“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 41.5 сая мод тарьж ургуулжээ

 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 41.5 сая мод тарьж ургуулжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойших хоёр жилийн хугацаанд 41.5 сая мод тарьж ургуулсан тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсанд мэдээлжээ.

Түүнчлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мод үржүүлгийн 452 газарт 39 зүйлийн мод сөөгийн 12 тонн үр, 63 сая ширхэг тарьц суулгацын нөөц бүрдүүлсэн байна. Өнгөрсөн онд 275 мянган га талбайн тэрбум орчим модыг хортон шавжнаас хамгаалж, доройтолд өртөн, хатаж хуурайшихаас сэргийлж чадсан бөгөөд энэ жил 300 гаруй мянган га талбайг ойн хөнөөлт шавжнаас хамгаалахад 20 гаруй тэрбум төгрөг зарцуулах ажээ.

Үндэсний хөдөлгөөний хүрээнд тарих нийт модны 50 гаруй хувийг уул уурхайн компаниуд тарих бол Монголбанк, арилжааны банкууд “Тэрбум мод сан” байгуулан төсөл хөтөлбөрүүдэд ногоон санхүүжилт олгож байна.

Монгол Улс Европын холбооны “Ойн түншлэл”-д нэгдэн орсон Ази тивийн анхны улс болж, энэ хүрээнд төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Ойн генетик нөөцийн төв” болон “Хөрсний инновац, технологийн төв” байгуулан ойн салбарын дэд бүтцийг бэхжүүлэхэд томоохон хөрөнгө оруулалт хийжээ.

Монгол Улс ойгоо хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр идэвхтэй байр суурь баримталж, олон улсын түвшинд олон санал санаачилга дэвшүүлэн ажиллаж байна. Тухайлбал, энэ оны наймдугаар сард НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”, 2026 онд Цөлжилтийн тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах юм. Түүнчлэн 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулсан юм.

Холбоотой мэдээ