Монголчууд будаа, элсэн чихрээ үйлдвэрлэх цаг тун удахгүй

 Монголчууд будаа,  элсэн чихрээ үйлдвэрлэх  цаг тун  удахгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөтөлбөртэй уялдуулж УИХ өнгөрсөн оны
зургадугаар сарын 17-нд 36 тоот тогтоол баталсан.
Бид уг тогтоолын хэрэгжилтийн талаар тодруулж ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн  хэлтсийн дарга Ц.Болорчулуунтай уулзлаа.

Улс орны нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь реформын хүрээнд “100 жил–10 зорилт” хөгжлийн санаачилгыг Төрийн тэргүүн дэвшүүлсэн.
Иймд бид хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын урт, дунд, богино хугацааны бодлогод хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарахаар тусган, төлөвлөсөн зорилт, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тухайлбал: 2016–2030 онд хэрэгжих “Тогтвортой хөгжлийн Дэлхийн зорилт”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д өлсгөлөнг устгаж, хүнсний аюулгүй байдал болон хоол тэжээлийн байдлыг сайжруулах, тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих зэрэг болно.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг зарлаж, ойрын 5 жилийн хугацаанд гол нэрийн 19 нэр төрлийн хүнсээр хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж, цаашлаад хүнс экспортлогч улс болох зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолыг 2022 онд баталж хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхааран ажиллаж байна.
“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд нийт 1,7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд, үүний 30 гаруй хувийг улсын төсвөөс, гадаадын зээл тусламжаар 35 хувийг, аж ахуйн нэгж байгууллагуудын хөрөнгө оруулалтаар 22 хувийг, хандив тусламжаар 8 орчим хувийг тус тус бүрдүүлж байгаа.
“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолоор ирэх таван жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн салбарын 5 чиглэлийн хүрээнд 41 үйл ажиллагаа, 114 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.
Бид гол нэрийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилтын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийг олгохоор 2023 оны улсын төсөвт 125.5 тэрбум төгрөг тусгагдаж, арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэн, Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн хэмжээг 13 хувь байхаар шийдвэрлүүлсэн.
Энэ хүрээнд зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, арилжааны 10 банкнуудтай, зээлийн хүүгийн хөнгөлөлтийн санхүүжилтийн ерөнхий гэрээг Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанктай хамтран байгуулсан.
Ерөнхий гэрээний дагуу хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуй нэгж, хоршоодод Эргэлтийн хөрөнгийн зээл хоёр жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй, хөрөнгө оруулалтын зээл нь таван жилийн хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэйгээр Мал аж ахуйн үйлдвэрлэлд 132.3 тэрбум төгрөг, Газар тариалангийн үйлдвэрлэлд 342.6 тэрбум төгрөг, Хүнсний боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжихэд 507.1 тэрбум төгрөгийн нийт 982.0 тэрбум төгрөгийн зээлийг банкны эх үүсвэрээс олгож байна.
Өнөөдрийн байдлаар арилжааны 10 банкаар дамжуулж 500.0 гаруй тэрбум төгрөг 27 чиглэлд олгоод байна.
Үүний үр дүнд өнгөрсөн жил гаруйн хугацаанд импортоос хамааралтай 19 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд тодорхой ахиц дэвшил гарч энэ намрын ургацын урьдчилсан балансаас үзвэл улсын хэмжээнд 501.0 мянган тонн үр тариа, үүнээс 472.0 мянган тонн хүнсний улаанбуудай, 165.0 мянган тонн төмс, 165.8 мянган тонн хүнсний ногоо, 65.0 мянган тонн тосны ургамал, 225.0 мянган тонн тэжээлийн таримал, 5.0 мянган тонн жимс, жимсгэнэ хурааж авахаар байна. Ингэснээр бид улаанбуудай, төмсөөр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг 82 хувь хангах боломжийг бүрдүүллээ.
Түүнчлэн өнгөрсөн жилээс хүнсний ногооны тариалалтад хөнгөлөлттэй зээл, урамшуулал олгож, үр нийлүүлэх зэрэг бодлогын дэмжлэгийн үзүүлснийн үр дүн гэж дүгнэж байна.
Мөн газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр бидэнд төмс, хүнсний ногоог хадгалах, тээвэрлэх, борлуулах нэгдсэн сүлжээг бий болгох, өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулах хэрэгцээ шаардлага байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төмс, хүнсний ногооны 60 орчим хувийг хадгалах боломж байгаа бөгөөд цаашид 55.0 мянган тоннын багтаамж бүхий агуулах, зоорь, 50 га-д өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулах шаардлагатай байна.
Иймд, цаашид хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг төмс, хүнсний ногоог хадгалах, тээвэрлэх, борлуулах нэгдсэн сүлжээг бий болгох, өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулахад бодлогын дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа. Ингэснээр бид 2024 он гэхэд дотоодоос хүнсний ногоогоо 100 хувь хангах нөхцлийг бүрдүүлнэ.

Будаа, элсэн чихэр 100 хувь импортоос хамааралтай. Хэзээ дотооддоо үйлдвэрлэдэг болох вэ?
Элсэн чихрийг нишингэ, чихрийн манжингаас голлон гаргаж авдаг. Манай орны тухайд чихрийн манжин тариалах боломжтой эсэх талаар олон судалгааны ажил хийсэн байдаг. Мөн манайд тохирсон сортыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Чихрийн манжинг манай орны тариалангийн төв болон зүүн бүс нутагт тариалах боломжтой бөгөөд тухайн бүс нутагт элсэн чихрийн үйлдвэр байгуулах, түүнийг түүхий эдээр тасралтгүй хангах шаардлага чухал юм.
Харин цагаан будааны тариалалтыг бүс нутгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд туршиж, тариалалтыг хийж улмаар үр дүнгээ өгч эхлээд байна.

Төмсийг тодорхой хэмжээгээр экспортлох боломж байгаа юу
Өнөөдрийн байдлаар Монгол Улс үр тариа, төмсний хэрэгцээгээ бүрэн хангаж, хүнсний ногооны нийт хэрэгцээнийхээ 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангаж байна. Ер нь төмс экспортлох боломж байгаа. Хөрш улсууд ч төмс худалдан авах сонирхолтой байгаагаа өмнө нь илэрхийлж байсан. Бид гол нь төмсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингээх, төмсний гарал үүсэл болон агуулахыг баталгаажуулах бэлтгэл ажлуудыг хийх шаардлагатай. Өнгөрсөн жилээс төрийн үйлчилгээг цахимжуулах стратегийн хүрээнд тариалангийн үйлдвэрлэлийн “plant.mofa.gov.mn” нэгдсэн системийг хөгжүүлсэн бөгөөд уг системээр дамжуулан ургамлын гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийг баталгаажуулах ажлууд хийгээд явж байна.

Холбоотой мэдээ