УИХ-ын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Жигжидийн Батжаргал: ТӨВИЙН БҮСИЙН БОЛОМЖ, НӨӨЦӨД ТҮШИГЛЭХ ЗАМААР МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ.

 УИХ-ын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Жигжидийн Батжаргал: ТӨВИЙН БҮСИЙН БОЛОМЖ, НӨӨЦӨД ТҮШИГЛЭХ ЗАМААР МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ БҮРЭН БОЛОМЖТОЙ.
  • 2020-2024 оны парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах дөхсөн байна. Тиймээс таны ажлын үр дүнгийн талаар ярилцлагаа эхлүүлье. Энэ удаагийн парламентын онцлог, тэр дундаа Төв нутгийн ард иргэдийг УИХ-д төлөөлөхдөө ямар зарчим баримталж ажиллав?

2020-2024 оны парламентын хувьд дэлхий нийтээрээ цар тахалтай нүүр тулсан, амаргүй, хүнд сорилтуудыг даван туулснаараа онцлогтой он жилүүд байлаа. Монгол Улсын төрөөс иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх, хөгжлийг хангах томоохон бодлого зорилтуудыг тодорхойлж, түүнийхээ хэрэгжилтийг хангаж ажилласан он жилүүд байв. Тухайлбал, Шинэ сэргэлтийн бодлогыг боловсруулсан. Энэ хүрээнд бид зургаан гол бодлогод анхаарлаа чиглүүлэн ажилласны үр дүнд улс орны эдийн засаг, нийгмийн үндсэн үзүүлэлтүүд эерэг нааштай гарч байгааг онцлон дурдах нь зүйтэй байх. Орон нутагтаа ажиллаж, амьдарч, хөдөөгийн иргэдийнхээ жаргал, зовлон дундуур хамт явсан хүний хувьд УИХ-ын гишүүнээр ажиллахдаа хэд хэдэн зүйлд анхаарлаа төвлөрүүлж ажиллалаа.

Нэгдүгээрт, орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэх, эдийн засаг, төсвийн чадамжийг нь нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулж ажилласан. Энэ хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэйгээ хамтран батлуулсан. Үүнийг дагуулж Төсвийн болон Татварын тухай зэрэг олон хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулан орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэх, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, ил тод нээлттэй байдлыг хангах, орон нутгийн хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэх бодлого барьсан. Ингэснээр эдийн засаг, нийгмийн хэт төвлөрлийг задлах буюу хөгжлийн олон талт тогтолцоо руу шилжихэд төрийн бодлогыг чиглүүлсэн. Энэ хүрээнд бодлогын олон ч өөрчлөлтийг хийсэн. Тухайлбал, орон нутгийн хөгжлийг нэмэгдүүлэхийн тулд нэн тэргүүнд хөгжлийг тэтгэсэн дэд бүтцийг нь шийдэж өгөх ёстой. Аймаг, сумын төв суурин газрын инженерийн шугам сүлжээг өргөтгөн, шинэчлэх, эх үүсвэрүүдийг нь нэмэгдүүлэх, зам харгуйг нь бий болгох учиртай. Ингэснээр иргэд маань орон нутагтаа ая тухтай амьдрах боломж бүрдэж, амьдралын чанар нь дээшилнэ.  Улмаар бизнес эрхлэх, баялаг бүтээх нөхцөл бүрдэх юм.

Хоёрдугаарт, нийгмийн салбаруудын үйлчилгээний хүртээмж чанарыг нэмэгдүүлсэн. Энэ хүрээнд орон нутгийн нийгмийн салбарын байгууллагуудыг шинэчилж, засвар үйлчилгээг сайжруулах, орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг бэлтгэж, чадавхжуулах зэргээр иргэдийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлсний зэрэгцээ орон нутгийн нэмэгдэл олгох эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Ажилласан жилийн нэмэгдлийг ч мөн орон нутгийнханд олгож байхаар болсон.

