомтолж, мод нь шарлаж, өнгө алдаад биш болчихлоо. Юу сурсан, дүнгээ тавиул” гэж хэлээд л гаргасан. Би хэдийгээр ойн аж ахуйн инженер мэргэжилтэй ч дипломын ажлаа шавж судлалаар бичсэн учир ийм даалгавар өгсөн байх.
Би МУИС-ийн Биологийн танхимын эрхлэгч Цэндсүрэн багшаас тусламж гуйлаа. Тэр бол Монголын анхны шавж судлаач, мундаг эрдэмтэн хүн. “Хэдэн оюутан өгөөч” гэвэл биологийн гуравдугаар курсын 13 оюутан өгч, хоёр долоо хоног Богд ууланд судалгаа хийсэн дээ. Тэгж л хөнөөлт шавжийн голомтыг илрүүлж байлаа. Өмнө нь шавж устгах зорилгоор хэд хэдэн удаа нисэж байсан ч голомтыг нь олж тогтоогоогүй, таамгаар ажиллаж байсан юм билээ. Тиймээс бидний энэ удаагийн ажил суурь судалгаатай, голомт тархалтыг тогтоосны үндсэн дээр хийгдсэн анхны ажил болох байх.
Би 1971 оны тавдугаар сарын 2-нд өглөө 5-9 цаг, орой 17-19 цагийн хооронд “АН-2” онгоцоор Богд ууланд, 10.000 га талбайд хөнөөлт шавжийн эсрэг хор цацсан. Дэд хурандаа, Ховдын “хууз” Аюуш, ахмад, Архангай аймгийн “хар” Бат-Өлзий гэсэн хоёр мундаг нисгэгчийн хүчин оролцоо их байсан даа.
Хор цацсаны дараа юу болсон бол, яасан бол, гайтай хорхой үхсэн байгаа гэж айж бэргэж л байлаа. Улаанбаатарын ойн аж ахуйн инженер Даваа гэж залуу байсан. Хоёулаа орой бүр л харна. Хаана шарлах нь вэ гээд. Ердөө дахиж шарлаагүй, сэтгэл амсхийж байгаа юм. Арваад хонож байтал Иркутскээс сибирийн хүр хорхойгоор цол хамгаалсан Орочков, Пельшенов гэсэн хоёр том доктор ирлээ. Миний хийсэн ажлын мөрөөр явж судлаад, 96,8 хувийн амжилттай болжээ гэж дүгнэсэн. “Цагаа олж устгажээ. Тэгээгүй бол Богд уулын мод идэгдэж дуусах байсан” гэж илтгэл тайландаа дурдсан байсан шүү.
Энэ ажилд Засгийн газар анхаарал тавьж, Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Майдар гуай биечлэн удирдаж байсан юм билээ. Тухайн үедээ ч мэдээгүй. Оросын хоёр доктороо үдэж өгье гээд “Алтай” зочид буудалд ирлээ. Ой модны аж үйлдвэрийг удирдах ерөнхий газрын орлогч дарга, сүүлд Ой модны аж үйлдвэрийн яамны орлогч сайд болсон Б.Гомбожав бид хоёр яваа юм. Тавдугаар сарын 27 хавьцаа санаж байна. Машинаа тавьчихаад зочид буудал руу орох гэтэл үүдэнд гэрийн халаттай, их өндөр, сахалтай хүн зогсож байна. Б.Гомбожав дарга мэндэлж очоод л, өнөө хүнд ажлаа тайлагнаж, хорхой устгасан тухайгаа нэгд нэгэнгүй ярив. Би ч гайхасхийгээд, алсхан чагнаад л зогсоо юм. Харах нь ээ, их л таньдаг царай. “Хаана харлаа даа, манай дарга ажлаа тайлагнахыг бодоход их л том хүн шиг байна” гэж бодоодохлоо. Тэгээд цааш явахдаа Б.Гомбожаваас асуулаа л даа. Гэтэл “Майдар даргыг таньдаггүй юм уу” гэдэг байгаа. Харсан царай байлгүй л яахав дээ. Хаа сайгүй зураг нь тарсан байдаг байсан юм чинь. Ер нь Майдар дарга ой байгалиа хамгаалах үйлсэд хүчин зүтгэж явсан гавьяатай хүн. Дамбадаржаад цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Монголд ургадаг бүх модыг тарьж ургуулах санаачилга гаргаж, ургаж ч байсан.

