Мөс зүсэгч
Биологич, шувуу судлаач Ганболдын Доржлхагва.
“Ногоон эрэл” сэтгүүл салбартаа амжилттай ажиллаж буй залуусын төлөөлөл болгон түүнийг онцолж байна.
Г.Доржлхагва “Монгол орны шувууд” номыг 2019 онд англи хэлээр хэвлүүлжээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дэлхийн хамгийн том онлайн борлуулалтын сүлжээ болох “Амазон”, “NHBS”, “Ebay” гэх мэт улс дамнасан 20 орчим сүлжээгээр борлогдож, ашиг орлоготой байна. Номын зохиогчийн хэлснээр, далайн чанад дахь эрдэнэсээр дүүрэн аралд бат бөх, найдвартай хөлөг онгоцоор нэгэнт газарджээ. Уг нь эргээс сал урлан сэлж болох байсан ч далайн шуурганд осолдох магадлал бараг 100 хувь байсан. Энэ эрсдэлийг арилгаж, “хавтгай” болсон дэлхийд “мөс зүсэн” араасаа олон монгол залуусыг дагуулсанд түүний үлгэр дуурайллын ач холбогдол оршино. Монгол хүн, тэр тусмаа залуучууд дэлхийд гарч болох юм байна, дуртай ажил мэргэжлээрээ мөнгө олж болно гэх итгэл үнэмшил төрүүлсэнд гавьяа нь байгаа юм.
“Монгол орны шувууд” ном 352 хуудастай, Монгол орны шувуудын талаарх бүрэн хэмжээний шинжлэх ухааны бүтээл юм. Монголд тохиолддог, тохиолдох боломжтой 521 зүйл шувуудын талаарх мэдээлэл, өнгөт гар зургийг тархалтын газрын зургийн хамт нийтэлжээ. Мөн дэд зүйл, газарзүйн вариацын онцлог, нас хүйс гэх мэт тухайн нэг зүйл шувууны бүхий л боломжит ялгаатай мэдээллийг багтаасан. Товчхондоо Монгол орны шувуудын талаарх мэдээллийн нэгдсэн систем юм. Зохиогч маань нийт 3000 гаруй зургийг гараар зуржээ. “Энэ номд багтсан бүх зургийг би өөрөө зурсан. Зарим үед хэд дахин оролдож байж сая нэг юм болгож байлаа. Жишээ нь, Алтайн хойлгийг дөрвөн ч удаа шинэчилж зурсан юм” гэж Г.Доржлхагва ярив.
“Монгол орны шувууд” ном дэлхийд Монголыг сурталчилж байна. Байгалийн аялал жуучлал, тэр дундаа шувуу ажиглах аялал эрчимтэй хөгжихөд хувь нэмэр оруулж байгаа билээ. Уншигчдын таашаалд нийцэж, борлуулалт сайн байгааг ганцхан жишээгээр, энэ ном “amazon.com”-ын дээд үзүүлэлт болох 5 од хүртсэнээс харж болно. Шувуу судлаач Г.Доржлхагва,
-Энэ бол системчлэгдсэн бизнес юм. Зохиогчоос гадна төслийн менежер, редактор, дизайны баг продакшнаас бүтсэн дамжлагын хэлбэртэй, төслийн багийн ажиллагааны үр дүн юм. Номыг бизнесийн түвшинд хүргэж, дэлхийн зах зээл дээр тогтвортой, удаан хугацаанд ашиг олохын тулд заавал Publishing буюу хэвлэн нийтлэх компаниудтай холбогдох ёстой. Ном бичээд нийтлэлийн компанид санал болгоход шууд хүлээн зөвшөөрөх магадлал таван хувь гэж ярьдаг. Тэр тусмаа төрөлхийн англи хэлгүй, Монгол гэдэг орноос хандахад энэ магадлал дахиад ч буурах нь тодорхой. Нийтлэлийн компани нь дан ганц ном хэвлэх бус түгээлт, борлуулалтыг хариуцдаг, маркетинг хийдэг бизнесийн байгууллага юм. Гэхдээ би чадсан. Алдарт Ж.К. Роулинг “Харри Поттер”-оо хэвлэлийн газар явуулаад 12 удаа татгалзсан хариу сонссон байдаг. Харин би тавхан удаа л сонссон шүү гэлээ. Түүний нэмж хэлснээр, бушуухан ном гаргаж карьераа дээшлүүлье, ашиг орлоготой болъё гэж бичвэл амжилтад хүрэхгүй, харин хүмүүст мэдлэг түгээе, тусалъя гэж чин сэтгэлээсээ хүсэж хийвэл сая амжилтад хүрэх юм байна..
