Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат агрономич, “Газрын ундраа”ХХК-ийн ерөнхий захирал Шаравын Мардаан: Би ихээхэн зол завшаантай хүн. Монгол төрийн хоёр ч том шагнал нэгэн энгэрт зэрэгцэн багтана гэдэг ховор шүү
-Номгоныхоо энэ л хөндийд зөвхөн тариа тарьж ургуулсаар явна-
Энэ их хүнтэй тариан талбайд нь уулзаад ярилцаж зогсоно гэдэг тийм ч олон олдохгүй боломж юм даа. Ануухан, яриа цэгцтэй, эрхгүй л хүндлэл төрүүлсэн хүн юм. Тэгээд ч Ш.Мардаан гуайг газар тариалан, тэр дундаа үр тарианы салбарт их юм хийж бүтээсэн гэдгийг хэн ч андахгүй. Олон жилийн өмнөөс л зурагт, радиогоор ярьдаг, үр тариа гэхээр л Ш.Мардаан гуай санаанд буудаг байж билээ. Биднийг очиход тэрээр, ургац хураалтдаа бэлтгэн, техникүүдээ завсарлах их ажилтай байсан. “Есдүгээр сар дөнгөж гараад тариагаа хураана” гэсээр угтав. Талбайг захлан хадсан байх бөгөөд энэ нь бэлтгэл ажлын нэг хэсэг юм байна. “Газрын ундраа” компани Сэлэнгэ аймгийн Номгон суманд 1320 га-д улаанбуудай, 100 орчим га-д раапс тариалжээ.
-Сайхан намаржиж байна уу? Ургац арвин уу?
-Гэмгүй, сайн байна. Улаанбуудай га-гаас 23-24 цн авахаар байна. Жилдээ 1100 орчим га-д уринш хийж, 1400-1500 га-д тариалдаг. 2560 га эргэлтийн талбайтай. Болохгүй биш, болж л байна даа. Зах зээлийн хууль юм даа. Хүн чаддаг юмаа хийж л амьдарна шүү дээ. “Газрын ундраа” компанид маань жолооч, комбайнчин, тракторчин, мэргэжилтэн, туслах ажилтан гээд нийтдээ 18 хүн ажилладаг. Уг нь хорин хэдэн хүн байлаа.
-Яагаад цөөлчихөв дөө?
-Манайх эндээ гурил тэжээлийн цехтэй байсан юм. Юм хийхээр борлогдохгүй, больсон. Тэнд ажиллаж байсан хэдэн хүн ажилгүй болоод өнгөрсөн. Тариагаа л тарьж байна. Гэхдээ яахав, дэргэдээ 30-аад үнээний саалийн фермтэй. Цэвэр үүлдрийн, саамандаа 5-6 литр гарчихдаг юм. Саалийн хугацаанд өдөрт 100 литр саачихдаг, “Сүү”ХК-иас ирээд авчихдаг юм. Тэжээлийн бааз суурь нь байгаа юм чинь, тэгээд ч эр төлөөс нь жаахан томруулаад тариа бригадын хоол ундад ашигладаг ухаантай.
Түүнээс кг нь 15 мянгын мах авна гэвэл мань мэт нь дийлэхгүй шүү дээ. Энэ их талбайн юм идэж байгаа хойно, манай үхрүүд оноотой тарган ордог доо.
-Та олон жил газар тариалангийн салбарт ажилласан, төрийн өндөр дээд алдар цол хүртсэн хүн. Залуу хойч үедээ мэдлэг, туршлагаа дамжуулан өвлүүлэх талд юу хийж байна вэ?
-Төв, Булган, Сэлэнгэ гээд тариатай аймаг бүрээс асууж сураглаж байдаг юм. Юм хөгжөөд сайхан ч болсон цаг даа. Хавар, намрын улиралд миний утас зайгүй хангинадаг юм. Тэр бүхэнд би төвөгшөөлгүй, дуудлага бүрт хариулж, ингэж хийх ёстой, ийм юм байх ёстой гэдгийг чадлын хэрээр зөвлөж хэлж өгдөг. Би хоёр хүүхдээ ХАА-н чиглэлээр их, дээд сургуульд сургаж, нэгийг нь агрономич, нөгөөг нь инженер болгосон. Хоёул компанидаа ажиллаж байна. Дээр нь хавь ойрын бүх сумын хаврын тариалалт, намрын ургац хураалтын зөвлөгөөнд оролцож, дадлага туршлага, ажил амьдралаас сурч мэдсэнээ ямар ч үнэ өртөггүй хэлж ярьж л байдаг даа.
-Газар тариалангийн салбар үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал салбар шүү?
