“МТОТ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал М.Тэмүүлэн: Монгол хүний халуун гар, сэтгэлээр урласан хувцас
Та захиал, бид үйлдвэрлэе” уриатай нэгэн хамт олон “Зурагт”-ын шинэ эцэст үйлдвэрлэл эрхэлдэг. 2005 онд гэр бүлээрээ малчид, барилгачид, уурхайчдад зориулан гутал хийж эхэлсэн жижиг үйлдвэрлэгчид 2007 оноос хөдөлмөр хамгааллын хувцас үйлдвэрлэж татвар төлөгч “МТОТ” ХХК болон өргөжсөн байдаг. Одоо 200 гаруй байгууллагын захиалгын дагуу ажлын хувцас нийлүүлж буй арвин туршлагатай хамт олон болжээ. Үүсгэн байгуулагч, ерөнхий захирал М.Тэмүүлэнтэй саяхан болсон үзэсгэлэнгийн үеэр уулзсан билээ. Түүний яриаг хүргэе.
-Манайх Монголын тэргүүний оёдлын төв гэсэн нэрийн товчлол “МТОТ” компани юм. Монголдоо ажлын, хөдөлмөр хамгааллын гутал, хувцас үйлдвэрлээд 20 гаруй жил боллоо. Миний бие бага залуудаа БНСУ-д ажиллаж, амьдарч байхдаа ажлын гутал, хувцасны үйлдвэрт ажиллаж байсан туршлага, эхнэрийнхээ дизайнерын мэргэжлийн ур чадварт тулгуурлаад хөдөлмөр хамгааллын хувцас үйлдвэрлэх гараа маань эхэлсэн түүхтэй.
Төрийн болоод хувийн хэвшлийн байгууллагуудын ажлын байрны нөхцөл, онцлог байдалд тохируулан хөлийн улаас толгойн орой хүртэл хамгаалалтын бүх хувцсыг урлаж байна.
Хоолны газарт иж бүрдэл гэсэн хоолны цэс байдаг даа, түүн шиг манайх бүхий л төрлийн хувцсыг цогцоор нь үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй үе ч байлаа, нэг ширхэгтэй байхад олныг авъя гэсэн хүн ч гарч байлаа. Аливаа юмны үнэн зөв нь ялгараад ирдэг шиг хөл хорионы үеэр хэн нь Монголдоо үйлдвэрлэл явуулж байна, хэн нь урдаас зөөж, эсвэл монгол шошго хадуулаад урд оёулж байна гэдэг нь ялгарсан. Манайх материалын болон бэлэн бүтээгдэхүүний нөөц ихтэй байсан болохоор хил гаалийн хориог ажралгүй давж байв. Хамгийн гол нь монгол хүний биеийн онцлогт тохируулан хийх чухал. Хил хаахаас өмнө өөр улсад захиалж оёулж авчраад Монголд үйлдвэрлэв гэсэн шошго хадаад зардаг газар олон байлаа.
-Зарим материал, түүхий эдээ Монголоосоо хангана биз?
-Тэгнэ, Монголоосоо авч болох юу байна бүгдийг авдаг. Гутал хувцасны доторх нэхийг “Дархан нэхий”, “Дархан минж” компаниас авдаг. Гутлыг “Дархан нэхий”, “Булигаар” компанийн арьс, мөн арьс ширний үйлдвэрүүдээс арьс, сарьс, улны шир бусад туслах материал авдаг. Цахилгаанчин хүн тогонд цохиулахгүй байхаар хуванцар товчтой хувцас, уул уурхай, барилгын компаниудад 500 кг-ын даацтай төмөр хамгаалалттай гутал нийлүүлж байна. Энгийн ажлын хувцасны ердийн хамгаалалтыг хоёр давхарлаад эрүүл ахуй, өмсөхөд таатай байхаар хийдэг гэх мэт байгууллагын ажлын байр болгоны хөдөлмөр хамгааллын хувцас өөр байдаг. Монгол арьс ширээр хийхэд чийг татахгүй эко бүтээгдэхүүн. Одоо 40 гаруй ажилтантай, сард 2500 хос гутал, мөн тооны иж бүрэн хувцас үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрлэлийн дөрвөн давхар барилга, нэрийн барааны гурван давхар барилга ашиглалтад оруулаад ажиллаж байна. Урдаас оруулж ирсэн хувцсыг бодвол манайх бага зэргийн үнэтэй. Монгол хүний биед тохируулж бүтэн порцтой хоол гэдэг шиг хангалттай сайхан тааруулдаг, дотоодоосоо түүхий эдээ авдаг, 40 гаруй ажлын байр бий болгосон гээд бодохоор урдаас зөөсөн хувцасны бага зэргийн үнийн зөрүүнээс илүү үнэ цэнийг манайх бүтээж байгаа юм л даа.