Г.Доржлхагва гадаадын нийтлэлийн компанитай royalty буюу хувь тохирохдоо дор хаяж 30, түүнээс ч их хувь авна гэж бодсон ч үнэндээ хоёр дахин бага хувийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байжээ. Гэвч тэр том зах зээлд багадахгүй, харин ч “томдсон” хувь болсон байна.
“Монгол орны шувууд” номын нүүрэнд үндэсний бахархалт шувуу идлэг шонхрын зургийг нийтэлжээ. Шонхор шувуу хүний нөлөөнд хэлмэгдэж байгаа шувуу юм. Жил бүр экспортолдог, цахилгаан дамжуулах шугам дээр эндэх, нүүдлийнхээ үед баригдаж олзворлогдох гээд тоо толгой нь хорогдож байгаа эмзэг байдлыг нийгэмд ойлгуулахын тулд номын нүүрэнд залсан гэнэ. Хүннүгийн үеэс эхтэй шонхор шүтээн нь Монголын эзэнт гүрний сүлд шүтээн байсан юм. Шонхрыг туг сүлдэндээ тахиж, дэлхийг эрхшээж явсан билээ. Энэ билэгдлийг бас бодолцсон ажээ.
“ХҮН БОЛОХ БАГААСАА”
Г.Доржлхагва Хэнтий аймгийн Хэрлэн сумын хүү. Хүүхэд нас нь Хэрлэнгийн дэрст хөндий, Хаялга гэдэг газарт, язгуурын монгол ахуй дунд өнгөрчээ. Эмэг эх Л.Чимэддоогоо даган аргал, хөрзөн хормойлж явахдаа бор шувууны ангаахай анх харснаа мартдаггүй гэнэ лээ. Эмэг эх нь шувууны өндөг, ангаахайд сүүдрээ бүү тусгаарай гэж захиж асан, удалгүй мань хүн ойр хавийнхаа бүх үүр ноорхойг мэддэг болсон, байсхийгээд л гүйж очин удаан хугацаагаар ажиглаж суухдаа сүүдрээ тусгах вий гэж машид цэнэн болгоомжилдог байснаа эдүгээ тэрбээр, дурсан ярьж байна. Мөн өвөг эцэг Л.Лувсанданзантайгаа хамт морь усалж зогсохдоо Хэрлэнгийн хар усанд ирсэн усны шувуудыг харж баяссанаа, өвөг эцэг нь шувуудын нэр, амьдрахуйн онцлогийг тайлбарлаж өгч байсан нь тор хийгээд л сэтгэлд үлдсэн гэнэ.
-Хойд хонхрын шалбааганд шанаган хорхой шүүж, царцаа хөөж, дэрсээр тэрэг хийж голионд хөллөж, ямаан хорхой, жийгэнийг зодолдуулж, тагтаа, болжмор урхидан барьж, шанд ухаад гарсан хар шавраар амьтны баримал дуурайлган хийж, зууханд шатаан будгаар будан тоглодог байсан. Одоо бодоход, байгаль, хүрээлэн буй орчин, цаашлаад шувуу сонирхох сэдлийн эхлэл болсон байх гэж Г.Доржлхагва өгүүлэв.
