Нацагдоржийн БАРХАС: МАЛАА ЭРЧИМЖҮҮЛЭХГҮЙ ХЭДХЭН ЖИЛИЙН ДАРАА БЭЛЧЭЭРГҮЙ БОЛНО
-Малын удмын сангийн Үндэсний төв нь Монгол Улсын мал сүргийг уугуул орчинд нь нутагшуулан үржүүлэх, үржүүлгийн бүтээгдэхүүний генийн санг хадгалах, хамгаалах, малын үүлдэрлэг байдлыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, арвин ашиг шимт малаас үржүүлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, биотехнологи, генийн инженерчлэлийн ололтыг МАА-н үйлдвэрлэлд нэвтрүүлэх, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай, стандартын шаардлага хангасан үржүүлгийн бүтээгдэхүүнээр үйлдвэрлэгч, хэрэглэгчдийг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж буй. Тус төвийн Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Нацагдоржийн Бархастай хийсэн ярилцлагыг эрхэм уншигч танаа хүргэж байна.
– Одоогоос зургаан жилийн өмнө Малын удмын сангийн Үндэсний төв ашиглалтад орж, Монгол Улс малынхаа удам генийн санг хадгалах, малынхаа чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх цогцолбортой болсон. Өнөөдрийн байдлаар танай төв ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
– Монгол Улсад одоогийн байдлаар манай зарим эрдэмтэн, мэргэжилтэн, малчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон үндэсний баталгаажсан 61 үүлдэр, омог, хэвшлийн мал үндэсний генийн санд бүртгэгдээд байна. Үүнээс манай байгууллага одоогийн байдлаар 33 үүлдэр, омог хэвшлийн малын хээлтүүлэгчээс үр авч, нарийн технологиор гүн хөлдөөж өөрөөр хэлбэл 196 хэмд хөлдөөн Монгол Улсын генийн санд хэдэн жилийн хугацаатай ч хадгалж ашиглана гэж ойлгож болно. Одоогоор Үндэсний генийн санд 38.824 тун үр байна. Үүнээс импортоор орж ирсэн 19.560 тун, дотоодын буюу баталгаажсан үүлдэр омгийн 19.264 тун гүн хөлдөөсөн үр байгаа. Үүнээс сүүлийн 3 жилд бид 24 үүлдэр, омгийн стандартад тэнцсэн хээлтүүлэгч бух, хуц, ухнаас үр авч генийн санд хадгалаад байгаа бөгөөд 2025 он гэхэд баталгаажсан бүх үүлдэр, омгийн малын үрийг авч хадгалахаар ажиллаж байна. Үндэсний генийн санд хээлтүүлэгч малын үр авч хадгалах гэдэг нь үндсэндээ хоёр ач холбогдолтой.
Үүнд:
Нэгдүгээрт, Монгол Улсад бий болсон баталгаажсан үүлдэр, омгийн малыг устаж, үгүй болохоос урьдчилан сэргийлэх стратегийн ач холбогдолтой. Тухайлбал одоогийн байдлаар эрдэмтэн, мэргэжилтэн, малчдын олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон нийн ноост Хангай, нарийвтар ноост Орхон, Ерөө, Тал нутгийн цагаан үүлдрийн хонь, нарийн гялалзсан торгомсог ноос өгдөг Ангор үүлдрийн ямаа, бужгар гоёлын арьсны чиглэлийн Каракуль үүлдрийн хонь, хивсний үйлдвэрлэлийн гол ноос өгдөг Байдраг үүлдрийн хонь зэрэг нь устаж үгүй болоход хүрээд байгаа эмэгнэлтэй байдал үүсээд байна. Иймд бид дээрх эрсдэлтэй байгаа малынхаа үрийг үндэсний генийн санд авч хадгалаад байна. Цаашид энэ үрийг ашиглан тухайн үүлдрийн малыг сэргээх, тоо толгойг зохистой хэмжээнд байлгахад ашиглах болно.
Хоёрдугаарт, Үндэсний генийн санд хадгалаж байгаа стандартад тэнцсэн гүн хөлдөөсөн үрээд тухайн бүс нутгийн малчдын малын чанарыг сайжруулах зорилгоор зохиомол хээлтүүлэг хийж ашигладаг. Одоогоор манай байгууллагатай хамтарч ажилдаг 41 зохиомол хээлтүүлгийн мэргэшсэн техникч нар байна. Бид тэдэнтэй жил бүр гэрээ байгуулан, хэрэгцээт стандартад тэнцсэн хөлдөөсөн үр, шингэн азот болон мэргэжлийн багаж хэрэгслээр тогтмол хангаж Монгол Улсын өнцөг булан бүрт байгаа малчид, иргэд, аж ахуйн нэгжийн мал сүргийг чанаржуулах ажил хийж байна.