Үр дүнд нь орон нутгийн хөгжлийн үзүүлэлтүүд ахисан. Ялангуяа, миний сонгогдсон тойрог Төв аймгийн орон нутгийн хөгжилд илтэд анзаарагдаж эхэлсэн. Намайг Төв аймгийн Засаг даргаар ажиллаж байх үед аймаг, сумдын Орон нутгийн хөгжлийн сан, шилжих үлдэгдлээс 13.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийддэг байсан бол өнөөдөр 52.0 тэрбум төгрөгт хүрч, хэд дахин нэмэгдсэн байна. Энэ бол орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэх, эдийн засаг, төсвийнх нь чадамжийг бий болгох чиглэлээр УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн олон талт арга хэмжээ богино хугацаанд үр дүнгээ өгч байгаагийн илрэл юм. Гагцхүү үүнийг цаашид илүү тогтвортой байлгах замаар орон нутгийнхаа хөгжлийг хангах учиртай. Улс орны хөгжил орон нутгаасаа эхлэх, орон нутаг болгон өөрийн онцлог, нөөц боломж, давуу талдаа түшиглэн хөгжих эрх зүйн орчинг бий болгох замаар кластер хөгжлийг бий болгох ёстой гэж харж байгаа.

Гуравдугаарт, миний бие төсвийг эрүүлжүүлэх, ил тод, тогтвортой байдлыг хангах тухайд гол анхаарлаа хандуулж ажилласан. Ингэхдээ эдийн засаг, төсвийн чиглэлээр тухайлан ажилладаг УИХ-ын гишүүдтэйгээ хамтран Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг тогтвортой мөрдөх тухай асуудлыг цэгцэлсэн. Төсвийг боловсруулах үйл явцад иргэд олон нийтийн оролцоог хангах, төсвийг батлахдаа бүтцээ зөв барих, төсвийн гүйцэтгэл ил тод нээлттэй буюу олон нийтийн оролцоо, хяналттай байх учиртай юм. Эдгээрийг хангаж байж сая баялаг бүтээгчдийн төлсөн татварын мөнгө бүрэн цуглаж чаддаг, цугласан мөнгө нь улс, орон нутгийнхаа хөгжил, иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхэд бүрэн чиглэдэг байх ёстой гэдэг зарчмыг УИХ-ын гишүүний хувьд баримталж ажиллалаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагуудыг хангаж ажиллахад санал санаачилга гаргаснаар холбогдох заалтуудыг хуульд тусган, шинэчилж ажилласан.

  •  Таны хувьд төрийн бодлогыг хүнс, хөдөө аж ахуйн салбарт хандуулах чиглэлд тод дуу хоолой болж ажилласан гишүүдийн нэг. Тэр дундаа хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлд ямар санал, санаачилга гарган ажилласан талаараа бидэнтэй хуваалцана уу?

Мэдээж орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд хөдөө аж ахуйн хөгжлийн асуудалд онцгойлон анхаарч ажилласан. Хөдөө аж ахуй бол миний ажил амьдралынхаа гарааг эхэлж, 30-аад жил амьдралаа холбосон салбар. Монголын эдийн засгийн уламжлалт гол салбар болох хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой, бүтээмж өндөртэй, өрсөлдөх чадвартай салбар болгон хөгжүүлэх чухал. Тийм учраас хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж, төрийн бодлого, дэмжлэг, эрх зүйн орчныг бүрдүүлэх ажилд онцгой анхаарч ажилласан. Мөн Монгол Улсын төрийн тэргүүний зүгээс “Хүнсний хувьсгал”-ыг эхлүүлж “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэн, гол зорилтуудыг хангах цогц төлөвлөгөөг УИХ-аас баталсан. Энэ хүрээнд бид ойрын таван жилийн хугацаанд 19 нэр төрлийн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах том зорилт тавьсан. Үндсэндээ ардчилал хөгжсөн сүүлийн 30 жилд аливаа асуудлыг ингэж цогцоор нь харж байгаагүй. Харин энэ удаад хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийг цогцоор нь харж төлөвлөсөн томоохон ажил болсныг онцлох нь зүйтэй болов уу. Шаардлагатай боловсон хүчин, хөрөнгө санхүү, зохион байгуулалт, эрх зүйн орчин бүрдүүлэлт гээд бүх зүйлийг цогцоор нь төлөвлөж чадсан. Энэхүү ажлын эхний гурван жилийн үр дүн ч боломжийн байна. Бидэнд онцлон дурдах олон сайн ажил, санал санаачилга байгаа хэдий ч анхаарч, засмаар зүйлс цөөнгүй байна. Тухайлбал, бид зарим тохиолдолд хөдөө аж ахуйн салбарт байгаль цаг уурын эрсдэл, давагдашгүй хүчин зүйлстэй нүүр тулж, тодорхой хэмжээний хохирол амсаж байна. Зарим тохиолдолд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн маань стандартын шаардлага хангахгүй байгаа. Тиймээс асуудалд бодитоор дүн шинжилгээ хийж, оношоо зөв тавьж эмчлэх, эрүүлжүүлэх, хөгжүүлэх ажлаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийх ёстой. Улсын хэмжээнд “Газар тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тогтвортой хөгжлийн гарц, шийдэл” онол, практикийн бага хурлыг зохион байгуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ тодорхойлсон.

