Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэг: Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтээ мэргэжлийн байгууллагаар хийлгэх хэрэгтэй

 Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэг: Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтээ мэргэжлийн байгууллагаар  хийлгэх хэрэгтэй

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгтэй ярилцлаа.

-Сэлэнгэ аймгийнхан мод тарьж, ургуулж, нөхөн сэргээж сурчээ. Харин тарьж ургуулснаа зах зээлд борлуулах, талбайгаа мал оруулчихгүй хамгаалах талд хэцүүхэн байдаг бололтой?
-Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймаг нийлүүлэгч аймаг болохоо зарласан. Тэр тусмаа Ерөө, Бугант, Мандал, Хүдэр сум идэвхтэй оролцож байгаа. Аймгийн хэмжээнд 96 аж ахуйн нэгж мод үржүүлж, иргэд, нөхөрлөлүүд хүч нэмж байна. Манайхан ургуулж чадаж байна. Харин ургуулснаа хаана, хэнд худалдан борлуулах вэ гэдэг хэцүүхэн байна л даа. Аж ахуйн нэгж, нөхөрлөл, хувь хүмүүс тус тусдаа зах зээл хайж явснаас нэгдсэн бодлогоор шийдвэрлэх ёстой гэдэг. Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд нөхөн сэргээлтээ тухайн орон нутгийн мод үржүүлгийн компаниудаар гүйцэтгүүлж, сумтай гэрээ хийдэг байх нь хамгийн зөв алхам санагддаг. Мандал сумын тухайд “Бороо гоулд” байна. Нөхөн сэргээлтийг уул уурхайн компани биш, мэргэжлийн байгууллага хийдэг баймаар.
Өөр нэг зүйл гэвэл, мод үржүүлэх зорилгоор газар эзэмшүүлэх эрхийг заавал дуудлага худалдаагаар өгдөг. Гэтэл Мандал сумын тухайд газрын нөөц бага, мод үржүүлгийн талбайг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Энэ талаар шийдэл гарц хайж байна. Манайх 30 мянга орчим хүн амтай том суурин шүү дээ.

-Хувийн компаниуд төсөв мөнгө хэмнээд мод үржүүлгээ бие даан хийж байгааг бас буруутгах аргагүй л дээ?
-Тэр нь тийм, гэхдээ тухайн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж, байгалийн баялаг олборлож байгаа бол нийгмийн хариуцлагаа ч бас хэрэгжүүлэх ёстой.

-Мандал сумын хувьд энэ жил ургац хэр арвин байна?
-Манайх газар тариалан, мал аж ахуйн бүс нутаг. Улаанбуудайн 17 мянган га эргэлтийн талбайтай. Мал сүрэг гэвэл үхэр олонтой сум. Улсын сүүний хэрэгцээний 50-60 хувийг дангаараа нийлүүлдэг. Сүүлийн үед газар тариалан, өрхийн аж ахуй эрчимтэй хөгжиж байна. 1700 га талбайд төмс, хүнсний ногоо тариалсан. Тэр дундаа 850 га-д нь зөвхөн байцаа тарьж байна. Улсын хэмжээнд эрт ургацын байцааны 60 хувийг нийлүүлж байна. Мандал сум цаг агаарын таатай уур амьсгалтай, далайн түвшнээс дээш 1000-1120 метрт оршдог. Тиймээс эртийн байцаа маш сайн ургадаг, хойшдоо улсын хэрэгцээг эртийн байцаагаар 100 хувь хангах боломжтой.

-Үер ус, салхи шуурга гэх мэт байгалийн гамшгийн үед тариаланчдыг даатгалд хамруулах боломж хэр байдаг вэ. Малчид бол даатгалд сайн хамрагддаг гэж дуулддаг?
-Даатгалын компаниуд тариаланчдыг даатгалд хамруулах талд хойрго шүү дээ. Эрсдэл ихтэй ч байдаг байх.

-Төсвийн хөрөнгөөр орон нутагт хийгддэг ажлуудын гүйцэтгэл сул талаар байнга л яригдах юм. Танай сум төсөв гайгүй биз?
-Энэ жил бороо ус ихтэй байлаа. Гүүр нурсан. Аймгийн Онцгой комисс хуралдаад гүүр засварын ажлыг “Эрдэнэт суварга” компаниар гүйцэтгүүлж байгаа. Сумын зүгээс түр гүүрийг ес хоногийн дотор барилаа. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлууд 60 гаруй хувьтай байна. Сумын төвийн зургадугаар багт 1.1 км асфальтан зам, 29-р багт 610 метр замыг 250-иад сая төгрөгөөр хийж гүйцэтгэлээ. Удахгүй асфальтаар хучих гээд далангийн ажил хийгдэж байгаа. 3, 7 дугаар багт 750 сая төгрөгийн өртөг бүхий 1.3 км зам тавьж байна. 8 дугаар багт 350 сая төгрөгөөр тоглоомын талбай тохижуулж улсын комисс хүлээн авахад бэлэн болсон. Хэрх багт 100 саяар гэрэлтүүлэг хийв. Түнхэл тосгонд 10-аад км шахуу шороон хучилттай зам засварын ажил дууссан. Ер нь бол Орон нутгийн хөгжлийн сангаас 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирсний ихэнхийг дэд бүтэц, зам гүүрийн ажилд зарцуулж байна. Орон нутгийн төсвөөр жилдээ тэрбум гаруй төгрөг бүрдүүлдэг. Малын хөлийн татвараас 400-гаад сая төгрөг орж ирдэг ч тэр мөнгийг эргээд малчиддаа зориулж байна. Жишээлбэл, хоёр багт малын ариутгалын байр, хоёр гүний худаг гаргалаа. Энэ жил өвс сайн ургасан учир хадлангийн нөөц бүрдүүлж байна. Зуны үерээр хэд хэдэн гүүр нурж, ажлаа хийж явсан сайхан залуу амь насаа алдсан. Энэ бүгдээс үүдээд гамшгийн үеийн фондтой болохоор зорьж байна. Төрийн албан хаагчдын цалинг дунджаар 46 хувиар нэмэгдүүллээ. Цалин нэмэх тогтоол Засгийн газраас гаргадаг боловч нэмэгдлийг орон нутгийн төсвийн орлогоос санхүүжүүлдэг. Мөн жил болгон аймагт төвлөрүүлэх тэгшитгэлд Мандал сум жилдээ 1.8 тэрбум төгрөг төвлөрүүлж байна.

Холбоотой мэдээ