Тэрбээр, МУИС-ийн Байгалийн аялал жуулчлалын ангид сурч байхдаа Монголын Шувуу судлалын нийгэмлэгт гишүүнээр элсэн төрөл бүрийн арга хэмжээ, сургалт, эрдэм шинжилгээний хурал, дотоодын болон олон улсын судалгаануудад идэвхтэй оролцож мэргэжилдээ улам дур сонирхолтой болж нүд тайлагдсан байна. МУИС-ийн Шувуу судлалын тэнхмийн эрхлэгч Др С.Гомбобаатар багшийн удирдлага дор судалгааны бүхий л ажилд идэвхийлэн оролцдог байжээ.
-Хээрийн судалгааны үед тэмдэглэлийн дэвтэртээ шувуудын тодорхойлох шинж тэмдгийг бичиж, нэг буланд нь зурж тэмдэглэдэг байсан. Мэргэжлийн зураач биш ч багаасаа л хоббитой байлаа. Ер нь анх ном бичих санаа маань зураг зурахаас эхэлсэн дээ. 2013 онд Дэлхийн шувууд Handbook of the Birds of World төслийн хээрийн судалгааны ажилд оролцох завшаан олдсон юм. Монгол орноо хөндлөн гулд туулан Ховдын хязгаараас Халх, Нөмрөгийн дархан цаазат газар, өмнийн шаргал говиос Хан Хэнтийн балар ширэнгэ хүртэл зөвхөн шувуу “хөөж” явсан нь мэргэжлийн төлөвшилд асар их нөлөө үзүүлсэн гэж Г.Доржлхагва ярив.
Тэрбээр, 2015 оноос өдөр шөнөгүй зөвхөн номын ажилдаа л төвлөрч эхэлжээ. Хийж буйдаа эргэлзэх үе ч байж. Заримдаа харанхуй шөнө түгдчин алхаж байгаа шиг мэдрэгддэг байж. Хэлний мэдлэг муу, санхүүгийн боломж хомс зэрэг залуу хүн бүрд тохиолддог бэрхшээл тойроогүй, дайрчээ. Шүүгээндээ хайрцаг дүүрэн зурагтай, шургаж унатлаа ажилласан, дэврүүн сэтгэл, том зорилгоос өөр юу ч үгүй алхаж явсан өдрүүд түүнд бий. Гэвч ард нь гарчээ.
Г.Доржлхагва 2016 оноос шонхортой нөхөрлөж, шувуулахуйн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, спорт, уламжлалт агнуур чиглэлээр хөгжүүлэх үйлсэд зүтгэж явна.
ШУВУУЛАХУЙ
Шонхроор ан ав хийх уламжлалыг “Шувуулахуй” гэж нэрлэдэг. Одоогоос 4000 жилийн тэртээ, тэр тусмаа Монголд үүссэн хүн төрөлхтний аж ахуй, агнуурын хэлбэр юм. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Цагаан салаанаас морь унасан эртний кидан анчин бүргэдтэй явж байгаагаар дүрсэлсэн сүг зураг олдсон нь шувуулахуй Монголоос гаралтайг гэрчилнэ. ЮНЕСКО-гийн 2016 оны арванхоёрдугаар сарын 1-ний тогтоолоор шувуулахуйг хүн төрөлхтний биет бус соёлын өвөөр бүртгэжээ. Энэ өвийг тээж буй 16 орныг зарласан бөгөөд Монгол Улс зүй ёсоор нэрлэгдсэн байдаг. Шувуулахуй нь өнөөдөр дэлхийн 80 гаруй оронд хөгжиж байна. Хамгийн том төлөөлөл нь Арабын хойгийн орнууд, Америкийн нэгдсэн улс, баруун Европын орнууд, Япон, Солонгос, Хятад юм.