– Зөвхөн хадгалдаггүй, бас ашигладаг байх нээ…
– Тийм ээ. Зохиомол хээлтүүлгийг жил бүр, 21 аймгийн хэмжээнд, аймгийн ХХАА-н газруудтай хамтран амжилттай зохион байгуулдаг. Орон нутаг дахь зохиомол хээлтүүлгийн техникчдийг сургаж дадлагажуулдаг. Сүүлийн гурван жилийн хугацаанд 160 хүнийг мал үржүүлгийн техникийн сургалтад хамруулсан байна. Тэдэнтэй гэрээ байгуулан, хөнгөлөлттэй үнээр гүн хөлдөөсөн үр, багаж төхөөрөмж, эм урвалжаар хангадаг. Жишээ нь, та үхэр сүргийнхээ сүүний гарц, тослогийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Төв аймгийн Батсүмбэр суманд үржүүлж байгаа үндэсний баталгаажсан Буган халиун үүлдэр болон гадаадаас авсан Алатау, Шведийн бор үүлдрийн үхрээр сайжруулмаар байна гэвэл бид тэр бухын үрийг нийлүүлж, манай техникчид газар дээр нь очоод зохиомол хээлтүүлэг хийж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгнө. Хэрэв зах зээлээс стандартад тэнцсэн сайн чанарын өсвөр бух худалдаж авъя гэвэл ойролцоогоор 5,0-8,0 сая төгрөг болж байна. Энэ үнээг иргэд, фермерүүд тэр болгон худалдан авч чадахгүй бөгөөд хямд зардлаар зохиомол хээлтүүлэг хийлгэж малынхаа чанарыг сайжруулах бүрэн боломжтой.
-Ингэхэд, орон нутаг зохиомол хээлтүүлэг хийлгэх захиалга хэр их өгдөг вэ?
– Захиалгын тоо байнга өсөж байгаа. Манай байгууллага 2018 оны байдлаар улсын хэмжээнд 1800 толгой малд зохиомол хээлтүүлгийн үйлчилгээ үзүүлж байсан бол одоо 18,000-22,000 малд зохиомол хээлтүүлгийн ажил үйлчилгээ үзүүлэн болж улмаар өөрийн мал сүрэгтээ сайн, өндөр ашиг шимтэй хээлтүүлэгч малын үрээр зохиомол хээлтүүлэг хийлгэх сонирхолтой малчид, иргэд, аж ахуйн нэгжийн сонирхол, хүсэлт улам бүр нэмэгдэж байна. Нэг үнээнд зохиомол хээлтүүлэг хийлгэхэд бүх зардал нь багтаад 70-80 мянган төгрөг, нэг хонинд 15-20 мянган төгрөг байдаг.
-Зохиомол хээлтүүлгийг үнэ төлбөргүй хийдэг гэсэн үү?
– Сүүлийн гурван жилд малын үржлийн биотехнологийн аян өрнүүлж эхэлсэнтэй холбогдуулаад улсын төсвийн хөрөнгөөр зохиомол хээлтүүлгийг газар тариалангийн бүс нутаг болон эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байгаа төвийн бүсийн зарим шаардлага хангасан малчид, иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор тэдний малд малын зохиомол сая төгрөгийн хөрөнгөөр нийт 2200 толгой үхэр, 2000 гаруй хонийг зохиомлоор хээлтүүлэхээр төлөвлөсөн. Дархан, Сэлэнгэ, Төв аймаг зэрэг МАА эрчимжсэн бүс нутагт энэ ажлыг зохион байгуулна. Малын үржлийн ажлын стратеги төлөвлөгөөний дагуу, аймгуудын ХХАА-н газар, сумдын ХАА-н тасгаас ирүүлсэн судалгаа хүсэлтэд үндэслэн хаана, ямар малд, хэдий толгойгоор зохиомол хээлтүүлэг хийх вэ гэдгийг тодорхойлдог юм. Зохиомол хээлтүүлгийн нэг давуу тал нь, төллүүлэх хугацааг төлөвлөж болдог. Тэр утгаараа өвөл ч сүү саах боломжтой юм.
– Хувь малчид танайд хэрхэн хандах вэ?