Бид эрчимжсэн аж ахуй эрхлэгчид болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдүүд, мэргэжлийн холбоодтой хамтран шийдэл, гарцуудыг эрэлхийлсний үр дүнд мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлээ хослуулан хөгжүүлэх замаар бүтээмж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Энэ тухайд анхаарах ёстой бас нэг гол зүйл нь хэрэглэгчид маань  хөдөө аж ахуйн аливаа бүтээгдэхүүнд ямар нэгэн эргэлзээгүй хандах, баталгааны асуудал байдаг. Тиймээс Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, хамгаалагдсан хөдөө аж ахуй буюу үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүний гарал үүслийн мөшгөлтийн систем баталгаатай байх тухай асуудлыг онцгой анхаарлаа. Хэрэглэгчид, цаашлаад импортлогч улс орнууд ямар нэгэн эргэлзээгүйгээр манай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг авдаг байх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Ингэж чадвал хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ цэн өсөн нэмэгдэнэ гэж үзэж, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, санаачилга гарган, бодит ажил хэрэг болгосон.

Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл гэдэг анхдагч үйлдвэрлэл юм. Нөгөөтээгүүр хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангадаг салбар. Мөн  хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн суурь түүхий эдийн нөөцийг хангаж байдаг салбар. Ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэвэл мал аж ахуйн салбарынхаа хөгжлийг зөв хангах, тэндээс гарч байгаа ашиг шимийг бүрэн авах, боловсруулалтын түвшинг ахиулан, нэмүү өртгийг бүтээж, үнэ цэн хүргэх шаардлагатай. Тийм учраас мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулж экспортлох бодлогыг орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн хамтаар боловсруулан, батлуулж чадсан. Улмаар УИХ-ын тухайн шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлэн ажиллаж, ноос ноолуурын салбарт тодорхой ахиц, үр дүн  гарч эхлээд байна. “Цагаан алт” болсон нөхөн сэргээгддэг ноос, ноолуурынхаа боловсруулалтын түвшинг ахиулах цаашлаад мал аж ахуй, газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийн боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах ёстой. Ингэж байж улс орны эдийн засаг өсөн дэвжиж, ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдэл ядуурлыг бууруулах, иргэдийн маань амьдралын чанар, тухайн орон нутгийн эдийн засгийн чадамж, төсвийн орлогынх нь бүрдэл сайжирна. Тиймээс бид хөдөө аж ахуйн салбарын асуудлыг цогцоор нь харж, шийдэх ёстой.

  • Хөдөө аж ахуйн салбарын гол үйлдвэрлэлийн бүс нутгаас сонгогдсон гишүүний хувьд чамлахааргүй үр дүнтэй ажиллажээ. Орон нутгийнхны хувьд мал аж ахуйн салбарт төрийн зохицуулалт хэрэгтэй болох нь энэ өвөл харагдлаа. Малчдаа төрийн зүгээс бодлогоор дэмжих чиглэлд таны хувьд санаачилгатай ажилладаг гишүүдийн нэг. Тухайлбал, Та бүхний хамгийн сүүлд өргөн барьсан Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн гол үзэл баримтлалын талаар мэдээлэл өгнө үү?

