Аймгийн Засаг дарга Нацагдоржийн Лхагвадорж: Сэлэнгийн тарьц суулгац монголын ямар ч бүс нутагт ургах боломжтой

 Аймгийн Засаг дарга Нацагдоржийн Лхагвадорж: Сэлэнгийн тарьц суулгац монголын ямар ч  бүс нутагт ургах боломжтой
  • Сэлэнгэ аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний гол ханган нийлүүлэгч. Өнөөдрийн байдлаар хэдий хэмжээний тарьц, суулгацын нөөц байна вэ?

-Мод үржүүлгийн 94 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн талбайд  50 гаруй сая ширхэг тарьц, суулгац бойжиж байна. Үүнээс хоёр настай, зах зээл, нөхөн сэргээлтэд гаргахад бэлэн 20 гаруй сая байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлах үед улсын хэмжээнд 9,2 сая ширхэг тарьц суулгацын нөөц байсны 8 сая нь Сэлэнгийн нэр дээр тоологдож байлаа шүү дээ. Түүнээс хойш мод үржүүлгийн газар ч олноор байгуулагдав. Хөтөлбөр батлагдах үеийнхээс хоёр дахин нэмэгдсэн. Тэр хэрээр тарьж буй тарьц, суулгацын тоо хэмжээ өсч байна. Тухайлбал, 2022 оны тавдугаар сард найм орчим сая байсан тарьц, суулгац маань мөн оныхоо намар 24,7 сая ширхэг болсон. 2023 оны намар 50 сая болж нэмэгдсэн байна л даа. Бид цаашид жилд 100 сая ширхэг тарьц, суулгац үйлдвэрлэдэг болох зорилт тавьсан. Энэ эрчээрээ бол тийм ч хэцүү биш юм. Гэхдээ хамгийн гол нь чанар шүү гэж би ойчиддоо байнга анхааруулдаг.  Эцсийн бүлэгт худалдан авагч сэтгэл хангалуун үлдэх ёстой шүү дээ.

  • Тарих нь тарьж, ургуулж ч байна. Харин худалдан борлуулах нь чухал байх?

-Тийм ээ. Бидэнд энэ чиглэлээр хийж эхэлсэн, хийхээр төлөвлөж буй ажил олон бий. Говийн бүсийн болон бусад аймаг, суманд ямар мод ургаж болохыг судалсны үндсэн дээр баталгаатай тарьц, суулгац нийлүүлэхийг зорьж байна. Ажил нэгэнт эхэлсэн. Өнгөрсөн хавар Дорноговь аймагт 1000 мод үнэ төлбөргүй тарьж өгсөн. Маш сайн ургаж байна. “Манай мод хаана ч ургадаг юм шүү” гэдгийг бодитоор харуулах гэсэн юм. Ирэх хавар Өмнөговь аймагт тарина. Түүнээс гадна уул уурхайн нөхөн сэргээлтэд оролцох том боломж, зах зээл бий. Уурхайнууд мод тарих гээд хэрэггүй шүү дээ. Мөнгөө өгөөд мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээлтээ бүрэн хийлгэдэг байх ёстой. Гэрээ байгуулаад, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад, 100 хувийн үр дүн шаардаад ажиллавал хэн хэндээ ашигтай, үр дүнтэй байна.

  • Ойжуулах талбай хангалттай юу?

-Монгол орны ойн сан нийт газар нутгийнхаа наймхан хувийг эзэлдэг. Үлдсэн 92 хувьд нь ойжуулах боломжтой гэсэн үг биз дээ. Мод тарих хэрэгцээ шаардлага нэн чухал, нөгөө талаар мод тарих асар уудам газар нутаг хүлээж байна. Бид өөрөөс шалтгаалах бүхнээ дэс дараатай, төлөвлөгөө зорилттой хийж хэрэгжүүлж байгаа.

  • Тухайлбал…?