– Хувь малчдын хувьд төлбөртэй хийдэг. Нэг үхэрт зохиомол хээлтүүлэг хийхэд 70-80 мянган төгрөг байдаг. Үүнд, ороо идэвхжүүлэгч бодис, нэг удаагийн бээлий, замын зардал, үр, азотын зардал багтсан. Малын удмын сангийн Үндэсний төв нь жил бүр орон нутагт ажиллаж буй мал үржүүлгийн техникч нартай хамтран ажиллах гэрээ байгуулж ажилладаг дээрх техникч нараар дамжуулаад хүсэлт гаргасан хувь малчдын малын чанарыг сайжруулах зорилгоор зохиомол хээлтүүлэг хийх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, шаардлагатай, үр азот, багаж хэрэгслээр ханган ажиллах боломжтой юм. Зохиомол хээлтүүлгийн зэрэгцээ орон нутгийн цөм сүргийн салбар нэгжээр дамжуулан тухайн орон нутагт өсгөж үржүүлж буй үүлдэр, омгийн сайн чанарын
хээлтэгч, хээлтүүлэгч малыг худалдан борлуулж малчдын хэрэгцээг хангаж байна.
-Малын удмын сангийн Үндэсний төвийн салбар нэгжүүдэд эх сүрэг бий юу?
– Байлгүй яах вэ. Увсад Баяд, Завханд Сартуул, Дорнодод Барга, Сүхбаатарт Үзэмчин, Хэнтийд Тал нутгийн цагаан хонь, Булганд Хангай, Сэлэнгэ үүлдрийн үхэр байна. Анх батлагдсан бүс нутагт нь байлгаж, цэврээр нь үржүүлж, малчид, мал бүхий иргэдийг цэвэр үүлдрийн хээлтэгч, хээлтүүлэгч малаар хангах, үүлдэрлэг хэв шинжийг нь алдагдуулахгүй байлгахын тулд орон нутагт цөм сүрэг байгаа юм.
-Хэрэв би хүсвэл ямар ч малын үрээр зохиомол хээлтүүлэг хийлгэж болох нь ээ?
– Арай ч тийм биш. Төрөөс Мал үржлийн ажлын стратеги төлөвлөгөө гэж батлагдсан байдаг. Тухайн малыг өсгөх бүс нутагт нь сайжруулж өсгөх бодлого барьж байгаа. Жишээ нь, Сэлэнгэ үхрийг Булган аймгийн Сэлэнгэ суманд үржүүлнэ дээд үеийн сайжруулагч нь Герефорд. Тиймээс энэ үхрийг зөвхөн Герефорд үүлдрийн бухны үрээр л давтан сайжруулах ёстой. Мэдээж махны үхэрт сүүний үхрийн үрээр хээлтүүлэг хийж болохгүй. Махны үхэр өсгөх бүс нутагт сүүний үхэр өсгөөд байж болохгүй гэсэн үг мал үржлийн ажил бол маш нарийн төлөвлөгөөтэй, бүртгэл тооцон доор шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхой үе шаттай явагдах ёстой.
-Сэлэнгийн Орхон, Ерөө, Хангай хонины цөм сүрэг танай байгууллагын харьяанд бий болов уу?
Манай байгууллагад төрийн өмчийн Хангай үүлдрийн нарийн ноост хонины 250 гаруй хонь бий. Булган аймгийн Сэлэнгэ суманд үржүүлж байгаа.
-Үндэсний генийн санд буй гүн хөлдөөсөн үрийг хэдий хугацаагаар хадгалах боломжтой вэ?
Үндэсний генийн санд хадгалж буй үрээ тогтмол шинжилж, идэвх, чанарыг нь байнга хянадаг. 5-10 жилийн хугацаанд мэргэжлийн баг атестатчлал явуулдаг. Манай генийн санд байгаа үрүүдийг дээд тал нь 50-60 жил хадгалах боломжтой.
-Үр үйлдвэрлэлийн үйл явц их нарийн шиг санагдсан. Манай улсад хэр хөгжсөн байдаг бол…
Биотехнологийн шинжлэх ухаан хөврөл үр шилжүүлэн суулгах, хүйс жолоодох гэхчлэнгээр дэлхийд асар хурдацтай хөгжиж байна. Бид ч бас энэ хөгжлөөс хоцрох ёсгүй. Тиймдээ ч манайх зарим нэг ажлыг туршиж, хэрэгжүүлж байна. Тухайлбал, ноосны чанар буурч, гарц багасах болсонтой холбоотойгоор нарийн, нарийвтар ноост хонь үржүүлэх төслийг МАА-н Эрдэм шинжилгээний хүрээлэн, “ADRA” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. Австралийн мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар, уг төслийн хүрээнд 2022 оноос дурангийн буюу лакстроскопийн аргаар зохиомол хээлтүүлгийг зохион байгуулж, Хангай, Орхон үүлдрийн 200 толгой хонинд үр шилжүүлэн суулгасан. Энэ ажил 60-70 хувийн амжилттай, гарсан төлүүд
эрүүл бойжиж байна. Тэгвэл өнгөрсөн жил нутгийн үзэмчин хонийг тээгч эхээр ашиглан Австралийн ноос-махны чиглэлийн мерино үүлдрийн хонины хөврөл шилжүүлэн суулгасан нь амжилттай боллоо.
