“Их өнгөт” ХХК-ийн захирал Сумъяагийн Сүхбаатар: Шийрийн эртийн төмс улсын хэрэгцээг дангаар хангадаг

 “Их өнгөт” ХХК-ийн захирал Сумъяагийн Сүхбаатар: Шийрийн эртийн төмс улсын хэрэгцээг дангаар хангадаг

Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг, Шийрийн өгөөж баян хөндийгөөс жил бүрийн долдугаар сарын 15-наас эртийн төмс нийслэл рүү ачигддаг. Наадмын дараахан эрт ургацын шинэ төмс зөвхөн эндээс нийлүүлж, нийслэлийн төдийгүй орон нутгийн хэрэгцээг намрын ургац гартал бүтэн сарын хугацаанд бүрэн хангадаг билээ.
Бид социализмын үед “Ногоо бригад” гэж байсны суурин дээр аж ахуйгаа амжилттай хөтлөн яваа Улсын аварга ногоочин, “Их өнгөт” ХХК-ийн захирал Сумъяагийн Сүхбаатарынхыг зорьж очлоо. Тэрээр энэ жил 80 га-д төмс, үүнээс 30 орчим га-д эртийн төмс тариалжээ. Мөн 20 га-д сонгино, лууван, манжин зэрэг хүнсний ногоо, нийт 100 гаруй га-д тариалсан байна. Га-гаас эртийн төмс дунджаар 150, оройн төмс 200 цн хураах юм байна.
Биднийг очиход эртийн төмсөө борлуулж дуусаад байсан. Удахгүй оройн төмсөө бэлтгэх бөгөөд түүний өмнө бусад хүнсний ногоог дэс дараалан хураах юм байна. Хүрэн бор талбайн энгээр үзүүр нь хатаж шарласан ногоон цоортой бөөрөнхий сонгино шаргалтана. Өчигдөр трактораар “капалдаж” гаргасан гэнэ. Хэд хоног наранд хатаасны дараа савладаг юм байна. “Хоёр хоногоос хүүхдүүд ирж ажиллах юм” гэж С.Сүхбаатар тайлбарлав. Япон-Монголын хамтарсан “Шинэ Монгол” сургуулийн ахлах ангийн 120 сурагч хоёр дахь жилдээ ирж ногоо хураах юм байна. Тус сургуулийн захиргаа өсвөр үеийнхэнд ажлын амт мэдрүүлэх, танин мэдүүлэх ач холбогдлыг өндрөөр үнэлж, намрын ургац хураах дадлага хичээлийг сургалтын хөтөлбөртөө зориуд тусган хэрэгжүүлдэг ажээ. Хүүхдүүд долоо хоноод явсны дараа “Шинэ Монгол”-ын дээд сургуулийн оюутнууд залгаад ирэх юм гэсэн. Тэд зүгээр ажиллахгүй. Нэг хүн өдрийн 50.000 төгрөгийн цалинтай. Компаниас байр, хоолыг даана. Боломжийн хөлстэй, аятайхан хөдөлмөр шиг санагдсан шүү. Эрүүл цэвэр агаарт, байнгын хөдөлгөөнтэй байх нь эрүүл мэндэд тустайгаас гадна хүүхдүүд маань хэдэн “бор юм” халааслаад харьвал хичээлийн шинэ жил дөхсөн энэ үед адаглаад дэвтэр үзэг, гутал хувцсаа бэлдчихнэ дээ. Эцэг, эхэд нь ч таатай байх биз.

