Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Зуунмод хотын захирагч Чулуунбатын Сарангэрэл: Би Зуунмод сумын ирэх 30 жилийн хөгжлийг хангах дэд бүтэц бий болсон гэж бардам хэлнэ
– 100 жилийн ойд 100.000 цэцэг –
Tөв аймаг энэ жил 100 жилийн ойтой. Ирэх наймдугаар сарын эхээр болох тэгш их ойн бэлтгэл ажил ид өрнөж байна. Зуунмод сум өдрөөс өдөрт өнгө нэмэн, бүтээн байгуулж байгаагийн нэг нь зуунмодчууд 100 жилийн ойдоо 100.000 цэцэг тарьж ургуулж буй явдал юм. Өнгө өнгийн гоёмсог цэцгийг гаднаас мөнгө зарж Худалдаж авалгүй, өөрсдийн хүч хөдөлмөрөөр үрслүүлэн ургуулж байна. Цэцгийг хүрээлэн, гудамж талбайд тарихаас гадна амьд цэцгээр урлагийн бүтээл туурвиж буй юм. Тодруулбал, Зуунмод хот руу орж гардаг хөтөл дээр сөнтэй хувин, шанагатай мэлтэлзсэн сүүг цагаан цэцгээр урлажээ. Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Зуунмод хотын захирагч Чулуунбатын Сарангэрэлээс энэ талаар тодруулахад,
-Төв аймаг хэзээнээс нийслэлчүүдийг сүү, цагаан идээгээр хангадаг байсан хөдөлмөрч ард түмэн. Одоо ч хангаж байна. Ирж, очиж байгаа хүнд сүү өргөн үдэж, угтаж байгаа хэрэг. Цаашид зунд нь амьд цэцгээр, өвөлд нь цасаар сүүг нь урлаад явах юм гэлээ. Нэгэнт уулзсаных, Засаг даргаас цөөн асуултад хариу авав.
-Зуунмод сумын ногоон байгууламж мэдэгдэхүйц нэмэгдсэн байна шүү?
-Тийм ээ. Биднийг 2020 оны арванхоёрдугаар сард ажил авахад Зуунмод сум 25.000 мод, буттай байсан бол хоёр жилийн хугацаанд 70.000 болсон. Хот тохижуулах газрын харьяанд хавсарга маягтай, нэг хүн хариуцсан нэртэй л явсан. Бид эн тэргүүнд ногоон байгууламжийг Хот тохижуулах газраас салгаж, “Зуунмод цэцэрлэгжүүлэлт” ОНӨААТҮГ байгуулж, 15 хүний орон тоотой болгож байлаа. Тэгж байтал Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнөж, улс орон даяар мод тарья, ургуулъя гэх болсон нь бидний ажилд түлхэц өгсөн юм.
Түүнээс гадна, аж ахуйн нэгж, байгууллага, хувь иргэдийн тарьж ургуулж буй бүх мод, бутыг тоолж, ногоон паспорт олгосон. 2030 он хүртэл бичилт хийгээд явах юм. Иргэдийг мод тарихад сэдэлжүүлж байгаа нэг ажил.
Ер нь газарт тарихаас өмнө хүний тархинд “тарих” ёстой юм байна. Тэр утгаараа сургалт их хийж байна. Байгууллага, баг бүрд хүрсэн. Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүдэд экологийн боловсрол олгох зорилгоор нас насанд нь тохирсон сургалтыг зохион байгууллаа. Хүүхдэд бага наснаас нь ногоон боловсрол олгох нь туйлын чухал. Нийт 1300 гаруй хүнд сургалт хийснээс 800 гаруй нь хүүхэд, үүнээс цэцэрлэгийн 80-аад хүүхэд хамрагдсан байна.
