Эрдэмтэн Хидео Нишида: Монголын унаган байгалийн төлөө хөрөнгө босгодог
Японд төвтэй “Монголын экологийн мэдээллийн төв” ТББ-ын үүсгэн байгуулагч, тус төвийн тэргүүн, доктор Хидео Нишида Монголд элэгтэй, монголчуудын төлөө зүрх сэтгэлтэй хүн. Японы Каназава их сургуулийн доктор, профессор тэрбээр, Говь-Сүмбэр аймагт цэцэрлэгт хүрээлэн байгуулах, ногоон орчин бий болгохоор шамдаж байна.
– Тэрбээр, Говьсүмбэр аймагтай сүүлийн арав орчим
жил хамтран ажиллаж байна –
-Та японы эрдэмтэн хүн. Яагаад Монголын байгаль орчны салбарт хөрөнгө оруулах болов ?
-Яагаад болохгүй билээ /инээв/. Энэ тухай ярихын өмнө бяцхан оршил хэлмээр байна. Би МУБИС-ийн урилгаар 1997 оноос Монголд ирж ажилласан юм. “Байгаль орчны боловсрол” сэдвээр докторын зэрэг ч хамгаалсан. Тэр үед буюу 2002 онд “Дархдын хотгор, намгархаг газарт дэлхийн дулаарлын нөлөө болон урь унахад үүсэх цэвдгийн үеллийн экосистемийг судлах” сэдвээр судалгааны ажил хийсэн юм. Дэлхийн Байгаль орчны сангаас төслийг санхүүжүүлсэн. МУИС-ийн профессор, доктор Ц.Жамсран болон Япон, Монголын олон эрдэмтэн судлаачтай мөр зэрэгцэн амжилттай ажиллаж, судалгааны бүтээлээ 2008 онд хэвлүүлж байлаа. Товчхондоо ингэж явахдаа л Монгол орны онгон байгальд сэтгэл алдарсан хэрэг. Энэ сайхан унаган байгалийг гайхаж бахдаад зогсохгүй хайрлаж хамгаалахсан гэж бодох болж билээ. Би юу чадна, түүгээрээ туслахсан гэж хичээж, Хөвсгөл аймгийн зарим сумын сурагчдад экологийн боловсрол олгох чиглэлээр санаачилгатай ажиллаж байлаа. Тэгсээр байгаад 2014 оноос л сэтгэлд минь мөнх үлдсэн Монголын унаган байгалийг хамгаалах хүсэл маань биелсэн юм.
-Нэг үгээр төрийн бус байгууллагаа тэр үед байгуулсан уу?
-Тийм ээ. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд илүүтэй өртөж буй говь, хээрийн бүсэд, тэр дундаа Говьсүмбэр аймагт хөрөнгө оруулж, тэр нутгийн иргэдийн хийж буй ажлыг дэмжихээр шийдсэн л дээ. Говьсүмбэрчүүд төв замын дагуу хамгаалалтын ойн зурвас, цэцэрлэгт хүрээлэн байгуулж байсан. Тэдэнд чадах хэрээр туслахсан гэж, 2014 оноос хойш гурван чиглэлээр ажил хийж хэрэгжүүллээ.
-Тухайлбал?
-Нэгдүгээрт, аймгийн төвд цэцэрлэгт хүрээлэн байгуулахад тулгамдаж байсан зарим хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн. 2016-2017 онд “Сүмбэр гарден” цэцэрлэгт хүрээлэнгийн өргөтгөлийн 4 га талбайд нэн шаардлагатай байсан гүний худаг гаргах, усалгааны нөөцийн сав байрлуулж хоолой татах ажилд 40 орчим сая төгрөгийг хандивлагчдаас босгосон юм. Хоёрдугаарт, уг цэцэрлэгт хүрээлэнгийн өргөтгөл хэсэгт нарс, улиас, голт бор, хайлаас, улаан сухай, шар хуайс, далан хальс зэрэг 10 гаруй төрлийн мод, сөөгийн 12000 суулгац нийлүүлсэн. Тарьсан мод, сөөг 75 хувийн ургалттай байна. Мөн мод үржүүлгийн газрын хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөх, салхины хамгаалалтын зурвас байгуулах, суулгац нэмж тариалах ажлыг санхүүжүүлж дэмжсэн.
-Та санхүүжилт босгосон гэлээ. “Монголын экологийн мэдээллийн төв” ТББ-ынхаа шугамаар уу?
-Тийм ээ. Японы томоохон сүлжээ дэлгүүр, зарим компани болон тэтгэлгийн сангууд жил бүр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, хүрээлэн буй орчныг хамгаалах чиглэлээр зарладаг жижиг төслүүдийн сонгон шалгаруулалтад оролцож Монгол Улсад хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулан хандив, тэтгэлэг гуйна шүү дээ./инээв/ Ийм л зарчмаар бага ч гэсэн тус нэмэр болохыг л хичээн ажиллаж байна.
-Монгол орны төлөө сэтгэл гаргаж, монголчуудад тусалж дэмжиж буй Танд баярлалаа. Дээр дурдсан гурван чиглэлийн ажлын сүүлчийнх нь юу вэ?
-Гуравдугаарт, модлог ургамлыг тарих, арчлах, үржүүлэх чиглэлээр хүний нөөцийг сургаж дадлагажуулах ажилд тусалсан. МУБИС-ийн Математик ,байгалийн ухааны сургуулийн Ургамлын судалгаа, сургалт арга зүйн төвтэй Говьсүмбэр аймгийг холбон өгч, тэд 2018 оноос өдий хүртэл үр дүнтэй хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд жил бүрийн хавар, намрын улиралд онол , практик хосолсон шаталсан арга зүйн сургалтыг зохион байгуулж байна. Багш, эрдэмтэд орон нутгийн мод тарих сонирхолтой иргэд, оюутан сурагч болон ойн ангийн албан хаагч гээд давхардсан тоогоор 2300 гаруй хүнийг сургаж, бүх нийтээр мод тарих ажилд оролцуулсан байна. Энэ үйл ажиллагааг цаашид тогтмолжуулах зорилгоор Ойн ангийн дэргэд Экологийн сургалтын төвийн барилга бариулахаар хөөцөлдөж байна даа.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Та ч бас хувь нэмрээ оруулж байна шүү дээ?
-Тийм шүү. Тэрбумаар тоологдох мод тарина гэдэг сайхан хэрэг. Тэрбум модыг тарьж, ургуулах зүрх сэтгэлтэй иргэдийг бэлтгэж , сургах нь нэн чухал гэж ахмад багш хүний хувьд зөвлөмөөр байна. Аливаа ажлыг хүн л хийдэг хойно, хүнээ сургаж, дадлагажуулах чухал. Би сүүлийн найман жил гаруй Говьсүмбэр аймгийн сургуулийн эко бүлгийн сурагчдад мод тарих сургалт зохион байгуулж байна. Цаашдаа Монгол Улсын хэмжээнд, сургуулиудын эко бүлгийн сүлжээг үүсгэх, бүсийн чанартай төвүүдийг байгуулахсан гэж мөрөөдөж явна даа .
-Танд болон Япон улсын нийт хөрөнгө оруулагч, дэмжигч, санхүүжүүлсэн байгууллага иргэдэд уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.
-Баярлалаа. Талархлыг тань цааш нь уламжлах болно оо.