Буйлс тариалах зөвлөмж /Amygdalus/
Буйлс нь цэцэрлэгжүүлэлт, гоёл чимэглэлийн ургамал юм. Гурван метр хүртэл өндөр ургана. Үр жимсний, түлшний, эмийн, чимэглэлийн, балт, цай орлогч зэрэг олон талын ач холбогдолтой. Салаархаг саравгар мөчиртэй, залуу найлзуур улаавтар хүрэн, үсэрхэг, их өргөстэй хатгууртай. Цэцэг ганц нэгээр юм уу хааяа богиноссон найлзуур дээр хэд хэдээрээ багцалж байрлана. Дэлбэ ягаан, тонгоруу өндгөрхүү 5-7 мм. Навчлахын өмнө дэлгэрдэг. Яст жимс өргөн өндгөрхүү бөөрөнхий. 1,2-1,5 см урт, 1 см өргөн, үсэрхэг. Цэцэглэх, жимслэх хугацаа 5-6, 8-9 сар.
Суулгац сонгох
Үржүүлгийн эх цэцэрлэгээс үрээр үржүүлэн гаргаж авсан цэцэрлэгжүүлэлт, ойжуулалт болон хамгаалалтын зурвас байгуулах тариалалтад зориулагдсан 2-3 настай суулгац байх бөгөөд MNS 6785:2019 стандартыг хангасан байвал зохино.
Буйлсны суулгацын стандарт MNS 6785:2019
Д/д |
Үзүүлэлт | Суулгацын шинж тэмдэг | Зэргийн ангилал | |
I |
II |
|||
Үндэсний систем | ||||
1 |
Үндэсний урт | см-ээс багагүй | 40 | 30 |
2 |
Голч |
см-ээс багагүй | 0.8 |
0.6 |
3 | Өнгө |
Улаан шаргал |
||
Газрын дээрх хэсэг | ||||
1 |
Мөчрийн тоо | ш-ээс цөөнгүй | 2 | 1 |
2 |
Мөчрийн урт | см-ээс багагүй | 60 | 40 |
3 | Мөчрийн голч | см-ээс багагүй | 0.8 |
0.6 |
4 | Мөчрийн өнгө |
Хүрэн |
||
5 |
Гадаад байдал |
Үндсэн салаа мөчрийн гадаргуу нахиа шалбарч гэмтээгүй, үндэс харлаагүй, амь чийгтэй |
Тарих хугацаа
Манай орны нөхцөлд мод бутны суулгацыг хавар нахиа хөөхөөс өмнө 4 сарын 25-наас 5 сарын 15-ны хооронд, намар 9 сарын 25-наас 10 сарын 15 хүртэлхи хугацаанд тарих нь тохиромжтой.
Тарих арга, тэжээлийн талбай
Бут сөөгөнд голчоороо 40-50 см, гүнээрээ 40 см нүх ухаж бэлтгэнэ. Хайрга чулуутай хөрсийг зөөж зайлуулан ханыг тэгшлэнэ. Үржил шил муутай чулуу хайргатай хөрсөнд бут сөөгийг тарьж суулгахдаа хар шороон хөрсийг бэлтгэж, яг тарих үед хэрэглэх элс хар шороог нүхнийхээ ойр овоолж бэлтгэнэ. Хуурай уур амьсгалтай нөхцөлд хөрсний органик бодис нөхөн сэргэх явдал муу учир чийг тогтоох, ургамлын үндэс зүг бүрлүүгээ салбарлаж ургах нөхцөл бүрдүүлэх, хөвсгөр давхрага бий болгох, хог ургамал үржих нөхцлийг багасгах зорилгоор уриншилсан талбайд тариалах шаардлагатай. Тарих талбайн хөрсийг хавар эрт анжисаар 30-40 см гүн хагалаад хог ургамлын ургалт, чийг зэргийг харгалзан хэд хэдэн удаа хөнгөн боловсруулалт хийнэ.
