С.БАТСҮХ: Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зарласан нь олон хүнийг ажлын байраар хангах үндэс болсон шүү

 С.БАТСҮХ: Ерөнхийлөгч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг зарласан нь олон хүнийг ажлын байраар хангах үндэс болсон шүү

“Бугант нандин” компанийн захирал Содномдаржаагийн Батсүхийг “Ногоон эрэл” сэтгүүл Ойн салбарын түүхт 100 жилийн баярын дугаартаа урьж ярилцлаа.

-Таны хувьд Бугантын унаган хүүхэд. Бугантынхан багаасаа ойн боловсрол эзэмшиж өссөн онцгой хүмүүс байдаг. Зусланд ойжуулалтын хичээл ордог гэж сонссон. Тэгэхээр Та тийм л хүүхдүүдийн нэг байж таарна?
Тийм ээ, би Бугантын унаган хүүхэд. Нутагтаа хувиараа үйл ажиллагаа эрхэлж байгаад 2007 онд “Бугант нандин” компанийг байгуулсан. Манай компани ачаа тээвэр, худалдаа үйлчилгээний чиглэлээр анх үйл ажиллагаагаа явуулж байсан. Сүүлд ойн үйлдвэрлэлийн ашиглалт, уул уурхайн нөхөн сэргээлт, мод үржүүлгийн чиглэлээр ажиллаж байна. Таны хэлж байгаа үнэн. Манайх чинь тэр чигээрээ ойжуулалтын суурин. Хуучин мод бэлтгэлийн аж ахуй гэж том газар байлаа. Ерөнхий боловсролын сургуульд сурч байхдаа ойжуулалтын боловсролыг олж авсан. Модыг үрээр хэрхэн яаж тарих, зэрлэгийг нь яаж түүдэг юм гэдгийг багаасаа сайн сурсан. Байгаль орчны гавьяат ажилтан О.Алтанцэцэг инженерийн багшилж байсан зусланд би явж байсан. Алтанцэцэг гавьяатын хүүхэд Сувдмаа бид нэг ангид сурч байсан. Тиймээс би багаасаа ойжуулалтын боловсрол олж авсан хүүхдүүдийн нэг гэж болно. Манай аав геологи хайгуулын экспедицийн геологич хүн. 1961 онд Бугант тосгон байгуулагдаагүй байхад анхны замыг нь гаргаж байсан түүхтэй. Аав минь ингэж анхны шанг нь татаж, дараа нь хайгуулын экспедицийнхэнтэй алт эрдэнэсийн нөөцийг нь тогтоож, Монгол, Оросын хамтарсан үйлдвэр байгуулагдаж байсан. Дашдоржийн Эрдэнэхүү гэж миний ээж одоо Бугант тосгондоо амьдарч байна. Аавтай минь нийлж Бугантад ирсэн анхны хүмүүсийн нэг. Тэр хүмүүсээс Ганбат гэж эгч, Жадамба гуай гээд цөөхөн хэдхэн хүн үлдсэн байна. Геологичийн хүүхэд болоод ч тэр үү, геологийн хайгуулыг яаж хийх вэ, өрмийг яаж тавих вэ, геологи хийсний дараа олборлолтыг яаж явуулах вэ гэдгийг мөн багаасаа мэддэг болсон.

-Бугант гэхээр Бадарч дарга, Гандөш дарга гээд сайхан хүмүүс яригддаг?
Тэгэлгүй яахав. Ишийн Бадарч гэж мундаг хүн байсан. Тэр хүний удирдлага дор манай Бугант өнөөгийн хөгжлийн сууриа олсон гэдэг юм. Лодойн Гандөш дарга Бугант группийг удирдаж байсан. Тэр хүн модыг гарал үүсэлгүй байхад гарал үүслийн эрхийн бичгийг нь зохиож байсан гэдэг. Мод бэлтгэлийн загалмайлсан эцэг гэж бүх хүн хүндэтгэдэг. Бугант групп гээд 4 хамтарсан компани байсныг хүмүүс мэднэ. Ү.Батсайхан гэж мундаг хүнтэй Сүхбаатарын Бүүвэйбаатар ах “СОСНА” компанийг хамтарч байгуулаад, Бүүвэй ах компаниа амжилттай удирдаад явж байна. Ер нь нэг үеийн хэсэг залуучууд Бугант тосгонд анх ирж байсан. “Буян од”-ын Буянтогтох гавьяат байна. Дагвын Долгор гээд “Бугант минж” компанийн захирал эгч байна. Арга байхгүй гавьяатай хүмүүс.

