Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг дарга Гүрбазарын Энхтүвшин: БИД АМРАЛТ-АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС БАЙГУУЛНА

 Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг дарга Гүрбазарын Энхтүвшин:  БИД АМРАЛТ-АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС БАЙГУУЛНА

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлэх зорилготой байна. Тус сумын Засаг дарга Гүрбазарын Энхтүвшингийн хэлснээр, Хүдэр нутаг ойрын ирээдүйд амралт-аялал жуулчлалын бүс болох ажээ. Энэ зорилгоор амралтын тохилог газруудыг шил даран байгуулж байна.

-Манай суманд жуулчлахаас илүү амрах гэж ирвэл илүү тохиромжтой. Хот суурин газрын алжаал зүдэргээг бүрэн тайлах үзэсгэлэнт байгаль, цэвэр цэнгэг агаар, ус гол, загас жараахай, самар, жимс байна. Та манай нутагт ирээд, Ойн ангид бүртгүүлж, багахан хураамж төлөөд хүссэнээрээ саатаж тухлан, эрч хүч аваарай. Юу дуртайгаа “хөөцөлдөж”, байгалийн сайханд хэд хоноорой. Хүдэр сум маань хатуу хучилттай замаар бүрэн холбогдсон учир зорин ирэхэд ядаргаа, саадгүй байх болно гэж Засаг дарга Г.Энхтүвшин ярилаа. Тэрээр, ЗДТГтаа 16 жил байгаль орчны байцаагчаар ажилласан. Дөрөв дэх жилдээ Засаг даргын нэн хариуцлагатай албыг хашиж байгаа юм.

Хүдэр сум нь Ерөөгийн 3-р тасаг гэж байгаад 1972 онд сум болон өөрчлөн зохион байгуулагдсан түүхтэй. Нийт 286 мянган ам.км газар нутагтай, үүнээс 72 хувьд нь ойтой. Үүн дээр жил бүр аж ахуйн нэгж байгууллагуудын хийж буй ойжуулалт, нөхөн сэргээлтийг нэмбэл нийт газар нутгийнх нь бараг 80 хувь нь ойн сан юм. Өөр нэг онцлог нь, энэ сум өөрийн орлогоор 100 хувь санхүүждэг бөгөөд улсын төсвөөс авдаггүй, харин ч өгдөг ажээ. Жилд самраас гэхэд 2 тэрбум орчим төгрөгийн орлого олдог байна. Социализмын үед эндэхийн тэжээлийн аж ахуй зартай байв. Хадлангийн олон бригад байлаа. Эдүгээ байгалийн дагалдах баялагаас гадна ойд ашиглалт явуулж орлоготой, баян сум болжээ. “Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө” бодлогын баримт бичгээ баталсан байна. Сум давсан орлогоосоо санхүүжүүлж, аймгийнхаа бусад суманд байхгүй спорт заал барьж ашиглалтад оруулав. Зочид буудал, худалдаа, үйлчилгээний салбар эрчимтэй хөгжиж байна.

Мод бэлтгэлийн 22 аж ахуйн нэгж ажиллаж, 300 орчим ажлын байр гаргасан нь сумын төсөвт тодорхой жин дардаг ажээ. Засаг даргын захирамжаар зуны улиралд ойд ашиглалт явуулахгүй хааж, зөвхөн өвөл “онгойлгож” хоёр жил болов. Энэ нь уулын зөөлөн хөрсийг гэмтээхгүй хамгаалах, байгаль орчиндоо хор хөнөөл учруулахгүй байх чухал ач холбогдолтой шийдвэр байлаа. Нөгөөтэйгүүр, ойн мэргэжлийн байгууллагуудын техник хэрэгслийн ашиглалтыг сайжруулсан сайн талтай юм. Гагцхүү, зах зээл хумигдсан үед ойгоо “нээж” байгаа нь компаниудын ашиг орлогод таатай нөлөөлөхгүй байгаа ч тэд сумынхаа засаг захиргааны шийдвэрийг хүндэтгэн даган мөрдөж байгаа юм.

