Дорнод аймгийн Баянтүмэн сумын иргэн Лхагваагийн Лхагвасүрэн: Хорь хүрэхгүй жилийн дараа мал маллах уламжлал тасарч магадгүй
-Тиймээс бага боловсролын тогтолцоог өөрчилж, хүүхэд эцэг эхчүүдийг нь хамтдаа байлгаж удам дагасан уламжлалыг сэргээх бололцоогоор хангасан багийн сургуулиудыг олноор нь байгуулах хэрэгтэй-
Дорнод аймгийн Баянтүмэн сумын 4-р багийн иргэн Лхагваагийн Лхагвасүрэн гадаадад 20 гаруй жил ажиллаж, амьдарсан хүн. Германы Халле Мартин Лютерын их сургуулийг экологич, МУИС-д биологич, агнуур зүйч, магистр зэрэгтэйгээр төгссөн тэрээр, дэлхийн 30-өөд улсаар аялсан, голлох гурван улсын хэл эзэмшсэн боловсролтой нэгэн. Эхнэрийн хамт Дорнодын нүд алдам талд очиж суурьшаад 12 жил болжээ. Нутгийнхан “Дорнод Лхагваа” “Доктор Лхагваа” ч гэнэ. “Нутаг орны нэрээр авгайлж байгаа нь харин ч хүндэтгэлтэй юм уу. Тэгээд ч би докторын зэрэг хамгаалаагүй хүн. Яахав, жаахан юм үзэж дуулсан учир тэгж дууддаг биз” гэж Л.Лхагвасүрэн гуай энгүүн хүүрнэв.
“Ногоон эрэл” сэтгүүл энэ хүнийг урьж ярилцсан нь учиртай. Учир нь, “Энэ хэвээрээ бол 20 хүрэхгүй жилийн дараа уламжлалт МАА устаж үгүй болохдоо тулна” гэж тэрээр, тун итгэлтэй хэлсэнд байгаа юм.
“Монгол өрх-Үндэстний хөгжлийн загвар аж ахуй”-тай болцгооё!
- Уламжлалт аж ахуй маань ямар эрсдэлд орчихоод байна вэ, Та нэг сайн ойлгуулж өгөхгүй юу?
-Маш энгийн. Өнөөдөр мал маллах арга ухаан, уламжлал дараагийн үедээ улбаалан дамжиж чадахгүй болжээ. Гэрийн эзэн хүн жилийн 260 хоног эхнэр, хүүхдээсээ тусдаа, ганц биеэр малаа харан уулын мухарт амьдарч байна. Гэтэл эр хүн удам залгуулдаг байхгүй юу. Аав байхгүй байхад тэр хүүхэд боловсорч, мал аж ахуйгаа аваад явчих хэмжээний мэдлэг чадварыг өвлөж, улмаар энэ үйлдээ дурлаж, хийж чадахгүй. Товчхондоо, хэдэн мянган жил ааваас хүүд дамжиж ирсэн мал маллах арга ухаан эдүгээ цагт чухам энэ л шалтгаанаар өвлөгдөж чадахгүй тасарсаар байна. Яагаад ийм болчихов гээд хөөгөөд үзэхээр, социализмын үеэс эхлэлтэй байна. Бүх нийтээр нь сургуульд “хөөж” явуулдаг болсон тэр цаг үеэс тооцвол 36 орчим жил болж байна уу. Хэрэв нэгэн жаран яваад удмын мэдээлэл “алсардаг” гэвэл одоо 20 хүрэхгүй жил л үлджээ. Ийм хугацааны дараа мэдээлэлгүй залуу үе МАА-гаас бүрэн хөндийрнө. Ийм аюул бодитоор нүүрлээд байна.
- Уучлаарай, та малчны хүүхэд сургуульд сурах хэрэггүй гэж хэлэх гээд байна уу?