-“Буганд нандин” компани ойн чиглэлээр ямар ямар үйл ажиллагаа явуулж ирэв. Ойжуулалтын тайлан мэдээллээсээ дурдвал?
2013 оноос хойш бид ойн чиглэлээр үйл ажиллагаа явуулж жилдээ 20 мянган га талбайгаас эхэлсэн. Өөрийн хөрөнгөөр 42 мянган ширхэг тарьцыг эрхийнхээ дагуу тарьж байлаа. Энэ онд гэхэд Оюутолгой компанийн тендерт шалгараад 500 мянган ширхэг тарьц, Тэрбум Мод Сангийн тендерт шалгараад мөн 500 мянган ширхэг тарьц тарьсан. Тариалангийн талбайн зурвасыг байгуулахад 42 мянган ширхэг мод тарьчихсан. Бид ойжуулалтаа ч хийчихдэг, модоо ч үржүүлчихдэг ийм хамт олон болж чадсан. 2023 онд гурван сая мод ойжуулаад Ойн санд хүлээлгэж өгсөн. Мөн Алтанбулаг болон, Хушаат суманд нэг сая ширхэг нарсны тарьц суулгаж ойн санд хүлээлгэж өгсөн. Хонгор суманд 42 мянган ширхэг тариалангийн талбайд улиас, хайлаас модоор зурвас байгуулж өгсөн гээд яривал нэлээн амжилттай дүн мэдээ гарч байна. Мод үржүүлгийн талбайд бид үрээр модыг үржүүлэхэд маш их хэмжээний үрийг тарьж ургуулж байгаа. Яг өнөөгийн байдлаар 20-иод сая ширхэг модыг ургуулж ойжуулж байна. Энэ бүхэн маань манай хамт олны, хүн бүрийн, бүх ойжуулагчид, инженер техникчдийн гавьяа. Манайх 180-аад ажилтантай. Мод үржүүлэг дээр 60-аад хүн байгаа. Сэрдаваагийн Төмөрбат гэж ойн инженер мундаг хүн бий. Мөн Номин, Мягмаржав, Мягмарсүрэн гээд залуу инженерүүд байна. Ойн техникч Д.Цэвээнгэрэл ах минь насаараа ажилласан мундаг хүн. Ийм л багийг удирдаж байна.

-Танай компанийн эрхлэн гаргаж байгаа модон эдлэлийн эцсийн бүтээгдэхүүнүүд, ялангуяа сийлбэртэй иж бүрэн тавилгатай гэр сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг их татах болсон доо?
Гэрээгээр эзэмшсэн модоо эцсийн бүтээгдэхүүн болгохын төлөө, модоороо баялаг бүтээхийн төлөө бид бүхэн зорьж явна. Зундаа модоо үржүүлээд ургуулдаг, харин өвөлдөө ойд арчилгаа, цэвэрлээ, модон эдлэл үйлдвэрлэх ажлаа хийгээд баялаг бүтээх зорилготой.
Модоор эцсийн бүтээгдэхүүн гаргаж, баялаг бүтээхэд мужаан, сийлбэрчин гээд бүх төрлийн авьяастай, мэргэжлийн өндөр чадвартай хүмүүс байна. Тэдний хүчинд бид, Сэлэнгэ аймаг, улсдаа нэлээд дээгүүр тооцогдох брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сийлбэртэй
иж бүрэн тавилгатай гэрийг хийснээр Монголд стандарт тогтоож байгаа. Мөн хүннү гэрийг өөрсдийн зураг чимэг, хийц, судалгаагаар хийж байна. Сандал ширээ, ор дэр бүгдийг манайх өөрсдөө хийж байна. Бат-Оргил маань хэлбэр дизайныг нь зохиож, Ганаа гэж гагнуурчин маань ямар ч амьтан, ямар л гоё дүрсийг жинхэнэ ур ухаанаа гаргаж бүтээж байна. Бид өнгөрсөн жил уран сийлбэрийн фестивалийг амжилттай зохион байгуулсан. Манай компани модыг эцсийн бүтээгдэхүүн болгох зорилгыг маш их тэвчээртэйгээр хүлээж, энэ том зорилгынхоо ард гарч чадсан. Олон жил зүтгэсний хүчинд эцсийн бүтээгдэхүүн болгох зорилгоор мужааны цехтэй үйлдвэр байгуулж байлаа. Дараа нь үйлдвэрийн хоёр обьект барьсан. Сэлэнгэ аймгийн хэмжээнд мод модон бүтээгдэхүүний үйлдвэр
ганцхан манайд л байна. Гэрийг цогцоор нь хийх чухал. 8 ханатай сийлбэртэй гэрт 2 сийлбэртэй ор, жаргалын найман морь, эсвэл арслантай авдар, бурхны суурьтай гүнгэрваа, хувцасны шүүгээ, гал тогооны хэрэгсэл, эрэгнэг, сэнтий хэмээх сийлбэртэй ширээ сандал, гал зуухны тавиур, гар нүүрний угаалтуур хэрэгсэл гээд бүх зүйл багтана. Хөнжил гудас, аяга тавгаа аваад ороход л болохоор тэгж бүгдийг нь нэг бүрчлэн бэлдсэн. Мөн хүннү загвараар хийсэн, эртний эдлэл, хуучны загвар хийц бүхий эрээн гэрийг хүмүүс бас их сонирхон худалдан авч байна. Ёстой гоё юм гээд албан газар, аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүс авч байна. 8 ханатай иж бүрэн тавилга, эсгий туургатай гэр 68 сая, 6 ханатай нь 48 саяар зах зээлд зарагдаж байна.