Хүдэр суманд уул уурхайн ашиглалтын зургаан лизенц байсан нь нөөц дууссан учир цөөрсөөр, одоогоор хоёр компани үлджээ. Тэд төмрийн хүдэр олборлож байгаа юм. “Дархан төмөрлөг” ХХК гар аргаар ашигт малтмал олборлож байгаад хаягдсан талбайд дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлтийг нийт 60 га-д хийсэн нь жишиг болохуйц санагдсан. Тухайлбал, энд зөвхөн чацаргана, үхрийн нүд зэрэг жимсний мод голчлон тариалсан нь энэ жилээс ургац өгч, сумын иргэд бидон савтай очиж түүж борлуулан өрхийн амьжиргаандаа нэмэр болгох болжээ. “Цаашид энэ талбайд нэн ховор хар нэрс ургуулна” гэж Засаг дарга Г.Энхтүвшин хэлэв.

-Нутаг дэвсгэрийн 80 хувь нь ой гэхээр нөхөн сэргээж ойжуулах талбай “үлдэхгүй” болох нь ээ?

Ойн мэргэжлийн байгууллагууд жилд дунджаар 280 га-д ойжуулдаг. Тарьц, суулгацыг мод бэлтгэлийн талбайд тариалахад ургах чадвар маш өндөр байгаа. Байгаль нөхөн сэргэхдээ хурдан. Түймэрт өртсөн талбайд хус, улиас зонхилон ургадаг. Ийм ойд шилмүүст модоор ойжуулж туршсан. Үр дүн санасанд арай л хүрээгүй. Бид ер нь шилмүүст модоор ойжуулах бодлого барьж байгаа.

-Бэлчээрийн хүрэлцээ хэр байдаг юм бэ?

Бэлчээрийн даац нэг дахин хэтэрсэн. 1989 оны судалгаагаар 26 мянган га бэлчээрт хонин толгойд шилжүүлснээр 25 мянган толгой мал байхад тохиромжтой юм. Гэтэл өнөөдөр 37 мянган мал /хонин толгойд шилжүүлснээр/ бэлчиж байна. Малын тоо толгой их өссөн учир байгалийн газраар ургадаг ургамал, жимсийг их гэмтээж, тэр хэрээр ховордож байна. Хүдэр нутгийн брэнд гүзээлзгэнэ гэхэд урьд нь машинтай явахад л дугуй нь улаан хүрэн болж нордог, тийм л байсан.

-Малаа эрчимжүүлэх л хэрэгтэй дээ?

Тийм ээ. “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар сурталчилгаа нэлээд явсан. Малчид маань тоо биш чанар чухал гэдгийг өнгөрсөн өвлийн зуднаар илүү ойлгосон байх. Малын хөлийн татвараар 37 орчим сая төгрөг цуглардаг. Энэ мөнгөөр махны чиглэлийн сайн чанарын бухан бяруу авчрах, залуу малчдыг ялангуяа, суурин маллагааны арга зүйтэй танилцуулах, сургах арга хэмжээ зохион байгуулж байна. Малчид ч дэмжиж байгаа.

-Газар тариалангийн тухайд…?

Дөрвөн аж ахуйн нэгжтэй. Нийт 12 мянган га эргэлтийн талбайтай. Голцуу улаан буудай тариалж байна.

-Гүзээлзгэнээс өөр юу брэнд юу байна вэ?

Буриад талх байна. Зургаан өрх дагнан үйлдвэрлэдэг. Олдохгүй шүү дээ. Гарсан өдрөө л зарагдаад дуусчихдаг. Сумынхан бүгд л энэ талхаа гэдэг юм даа. Мөн цөцгий үйлдвэрлэл алдартай. Сүүлийн үед мод, модон материалын үйлдвэрлэл брэнд болон хөгжиж байна.
Модон поошиг, аяга, сав суулга, сандал, ширээ гээд эрэлт хэрэгцээтэй байгаа. Цэвэр модон материалаар чанартай үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг аялал жуулчлалтай холбож борлуулалтыг улам нэмэгдүүлэх боломжтой. Ингэж ч төлөвлөсөн.