Хөдөө аж ахуйн салбар байгальтайгаа хүйн холбоотой. Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа энэ цаг үед байгалийн давагдашгүй хүчин зүйлүүдийн давтамж ойртож, эрсдэлт зүйлүүд нэмэгдэх болсон. Энэ эрсдэлийг даван туулах чадамжийг л бий болгох ёстой. Ялангуяа нүүдлийн мал аж ахуйн салбарт зохион байгуулалтын томоохон өөрчлөлт хийх шаардлага бий болжээ. Энэ бүхнийг нэгтгэн “Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийг орон нутгаас сонгогдсон гишүүдтэйгээ хамтран өргөн барьсан. Үнэхээр л мал аж ахуй нь байгальтайгаа хүйн холбоотой болохоор байгалийнхаа даац чадамжид нийцэж хөгжихөөс аргагүй. Бэлчээр нутгийг зөв зохистой ашиглах, сэргээх шаардлага бий. Тиймээс Газрын тухай хуульд бэлчээрийн газрын менежментийг сайжруулах заалтуудыг тусгах шаардлагатай байгаа. Бэлчээрийн менежментийг захиргааны аргаар бус монголчуудын оюун санааны суурь ойлголтод тулгуурлаж хийх ёстой. Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг зарчмыг гол болгож хамтаараа ашиглаж байгаа байгалийн нөөц, бэлчээрээ зүй зохистой хамтдаа ашиглаж, хамтдаа хяналт тавьж ажилласнаар үр дүнд хүрч чадна. Малчдын хамтын шийдвэрт нь төр дэмжлэг үзүүлдэг, арга зүйгээр хангадаг, хяналт тавьж, засаж залруулах зүйлийг нь чиглүүлдэг байх ёстой. Төдийлөн ашиглагддаггүй бэлчээрийг усжуулах эсвэл талхлагдсан бэлчээр нутгийг сэргээхэд тодорхой дэмжлэг үзүүлэх нь төрийн ажил юм.

Нэг малаас авах ашиг шимийн хэмжээ буурснаар амьдралынхаа наад захын хэрэгцээг хангахын тулд малчид малын тоо толгойгоо нэмэгдүүлж байна. Түүнээс малчид дуртайдаа малаа өсгөөд байгаа юм биш. Үүнийг шийдэх арга нь байгалийн нөөц бэлчээрийн даацыг зохистой ашиглах, тэжээлийн хангалт нөөцийг нэмэгдүүлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулж, үнэ цэн оруулж зах зээлд нийлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах явдал юм. Анхдагч үйлдвэрлэлийнхээ хурдцыг хангаж чадсан дараагийн шатны боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлэх замаар энэ асуудлыг шийдэж чадна. Хэдийгээр анхдагч үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал нь хялбар шийдэл мэт боловч эдийн засгийн цогц шийдлийн тухай ойлголт юм. Мөн малчдын залуу халааг бэлтгэх асуудал байна. Хөдөөд нас ахисан эсвэл ганц бие хүмүүс үлдэж байна. Гэрийн эзэгтэй сургуулийн хүүхдээ дагаад төв сууринд амьдардаг, гэрийн эзэн өрхийнхөө амь амьжиргааг хангах гээд малаа адгуулж хөдөө амьдардаг. Үүнийг шийдэхийн тулд салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх замаар малчдынхаа сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх учиртай.

  •  Таны хувьд УИХ-ын гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж байна. Орон нутгийнхны жаргал, зовлонг мэддэг хүний хувьд тойрогтоо ямар өөрчлөлт, шинэчлэл хийхээр зорьж ажилласан бэ. Үр дүнгээсээ бидэнтэй хуваалцана уу?

