ЕРӨӨГИЙН ИРЭЭДҮЙ ЕРӨӨЛТЭЙ САЙХАН
“Хаврын төлийг намарт нь…”
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга Батмөнхийн Сэргэлэнгийн хэлснээр, тус сум хаврын хургыг тухайн жилийн намар эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхолтой аж. Ийм бодлого ч барьж байгаа юм байна. Энэ ажлын эхлэл болгож Араб руу 1000 хурганы мах экспортлох гэрээ байгуулжээ. Бага малын мах амт сайн, зөөлөн, тослог багатай, шингэх чадвар их, уургийн хэрэгцээг хурдан нөхдөг давуу талтай. Бага малыг борлуулснаар тухайн малчны тэжээлийн зардлыг хэмнэж, бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй байх ач холбогдолтой гэнэ. Ерөөчүүд энэ зорилгоор нутгийн шилмэл үүлдэр болох мах-ноосны чиглэлийн “Ерөө” хонио тордон үржүүлж байна.
“Ерөө” үүлдрийн хонийг анх эрдэмтэн Чадраабал нутгийн хар тарлан хонинд Оросын цэгээ үүлдрийг эрлийзжүүлэн 1958 онд гаргаж авчээ. Түүнээс хойш Сандаг зоо, Зоригоо зоо гэж ахмадууд үргэлжлүүлэн хөгжүүлсэн аж. 60 жилийн түүхтэй энэ хонь зах зээлийн шилжилтийн үед устахдаа тулж, 100 гаруйхан толгой үлдэж байсан ч өнөөдөр гадна, дотноос тусалж дэмжсэний хүчинд тоо толгой нь өсч, хэвшил нь эргэж сэргээд байгаа юм.
Ерөө суманд Цөм сүргийн үржлийн нэгж байгуулагдаж, ерөө үүлдрийн хонь дагнан өсгөж буй 14 малчин өрхийг бүлэг болгон зохион байгуулжээ. Сайн чанарын хуц оруулж ирэн чанарыг сайжруулахаас гадна ийм хуцны үрээр зохиомол хээлтүүлэг хийж байна. Хаа хаанаа сэтгэл тавин ажилласны хүчинд эдүгээ цэврээр 3000 гаруй, эрлийзтэйгээ нийлбэл 6000 гаруй тоо толгой болж өсчээ. Ерөө үүлдрийн хонь ид үедээ 20 мянган толгойд хүрч байсантай харьцуулахад өнөөдрийн үзүүлэлт бас ч чамлахааргүй амжилт юм.
Ерөө суманд “МАК” групп хөрөнгө оруулж, амжилттай ажиллаж байгаа аж. Ноднин 11,5 тэрбум төгрөгийн өртгөөр, 960 хүүхдийн суудалтай, улсдаа жишиг болохуйц орчин үеийн сургуулийн барилга барьж ашиглалтад оруулжээ. Хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, “МАК” эдүгээ тус суманд махны үйлдвэр байгуулахаар судалж байна. Газрын асуудал нь шийдэгдсэн бөгөөд үйлдвэрийг ирэх намар ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Үйлдвэртээ бойлж, махыг европ стандарт аар боловсруулаад, дотоодын зах зээлд нийлүүлээд зогсохгүй экспортод гаргах юм билээ.
Ерөө сумын малчид мал махаа борлуулах гэж энд тэнд явахгүй, шинэ үйлдвэртээ боломжийн үнээр тушаадаг, зөвхөн эх малтайгаа өвөлждөг байхаар ойрын ирээдүйг төсөөлжээ. “Ерөөгийн ирээдүй ерөөлтэй сайхан байх юм байна даа” гэж бодогдсон билээ.
Хамгийн их талбайг ойжуулсан сум
Ерөө суманд уул уурхайн улмаас эвдэгдсэн 3000 орчим га талбай байгаа юм. Энэ жил “Оюутолгой” болон “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар 1600 орчим га талбайг нөхөн сэргээжээ. Ингэснээр нэг жилд хамгийн их талбайг ойжуулсан сум болж байна. Ерөө сум үр тарианы 24.000 га эргэлтийн талбайтай, улсын хэмжээнд үр тарианы 5-6 хувийг бэлтгэн нийлүүлдэг. 93.000 орчим толгой малтай. Уул уурхайн салбарт гэвэл “Болд Төмөр Ерөө гол” /”Топ-100” татвар төлөгчийн эхний зургаад бичигддэг. Сурв./ компани төмрийн хүдэр олборлож жилд 300 тэрбум төгрөгийн татвар тушаадаг байна.
Уул уурхай, газар тариалан, МАА гэсэн эдийн засгийг бүрдүүлэгч гол гурван салбар байсан бол өнөөдөр мод үржүүлгийн салбар шинээр нэмэгдэж, сумын эдийн засагт жин дарахуйц болон хөгжиж байна.
Ерөө сум 1959 онд атар газар эзэмшиж ахуй цагт Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одонгоор шагнагдаж байсан түүхтэй. ХАА-н салбараас төрсөн Монгол Улсын Хөдөлмөрийн ууган баатар Бямбацогт 24 насандаа энэ эрхэм хүндэт цолны эзэн болж байжээ. Ерөө сумын нутгаас бэлтгэсэн мод дүнз, банзаар Төрийн ордон, 40 мянгатын байшингуудыг барьж байсан түүх бий. Ерөөчүүд 100 жилийн ойдоо одооноос бэлтгэж байна.