-Тийм биш л дээ. Зөвхөн хүүхдэд л, тэр дундаа 10 нас хүртэлх хүүхдэд уламжлал дамждаг. Хүүхдийн тархины эсийн боловсруулалт гүйцэхээс өмнө өдөр тутмын аж амьдрал, харилцан ярианаас дамжуулж мэдээллээ авдаг. Яг энэ үед нь сум, аймаг руу сургуульд сургах гээд ээж нь аваад явчихна. Малчдын буруу байхгүй. Тогтолцооны буруу л даа. Ингээд л удмын мэдээлэл дамжих бүх “нүх сүв”-ийг битүүлчихээр тэр хүүхэд цаашид мал маллах, сайхан тогтуун сурч амьдрахад асуудал үүснэ шүү дээ. Харин ч төв суурин газар амьдрахыг илүүд үзнэ. Бас л хүүхдийн буруу биш. Яагаад гэвэл, мал маллах ухаан өвлөгдөөгүй тул яалаа гэж мал аж ахуй руугаа буцаж очих вэ. Наад зах нь аймаг, цаашлаад Улаанбаатар руу л зүтгэнэ. Аав, ээжийнхээ байдгийг барж болсон болоогүй их, дээд сургууль дүүргээд мэргэжлээрээ ч ажилласан юмгүй наймаа хийх гэж үзнэ. Болохгүй бол энд тэнд үйлчлэгч, харуулын ч болов ажил хайна. Малчин удам ийнхүү тасалдана. Бодит байдал ийм л байгаа шүү.
- Та хүүхдийг аавтайгаа цуг амьдарч байж мал маллах ухаанд суралцана гэж хэлэх гээд байна уу?
-Үндсэндээ тийм. Дахин хэлэхэд, уламжлалт мал аж ахуй гэж утгаас нь мал гэх үгийг нь хасаад үзэхэдл аав хүн өдөр болгон сургаж, давтан хэлж, биеэр үлгэрлэж байж уламжлал дамждаг. Ганцхан жишээ хэлэхэд, эхнэр бид хоёр хүүхдүүдтэйгээ ойр байж удмынхаа мэдээллийг бүрэн дамжуулж чадсан гэж бодоцгоодог. Тэд маань Yale NUS, Willams Massachusetts, LSE зэрэг дэлхийд алдартай том сургуулиуддаа маш сайн дүннтэй суралцахаас гадна, тухайн сургуулиудаас бүтэн тэтгэлэгтэй суралцацгаасан юм. Сургалтын нийт тэтгэлэг нь нь 2,7 тэрбум төгрөг болсон гэж үзвэл бид энэхүү тэтгэлгийг авахын тулд хорин жилийн турш нойр, хоолоо хасан байж зүтгэхдээ жилийн 32.000 ам.доллар бэлнээр гудсан доороо хадгалахтай дүйцэх юм гэж ойлгож болно. Нэг үгээр бүтэшгүй мөрөөдлийг өдөр бүр үр хүүхэдтэйгээн хамт байж зүтгэсний шагнал гэж харвалч цохино. Гэр бүл тусдаа амьдарснаас зөвхөн уламжлал тасалдаад зогсохгүй олон сөрөг үр дагаврыг авчирч байна шүү.
- Тухайлбал…?
-Эр, эм хол байхаар наад зах нь физилогийн хэрэгцээгээ яах вэ гэсэн асуулт гарна. Магадгүй, гэр бүл салах үндэс суурь эндээс эхэлж ч болно. Тийм тохиолдол цөөн биш байж л байгаа. Дээр нь, ганц биеэр малаа харж байгаа аав эрүүл мэндээрээ хохирч байна. Биеийн амрыг хараад голцуу бэлэн хоол иддэг. Хар залуугаараа ходоод гэдэсний өвчтэй болж байна. Хаа нэг эхнэр, хүүхдийнхээ мах хүнсийг дөхүүлж өгөх гээд төв орохдоо ёс юм шиг архи ууна. Ганцаараа байсаар хүний нөмөр нөөлөг үгүйлж дууссан тул хэд хоног нааш гэсэн бүхэнтэй архидна. Байдгаа мөн биеэ барж байнал гэсэн үг. Гэтэл амьдрал боломжийн нь хэд билээ. Өнөөдөр нийт малчдын 60 хувь нь 300 ба түүнээс доош богтой. Дээр нь малынх нь ашиг шим муу. Амьдралд хүрэхгүй болохоор бусдын мал хамжин малалж амь зууж байна. Аль чадалтай, олон малтай хүний малыг харж өгдөг. Гурил, будаа, малынх нь зарим нэг бүтээгдэхүүн, цөөн төлийг цалин болгон авч амьдарч байна. Тэгж байж л авгай хүүхдээ төв суурин руу явуулж, хоол унд, хувцас хунарыг нь аргалж байгаа. Үнэн бодит байдал энэ юм.
- Одоо тэгээд яах ёстой вэ. Засч залруулах л хэрэгтэй байх даа?