-Тэгэлгүй яахав. Төрөөс байнга харж, дэмжиж тусалж ирсэн. Саяхан гэхэд л хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар Ерөнхийлөгчийн тогтоол шийдвэр гарлаа шүү. Ер нь ч тэгээд монголчууд хүнсээ өөрсдөө бэлтгэж идэх шиг сайхан юм хаа байх вэ. Урьд нь болж л байсан юм шүү дээ. Социализмын үеийнхээс өнөөдөр сая гаруй хүн нэмэгдсэн юм шиг. Тэгсэн ч хүн ардаа тэжээх боломж Монгол нутгийн хөрс шороонд бий. Газар тариалангийн үйлдвэрлэлд техник, технологи сайжирсан байна. Манайхан ер нь Оросын техник хэрэглэхээ больсон шүү. Дандаа барууны трактор, комбайн орж ирж байна. Хүчин чадал ч гэж мундаг, эрүүл ахуйн шаардлага хангасан нь дэвшил юм. Мөн ажлыг технологийн хугацаанд нь хийж амжуулах боломж бүрдсэн. Найдвартай, тогтвортой ургац авах бололцоо байна. Том дугуйтай ийм трактор гэхэд манайд дөрөв байна. “Jonn Deer”-ийн комбайн гэхэд гурав зогсч байна. Манай тухайд гайгүй л дээ. Гэсэн ч ажиглаад байх нь ээ, тэдгээр техникийг жолоодох мэргэжлийн боловсон хүчин дутагдаж болзошгүй тал ажиглагдаж байна. Ялангуяа, трактор комбайнчин, операторчин мэргэжлийн хүн ховорджээ. Төрийн бодлогын хэмжээнд ярихгүй бол болохгүй болжээ. Дээр үед ТМС-д бэлтгэдэг байв. Одоо толгойтой хүн бүр дээд сургууль гэж зүтгээд яг ийм нарийн нандин мэргэжлээ тойрч давхиад байна. Төрийн дэмжлэг, урамшуулал хэрэгтэй гэж бодох юм.
-Төр засгаас ийм юм хийчихээсэй гэсэн бодол бий юу?
-Сүүлийн гурав, дөрвөн жил Сэлэнгэ, Булганы раойнд цаг агаарын тааламжтай нөхцөл бүрэлдсэн. Дээр хэлсэн шиг техник, технологи сайжирсан учир тариаланчдад урам зориг өгсөн. Цаашид энэ төвшинг тогтвортой хадгалах арга хэмжээг бодлогоор авч явуулах ёстой юм.
-Социализмын үед газар тариалангийн салбар ямархуу өнгө төрхтэй байсан бэ?
-Ололтой тал гэвэл, хөрөнгө мөнгө, хүн хүчээр дутагддаггүй байв. Улсын төсвөөс бүгдийг өгдөг байлаа. Сургуулийн хүүхдүүд, армийн цэрэг дайчид ургац хураалтад дайчлагддаг сан. Монголын газар тариалангийн оргил үе гэвэл 1980-аад он юм. Сая орчим га-д тариалж, 860-аад мянган тонн ургац авч, экспортод тодорхой хэмжээгээр гаргаж байсан үе. Харин өнөөдөр хөрсний шим ихээхэн алдагдсан байна. Энэ ч аргагүй байх. Дөнгөж л 18-20 см зузаан ялзмагт үетэй энэ хөрсөө хайрлаж хамгаалж, тордож, арчилж байх хэрэгтэй юм. Энэ жилээс хэрэглэж буй бордооны үнийн дүнгийн 30 хувийг тариаланчдад буцаан олгоно гэсэн сураг гарч байна. Одоохондоо өгч авсан юм алга. Энэ нь зөв юм.
Мэргэжлийн, цөөхөн хүн хөрс шорооныхоо төлөө санаа зовдог байхгүй юу. Тариа тарьж буй олонхи захирал эндээс яаж мөнгө авах вэ гэж л боддог болохоос газар шороогоо хойч үедээ үлдээж өвлүүлэх талаар тааруухан байдаг шиг.
-Энэ жилийн үнэ ханш ямархуу байхаар байна даа?
-Өнгөрсөн жил стандартын шаардлага бүрэн хангасан, мундаг чанартай будааг тонныг нь дээд тал нь 1 сая 40 мянган төгрөгөөр авсан. Энэ жил түүнээс доош буухгүй болов уу гэж хүлээж байгаа. Ийм үнээр зарчихвал ирэх хаврын тариалалтад бэлтгэж түлш шатахуунаа нөөцлөх, үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэх боломж бий. Төрөөс тонн будаа тутамд 50-60 мянган төгрөгийн урамшуулал олгодог. Нэмэртэй л байдаг юм. Ерөнхий сайд М.Энхболд тухайн үедээ манай компанид ирж уг урамшууллын асуудлыг газар дээр нь шийдэж байлаа. Одоо хүнсний ногоонд бас олгож байна. Бас л нэг хөшүүрэг.
-Номгоны САА гэж байх үеэс одоо байгаа тариалангийн газрын хэмжээ өөрчлөгдсөн болов уу?
-Би ХААДС-ийг 1978 онд төгсөөд Номгоны САА-д анхны үрийг агрономичоор ирж байлаа. Сайд нарын зөвлөлийн 1976 оны тогтоол шийдвэрээр, Атрын II аяны хүрээнд манай САА байгуулагдаж байв. 1977 оны хавар ажил нь эхэлсэн юм билээ. Би хоёр жилийн дараа ерөнхий агрономич болсон. Түүнээс хойш Номгоныхоо энэ хөндийд зөвхөн тариа тарьж ургуулсаар, алдаж, онож өдийг хүрчээ. Гэхдээ алдсанаасаа оносон нь их байх аа. Номгоны САА тэгэхэд 25.000 га эргэлтийн талбайтай байсан. Одоо яг тэр хэмжээндээ байгаа. Ганц ч га газар атаршуулаагүй.