Тужийн нарсыг  нөхөн сэргээв

Би Завханд ажиллаж байхдаа “Мод бэлтгэлийн үйлдвэрлэлийн технологийн карт” гэж санаачилж, хойшоо /Орос руу/ хүртэл явж туршлага судалж байсан юм. Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинатын дарга Лувсанцэрэнгийн Цэнд гэж, хожим МАХН-ын Төв хорооны хоёрдугаар дарга болсон “том” хүн байлаа. Технологийн картаа танилцуулсан, 1000 ширхэг хэвлэ гэдэг юм. Миний санаачилга ажил болж, мод бэлтгэлийн үйлдвэрлэлд тарж эхэлсэн дээ. Би шавжны ажилдаа тийм ч дуртай байсангүй. Хийх ажил барагтайхан, орос толь харсан шиг хэвтсээр уйдангуй. Тэгэхээр нь өнөө технологийн картаараа “гул бариад”, улсын хэмжээнд нэвтрүүлмээр байна гэлээ. Удирдлага, дарга нар ч ойлгож хүлээж авсан. Ингээд 1972 оны дөрөвдүгээр сарын 1-нд Чимэд сайдтай Ой модны аж үйлдвэрийн яаманд мод бэлтгэл, үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллав. Тэгэхэд мод бэлтгэлийн 11 том үйлдвэр байлаа. Модыг туушаар бэлтгэж тээвэрлэх ажлыг зохион байгуулах, үйлдвэрлэлд технологийн картаа нэвтрүүлэх үүрэг даалгавартай байсан. Жил гаруйн дараа, 1973 оны хавар субботник хийж байтал гэнэт дуудав. Хялганатын Мод бэлтгэлийн аж ахуйг ЗХУ-ын тусламжаар барьж байсан юм. “За, чамайг бүтэн жил бэлтгэлээ. Хялганатад ерөнхий инженерээр яв” гэсэн. Тэнд дөрвөн жил, дөрвөн сар ажилласан.
Сайд нарын зөвлөлийн орлогч байсан Лувсангомбо гуай манай яамыг хариуцаж байсан юм. Тэрбээр, мод үржүүлгийн талбай байгуулж, төрөл бүрийн модыг үрээр нь ургуулж, ойжуулах ажилд маш их анхаарсан хүн дээ. Удирдах ажилтны 1973 оны зөвлөгөөний үеэр үг хэлэхдээ, “Та нарын мод бэлтгэлийн үйлдвэрлэл чинь түрүүлээд байна. Алгын чинээ модтой газраа хэзээ тохмын чинээ болгох юм бэ” гэж байсан. Мөн ч алсыг харсан ухаантай хүн байж дээ. Тарьж ургуулах чинь хоцроод байна шүү гэж сануулж байгаа хэрэг. Энэ үг сэтгэлд торхийгээд үлдсэн юм даг. Лувсангомбо дарга бүр хожим, 1990 оны хавар Сэлэнгэд очсон юм. Тэгэхэд би дагуулж яваад Тужийн нарсны нөхөн сэргээлтийг үзүүлж, “Алгын чинээ газар тохмын чинээ болж чадаж уу, сайд аа” гэж асуулаа. Тэгэхэд Лувсангомбо гуайн сэтгэл хөдөлж, маш их баярлаж байж билээ.
Би 1977 оны арваннэгдүгээр сарын 1-нд Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн улсын мод үржүүлгийн газрын даргаар томилогдов. Намын төв хороо, Сайд нарын зөвлөлийн хамтарсан тогтоолоор 1974 онд тариалангийн талбайг хөрсний эвдрэлээс хамгаалах зорилгоор Дорнод аймгийн Халх гол, Өвөрхангайн Хархорин, Говь-Алтайн Гуулин, Сэлэнгэ аймгийн Цагаантолгойд тус бүр Улсын мод үржүүлгийн газар байгуулаад байсан юм.
Цагаантолгойн улсын мод үржүүлгийн газар 1982 онд татан буугдаж, аймгийн Ойн аж ахуйн хэлтсийн харьяанд орсон. Би тус хэлтсийн даргаар дэвшиж, тэтгэвэрт гартлаа тасралтгүй ажилласан. Энэ үеэс хийж эхэлсэн томоохон ажил бол Тужийн нарсны ойжуулалт юм. Миний хариуцаж байсан байгууллагын үндсэн үүрэг даалгавар нь ч ийм байлаа. Хамт олныхоо хүчээр, түмэн олны дэмжлэгээр ямар ч байсан зорьсондоо хүрсэн. Олон хүний сэтгэл, зүтгэл шингэсэн учир Тужийн нарс эдүгээ их сайхан ургаж байгаа юм. Сэлэнгэ аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдаас эхлээд хүн бүр л эрвийх дэрвийхээрээ хүч өргөсөн. 30-аад жилийн түүхийг хамт