Хөврөл гэдэг нь тухайн үүлдрийн цэвэр үүлдрийн хонийг тээгч хонь ашиглан цэврээр нь гарна л гэсэн үг. Энэ ажлыг зохион байгуулахад тээгч хонины ороо оролтыг тухайн хөврөл зайлж авсан хонины үетэй ижил түвшинд хүргэхийн тулд ороо оролтыг жигдрүүлэн сидр тавьж, ороо идэвхжүүлэгч эм тариа хэрэглэн бэлтгэж байж зохион байгуулдаг маш нарийн төлөвлөгөөт технологит ажил юм. Цэвэр үүлдрийн малын 7-14 хоногтой хөврөлийг зайлж аваад, гүн хөлдөөж, тээгч эхэд дурангийн аргаар шилжүүлэн суулгадаг юм. Нийт 50 үзэмчин хонинд хийснээс 30 хурга авсан. Эдгээр хургыг өсгөж, Хангай, Ерөө, Орхон, Тал нутгийн цагаан гэсэн нарийн, нарийвтар ноост эх орны үүлдрийг сайжруулахад ашиглана. Ингэснээр ноосны гарц, чанар нэмэгдэж, үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах боломжтой болох юм. Манай мэргэжилтнүүд хөврөл суулгах, угаах арга технологид биечлэн суралцсан нь том ач холбогдолтой байлаа.
-Мерино үүлдрийн хурга манайд хэр дасан зохицож байна вэ?
Монгол орны эрс тэс уур амьсгалд дасан зохицох боломжтой хонийг сонгон ашиглаж байгаа учир бэрхшээл байхгүй. Сүүлийн үед Австрали улс хонин сүргээ аль болох байран маллагаанаас гаргаж бэлчээрийн голдуу маллагаатай эрч тэс уур амьсгалд дасан зохицуулах үржлийн бодлого явуулж байгаа учир бид тэндээс сонгож ашиглаж байна.
-Махны чиглэлээр хонио сайжруулъя гэвэл гадны ямар үүлдрийг сонговол тохиромжтой бол…
Эдельбай, Дорпер, Суффолк байж болно. Эдгээр үүлдрээр сайжруулснаар төлгөнд авах байсан махыг хурганд нь авах боломжтой. Нэг үгээр аж ахуй тань эрчимжиж, мал махаа богино хугацаанд эргэлтэд оруулж, тэр хэрээр зардал хэмнэх ач холбогдолтой юм. Анхааруулахад, монгол хонийг цэвэр үүлдрийн малаар хээлтүүлсэн бол гарсан эрлийз төлийг цаашид үржилд ашиглаж болдоггүй. “F1” буюу 50 хувьтай нэгдүгээр үеийн эрлийзийг шууд борлуулж, хэрэгцээнд ашиглах ёстой. Энэ мэтчилэн биотехнологийн ололт амжилтыг ашиглаарай, орлогоо нэмэгдүүлээрэй гэж уриалъя.
-Тээгч эхийн шалгуур гэж байх уу?
Байлгүй яах вэ. Зохиомол хээлтүүлэг хийхэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Тээгч эх маань дундаас дээш тарга хүчтэй, 1-2 төллөсөн, үр хөврөлийг тээх чадвартай, шилжүүлэх үр чанартай байх ёстой. Түүнчлэн тээгч малын ороог зөв таних, хээлтүүлсний дараа нарийн хянах, тэнэмэл бух харайлгахгүй байх ёстой.
– Зохиомол хээлтүүлгийн үр дүн хэдэн хувьтай байдаг бол?