Манайхан хавар, намар хоёр өдөр гарч ирээд ургах үгүй нь мэдэгдэхгүй баахан “саваа” булчихаад явчихдаг байсан хандлага өөрчлөгдсөн. Жилийн турш тарьж, арчилж, ургуулдаг болсон. Мэргэжлийн арга зүйгээр хангадаг ч боллоо. Тарьсан тарьц, суулгацын амьдралтын хувь 75 хувьтай байсан бол одоо 96 орчим хувь болсон. Би аймгийн Засаг даргатай 120.000 мод тарьж ургуулна гэсэн гэрээтэй хүн. Ямар ч байсан амласандаа хүрнэ. Хоёр жилийн өмнө Зуунмод сум 40 орчим га-гийн ногоон байгууламжтай байсан бол өнөөдөр 70 га болсон байна. Дээхнэ үед айлууд улиас голдуу тарьдаг байсан бол одоо жимсний мод тарих болжээ. Хотоо ногооруулж байна, дээр нь хүнсний хангамжаа шийдчихэж байна, цаашлаад ашиг орлого олж байна.
Бид ч дэмжиж, тэргүүлэх чиглэл гэж үзэж байгаа. “Ногоон сэргэлт Ногоон Төв аймаг” аян хүртэл зохион байгуулсан.
-Зөрчилтэй ямар асуудал байна вэ?
-Мал бүхий иргэд цөөнгүй. Бид ажил, зардал болж тарьдаг. Гэтэл мал ногоон байгууламжийг идэж сүйтгэх нь бий. Малтай айлуудыг нүүлгэе гэхээр боломж байдаггүй. Зуунмодтой хиллэдэг Сэргэлэн сумаасаа газар гуйж, малчдын хороолол байгуулаад, малтай иргэдээ суурьшуулъя гэтэл газар олдоогүй. Өнөөдүүл маань “Майдар төсөлд 22000 га, шинэ нисэх буудалд 12000 га өгсөн. Одоо үнэхээр арга алга” гэдэг. Арга ч үгүй л байх даа. Аргагүйн эрхэнд тарьсан хэдээ хашаалж байна даа.
-Зуунмодын гэрэлтүүлэг сайжирсан байна шүү?
-Тэгэлгүй яахав. Намайг ажил авахад Зуунмод хот 2300 ширхэг гэрэлтэй байсан бол одоо 4200 болж нэмэгдсэн. Шөнө орж ирвэл их гоё харагдана шүү. Хаа сайгүй гэрэл ярайгаад л… Мөн гудамж талбайгаа камержуулж байна. Гарын таван хуруунд багтахаар камертай байсныг 60 гаруй болгож нэмэгдүүлсэн. Гэрэлтүүлэг, камерын хяналт сайжрахаар гэмт хэрэг зөрчил буурна, иргэдийн тав тух хангагдана гээд давуу тал их байна. Одоо хог хаягдлын менежментийг боловсронгуй болгохыг зорьж байна. Хогийн цэгүүдийг хумьж, хог тээврийн хэд хэдэн шинэ автомашин авлаа. Хоёр дахь түүхий эд, лааз, шил худалдан авч Улаанбаатар руу ачуулдаг болсон. Энэ зорилгоор багуудад контейнер суурилуулсан. Хогийг мөнгө болгож байгаа хэрэг.
Би Зуунмод сумын ирэх 30 жилийн хөгжлийг хангах дэд бүтэц бий болсон гэж бардам хэлж чадна. Тухайлбал, 15 жил ярьсан ч хийж чадахгүй байсан Зуунмод хотын дулааны шинэ станцын ажил эхэлсэн. БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр, 80 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж байгаа уг станц 2024 оны халаалтын улиралд ашиглалтад орно. Сууриа цутгаад зуухаа угсарч байна. Мөн 110 кВт-ын цахилгаан дамжуулах дэд станц агаарын шугам баригдаж байна. 18 тэрбум төгрөгөөр санхүүжилттэй. Ингээд эрчим хүч, дулаанаар найдвартай хангагдчихвал Зуунмод сумын иргэдийн амьдрал дээшилж, хөгжих боломж бололцоо бүрдэнэ.
Зуунмод хотын газар доор 18 км шугам сүлжээ байдаг юм. Шинэчилж байна. Миний ажил хариуцаж байх үед ийм гурван том төсөл, бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаад би хувь хүнийхээ хувьд золтой, хувьтай юм даа л гэж баярладаг даа.