Хүннүгийн Шаньюгийн алтан титэм дээр, Атилла хааны бамбай дээр шонхрыг дүрсэлсэн байдаг. Боржигон овгийн сүлд шүтээн нь цагаан шонхор шувуу юм. Монголын нууц товчоонд Чингис хааны өвөг Бодончар мунхаг урагт эс тооцогдож, Онон мөрөнд ганцаар салж одоод бор харцгай (үлэг харцага Accipiter gentilis) тэжээн ан гөрөө хийж байсан тухай гардаг нь шувуулахуйн түүхэн баримт билээ. Их эзэн Чингис хааны ач хүү Хубилай сэцэн хааны дэргэд 17 жил амьдарсан Марко Поло “Ертөнцийн сонин хачин” номдоо Хубилай хааны шувуулахуйн талаар маш дэлгэрэнгүй бичсэн байдаг. Хубилай хаанд буга, гөрөөс барих сургуультай алтан өдтэй бүргэд байдаг. Хубилай хаан шонхроо мөнгөн бөгжөөр бөгжилдөг ба хааны шувуу алдагдсан тохиолдолд хүн олбол тусгай шувуу маллагчид авчирч өгөх ёстой. Хариуд нь улсаас шан харамж өгдөг. Хубилай хаан 10 мянган шувуучин, 5 мянга гаруй шонхор, бүргэд шувуутай, ан хийж баясдаг гэхчлэн бичжээ. Монголын шувуулахуйн соёлын нэг хэлбэр нь казахын ард түмний дунд хадгалагдан үлдсэн цармын бүргэдийн ан юм.
Эрт цагт хөдөлмөрийн багаж зэмсэг хөгжөөгүй үед хүний амь зуух нэгэн хэрэгсэл нь махчин шувууг дасган тэжээж, ан хийх явдал байснаа дундад зууны үед хэлбэрээ өөрчилж хаад, ихэс дээдсийн зэрэг дэвийг илэрхийлэх соёл, дипломат харилцааны хэв шинжтэй болжээ. Харин эдүгээ спортын шинж чанартай хөгжиж байна. Шувуулахуйг агнуурын хэлбэрээр нь отох (waiting-on) ба хөөх (pursuit) гэж хоёр хэлбэр болгон хуваадаг.
Отох хэлбэр:
Шонхор эзнийхээ ойр орчимд, 100-400 метр хүртэл өндөрт 5 минут орчим отолт хийдэг ба энэ хооронд анч ноход олзыг үргээн ойртуулж ирнэ. Өндөрт байрлалаа эзэлсэн шонхор шумбан дээд хурдандаа хүрч амжаагүй амьтныг барьдаг. Отох шонхрыг ойролцоогоор нэг сар гаруйн хугацаанд тусгай горимын дагуу бэлддэг ажээ. Энэ арга нь Европ, Зүүн өмнөд Азийн орнууд, Пакистан, Иран зэрэг ой шугуй, уулархаг, бартаа саад ихтэй оронд дэлгэрчээ.
Хөөх хэлбэр:
Том биетэй ан, тухайлбал тоодог, эгэл шарандан, туулай, хун, галуу тэргүүтнийг холын зайд хөөн сунгаж, эцээж авладаг арга юм. Жороо тоодгийг дунджаар 8 км, түүнээс ч хол зайд хөөж барих тохиолдол бий. Хөөх хэлбэрийн арга нь ихэвчлэн задгай тал, говь цөл зонхилсон газарзүйн хэв шинжтэй Араб, Монгол, Туркменстан, Узбекистан, Казахстан, Марокко зэрэг улсад хөгжжээ. Эгэл шонхор отож, идлэг шонхор хөөж ангуучилдаг байгалийн зохилдлогоог харгалзан шувуугаа сонгон сургадаг ажээ. Үлэг харцага, цармын бүргэд зэрэг бусад төрлийн махчин шувуудын ангуучлах хэлбэр ч мөн бий.
Шувуулахуйг бүсчлэлээр нь барууны, Ойрх Дорнодын, Азийн гэсэн үндсэн гурван хэсэгт хуваадаг. Хэдийгээр дэлхийн 80 гаруй оронд шувуулахуйн уламжлал бий ч махчин шувуу сургах аргачлал нь ерөнхийдөө адил. Байгалиас залуу шонхор барьж анд сургадаг.
Монгол шувуулахуйн язгуурын хэлбэр болох шонхор, харцагаар ан хийх уламжлалыг сэргээх шаардлагатай юм. Бодлогоор дэмжиж, сурталчилж, шинжлэх ухаанч, логик дараалалтай урт хугацааны тогтвортой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа юм.