-“Үрээ идэхээр үнээгээ…” гэж үгтэй. Үрийн плантац байгуулж байна. Хаанаас, ямар модны үр бэлтгэх боломжтой талаар судалсан. Бид шинжлэх ухааны үндэслэлтэй тарьж ургуулна. Зөв технологиор, зөв таривал Сэлэнгийн тарьц, суулгац Монголын ямар ч бүс нутагт ургах боломжтой.  Түүнээс гадна бид “Эко бортого” үйлдвэрлэхээр зорьж байна. Мөн ач холбогдол өндөртэй бордоо оруулж ирэх талаар судалж байна.“Эко бортого” нь   шавар, үртэс, сүрлээр шахаж үйлдвэрлэсэн, том, жижиг гурван хэмжээтэй. Ийм бортогонд ургуулсан тарьц суулгац хаана ч ургана.  Ямар ч мод   үндэс нь бэхжиж хүчээ авдаг. Тэр хугацаанд энэ бортоготой “нутгийн” хөрс тарьц, суулгацыг тэтгэж, үндэс бэхжсэний дараа бортого маань задарч, хөрсөнд бордоо болон бүрэн шингэнэ. Ийм аргаар Монгол орны хаана ч мод ургуулах боломжтой гэж хэлээд байгаа хэрэг.

  • Тарих талбай их байна гэлээ. Гэвч тарьц, суулгацаа борлуулахад тодорхой маркетинг хэрэгтэй биз дээ?

-Тэгэлгүй яахав. Улаанбаатарт Сэлэнгийг төлөөлсөн бүтэц ажиллуулах талаар бодож байна. Тарьц, суулгацын захиалга авдаг, мод үржүүлгийн талбайгаас хэрэглэгчид очих хүртэл бүх асуудлыг зохицуулдаг байвал зүгээр юм. Адаглаад хотод тарьц, суулгац борлуулах цэгтэй, тодорхой хугацаанд тарьсан мод, бутныхаа арчилгааг хийж өгдөг,  сүлжээ бий болгох нь хаа хаанаа ашигтай. Наад зах нь ажлын байр нэмэгдэх бас л нэг боломж гэж харж байна. Бид тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг аймагтаа болон Улаанбаатар хотод, жилд хоёр удаа зохион байгуулж байна. Би Танаас нэг л зүйл асууя. “Тарьц суулгацаа буцах эзэнгүй, найдвартай бус эх үүсвэрээс, ченжийн гар дамжуулж авах уу, эсвэл баталгаатай эх сурвалжаас, сонголттойгоор, илүү их боломжтойгоор худалдан авах уу”. Энэ талаар бодоод үзээрэй гэж зөвлөх байна. Хэрэв захиалга тодорхой бол мод үржүүлэгчид маань улам идэвхжинэ. Энэ хавар, намар Баян-Өлгийд тийм мод төдийг нийлүүлнэ шүү гээд л угтаж төлөвлөж, тарьж ургуулах боломжтой болно шүү дээ. Сэлэнгийн тарьц, суулгац чанартай, найдвартай шүү гэдгийг дахин нэг сануулъя.

  • Сүүлийн үед ялангуяа, ард иргэд жимсний мод тариалах сонирхолтой болжээ?

-Тийм ээ. Сэлэнгээс бүх төрлийн жимсний модны тарьц, суулгац авах боломжтой. Бид одоо байгаа бааз сууриа улам өргөжүүлэх, жимсний модны тариаланг нэмэгдүүлэх зорилгоор  “Номгон форстер” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Аймгийн цөлжилтөд өртсөн нутаг дэвсгэрт, 150-иад мянган га-г ойжуулах юм. Үүний дор хаяж 1000 га-д дан жимсний мод ургуулна. Жимсээр нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна иргэддээ эндээс тарьц суулгац нийлүүлж, ашиг орлоготой байх нэг нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Улмаар жимсний тариалан нутгийн брэнд болон хөгжих ирээдүйтэй юм.

  • Сэлэнгэчүүд аймгийн даргаасаа эхлээд хүн бүр шахуу мод үржүүлдэг гэж сонссон юм байна?