Нүхээ урьдчилан услаад дараа нь тарих суулгацаа нүхнийхээ голд зөв байрлуулна. Аль болох эгц шулуун тэгш суулгавал үзэмжтэй харагдана. Суулгасны дараа бэлтгэсэн хар шороо элсийг нүхэндээ эргэн тойрон бага багаар хийж улмаар дүүргэн суулгацаа эргэн тойрон гишгэж эсвэл юмаар чигжиж нягтруулна. Үндсийг ил гаргаж болохгүй. Нүхийг хар шороогоор дүүрмэгц ирмэгийг тойруулан үржил шим муутай үндсэн шороогоор тогоо бэлтгэнэ. Тогооны хажуу ирмэг 10-15 см байвал зохино. Нэг бүрчлэн услах модонд ийм тогоог заавал гаргаж өгөх шаардлагатай. Буйлс нь хөрс голдоггүй ямар ч хөрсөнд сайн ургадаг онцлогтой. Усалгаа бага шаардана. Буйлсны 3-4 настай суулгацыг цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбай, амьд хашаанд, бусад мод, сөөгтэй хослон тарихад тохиромжтой. Мөн элсний нүүлт зогсоох, хөрс хамгаалахад ашиглаж болно. Ургал эрхтэнээр үрждэггүй онцлогтой.
Буйлсыг тарихдаа ургамал хооронд нэг метр, мөр хооронд 2-3 м зайтайгаар шуудуунд болон тогоо хийж тариална. Суулгацын үндэсний хүзүүг хөрсний гадаргуу дээр байхаар тохируулах бөгөөд суулгасны дараа сайтар гишгэж хөрсийг нягтруулж, дараа нь ханатал нь усална. Суулгацанд газрын дээрх болон үндэсний байдлаас хамааруулан тайралт таналтыг хийнэ.
Хамгаалалтын зурваст тариалах арга
Монгол орны байгаль, цаг уурын бүс, бүслүүрийн ангиллыг харгалзан хамгаалалтын ойн зурвасанд дараах мод, сөөгийн нэр, төрлөөс сонгож тарина.
Ойн зурвасад сонгон тарих мод, сөөгийн нэр, төрөл
Жимст цэцэрлэгийн талбайн хамгаалалтын ойн зурвас
Модны өндрийн ангилал |
Ташинга | Үүлдэр |
Мод, сөөгийн төрөл |
Ойт хээрийн бүс |
|||
Том мод |
1-р ташинга |
Шилмүүст | Шинэс, Гацуур, Нарс |
Навчит |
Улиас, Улиангар, Хус |
||
Дунд ба жижиг мод |
2-р ташинга |
Навчит |
Хайлаас, Агч |
Өндөр сөөг |
Монос, Бургас, Өрөл, Долоогоно, Далан хальс, Гандигар, Чацаргана, Голт бор |
||
Дунд ба намхан сөөг |
3-р ташинга |
Гүйлс, Буйлс, Нохойн хошуу, Тэхийн шээг, Боролзгоно, Тавилгана, Улаалзгана |
|
|
Хээрийн бүс |
||
Том мод |
1-р |
Навчит |
Улиас |
Дунд ба жижиг мод |
2-р ташинга | Хайлаас | |
Өндөр сөөг |
Монос, Жигд, Чацаргана | ||
Дунд ба намхан сөөг |
3-р ташинга | Гүйлс, Буйлс, Тэхийн шээг | |
Говь, Цөлийн бүс | |||
Том мод | 1-р ташинга | Навчит | Улиас, Тоорой |
Дунд ба жижиг мод |
2-р ташинга |
Хайлаас, Заг |
|
Өндөр сөөг |
Сухай, Жигд, Чацаргана, Голт бор, | ||
Дунд ба намхан сөөг | 3-р ташинга |
Гүйлс, Буйлс, Тэхийн шээг, Махирс, Хармаг |
Жимст цэцэрлэгийн хамгаалалтын ойн зурвас байгуулахдаа мод, сөөгийн үр, модлог болон ногоон мөчрөөр үржүүлсэн стандартын шаардлага хангасан суулгацыг ашиглана.
Ургамлан хашлаганд тариалах арга
Ургамлан хашлага тарих шуудуу нь 50 см өргөн, 50 см гүнтэй байна. Шуудуунд хийх шорооны хэмжээ шуудууны 75 хувьтай тэнцэх хэмжээнд байна. Ухсан шуудуунаас гарсан шороог ашиглах боломжтой бол хар шороо, бууц, эрдэс бордоог дээрх хэмжээгээр хольж сайжруулсан хэлбэрээр ашиглаж болохоос гадна дан хар шороог ашиглаж болно.
Усалгаа
Талбайд тарилт хийсний дараа заавал усалгааг хийнэ.
