СУФФОЛК
Хонины ирэх хоёр жилийн төрөөгүй төл зарагдаж дуусчээ
-Хурган хуц 4 сая төгрөгийн үнэтэй-
Ерөө сум дахь Английн “суффолк” үүлдрийн үржлийн цөм сүргийн аж ахуйтай танилцлаа. Мах-ноосны чиглэлийн өндөр ашиг шимт энэ хонийг “Монгол Женетикс Сервис”ХХК 2016 онд Франц улсаас оруулж иржээ. Тус компанийн захирал Баттулгын хэлснээр энэ үүлдрийн хонь нь өсвөр насандаа тураг мах бий болгодог, идэхийн хэрээр шингээдэг, өөх бага хуримтлуулдаг, жин масс их авдаг, тэр утгаараа аж ахуйд тун ашигтай мал ажээ. Дэлхийн бараг бүх улсад үржүүлж буй суффолк хонины сайн талыг жагсаавал нэлээд урт болох биз ээ. Ямартай ч, тэжээлийн дуршил сайн, голж шилдэггүй, бэлчээр ашиглалт сайн, дотор шимэгчдэд тэсвэртэй, дархлаа сайтай, байгаль цаг уурын ямар ч нөхцөлд хялбар дасан зохицдог, холын бэлчээрт сульдаггүй, үржил, бэлгийн дуршил сайн, хээл авалт өндөр, төлөрхөг чанар маш сайн, хургалалт хөнгөн, хүндрэл багатай, номхон дөлгөөн авиртай, наслалт урт байдаг байна.
Нас гүйцсэн суффолк хуцны амьдын жин 110-160 кг, эм хонь 81-110 кг, 6 сартай хурга 60 кг жин татдаг гэнэ. Эрчимтэй сайн тэжээллэгтэй нөхцөлд 3 сартай хурга 35-40 кг /амьдын жингээр/ болдог байна. Мах нь шүүслэг, зөөлөн, шингэц сайтай, ашигтай бодисоор баялаг учир бусад үүлдрээс илүү үнэлэгддэг ажээ. Тухайлбал, ийм хонины мах шүдний цооролтоос сэргийлэхэд тустай фторын агууламж өндөртэй, холестрин маш багатай, чихрийн шижин үүсэхээс сэргийлэх лецинтинээр баялаг гэсэн.
Суффолк үүлдрийн хонийг нутгийн хонины махны гарцыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгцээний эрлийзжүүлэгт өргөн ашиглаж байгаа юм. Ингэснээр эрлийз хургийг нутгийн хонины төлөгний жинтэй, эрлийз төлгийг нутгийн нас гүйцсэн хонины жинд хүргэн борлуулах боломжтой гэнэ. Суффолк нь зүснээс хамаарсан алтлаг шар, эсвэл цагаан өнгийн, жигд нарийвтар ноостой, жилд хоёр удаа хяргах боломжтой, нэг удаагийн хяргалтаар нас гүйцсэн хуцнаас 3-5, эм хониноос 2-3 кг ноос авдаг ажээ. Энэ хонины ноосоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн эдэлгээ даах чанараар гайхагддаг, дэлхийн олон улсад нэхмэл, сүлжмэлийн үйлдвэрлэлд хэрэглэдэг байна. Чухамдаа, Баттулга захирлын онцлон хэлснээр, дэлхийн хонины аж ахуйн дэвшлийг Монголд авчирч, Монгол Улсын хонины аж ахуйн зах зээлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шилмэл энэ үүлдрийн үржлийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх гол зорилготой юм байна.
Түүх ярьвал, суффолк хонийг МААЭШХ-ийн эрдэмтэд 1999 оноос судалж эхэлжээ. Гүн хөлдөөсөн үр хөврөл импортлон, нутгийн монгол хонинд дурангийн аргаар шилжүүлэн суулгаж 2000 онд анхны төл авч байжээ. Тэр цагаас хойш эрлийзжүүлгийн туршилт, судалгааны ажил үргэлжилсээр байсан юм.
“Монгол Женетикс Сервис” ХХК эм гарсан төлийг зардаггүй, цаашид цэврээр нь өсгөх бодлого барьж байгаа бол хуцан хургыг сайжруулагчаар зардаг аж. Биднийг очиход энэ жилийнх төдийгүй дараа жилийн төл зарагдаж дууссан байсан. Нэг хуцан хурга 4 сая төгрөг ажээ. “Арай л үнэтэй биш үү?” гэж асуухад “Монгол Женетикс Сервис” ХХК-ийн захирал Баттулга ийн өгүүлэв.
-Харин ч үгүй шүү. Малчид маань ямар ашигтай мал вэ гэдгийг мэдэж байна л даа. Манайхаас авсан хуцаар жилд 50 хонь хээлтүүлье гэж бодъё. Эрлийз 50 хурга гарна. Нэг эрлийз хургыг 8-10 сартайд нь нядлахад гулуузын жин хамгийн муудаа 25 кг татна. Бод л доо, нутгийн үүлдрийн нас гүйцсэн эр хонины махыг суффолкын эрлийз хурга өгөх нь байна шүү дээ. За байя, кг махыг 8500-гаар бодоход л манай хуцны нэг жилийн төл эзэндээ доод тал нь 10 сая төгрөгийн ашиг өгчихөж байна. Тэгэхээр таны асуусан шиг би хуцан хургаа 4 саяар зарах нь үнэтэй биш байгаа биз дээ. Ер нь 1000 хонины ашгийг 300 хониноос авах бололцоотой юм шүү. Малаа өсвөр насанд нь эдийн засгийн эрчимтэй эргэлтэд оруулж байж амжилтад хүрнэ гэлээ.
Эдний хотонд суффолк үүлдрийн 300-гаад дан эм хонь бий гэсэн. Тэд мөн зохиомол хээлтүүлэг хийдэг бөгөөд нутгийн нэг хонь хээлтүүлэхэд 70 мянган төгрөгийн ханштай юм байна. Захиалга тасардаггүй гэнэ лээ.
Сонирхуулахад, суффолк хонь нь эзнийгээ байнга чаддаг барууны алдартай хүүхэлдэйн киноны гол дүр юм байна.