-Би Мандал суманд 2007 оноос мод үржүүлсэн хүн. “Жаврай” мод үржүүлгийн таван га газартай. 15 төрлийн модны тарьц, суулгац ургуулж байна. Харин аймгийн Засаг дарга болсноос хойш аж ахуйн ажилд анхаарч чадахгүй болж л дээ. Гэсэн ч чадалтай, мэдлэгтэй залуус аж ахуйгаа удирдан амжилттай ажиллаж байгаа. “Жаврай” мод үржүүлгийн газраас Өмнөговь, Дорноговь руу тарьц, суулгац авч байсан, бүгд л сайхан ургасан. Баянхонгор аймаг 2011 онд 40 сая төгрөгийн мод худалдан авч байлаа. Би аль болох олон хүн мод тариасай гэж хүсдэг. Тиймдээ ч Мандал сумандаа төдийгүй өөр суманд хандив тусламжаар их өгсөн. “Таны өгсөн мод ийм сайхан ургаж байна, жимсээ өгч байна” гээд зургийг нь илгээгээд, баярлаж талархснаа хэлэхэд сэтгэлд сайхан л байдаг юм. Гэтэл бас ургуулж чадаагүй, арчлаагүй, сэтгэл дутсан цөөнгүй хүн байдаг. Тэр үед “Үнэгүй авсан учир хайрладаггүй юм байна даа гэж бодсон. Би Мандал сумын Засаг даргаар ажиллаж байхдаа төрийн албан хаагчдаа бараг бүгдийг нь “уруу татаж” мод үржүүлэх, тарьц, суулгац бойжуулах ажилд татан оролцуулж билээ. Ажлынхаа зав чөлөөгөөр амьдралаа дээшлүүлэх, ашиг орлоготой байх бодит боломж юм даа. Хүн хөлсөө дуслуулж хөдөлмөрлөх л юм бол амжилт, үр бүтээл заавал гарна гэж одоо ч ярьж явдаг. Хаа нэг аж ахуйдаа очоод, тарьж ургуулсан модныхоо дэргэд үнэрийг нь үнэртээд, өнгийг нь ажаад  зогсч байхад урамтай шүү. Ажлын ядаргаа арилж, “цэнэглэгдэх” шиг л болдог юм. Би янз бүрийн үр тарьж туршиж байлаа. Ялангуяа, шилмүүст мод бол нутгийн үр сайн ургана. Хөвсгөлөөс авчирсан шинэсний үр Мандалын ойгоос авсан үртэй өрсөлдөж чадахгүй, ургалт нь өөр байх жишээтэй. Жимсний төрлийн мод бол ялангуяа, Буриадаас авсан үр маш сайн ургасан. Буйлс, далий  ягаан тарихад хоёр настай нь хоёр метр өндөртэй болж байсан.

  • Ойг ашиглангаа хамгаалах тогтвортой, урт хугацааны менежмент чухал гэсэн агуулгаар эрх зүйн шинэчлэлт хийхээр бэлтгэж байгаа гэсэн?

-Ойн салбарт шинэчлэлт зайлшгүй хэрэгтэй. Бургасаар жишээлье л дээ. Залуужуулах огтлолт хийгээд араг, савар, бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь хүндээ хэрэгтэй, ойдоо ч тустай. Улам л сайхан ургаад байна. Хайлаас, улиас гэхэд тайралт хийх тусам навч нь томроод л, өнгө ороод байдаг. Ашиглаж хамгаална гэсэн бодлого маш зөв. Мод үржүүлгийн газрыг зөвхөн дуудлага худалдаагаар эзэмшүүлэх хуулийн заалттай. Бид Газрын тухай хуулийн энэ зохицуулалтыг өөрчилж шинэчлэх талд саналаа холбогдох байгууллагад хүргүүлсэн.

  • Газар тариалангийн хөрс их муудсан гэдэг. Танай аймгийн тухайд ямархуу байна вэ?

-Хөрсний үржил шим буурсан. Далан хэдэн оныхоос газрын хэмжээ нэмэгдээгүй байхад /Сэлэнгэ аймаг 305.000 га эргэлтийн талбайтай. сурв/ хүн ам тэр үеийнхээс эрс өссөн. Тиймээс шинээр газар нэмэх, одоо байгаа хөрсийг бордож сайжруулах хэрэгцээ бий. Томоохон аж ахуйн нэгжүүд бордож тордоод ургац арвин авч байна. Будааны чанар нь ч сайн байна. Бид тариалангийн талбайгаа хамгаалж ойн зурвас байгуулж байна. Сэлэнгэ аймаг Монгол Улсын үр тарианы  50, хүнсний ногооны 30 хувийг хангадаг. Улам ч сайхан ирээдүй бий. Ер нь яагаад га-гаас 30, 40 цн авч болдоггүй юм. Сэлэнгэ аймгийн га-гийн дундаж арван хэд гэдэг тоог болих цаг болсон. Би тариаланчдадаа ингэж л хэлдэг. Сэлэнгэ аймгийг эрчимжсэн МАА, газар тариалангийн бүс нутаг гэж зарласан. Гэтэл бодит байдалд бэлчээрийн мал л зонхилж байна. Бэлчээрийн даац дөрөв дахин хэтэрсэн. Малчин, тариаланч хоёрын зөрчил яг хэвээрээ. Зоригтой шийдэл хэрэгтэй л дээ.

Холбоотой мэдээ