-Бид “Монгол өрх-Үндэстний хөгжлийн загвар” боловсруулсан юм. Гол агуулга нь, бага боловсролын тогтолцоог өөрчилж, ялангуяа, малчдын хүүхдийг багийн бага сургуульд сургадаг байх, мал маллах уламжлалт арга ухааныг өвлүүлэн малд дуртай сонирхолтой, сэтгэлгээтэй болгож, ирээдүйн малчин-бизнесмэн хүн болж төлөвших эхлэлийг тавих ёстой гэж үздэг. Сум, орон нутгийн удирдлагадаа ингэж ч зөвлөдөг, энд тэнд явахдаа ингэж л ярьдаг. Хаа очиж, миний үг дарга нарт хүрч, амьдралд хэрэгжиж эхэлсэнд баярлаж байна.
- Аан, та Матад суманд байгуулсан багийн бага сургуулийг ярьж байна уу?
-Тэгэлгүй яахав. Ноднин 29, өнөөдөр 19 хүүхэд сургаж байгаа. Эцэг эхчүүд ,малчид ам сайтай, нүүр царайнд нь инээмсэглэл тодорсон явдаг болсон шүү. Ердөө 120 сая төгрөгөөр л, аймгийн засаг дарга, сумын хөгжлийн сангаас гаргасан хөрөнгөөр эцэг эхчүүдийн оролцоотой барьчихсан. Сайн жишээ шүү. Энэ бага сургууль одоогоор 5 өдөр хичээлэлдэг, яваандаа манай хөтөлбөрөөр 3 гурван өдөр хичээллэдэг болно. Цөөн хүүхэдтэй учир сургалт чанартай, хүүхдүүд нь оны өмнө уншиж, бичиж сурсан байсан. Ач холбогдол нь үнэхээр их. Малчид өвөлжөөндөө буусан, цаг зав харьцангуй гайгүй болсон байдаг үе тул багийнхаа бага сургууль руу хүүхдээ хүргэж өгч, очиж авахад ердөө зовлонгүй. Газар ойр, гэр бүл хамтдаа байх нь ямагт дээр гэх мессээжийг дамжуулж, хүүхэд сум, аймгийн төвд дунд сургууль төгссөн ч заавал эргэж ирэх тэмүүлэлтэй болно. Дахин хэлэхэд, цус нь малч удмынх, уламжлагдсан мэдээлэл нь бүрэн суучихсан тул малдаа дуртай, ирээдүйдээ итгэлтэй жинхэнэ шинэ үеийн малчин болж ирнэ шүү дээ. Өнөө архи уудаг, бэлэн гоймон иддэг аав эхнэрийнхээ жигнэж өгсөн буузыг үмхэлсэн шиг, хоймроо налайгаад сууж байх шиг жаргал хаана байх билээ. Ийм аз жаргалтай гэр бүл салж сарнина гэж лав үгүй. Цаашид яг үүн шиг, бага сургууль олноор нь байгуулчих ёстой. Балчир хүүхдүүд маань бага сургуульдаа жинхэнэ утгаар нөхөрлөж, хамтдаа сурч, тоглож, хөгжиж байна. Гэртээ очоод мал маллах ухаанд суралцаж, зөрүүлээд аав, ээжээ “хүмүүжүүлж” байгаа юм.
- Хүүхэд аав, ээжийгээ “хүмүүжүүлнэ” гэв үү?
-Хүүхэд тань танаас хэзээд ухаантай байдаг юм шүү. Хүүхдээ сонс, тэднээс суралц.
Тэгж байж цаг үетэйгээ хөл нийлүүлэн явдаг. Таныг хүүхэд чинь “цэнэглэж”, засварладаг. Хүн хүүхдийнхээ үгийг сонсч, хүлээж авдаг л байхгүй юу. Адаглаад орон дээр гуталтайгаа гардаггүй, хоол идэхдээ гараа угаадаг юм гэдгийг хүүхэд тань сургах болно. Түүнээс хэн нэгэн Дорж орж ирээд чи тэг, ингэ гэвэл та бөөн юм болно биз дээ /инээв/.
- Та “Монгол өрх-Үндэстний хөгжлийн загвар аж ахуй” гэж ярьсан. Гэтэл юун аж ахуй билээ?
-Багийн бага сургуулийн дэргэд заавал хонины аж ахуй байгуулах ёстой юм. Эцэг эхчүүд хэд байдаг юм, тохироод, хонь малаа нийлүүлээд энэ аж ахуйг үүсгэнл дээ. Бог гэдэг чинь богино эргэлттэй, тэжээл авахдаа хурдан мал. Тэнд шаардлагын хэмжээнд тэжээж, эдийн засгийн эргэлтэд оруулж, өсгөж, сүү саалийг нь ашиглаж, бүх талаараа ашигтай байж болно. Цаашлаад хүүхдүүд МАА-даа тасралтгүй суралцах боломжийг ч нээж өгөх ач холбогдолтой.
