Д.ОДГЭРЭЛ: Лимузин үүлдрийн үхрийг Монголд үржүүлснээр бид стандартад нийцсэн мах нийлүүлэх боломжтой болно

 Д.ОДГЭРЭЛ: Лимузин үүлдрийн үхрийг Монголд үржүүлснээр бид стандартад нийцсэн мах нийлүүлэх боломжтой болно

“Сэлэнгэ тариа” компани Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн нутаг, Чандагатай хэмээх газар махны чиглэлийн лимузин үүлдрийн үхрийн аж ахуй эрхэлж байна. Тус компани 2017 онд ХХААХҮЯ-ны хөнгөлөлттэй зээлээр Франц улсаас махны хэвшлийн лимузин үүлдрийн 60 үнээ, хоёр бух оруулж ирсэн нь эдүгээ хоёр суурьт, 240 орчим толгой болон өсжээ. Лимузин үүлдрийн үхрийн онцлог, маллагааны талаар “Сэлэнгэ тариа” компанийн гүйцэтгэх захирал Д.Одгэрэлээс тодрууллаа.
– Лимузин бол махны чиглэлээр дэлхийд тэргүүлдэг үүлдэр. Өөр онцлог талуудааснь дурдвал…
Лимузин үхэр нь орчин цагийн эрчимжүүлсэн мал аж ахуйн махны чиглэлийн үүлдрүүд дундаа шаардлага багатай, хамгийн үр өгөөжтэй үүлдэр. Уг үүлдрийн үхрийн мах нь махны зах зээлд дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг. Цаг уурын ямар ч нөхцөлд дасан зохицдог, өвчинд тэсвэртэй, тэжээлт орчинд маш сайн жин нэмдэг өгөөж сайтай үүлдрийн үхэр юм. Манай компани 2017 онд Франц улсаас 62 тооны лимузин үүлдрийн үхрийг оруулж ирсэн. Нэг эр лимузин үхэр нэг тонн жинтэй, гулууз жин нь 600 кг байдаг. Лимузин үүлдрийн үхрийг Монголд үржүүлснээр бид Дэлхийн стандартад нийцсэн мах нийлүүлэх боломжтой болно. Манайх одоохондоо цэврээр нь өсгөж байгаа. Доод тал нь 500 толгой болгон өсгөснийхөө дараа махны чиглэлээр зах зээлд борлуулна.
– Танай компани долоон жилийн өмнө ХХААХҮЯ-наас нэг тэрбум төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл авсан юм билээ. Төлж амжсан уу?
Манайх зээлээ төлөөр барагдуулдаг, хоёр жилийн дараа төлж дуусна. ХХААХҮЯ-нд жил бүр 30 бухан бяруу өгдөг гэсэн үг. Түүнийг нь яам эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх төрийн бодлогын хүрээнд цааш нь малчдад нийлүүлдэг. Бид ингэж төлөөр нь зээлээ төлдөг учраас үхрээ өсгөж, цөм сүрэг бүрдүүлэх ажил удаашралтай байгаа. Одоогоор Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 200, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутагт 40 орчим үхэр байгаа.
– Өөр үүлдрийн үхэртэй үржилд оруулдаг уу?
Бид аль болох цэврээр нь үржүүлэхийг хичээж байгаа. Харин нутгийн үхрийг сайжруулах чиглэлээр Сэлэнгэ үүлдрийн үхрийг эрлийзжүүлж, туршиж байна.
– Мэдээж сайн чанарын үүлдрийн малыг байран маллагаатай, тэжээж байгаа байх…
Манай үхэр саравчинд байдаг. Эхэндээ дулаан байранд өвөлжүүлж байгаад халдварт өвчин, шимэгч хорхой гээд эрсдэл үүссэн учир больсон. Хамгийн чухал нь хэвтэр тухтай, дулаан байх хэрэгтэй байдаг. Хэвтэрт нь сүрэл дэвсдэг. Сүрлийг зузаан дэвсчихээр дороосоо даардаггүй. Энэ өвөл манай нутагт цас их орж, зудын байдалтай өвөлжсөн. Гэсэн ч хэвтэр тухтай, цагийн тэжээлтэй үхрүүд маань намраараа, тарган байгаа. Тэжээлийн хувьд аравдугаар сарын дундаас зогсоож, тавдугаар сар хүртэл тэжээдэг. Зогсоосны дараа хэсэг хугацаанд өвс өгч байгаад тэжээл руугаа ордог юм. Зогсоохдоо эхлээд өвсний оронд тэжээл өгөөд эхэлбэл өвсөө голоод идэхгүй байх талтай. Манай компани нийт 11,500 га эргэлтийн талбайтай ба сүүлийн үеийн, өндөр хүчин чадалтай техникээр 100 хувь шинэчлэгдсэн. Жилдээ 200-250 га талбайд ногоон тэжээл тариалдаг. Арвай, овьёос, эрдэнэ шиш, вандуй, судан өвс, улаан буудай, гурвалжин будаа тариалж, даршилж, боож хадгалдаг. Хэрэв тэжээлээ зах зээлээс худалдаж авбал өртөг өндөр гарна. Энэ жилийн хувьд 1200 боодол ногоон тэжээл бэлдсэн. Нэг үхэрт сард нэг боодол буюу 350 кг тэжээл өгдөг. Мөн дарш өгнө. Нэмэлтээр хоёр боодол байгалийн хадлан өгнө.
– Тэгж тэжээсэн үхэр мэдээж илүү жин татна биз?
Саяхан бухаа жинлэж үзтэл тонн гаруй жин дарж байна билээ. Ер нь лимузин үхрийн мах өөхөн судалтай, зөөлөн, шүүслэг байдаг. “Стейк”-ны гол түүхий эд болдгоороо алдартай. Манай бухан бяруу 5.000.000 төгрөг хүрч байгаа.
– Танайхыг Лимузин үүлдрийн үхрээс гадна бас бог малтай гэж сонссон юм байна…
Тийм ээ. Хангай үүлдрийн 200-гаад хонь бий. Мах-ноосны чиглэлийн энэ хонины үр ашгийг тодорхой хэмжээнд бас хүртэж байна. Хангай үүлдрийн хонины гол онцлог нь ойт хээрийн бүсийн байгаль, цаг уурын бэлчээрийн маллагааны нөхцөлд сайтар зохицсон, амьдын жингээр монгол хониноос 18-23 хувиар, ноосны гарцаар 2.4-3.4 дахин, төлөрхөг чанараар 10-17 хургаар илүү төдийгүй, 60-74 дүгээр чанарын нарийн ноос өгөх чадамжтай, манай орны цорын ганц нарийн ноост үүлдрийн хонь юм.

Холбоотой мэдээ