Усалгааны төрлүүд
Эх цэцэрлэг болон хамгаалалтын зурвас байгуулахад хамгийн чухал хэсэг бол усалгааны асуудал байдаг. Мод бут нь усыг маш ихээр шаарддаг. Усалгааны төрлийг услах хугацаа, усыг өгөх байдлаар 3 ангилна. Үүнд:
- Цэнэг усалгаа
- Ургалтын үеийн усалгаа
- Тусгай зориулалтын усалгаа
Цэнэг усалгаа
Цэнэг усалгааг хөрсөнд нөөц чийг хуримтлуулах зорилгоор
- Хавар /нахиа хөөхөөс өмнө/
- Намар /навч уналтын дараа/
Ингэхдээ ургалтын үеийн усалгаанаас хоёр дахин их нормоор усална.
Намрын цэнэг усалгааг сайн хийсэн тохиолдолд хүйтнийг тэсвэрлэх чадвар дээшилж хөлдөлт бага ажиглагдана. Тусгай зориулалтын усалгаа
- Бордох
- Дулаацуулах
- Сэрүүцүүлэх
- Угаах
Агаарын гантай жилүүдэд титмийг сэрүүцүүлэх маягаар услах зайлшгүй шаардлагатай.
Усыг тарималдаа өгөх байдлаар нь хамааруулан тогоогоор услах, бороожуулагчаар, шангаар услах, дуслын усалгааны төхөөрөмжүүдийг ашиглаж усалгааг хийдэг.
Арчилгаа.
Услах, бордох, танах, хэлбэржүүлэх, хөрсийг сийрүүлэх, хог ургамлыг устгах, өвчин хортонтой тэмцэх, хүйтнээс хамгаалах, өвөлжүүлэх зэрэг арчилгаанууд хийгдэнэ.Тухайн жилийн цаг уурын нөхцөл, ургамлын өсөлт хөгжилт зэргээс хамаарч арчилгаа хийх хугацаа жил бүр харилцан адилгүй байна. Гэхдээ эхний 2-3 жил арчилгааг онцгой анхаарвал зохино.
Сийрүүлэлт
Суулгасны дараа залуу ургамлын өсөлт хөгжилт хэвийн сайн явагдах нөхцлийг хангахад чиглэгдэж хөрсийг байнга өнгөц сийрүүлж хог ургамлыг устгаж байна. Зуны хугацаанд иш орчмын хөрсийг 10-12см гүн сийрүүлж хог ургамлыг устгана. Сийрүүлэлтийг хийхдээ аль болох үндсийг гэмтээхгүй байхаар тооцож хийнэ. Усалгаа бүрийн дараа 1-2 хоноод сийрүүлэлт хийнэ. Энэ нь ус ууршилтыг багасгах, хөрс өрөмтөж хатахаас хамгаалдаг.
Үр бэлтгэх арга
Мод, сөөгний тарих үрийг ойн үрийн хэсэг, плантац, үрийн мод, удамшлын хувьд хэвийн болон сайн чанарын ой, модноос бэлтгэнэ. Буйлсны үрийг навч, үр жимсний хальс, модны холтос, өвс, бусад хольцоос сайн цэвэрлэсэн, бүрэн гүйцэд боловсорсон байна. Тарих үрийг лабораторийн шинжилгээний дүгнэлттэйгээр худалдах, худалдан авах, тариалалтад хэрэглэх нь зүйтэй.
Үр тариалах арга
Буйлсны гүйцэд боловсорсон үрийг намар 9-10 сард буюу газар хөлдөхөөс өмнө тариалж болно. Харин хаврын улиралд буйлсыг дунджаар 45 хоног цаслах, элслэх аргаар тарилтанд бэлтгэсэн үрийг 2 хоног усанд дэвтээсний дараа тарина.
Элслэх хайрцаг нь 25-аас 30 см өндөр, 30-аас 35 см өргөн, 50 см урт хэмжээтэй, 2 талдаа барих бариултай, тагтай байна. Элстэй үрийг 16-аас 20 см өндөр дэр модон дээр шатарчлан хурааж, 14-өөс 15 хоног тутам үрийг чийглэнэ.
Буйлсны 1000 үрийн дундаж жин 294.5 гр байх ба 1 метр мөрөнд 20-25 гр үрийг 2-2.5 см-ийн гүнд намар, хаврын улиралд тариална.