Мэдээж орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүнийхээ хувьд тойрогтоо чиглэсэн олон ажлыг төрийн байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, олон улсын донор байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэн ажиллаж зохих үр дүнгүүд ч гарч байна. Дөрвөн жилийн дүнгээрээ 461.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Төв аймагтаа татаж, чиглүүлж чадсан байна. Аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудын өөрсийнх нь хөрөнгө оруулалтаар буюу төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд томоохон үйлдвэрүүдийг орон нутагтаа бий болгож, түүний үр дүнд аймгийн эдийн засгийн үндсэн салбар болох хөдөө аж ахуйн салбарыг тэтгэсэн, дэмжсэн бодит бодлогын ажил болсон. Орон нутгийн хөгжлийг хангая гэвэл суурь асуудалд нь анхаарах ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, хөгжлийг дэмжсэн дэд бүтцийн асуудлуудыг шийдэж өгөх учиртай. Энэ хүрээнд голлох бүс нутгуудаа хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүллээ. Мөн томоохон суурин газруудынхаа эрчим хүч, дулааны эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж чадсан. Бий болгосон эх үүсвэрүүдийг хэрэглэгчдэд хүргэдэг шугам сүлжээний насжилт, чадамжийн асуудал бий. Тиймээс шугам сүлжээгээ өргөтгөх, шинэчлэх ажлыг шуурхай хийх ёстой. Ингэж байж хөгжлийнхөө гацаа чөдрийг бид арилгах ёстой юм.

Төв аймаг бол нийслэл Улаанбаатар хотыг газар нутагтаа багтаасан аймаг

1.5 сая хүн амтай энэ том хотын өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд Төв аймаг голлох үүрэг гүйцэтгэж, зарим талаар тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэхэд дэм болж өөр дээрээ ачааг үүрч ирсэн. Тиймээс томоохон шинэ хотуудыг байгуулах асуудал Төв аймагт яригдаж, төлөвлөлт, дэд бүтцийн ажлыг нь хийж  эхлээд байна. Ирэх он жилүүдэд Төв аймагт шинэ хотууд босож, хүн ам шинээр суурьшиж, хотын хэрэгцээнд шаардлагатай бүтээгдэхүүнийг Төв аймагчууд нийлүүлдэг болно. Мөн Төв аймагт үйлдвэрлэлээ өргөтгөх боломж илүү нээгдэхийн зэрэгцээ Төв аймагчууд илүү бүтээмжтэй ажиллах нөхцөл бүрдэнэ. Хот болгон өөрийн гэсэн хэрэглээтэй байдаг. Хотуудын хэрэглээг хангаж ажиллах шаардлага бидэнд үүснэ. Энэ шаардлагын үүднээс сүү, махны үйлдвэрлэлээ улирлын хамаарлаас гаргах шаардлагатай. Газар тариалангийн бүс нутагтайгаа уялдуулж, өндөр ашиг шимтэй мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх замаар тогтмол өсөн нэмэгдэж байгаа хүнсний хэрэглээг тогтвортой хангах чухал байна. Хүн амын хэрэглээ өдрөөс өдөрт, нэр төрөл, тоо хэмжээгээрээ ч нэмэгдэж байдаг.

Өнөөдөр Монгол улс мал аж ахуйн салбар тогтвортой хөгжсөн орны хувьд шингэн сүүнийхээ 90 гаруй хувийг дотоодоосоо хангаж байна. Харин сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ дөнгөж 40 гаруй хувийг хангадаг. Иймд сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Дэд бүтэц харьцангуй хөгжсөн, нийлүүлэх бүс нутагтайгаа ойр газартаа шингэн сүүний үйлдвэрлэлээ түлхүү хөгжүүлэх, харин дэд бүтэц сул алслагдсан бүс нутагтаа хадгалалт дааж чаддаг буюу бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг дотоодоосоо хангах үйл явцыг шийдэх ёстой. УИХ-ын гишүүнийхээ хувьд эдгээр асуудлуудыг шийдэх үүднээс тодорхой бодлого төлөвлөлтүүдийг хийж, Засгийн газар, аймаг орон нутгийнхантайгаа хамтарч ажиллаж байна. Миний хувьд Засаг даргаар ажиллаж байхдаа аймгийнхаа “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийг батлан гаргаж байсан. Энэ стратеги төлөвлөгөөнд томоохон тодотгол хийж, орчин үеийн эрэлт хэрэгцээнд нь нийцүүлэн, шинэчлэн батлуулж чадсан. Энэ стратеги төлөвлөгөө бол Төв аймгийн хөдөө аж ахуйн хөгжлийн ойрын 10 жилийн гол номлол байх болно.