С.Сүхбаатар “солист”, “улаан нүдэн”, “Сэлэнгэ-5” зэрэг сортын төмс тариалдаг. Зөвхөн бууцаар борддог бөгөөд экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Харин үнэ ханш тогтворгүй, ченжийн “үзэмжээр” савладаг зовлон бий. Яг одоогийн байдлаар 45 кг-тай шуудай төмсийг 25.000-30.000 төгрөгөөр худалдан борлуулж байна. Нэг кг төмс 600 орчим төгрөгөөр ачигдаж байна гэсэн үг. Гэтэл Улаанбаатартын зах, бөөний төвд кг нь 1500 төгрөг болж очно. Томоохон сүлжээ дэлгүүрт бүр 3000 хүрнэ.
Тарьж ургуулсан хүнээсээ илүү шахам ашгийг дамжлага бүрт хүртэнэ.
-Энэ жил зардлаа нөхөхгүй шахам болчихлоо. Нэг шуудай төмсийг талбай дээрээс бэлтгэх зардал 3000-4000 төгрөг. Үүнд, ажилчны цалин, хоол, тракторын түлш шатахуун багтдаг. Дээр нь шуудай сав худалдаж авах болон Улаанбаатар руу тээвэрлэх зардлыг нэмнэ.
Хавар газар хагалсан, төмсөө тарьсан, явцын дунд мөр хоорондын боловсруулалт гурав, дөрвөн удаа хийсэн, усалсан зардлаа бас тооцох хэрэгтэй. Тэгэхэд нэг шуудай төмс өртгөө бараг нөхөхгүй болчихоод байгаа юм гэж С.Сүхбаатар захирал ярилаа. Нээрэн ч, зардал их байдаг бололтой. Ганцхан шуудай саваар жишээлэхэд, эднийх жилд 30.000 боодол шуудай худалдаж авдаг. 1200 ширхэгтэй нэг боодол нь хагас сая төгрөгийн үнэтэй гэнэ лээ.
Ер нь төмс, хүнсний ногоо тариалж буй аж ахуйн нэгжүүдийн зовлон адилхан аж. Ченжийн аманд багтаж өгөхөөс өөр сонголт тэдэнд байдаггүй байна. Магадгүй, төрөөс борлуулалтад тусалж, төмсөөр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр байгуулдаг ч байдаг уу, ямар нэгэн гарц гаргалгаа эрэлхийж болох юм даа гэж бодогдсон. Тариаланчид маань ченжээр дамжуулалгүй худалдах ямар ч боломжгүй. Тэд их хэмжээгээр аваад очдог, гэтэл дэлгүүрийн худалдагч дээд тал нь нэг, хоёр шуудайг л авна. Тэгээд ч дэлгүүр бүрээр “хэсч” явах боломж бололцоо үгүй. Яахав, явлаа гэхэд, лангууныхан голцуу зээлээр авч, борлуулсны дараа тооцоо хийх сонирхолтой. Харин энэ шаардлагыг ченжүүд хангадаг байна. Тэд жижиглэнгийн худалдаачдад зээлээр өгөх, борлуулалтын сүлжээ байгуулах ажлыг харин ч гаргуун хийнэ. Тиймээс тариаланч маань нэг дор, бэлэн мөнгө гаргаж авахын тулд ченжэд хандахаас өөр ямар ч аргагүй. Ийм л дүр зураг ялангуяа, төмс, хүнсний ногооны зах зээлд харагдаж байгаа юм.
С.Сүхбаатар 1993 оноос төмс тарьсан юм. Аав, ээж нь бас ногоочин, удам дамжсан тариаланч хүн билээ. Тэрээр, эртийн хураалтаар жилд 400 сая орчим төгрөгийн борлуулалт хийдэг ажээ. 800 тоннын зоорьтой. Найман хүнийг байнгын ажлын байраар хангаж байна. Тэрээр, бас 1000-т малчин юм. 40 орчим га-д малын тэжээл тариалдаг. Малаа тэжээнэ, ногоо хураасны дараа “поль”-доо бэлчээнэ. Боломждоо тулгуурлан МАА давхар эрхэлж буй нь зардлыг тодорхой хэмжээнд бууруулсан байна. Тухайлбал, хэдэн зуун хүнд “шөлний юм” хотноосоо авах нь хямд төсөр ажээ. Ид ажлын үед долоо хоногт нэг үхэр төхөөрдөг гэсэн.
Талбайд асар том усалгааны төхөөрөмж харагдав. ХХААХҮЯ-наас олгож буй 50 хувийн хөнгөлөлтөд хамрагдаж, урт хугацаатай, хүү багатай зээлээр худалдаж авсан гэнэ. Их ч үнэтэй эд бололтой. Хөнгөлөгдөөгүй үнэ нь 200 орчим сая төгрөг юм даг уу. Орчин үеийн, ухаалаг энэ аварга төхөөрөмж гортиг шиг тэнхлэг дээрээ дугуйрч эргэхдээ хэдэн арван га-г усалдаг байна. “Усалгаатай болсноор ургацын хэмжээ нэмэгдсэн” гэж эднийхэн ам сайтай байлаа. Эртийн ургацыг хавар дөрөвдүгээр сарын 25-наас тариалдаг юм байна.
-Төмсийг тодорхой хэмжээгээр экспортолж болдоггүй юм болов уу. Гадна талд манай эко бүтээгдэхүүнийг авах зах зээл бий шүү гэж С.Сүхбаатар захирал саналаа хэлсэн. Тэгвэл тариаланчид жилийн гурван улиралд хөлс хүчээ шингээсэн ургацаа ахиу үнээр борлуулах, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж байх шиг. Түүнээс гадна төмсөөр цардуул үйлдвэрлэх бас нэг боломж бий. Хивс, бэлэн хувцас хийхэд цардуул хэрэгтэй. Сэлэнгийн Хушаатад ийм үйлдвэрийн сураг гарч байсан, тэгсгээд замхарсан байна. Ер нь бид төмсийг зөвхөн идэж хэрэглэх биш, эцсийн бүтээгдэхүүн болгож ашигладаг баймаар. Пүнтүүз гэхэд Хятадаас түүхий эдийг нь авчирч савлаад л “монгол” нэрээр гаргадаг. Тэгвэл эх орны эрүүл хөрсөнд ургасан, экологийн цэвэр бүтээгдэхүүн төмсөө боловсруулж яагаад пүнтүүз төдийхнийг хийж болохгүй байх вэ. Ийм л яриа бидний дунд өрнөсөн сөн.
Сонирхуулахад, ноднин кг төмс 5000 төгрөг хол давсан үе байсан. Тэгэхэд С.Сүхбаатар кг-ыг нь 3000 орчим төгрөгөөр буюу шуудайг нь 130.000 төгрөгөөр ачуулж байжээ. Харин ченжүүд цааш нь 180.000-аар зарж байсан гэнэ лээ.

Холбоотой мэдээ