Нийслэл орчимд сүүний үхрийн фермүүдэд 85-90 хувийн үр дүнтэй хийж байна. Байгалийн ороон дээр нь хийхэд илүү байдаг. Олон суурьт бол ороо орохыг нь заавал хүлээх шаардлагагүй, ороог зориудаар идэвхжүүлж болдог. Энэ нь 50 үхрийг нэг дор хээл авахад бэлэн болгох боломжтой гэсэн үг. Зохиомол хээлтүүлэг гэдэг маань энгийнээр, маш богино хугацаанд малын чанарыг сайжруулах тухай л юм.
Сайн чанарын малын гүн хөлдөөсөн үр, хөврөлөөс гадна амьдаар нь импортлох боломжтой болов уу?
Импортолдог шүү дээ. 2022 онд Оросоос Халимаг, Алатау, Ангус, Герефорд, Семминталь гээд донор мал тендерээр оруулж ирсэн. Тэндээсээ үр үйлдвэрлэж байна. Гэхдээ гаднаас хаа хамаагүй мал авчраад байдаг гэж ойлгож болохгүй. Жишээ нь, Ангус үхрээр Дорнодын талын улааныг, Герефорд үхрээр Сэлэнгэ үүлдрийн, Казахын цагаан толгойт үхрийг сайжруулна гэж бодлого төлөвлөгөөтэй оруулж ирдэг л дээ. Судалгаа, тооцооны үндсэн дээр энэ ажил явдаг.
– Нэгэнт л мал маллаж байгаа хойно тэжээл, өвс гээд ажил ундарна биз?
Үржлийн цөм сүргээ тэжээх зорилгоор 2020 оноос хадуур, тармуур авч, өөрсдийн хүчээр байгалийн хадлан бэлтгэдэг болсон. Мөн 60 орчим га-д ногоон тэжээл тариалдаг. Хээлтэгч малаа өндөг, лууван, тэжээлийн будаагаар нэмж тэжээдэг. Энэ хавар бид 5-6 үүлдрийн 14 толгой бухаас үр авахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
– Төсвөөс гадуур нэмэлт орлого бий юу?
Стандартын шаардлага хангаагүй малаа заазалж зах зээлд борлуулна, үр, азот борлуулсан зэргээс олж байгаа зэргээс бид орлогоо бүрдүүлдэг. Дашрамд хэлэхэд манай байгууллага жилдээ 1,2 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөс түүний 40 хувь буюу 480,0 орчим сая төгрөгийн өөрийн үндсэн болон туслах үйл ажиллагаанаас олдог юм.
– Үхэр, хониноос бусад төрлийн малын үр үйлдвэрлэдэг үү?
Одоогоор буурнаас үр аваагүй. Адууны тухайд, энэ жилээс гаднаас сайн чанарын азарга оруулж ирж байгаа хүмүүстэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж байна. Манай тусгай зөвшөөрлийг ашиглаж азарга оруулж ирээд, бид хамтран ашиглаж, үр авах, туршиж судлах ажил эхэлсэн. Ямааны тухайд, ХААИС, Японы “Сизуро тейч” компанитай хамтран ажиллаж, ноолуурын чанарыг сайжруулах, генийг засварлах төсөл хэрэгжүүлж байна. Цаашид нарийн ноолуур өгдөг ямаанаас хөврөл угааж аваад олон тоогоор тарааж дэлгэрүүлэх бодлого бий.
– Биотехнологийн ололтыг арай өөрөөр ашиглаж болох уу. Тухайлбал, зэрлэг ан амьтны үрийг авч хадгална гэвэл боломжтой юу?
Тийм боломж бүрэн бий. Мазаалай баавгай, цаа буга гэдэг ч юм уу ховордсон ан амьтныхаа генийг хадгалж үлдэхэд болохгүй юм байхгүй боломж байгаа.
– Ярилцсанд баярлалаа. Таны хэлэх үгээр ярилцлагаа өндөрлөе…
Мал сүргийг цаг алдалгүй эрчимжүүлэх шаардлагатай байгаа. Энэ хэвээрээ явбал хэдхэн жилийн дараа бэлчээргүй боллоо. Уламжлалт мал аж ахуйгаа үгүй хий, устга гэж байгаа хэрэг огт биш шүү. Малаа цөөл, чанаржуул, хагас эрчимжүүлж шинжлэх ухааны үндэслэлтэй өсгөх цаг үе ирсэн байгаа юм. Ингэхийн тулд, биотехнологийн дэвшилтэд аргуудыг ашиглан чанартай, гойд ашиг шимт малтай болоход Малын удмын сангийн Үндэсний төвийн оролцоо их байх нь ойлгомжтой. Та бүхнийг бидэнтэй хамтран ажиллаж мал сүргийн чанарыг сайжруулахыг уриалж байна.