  •  Энэ удаагийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтөөс эхлээд томоохон олон шинэчлэлийг хийсэн. Тухайлбал, манай улс анх удаа  УИХ-ын сонгуулиа бүсчилсэн хэлбэрээр, том тойргоор зохион байгуулах гэж байна. Энэ үндсэн бодлого таны хэлсэнчлэн Улаанбаатарчуудыг газар нутагтаа багтаасан Төв аймгийнхны хувьд хөгжлийн хувьд томоохон боломж байх болов уу?

Бид улс орныхоо тэнцвэрт хөгжлийг байнга бодох ёстой. Нэг хотдоо бөөгнөрч амьдардаг өнөөгийн нөхцөлд төлөвлөлтийн алдаа гарч хүндрэл үүсгэж байна. Гэтэл асар уудам газар нутгийг өвөг дээдэс маань бидэнд үлдээсэн шүү дээ. Тийм ч учраас энэ уудам нутгаа харилцан уялдаатай байдлаар тэнцвэртэй хөгжүүлэх нь бидний хөгжлийн суурь байх учиртай юм. Энэ ч үүднээс Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүсүүдийн хөгжлийн баримт бичгийг шинэчлэх, түүнийг бодитоор ажил хэрэг болгох үүднээс сонгуулийн тойрогтой уялдуулж чадсан. Ингэхдээ бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг Үндсэн хуульдаа төдийгүй Сонгуулийн хуульдаа шингээж чадсан. Ингэснээр гурвын гурван аймгийг нэгтгээд нэг тойрог болголоо. Энэ бол ижил төстэй уур амьсгал, байгалийн өгөгдөлтэй, дэд бүтэц төдийгүй зах зээлээс гадна бүхий л боломж нөхцөлийг нь тооцоод хамтдаа хөгжих, нэг нь нэгнийхээ сул талыг давуу талаараа нөхөж, харилцан уялдаатайгаар илүү хурдацтай хөгжих нөхцөлийг бүрдүүлэх юм.

2024 оны УИХ-ын сонгууль мажоритар, пропорциональ гэсэн холимог системээр явна. Гэхдээ мажоритар систем нь бүсийн зохион байгуулалттай. Бүсийн зохион байгуулалтаар бид анх удаа сонгууль зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн сонгуулийн гол ач холбогдол нь бүсчилсэн хөгжил байх болно. УИХ-ын тавдугаар тойрог буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг нийлж нэг бүс болсон. Энэ бүс нутаг уур амьсгал, байгалийн өгөгдөл, дэд бүтцийнхээ хувьд ч, аж ахуйн зохион байгуулалтынхаа хувьд ч бусад бүсээсээ онцлог давуу талтай. Төвийн бүс нутгийн давуу боломж, нөөцийг бүрэн дүүрэн ашиглах, цаашлаад нэмэгдүүлэх замаар Монгол Улсын бүс нутгийн хөгжлийн загвар болох ёстой. Хүнс үйлдвэрлэгч экспортлогч орон болох том зорилтыг хангах гол нутаг нь төвийн бүс. Монголын хүн амын 60 гаруй хувь нь энэ бүс нутагт амьдарч байна. Улаанбаатар ч энэ бүсэд оршдог. Улсын бүх дэд бүтэц энэ нутгаар дамжиж байгаа. Тиймээс төвийн бүс нутаг Монгол улсын амь амьжиргаа, хүнсний хангамж, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжлийн том бүс нутаг байх болно. Угаас төвийн бүс нь улс орны хөгжил, эдийн засгийг нэмэгдүүлэх гол нутаг байсаар ирсэн. Төвийн бүсэд хөдөө аж ахуйн хөгжлийг хангах, хөнгөн үйлдвэрлэлийг технологийн хоршилтой кластераар хөгжүүлэх мэдлэг, туршлага, нөөц боломж гээд бүх зүйл нь байна. Энэ утгаараа төвийн бүсэд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ дэлхийн хөгжлийн загвар руу ойртуулах, үндэстнийхээ ондоошил, өвөг дээдсийнхээ аж ахуйн зохион байгуулалтын хэлбэрийг хадгалж үлдэх, ахиу бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспорт болон импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол баазыг бүрдүүлэх ёстой.

Холбоотой мэдээ