-Шилжилт хөдөлгөөн хэр байна?

Манай сум 3000 орчим хүн амтай. Хүн ам эрчимтэй өсөж байна. Жилд 30-40 өрх шилжин ирж байгаа. Бид шинээр ирж буй төрийн албан хаагчдад зориулж орон сууц барьсан. Шилжиж ирсэн алба хаагчдаа энд үнэ төлбөргүй суулгадаг. Яваандаа хувийн эзэмшил газартай болоход нь хашаа, байшингийн модон материалын гоожин зөвшөөрлийг шаардлагатай хэмжээнд олгодог. Засаг даргын нөөцөөс тухайн албан хаагчийг орон байртай болоход нь мөнгөн дэмжлэг үзүүлэх нь ч бий. Аж ахуйн нэгжтэй холбож, хямдралтай үнээр
банз, дүнз зүсэж бэлтгүүлдэг. Энэ мэт бодит дэмжлэг хүндээ чухал байдаг даа.

-Байгалийн баялгаа ашиглуулж, авдаг юмаа авч чадаж байна уу?

Чадна аа. Самар их ургадаг. Жилд 1000 гаруй тонн, дээд тал нь 2000 тонныг бэлтгэх нөөц тогтоодог. Түүж бэлтгэх гэж 18 аймгийн 1500-2000 хүн ирнэ шүү. Аж ахуйн нэгжүүд дуудлага худалдаагаар зөвшөөрлөө авчихаж байгаа юм. Бид хяналтаа тавьж ажилладаг. Байгаль орчны албаны байцаагчид, экологийн цагдаагийн алба, хилийн цэрэг хамтран хяналтыг зохих ёсоор хэрэгжүүлдэг л дээ. Манай суманд хил хамгаалах байгууллага ажилладаг, хилийн дэглэмийн зөрчил цөөнгүй гардаг учир тэдний үүрэг оролцоо их. Бид хяналтын цэгээр нэвтэрсэн зорчигчдод шуудай өгч явуулдаг. “Хог битгий хая” гэж хуурай хэлснээс “Энэ шуудайнуудыг дүүргээд ирээрэй” гэхэд хүмүүсийн хандлага огт өөр болж байна. Зорчигчдын авчирсан хогийг хяналтын цэгийн ойролцоо төвлөрүүлж, тээвэрлэхэд хялбар ч байгаа.

-Самар, жимсчид түймэр тавих нэг аюул бий дээ?

Түймэр гардаг. Гэхдээ самар, жимсчдийн буруугаас болох нь цөөн. Голдуу аянга цахилгаанаас л голлон шалтгаалдаг.

-Тусгай сонирхлын аялал жуулчлал байна уу?

“Монгол сафари” компани байсан. Гадаадын анчдын хүсэлд тохирсон тураг ан ховор байдаг шиг байгаа юм. Тэгээд л гарч явсан. Харин ахуйн хүрээнд ангийн зөвшөөрөл хүссэн тохиолдол их. Аймгаас зөвшөөрлийн хэмжээг өсгөж өгөөч гэж хүсдэг. Жилд таван гөрөөс,
хоёр гахай агнах зөвшөөрөл ирдэг, тэр даруйдаа дуусдаг. Гэтэл нөөц нь байгаад байдаг. Ангийн зөрчил мэр сэр ч гардаг. Хууль журмаараа л шийдэгддэг. Ан агнуурын менежментийн төлөвлөгөө хийлгэх шаардлага бий. Загас сүүлийн гурав, дөрвөн жил маш их ховордсон. