“Орхон түшиг ургац” ХХК Захирал Д.ХАДБААТАР: “Сонгодог жишээ”
Төрийн бодлого шийдвэр хүндээ хүрч, хөрсөн дээр буужээ
“Орхон түшиг ургац” компани энэ жил 7 га-д цагаан хальст сармис тариалж, 70 орчим тонн ургац хураахаар шамдаж байна. Монгол Улс сармисны нийт хэрэгцээнийхээ дөнгөж 1-2 хувийг дотооддоо хангаж байгаа өнөө үед тус компани энэ төрлийг боломжийн хэмжээнд тариалж, арвин ургац авч байгаа нь сайны жишээ юм. Дархан, Сэлэнгийн бүсэд эднийхээс өөр их хэмжээгээр сармис тариалж буй аж ахуйн нэгж байхгүй ажээ.
“Орхон түшиг ургац” ХХК сармисны үр үржүүлгийн тусгай зөвшөөрөл авч, ХХААХҮЯ-ны захиалгаар ноднин 33 тонн үрийн сармис нийлүүлжээ. Түүний өмнөх хоёр жилд 6-8 тонныг нийлүүлж байсан ажээ. Үр нийлүүлэхийн тулд мэдээж, тендерт өрсөлдөн ялсан бөгөөд мэргэжлийн байгууллагуудаас ургацын хугацаанд гурван удаа ирж, талбайн хяналт хийдэг гэнэ.
“Орхон түшиг ургац” компанийн захирал Д.Хадбаатар 1993 оноос хойш ногоо тарьж байна. Компаниа 2008 онд байгуулжээ. Үндсэн 11 ажилтантай, ажилчдынхаа нийгмийн асуудлыг боломжийн хэмжээнд шийддэг ажээ. Биднийг очиход халуун ус болон ажилчдын амьдрах орон сууцыг шинээр барьж байсан. Ажилчдын нийгмийн даатгалыг тогтмол төлдөг. Энэ жил удаан хугацаанд, тогтвор суурьшилтай ажиллаж буй хоёр хүнээ урамшуулж, Дархан хотод орон сууц худалдан авахад нь банкны зээлийн урьдчилгаа төлбөрийг төлж өгчээ.
Ноднин 37 сая төгрөгийн татвар тушааж, 90 хувийг нь буцаан авчээ. Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд, Засгийн газар, ХХААХҮЯ-наас бодлогын төвшинд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ жинхэнэ эзэддээ хүрч, газар дээрээ үр дүнтэй хэрэгжиж байгаа гэдгийг эдний жишээнээс харж болохоор байсан. Татварын 90 хувийн хөнгөлөлт, дээр нь бусад олон боломжийг дурдаж болох юм. Тухайлбал, усалгааны орчин үеийн төхөөрөмж худалдан авбал төр 50 хувийг нь дааж байна. Тариаланч маань үлдсэн 50 хувийг 12 жилийн хугацаатай, жилийн 1 хувийн хүүтэй төлнө. Болж байна, хаана ч байхгүй л боломж. Трактор, бусад техник ч ялгаагүй, тодорхой хөнгөлөлттэй. Төмснөөс бусад хүнсний ногооны тонн тутамд 100.000 төгрөгийн урамшуулал өгч байна. Бордооны тал хувийг дааж байна.
-Халуунд халж, хүйтэнд хөрч, цаг наргүй хөдөлмөрлөдөг ногоочин бидний хувьд эдгээр арга хэмжээ нь маш том дэмжлэг, цагаа олсон тус гэж баярлаж байна. Дээрх хөнгөлөлтөд хамрагдахын тулд тарьж ургуулсан ногоо маань гарал үүслийн гэрчилгээтэй, лабороторийн шинжилгээтэй л байх ёстой. Баталгаатай хүнс нийлүүлж байгааг гэрчилж байгаа хэрэг. Төвөгтэй юм ердөө ч үгүй. Хийж л байгаа ажил, бичиг баримтыг үнэн зөв, зохих шаардлагын дагуу бүрдүүлээд л боллоо. Ар өврийн хаалга, танил тал тохой ер хэрэггүй юм билээ. Гэтэл зарим нь хэтэрхий муу амтай юм. Шаардлагыг хангадаггүй юм болов уу даа. Тэгээд л усан амлаад явдаг байх гэж “Орхон түшиг ургац” компанийн захирал Д.Хадбаатар сэтгэгдлээ хуваалцсан.
Төрийн бодлого шийдвэр хөрсөн дээр бууж, хүндээ хүрч, амьдралд хэрэгжих нь ямар ач холбогдолтойг эдний жишээнээс сайтар ухаарч мэдэрсэн. Жишээ нь, Д.Хадбаатар усалгааны төхөөрөмжтэй болсноор талбайн хэмжээг нэг дахин нэмэгдүүлж, энэ жил 200 га-д төмс, хүнсний ногоо тарьж ургуулсан юм.
-Би хэрэв эдгээр тоног төхөөрөмжийг аваагүй сэн бол өнөөдөр 200 га-д ногоо тарьж чадахгүй. Тийм боломж ч байхгүй. Усалгаагаа гараар дийлэхгүй шүү дээ. Усалгааны энэ төхөөрөмж 10 га газрын байцааг 7-8 цаг яваад л усалчихаж байна. Өмнө нь 10 га-г хоёр хүн 10 хоногийн турш ноцолдож байж усалдаг байсан юм. Тэгээд бод л доо. Энэ чинь төрийн дэмжлэг биш үү? гэж залуу бизнесмэн, тариаланч Д.Хадбаатарын хэлсэн үг нэгийг бодогдуулсан.
Д.Хадбаатар төрийн хөнгөлөлт, чөлөөлөлт, урамшуулалд хамрагдаж, өнөөдөр 400-гаад сая төгрөгийн техник хэрэгсэл, усалгааны төхөөрөмжтэй болжээ.
Орхон сумын Засаг дарга Ганчулууны Бат-Орхон:
-Манай аж ахуйн нэгжүүд сүүлийн жилүүдэд ХХААХҮЯ-ны хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, услалтын систем авч байна. Техник хэрэгсэл нь ч сайжирч байна. Хөрөнгө оруулалтаа дагаад ургацын хэмжээ ч нэмэгдэж байна гэсэн юм.
“Орхон түшиг ургац” ХХК дэргэдээ 1300 тоннын хоёр зоорьтой. Ургац өндөр жил зоорь нь багаддаг гэнэ лээ. Энэ намар төмс, байцаа, хүрэн манжин, лууван зэрэг хүнсний ногооны хураалтад Дотоодын их сургуулиас 60 сонсогч авах юм байна. Залгуулаад хугацаат цэргийн 50 албан хаагч ажиллуулахаар зохих гэрээг байгуулаад байна. Нийт 300-гаад сая төгрөгийг ургац хураалтад зориулан зарцуулахаар төлөвлөжээ. Эднийх жилд тэрбум гаруй төгрөг “эргэлдүүлдэг”. Харин ашгийн хэмжээ нь ургацын өсөлт, бууралтаас шалтгаалж хэлбэлздэг ажээ.
“Бэрхшээл юу байна вэ?” гэж асуухад Д.Хадбаатар,
-Энэ бол хувийн хэвшлийн аж ахуй шүү дээ. Тиймээс ийм тийм бэрхшээл гэж тоочих утгагүй. Харин ч төр засгийн дэмжлэг, тусламжид талархаж байгаа. Яахав, малтай иргэдтэй ноцолдох нэг бэрхшээл бий. Дээр нь ургацаа борлуулах талд ченжийн гарыг харахаас өөр сонголтгүй байдаг гэж өгүүллээ.