бичилцсэн Сүхбаатар хотын үе үеийн сурагчид өнөөдөр хийсэн ажлаараа бахархаж байгаа нь дамжиггүй.
Тужийн нарсыг ойжуулахад дан ганц бидний хүч хаанаа ч үгүй байлаа. Тэр үед аймгийн Засаг дарга байсан Лувсангийн Алтангэрэлд хандаж, тусламж хүсэхэд “Бугант” группийг энэ ажилд татан оролцуулах болсон юм. Түүнээс хойш манай байгууллага 22 сая, “Бугант” 18 сая мод тарьж ургуулан улсын санд хүлээлгэж өгсөн. Бид жил бүрийн арваннэгдүгээр сарын эхээр аль сайн үрлэсэн газар руу явж, нарсны шошгой түүж ирдэг байлаа. Боргоцой хатаалгын цехэд боловсруулж, хавар нь мод үржүүлгийн тусгай талбайд тарьж, 2-3 жил болгоод байнгын талбайд гаргаж байсан. Сайн чанарын, 1-р зэргийн тарьц, суулгац бэлтгэж, гаднаас нэг ч ширхгийг аваагүй юм. Миний удирдлагад ажиллаж байсан Доржийн Нэргүй, Адъяагийн Цэрэг, Сандагдоржийн Даваасүрэн, Цэдэндамбын Ганбат, Сүхбаатарын Гэрэлбаатар, Дэмбэрэлийн Очирбат, Шинэбаяр гээд олон мэргэжилтнээрээ бахархдаг даа.
Сэлэнгэ, Хөвсгөл аймагт Ойн техник мэргэжлийн сургуульд хоёр жилийн хугацаатай ойжуулагч бэлтгэдэг байлаа. Тэдгээр сургууль төгссөн мэргэжилтнүүдээр байгууллагаа бэхжүүлсэн байв.
Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 1997 онд ойг нөхөн сэргээхэд хувиасаа 500.000 төгрөг хандивлав гэсэн мэдээлэл тарж, би Тужийн нарсны ойжуулалтад олны танил хүмүүсийг татан оролцуулж болох юм байна гэж бодлоо. Ерөнхий инженер Сүхбаатарын Гэрэлбаатартаа “Аваргыг урьж авчирмаар байна. Нэрэмжит төгөл байгуулж өгнө гэж хэлээрэй” гэлээ. Б.Бат-Эрдэнэ аварга бидний урилгыг хүлээн авч, дараа жил нь Тужийн нарсанд мод тарьсан юм. 2000 онд Мягмар зааныг дагуулж ирсэн. Энэ оноос “Зууны мэдээ” сонин орж ирэв. Тужийн нарсыг ойжуулах уриалга гаргаж, энэ санал санаачилга хүчээ авсан. Улаанбаатар, Дархан, Сэлэнгээс 30 гаруй байгууллагын 450 хүн нэг өдөр ирж мод тарьж байлаа.

Удам дамжсан ойчид

Би 2000 онд Ойн гавьяат ажилтан цол хүртсэн юм. Ерөнхийлөгчийн зарлигт, “Ойн аж ахуйн байгууллагыг олон жил үр бүтээлтэй удирдсан, мод үржүүлгийн талбайд тарьц, суулгацыг стандартын дагуу бойжуулж гаргасны төлөө” гэж бичсэн байсан. Харин Тужийн нарсыг нөхөн сэргээсэн, Богд уулын хөнөөлт шавжийг устгасны төлөө Хөдөлмөрийн баатар болсон доо.
“Ойн гавьяат ажилтан” цолыг надтай нийлээд таван хүн л авсан байдаг. Ой модны аж үйлдвэрийн яамны орлогч сайд байсан Б.Гомбожав, Ойн 1-р баазын жолооч Дамдинжав, Бугантын мод тээврийн жолооч Чангас, Шарынголын Мод бэлтгэлийн аж ахуйн дарга байсан Б.Алагаа, тэгээд надаар отголсон. ”Ойн гавьяат ажилтан” цол маань “Байгаль хамгаалахын гавьяат” гэгдэх болсон түүхтэй. Тужийн нарсны ойжуулалтад техникчээр ажиллаж байсан Доржийн Нэргүй, Бугантын ойжуулалтын инженерээр ажиллаж байсан Отгоны Алтанцэцэг нар Байгаль хамгаалахын гавьяат ажилтан болсон.
Мод үржүүлгээс гэвэл анхны Хөдөлмөрийн баатар нь би. Ойн салбарт гэвэл Чойжилсүрэн, Бираабазар, Дашзэвэг, Түчин, Чулуунбаатар, Цэрэндаш, Володя гээд Хөдөлмөрийн баатар олон бий.
Би дөрвөн хүү, гурван охинтой. Ууган хүү Ж.Гөлгөө надтай хамт 28 жил мод тарьсан. Гэр бүлийн хүн нь ч мэргэжлийн ойжуулагч. Отгонхүү, Отгонбат хоёр хүү маань Их сургуулийн ойн инжерийн анги, дунд хүү Отгонбаяр “Эко Ази” сургуулийг байгаль хамгаалагч мэргэжлээр тус тус төгссөн. Бүгдээрээ л Тужийн нарсны ойжуулалтад оролцсон доо. Том охин Наранчимэг гэр бүлийнхээ хамт 2008 оноос эхлэн одоог хүртэл ойжуулалтын ажилд завсаргүй хүчин зүтгэж байна. Мод үржүүлгийн талбайтай, олон жил мод тарьж байна даа.
Эцэст нь хэлэхэд, Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хүн бүр дэмжин тусалж, чадвал аймаг бүр ойтой болмоор байгаа юм шүү. Ингэж л захья. Хүн бүр сэтгэл гаргавал болохгүй, бүтэхгүй зүйлгүй дээ.

 

Холбоотой мэдээ