-Та компанийн ажилчид инженерүүдээ Солонгос руу явуулж, туршлага судлуулдаг юм билээ. Мөн Солонгосоос танай компанийн мод үржүүлгийн газарт олон эрдэмтэн ирж судалгаа хийж байсан?
Монгол Улсын Ерөнхийлөгч маш буянтай сайхан ажил НҮБ-ын индэр дээрээс хэлсэн. Энэ бол олон хүнийг ажлын байраар хангах үндэс суурь болсон гэж үзэж байна. Бүх  аж ахуйн нэгж, албан газрууд мод тарьж байна. Сэлэнгэ аймаг бэлтгэн нийлүүлэгч аймаг болсноо зарласан. Зөвхөн манай компани хориод сая ширхэг мод тарьчихаад байна. Ирэх жил дахин үргэлжлүүлээд 3-5 сая ширхэг мод тарина гэсэн бодолтой байна. Бугантад айл бүхэн хашаандаа модыг ойжуулж ургуулж байна. Харин нэг чухал асуудал байна. Тэр юу вэ гэвэл модыг шилжүүлэн суулгах тал дээр төрөөс бодлого гаргах хэрэгтэй. Мод хөгширчихөөр шилжүүлэн суулгахаар тухайн газартаа дасан зохицдоггүй.

Арчилгаа их шаарддаг учир ургахгүй болчихоод байдаг. Мөн шилжүүлэн суулгах ая даахгүй болчихдог. Үүнд л төрийн бодлого хэрэгтэй байна. Түүнээс Монгол орныг ногооруулахад хурдан байна. Олон газар зүтгэж, хүн бүхэн хөлс хүчээ гаргаж байна. Энэ ажил цаашид сайн явах юм бол аж ахуйн нэгж, айл өрхийн ахуй амьдрал дагаад дээшилнэ. Хамгийн гол нь тарьсан модоо эдийн засгийн эргэлтэд оруулах төрийн бодлого хэрэгтэй. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд банкуудын холбооны Тэрбум Мод Сан гэж байгуулагдаад амжилттай явж байна. Энэ бол маш зөв шийдвэр. Энэ шийдвэрийг цаашид бүр сайн явуулж, тогтмолжуулж аж ахуйн нэгжээ банктайгаа холбоод явбал ирээдүйн амьдралаа бид модоороо босгох боломжтой. Бид боргоцойгоо түүгээд, түүнээсээ үрээ аваад
бойжуулаад ургуулаад мянга мянга, сая саяар нь модыг ургуулчихаж чадна. ХАА-н салбар, байгаль орчны салбар Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тариалангийн талбайг зурвасжуулах ажил маш оновчтой шийдвэр.

Солонгосын Чонжу хотод ажилчдаа, залуучуудаа дагуулаад мөн О.Алтанцэцэг инженерийг аваад очиж байлаа. Энэ хот бол маш их хэмжээний модыг үржүүлдэг, ургуулдаг газар. Өвлийн хэдэн сар залуучууд маань тэнд их юм сурсан. Говьд, хангайд мод яаж тарьдаг, яаж шилжүүлэн суулгадагт нэлээн ойлголцтой болж ирсэн. Одоо бид шилжүүлэн суулгахыг Солонгост сурсан аргаараа хийж байгаа. Мөн Солонгосоос олон хүн манайд ирж мод үржүүлгийн газартай маань танилцсан. Та бүхэн ургуулж чаддаг юм байна, хөдөлмөрлөдөг юм байна гээд эрдэмтэн докторууд цаашид хамтран ажиллах санал тавьсан. Ойн газрын дарга Б.Оюунсанаа Монгол Солонгосын хооронд том гүүр болж байгаа. “Ногоон хэрэм” төслийг Бугантад хэрэгжүүлээд Ойн анги, сургалтын төв, мод үржүүлэг, гал унтраах ангитайгаа иж бүрэн төвийг бий болгож байна. Үүнд Бугантын ард түмэн их баярлаж байна. Ингээд Ойн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг Ойн салбарынхандаа хүргэж, ажлын амжилт хүсье.

Холбоотой мэдээ