ХХАА-н сайд асан, Хүнсчдийн холбооны тэргүүн Д.Тэрбишдагва: “Намрын ногоон өдрүүд” олон улсын үзэсгэлэн болоосой
“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний үеэр ХХАА-н сайд асан, Хүнсчдийн холбооны тэргүүн Д.Тэрбишдагваас зарим зүйлийг тодрууллаа.
-“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг Та сайдаар ажиллаж байхдаа анх санаачилж байсан?
-Тийм ээ. ХБНГУ-ын туршлага юм. “Ногоон долоо хоног” нэртэй, дэлхийд томд тооцогдох үзэсгэлэнгээс санаа авсан хэрэг л дээ. Зөвхөн хэрэглэгчдэд зориулсан ийм үзэсгэлэн зохион байгуулдаг байх нь зөв юм гэж шийдээд, хэрхэн нэрлэх тухай тал талаас нь ихэд нухацтай ярилцаж байж билээ.
-Тухайлбал?
-“Алтан намар”, “Шаргал намар” гээд дандаа шар өнгөөр намрыг төсөөлдөг. Үнэхээр ч тийм. Гэхдээ “ногоон” гэдэг үгийг оруулмаар байсан л даа. “Ногоон эдийн засаг”, “ногоон хөгжил” гэж ярьдаг. Мэдээж, зохиогчийн эрхтэй холбоотой учир “Ногоон долоо хоног” гэж шууд хуулбарлаж болохгүй. Тэгээд шийдэлд хүрсэн нь “Намрын ногоон өдрүүд” юм. Энэ нэршилд одоо ч сэтгэл хангалуун байдаг. Үнэхээр ч ногоо ургаж байж л хүнстэй байна биз дээ.
-Худалдаанаас гадна танин мэдэхүйн ач холбогдолтой?
-Тэгэлгүй яахав, сургууль, цэцэрлэгийн хүүхэд багачууд их үзэж сонирхдог, танин мэддэг арга хэмжээ юм. Хотын төвөөс чиглэлийн автобус явуулж, иргэдийг үнэ төлбөргүй тээвэрлэж байлаа. Эрүүл, ашиг шимтэй мал, эрүүл аюулгүй хүнс, үндэсний үйлдвэрлэл гэсэн гурван чиглэлээр зохион байгуулж, энэ үеэр эрдэм шинжилгээний хурал, туршлага солилцох арга хэмжээ ч давхар болдог байсан. Би хоёр санал хэлмээр байна. Нэгд, “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг улам өргөжүүлэх, танин мэдэхүйн чиглэлд нь анхаарал хандуулаасай. Эклогийн цэвэр хүнс яаж бий болдог юм, Монголын үржил шимт хөрсөнд юу ургаж, тариаланчид маань яаж хөдөлмөрлөдөг, малын гаралтай түүхий эдийг хэрхэн бэлтгэж боловсруулдаг юм гэдгийг ялангуяа, хот суурин газрын цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдэд танин мэдүүлэх нь чухал шүү дээ. Хоёрт, энэ үеэр эрдэмтдийн үгийг сонсч, санал сэтгэгдлийг нь яриулах, туршлага солилцох боломжоор хангаасай. Үндэсний үйлдвэрлэлээ дэлхийд гаргах үүднээс олон улсын үзэсгэлэн болгоосой гэж хүсдэг.
Эцэст нь хэлэхэд, энэ удаагийн “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ тун сайн зохион байгуулалттай болж байна. Үндэсний үйлдвэрлэгчид маань хямд үнэтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд хүргэж байгаа нь чухал юм.
-Та ямар алба хашиж байна вэ?
-Монголын Хүнсчдийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Холбоо маань өргөжин тэлж, гишүүд ч нэмэгдэж байна. Тариан талбай, малын бэлчээрээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид нэгдсэн. Бид гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж тэднийг нэгтгэн ажиллахад төр засгийн байгууллагадаа туслах, санал бодлоо хэлэх, зөвлөх ажил хийж байна. Мөн би ХААИС болон Монгол-Германы хамтарсан Уул уурхай, технологийн их сургуулийн Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Сүүлийн үед ном бичгийн ажилтай явна даа.