Монгол Улсад хүнсний зориулалттай “Эко усны сав” үйлдвэрлэж эхэлжээ
Монгол Улсад хүнсний аюулгүй байдал хурцаар тавигдах болсон бөгөөд хүнсний бүтээгдэхүүний сав, баглааны аюулгүй байдал, чанар, стандартыг мөрдөх зайлшгүй шаардлага тулгарч буй. Ялангуяа зориулалтын бус хуванцар савны найрлагад ордог химийн бодисууд хүнсний бүтээгдэхүүнд шингэх замаар хүний биед орж хуримтлагдсаар олон төрлийн өвчний суурь шалтгаан болж, хорт хавдар үүсгэдэг тул дэлхий нийтээр ахуйн хэрэглээнд бүрмөсөн хориглоод байгаа.
Манай улсын хувьд хүсний зориулалтын бус хуванцар савны хэрэглээ өндөр бөгөөд өрх дунджаар 20-100 литрийн багтаамжтай 3-4 ширхэг зориулалтын бус хуванцар савыг өдөр тутмын амьдралдаа ашигладаг байна. Судалгаагаар 2.1-2.4 сая зориулалтын бус савыг монголчууд өдөр бүр хүнсний хэрэгцээндээ ашигласаар байгаа нь эрүүл мэнд, амь насанд аюултай үзүүлэлт юм. Түүнчлэн жил тутамд 19,000 тонн шингэн хиймийн бодисоос үүдэлтэй 25-1000 литрийн багтаамжтай 11,231 ширхэг зориулалтын бус сав импортоор орж ирж байна.
Иймд зориулалтын бус хуванцар савны хэрэглээг халах үүднээс “Эко усны сав” ХХК нярай хүүхдийн угжны сав хийдэг зориулалтын материалаар хүнсний зориулалттай 60 л, 80 л, 100 л-ийн багтаамжтай савнуудыг дотооддоо үйлдвэрлэж эхэлжээ. Уг усны савыг БНСУ-ын “Dae Lim” компанийн өндөр нягтралтай полиэтилен HDPE буюу олон улсын чанарын гэрчилгээтэй түүхий эдийг ашиглаж үйлдвэрлэдэг тул хүний биед ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгээрээ давуу талтай аж.
Эко усны саванд ямар ч төрлийн хүнсний зориулалтын шингэн зүйл хадгалахад химийн урвалд орохгүй, хүчил шүлт бусад химийн идэмхий бодист тэсвэртэй шинж чанартай хэмээн үйлдвэрлэгчид тайлбарлаж байсан юм.