“Сав дүүрэхээр хаа ч ялгаагүй болдог юм билээ”
- Олон жил гадаадад амьдарч, сургууль соёлын мөр хөөсөн хүн яагаад тэр зэлүүд нутагт очих болов? Таны төрсөн нутаг юм уу?
-Үгүй дээ. Аав, ээж минь баруун зүгийн улс, би өөрөө унаган хотынх. Яахав, эхнэр маань миний олон жилийн хүсэл мөрөөдлийг биелүүлж, хараа гүйцэхгүй уудам тал нутагт амьдарсан гэх үү. Ер нь хүний сав дүүрээд, үзэж харах, сонсч мэдэх хэмжээ гүйцэж ханахаар хаа ч ялгаагүй болдог юм билээ. Аав минь Ойдовын Лхагваа гэж ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн хүн, МУИС-д 68 жил багшилсан, эдүгээ 90 настай энх тунх амьдарч байна. Би өөрөө 60, хүү маань 40, ач маань 10 настай, бид дөрвөн үеэрээ цугтаа 200 жил амьдарч, дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэж байна даа. Үүнээс илүү аз жаргал хаана байх вэ.
- Малтай юу?
-Байсаан. Эхэндээ номоор мал маллаж үзсэн. Өсч ч байсан. Гэтэл аавын үг нэгийг бодогдуулж, малаа больсон. Аав маань юу гэсэн гэхээр, та нар хийсэн бүтээсэн, явсан суусан, сурч мэдсэнээ бодсон ч хэдэн мал дагаад амиа аргацаах хүмүүс биш. Бусдад, ялангуяа хөдөөгийнхөнд мэдлэгээ дамжуулж, судалж суралцан, ирээдүйд хэрэг болох зүйлсийг бүтээх ёстой хүмүүс шүү дээ гэсээр хөдөөгийн хөгжлийн судалгаагаа эхлүүлсэн байдааг. Тийм л байсан даа. Тэгээд л би малаа зарчихаад чадлынхаа хэмжээнд мэдлэгээ хуваалцахыг зорьдог болсон.
-“Номоор мал маллаж байсан…” гэдэг чинь?
-Би Оросод найман нас хүртлээ амьдарсан. Улаанбаатарт ирээд орос сургуульд сурч байгаад Герман явсан. Хорь хол гарсан настай буцаж ирэхдээ монголоор ярьж, бичиж чадахгүй шахам хүн байлаа. Насаараа суурин газар амьдарсан, малын зүс ч мэдэхгүй хүн юм чинь номоор маллахгүй гээд яахав. Гэхдээ нутгийнхан намайг одоо биднийг нутгийн нэгэн малчид гэж өөриймсдөг юм шүү.
- Монголд ямар ажил алба эрхэлж байсан бэ?
-Нэг хэсэг олон улсын төсөл хөтөлбөрт ажилласан. Дэлхийн байгаль хамгаалах сангийн, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгт Тусгай хамгаалалттай газар нутаг, орчны бүсийн хөгжил төсөл, БОЯ нд хууль дүрэм, журмыг боловсруулахад гар бие оролцож байсан хүн дээ. Дунд нь Америкт 14 жил болсон. 50 нас дөхсөн үедээ хөдөөг зорьжээ.
- Аж ахуйгаа танилцуулахгүй юу?
-Яахав дээ, юм хийж, бүтээх гэж үзэж л байна. Эдлэн газартай, сэргээгдэх эрчим хүчээр хангагдсан, тэрүүхэндээ хэд хэдэн барилга байгууламжтай. Эхнэр бид хоёр 18 зүйл малын ургамал, 57 зүйл амтлагч тариалж, өвөл, зуны хүлэмж ашиглаж, сургалт явуулж, зөвлөгөө өгч байдаг. Япончуудтай гурван жил, НҮБ-ийн төсөл, олон улсын нийлээдгүй байгууллага, хөтөлбөрүүдтэй хамтран ажилласан. Farm Stay Dornod гээд аялал жуулчлалын сонгодог хэлбэрийг хөдөөд хөгжүүлэн дэлхийн бүх нэртэй бүх платформуудад данстай болцгоосон. Манайхыг өдөртөө зорьсон хүний рекорд 138 байж билээ. Монгол улсад байдаг бүхийл гадаадын элчин, төлөөлөгч, судлаач эрдэмтэд манайхаар орж гарсан байдаг. Би өөрөө “Миний мэдэх хөдөөгийн хөгжил” лекц уншиж байна. Ийм л байна даа.