ТЭМЭЭН АЯЛЛААР АЯЛАХДАА ЮУ АНХААРАХ ВЭ?
Тэмээн аялал хийхдээ жуулчдад Монгол тэмээ нь хэдийгээр гэрийн тэжээмэл амьтан боловч заримдаа үргэх, зан ааш нь өөрчлөгдөх тохиолдол гардаг учир зааварчилгаа сайн өгч осол гэмтлээс сэргийлээрэй.
Тэмээн аялал эхлэхийн өмнө тэмээг унах жуулчнаар нь хөтлүүлж 500 орчим метр явган алхвал аль аль нь орчиндоо дасаж аялал тань амар болно. Мөн тэмээг унах үедээ хэлдэг хэллэг, аялга болох “сөөг сөөг” гэж зөөлөн дуудаж бурантгийг доош нь дарж хэвтүүлэх, босгохдоо “чуу чуу” гэж хэлэх, тайван явж байгааг илтгэх “хөөг хөөг” гэж дохио өгдгийг сайтар тайлбарлаж өгөөрэй. Харин тэмээг зогсоох, үргэсэн уед нь тайвшруулах бол бурантгийг эгц хойш нь аядуу татаж “хаа хаа” гэж чанга, тод, захирангуйгаар хашгирах хэрэгтэйг сануулаарай.
Монголчууд морь, тэмээнийхээ зүүн талаар нь хандаж, ойртож, эдэлдэг учир морь, тэмээ нь тэр талдаа дассан байдаг. Үүнийг зөв тал хэмээн тайлбарлан зүүн талаас нь хандахыг зөвлөөрэй. Мөн дараах санамжуудыг тэмээн хөтөч жуулчдад өгөөрэй.
Тэмээндээ аль болох ачаа бага ачих
Тэмээнийхээ бөхнөөс элдэв юм зүүх, юм унагах нь тэмээг үргээнэ гэдгийг анхааруулах
Таны хувцас, эдлэл хэрэглэл шажигнасан элдэв содон чимээтэй бол тэмээг дастал түүнээ хэрэглэхээс татгалзах
Тэмээний араас шууд гэнэт ойртож болохгүйг тайлбарлах. Учир нь зарим цочсон тэмээ тийрч болох тул араас нь 2м-ээс дотогш ойртох хэрэггүй.
Тэмээний дөрөөг жуулчдын хөлний уртад сайн тааруулах.
Дөрөөн дээрээ өндийхөд тохомноосоо 4 хуруу орчим хөндий зай гарч байхаар тааруулаарай. Дөрөөн дээр зөвхөн өлмийгөөрөө гишгэж шаардлагатай үед хөлөө дөрөөнөөс хурдан авах боломжтой байхыг сайтар сануулах.
Хамгийн чухал зүйл бол цуваагаар явж, цуваанаас гарахгүй байхыг анхааруулах. Анх тэмээ унаж байгаа жуулчдад дасах хугацаа өгч тэмээ цуваагаар аялах хэрэгтэй.
Жуулчдыг тэмээгээ унаж суртлаа зураг авахыг тэвчих, хэрэв авах бол тэмээгээ зогсоогоод авахыг зөвлөөрэй. Харин унаж сурсан эсвэл цуваан дундаа явж дассан үед зураг авах нь аюулгүй гэдгийг ойлгуулаарай.
Тэмээ газрын уруу орохдоо шогшдог учраас бурантгаа богиносгон татаж “хаа хаа” гэж аажуухан алхуулж орж болно гэдгийг урьдчилан сануулах Тэмээгээ цуваагаар явж байхад аль болох хооллуулахгүй байх. Учир нь хооллуулаад сурчихвал
замын хажуугийн өвс, бут зулгаах зэргээр жуулчдад тэмээгээ удирдахад хүндрэл учирдаг.
Тэмээн аялал нь намдуу, тогтуун аялал бөгөөд тэмээ таныг хүүхэд мэт бүүвэйлэн алхах учир жуулчдадаа унтахгүй байхыг зөвлөх Тэмээн дээрээс байгалийн сайхныг ажин сэтгэл санаа тайвширдаг учраас аль болох тал газраас эхний өдрийн аяллыг эхлүүлээрэй.