Ерээд оны үед, зах зээлд шилжихийн өмнөхөн Номгоны САА-н даргаар Намын төв хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгч байсан Сүрэнжаргал гэж эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн хүн ирсэн. Тэр хүн манай САА-н хувьчлалыг маш зөв явуулсан юм. Газрыг тариалангийн мэргэжилтэнд нь өгсөн. Тиймээс өдий хүртэл бүрэн бүтэн байгаа хэрэг. Ерээд оны дунд үеэс Монголын газар тариалангийн салбар унаж, жилдээ 80-100-хан мянган га-д тарьдаг байхад хүртэл Номгоныхон хорин хэдэн мянган га-гаа эзлээд, арван хэдэн мянган га-даа тариалаад л явж байсан. Социализмын үеэс хийж сурсан хөдөлмөр нь үе дамжин явсаар ирсэн учир Номгоны компаниуд их үү, бага уу л гэхээс ургац ердөө алддаггүй.
-Үрийн чанар ямархуу байдаг юм бол?
-Энэ талд онцгой анхаардаг. 4-5 жил болоод нэг удаа сэлгэдэг. Тэгж байж тогтвортой ургац авна шүү дээ. Ном дүрэмд юу гэсэн байна, тэр дагуу л ажилладаг. Энэ жил “новосибирск” гээд 20 тонн элит үр 100-гаад га-д тарьсан. Дажгүй сайхан ургасан. Энэ мэтээр өөр бас бус хийж байгаа юм бий, бий. Бид чинь тариан талбайгаа зунжингаа л арчилна, бордоно. Тэгж байж л жаахан ургац авч байгаа юм.
-Одоо ер нь атар хагалах боломжтой газар байна уу?
-Халх голд л бий дээ. Өөр ч мэдэхгүй ээ. Шавхвал жаахан л юм гарвал гарах байх.
-Малчид тариаланчдын зөрчил ямар байна?
-Хэвээрээ. Тариалангийн бүс гэж зарлаад нэмэргүй. Хашааны хүчинд л болгож байна. Энэ хавар гэхэд би 22 сая төгрөг зарж 13 км газар хашаалсан. Ирэх жил мөн хэмжээний хөрөнгө зарчихвал бүх талбай маань хашаатай болно. Дандаа өөрийн хөрөнгөөр хийж байгаа юм. Мал замбараагаа алдсан. Номгоны САА гэж байхад 2000 гаруйхан үхэртэй, 200-гаад адуутай, 16.000 хоньтой байсан юм. Гэтэл газар нутаг нь хэвээрээ байхад энэ жилийн эцсийн тооллогоор 105.000 мал энд байна. Бэлчээрийн даац яаж хүрэх вэ дээ. Нарийн ургамал нь ч ховордсон. Өдөр шөнөгүй л “поль” руу дайрч байна шүү дээ.
-Та Хөдөлмөрийн баатар болж байсан үеэ нэг дурсаадхаач?
-Их хөгтэй. Хөгтэй ч юу байхав, 2009 оны 11-р сард юм. Би гар утасны эрхээ сунгуулах санаатай Дархан руу давхиж явлаа. Уулзвар дээр цагдаа дохиж зогсоолоо. “Яасан юм бол, зөрчил гаргаагүй л баймаар юм” гэсэн шүү бодогдож байна. Цагдаа ирж ёслоод л, “Таныг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат гэж хүн яаралтай холбоо барь гэсэн” гэлээ. “Яах гэсэн юм бол” гээд л цааш давхиж, утсаа ч нээлгэлээ. Засаг даргатай ярьтал “Та одоо хаачих гэж байна” гэж асуув. “Банк орчихоод буцна даа” гэлээ. “Буцаж болохгүй шүү. Наанаа хүлээж байгаарай” гэж учир битүүлэг юм хэлдэг юм. Би ч гайхсхийгээд, хүлээж байтал Засаг дарга, албаны хүмүүс, араас нь гэр бүлийнхэн маань бөөнөөрөө ороод ирдэг юм. Надад “сюрприз” барьж байхгүй юу. Ингэж л анх дуулж мэдсэн дээ. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар…” гээд л нэр алдрыг минь дуудахад өөрийн эрхгүй л аяганд нулимс цийлэлзээд, хамар шархирч огшдог юм билээ. Төрийн тэргүүн маань Хөдөлмөрийн баатрын алтан соёмбот тэмдэг зүүхэд тэр талд хүндрээд л, бараг ч тэнцвэр алдах дөхсөн байх. Би өөрийгөө ихээхэн ховор аз завшаантай хүн юм даа гэж боддог. Монгол төрийн хоёр ч том шагнал нэгэн энгэрт зэрэгцэн багтана гэдэг ховорхон олдох хувь заяа юм даа.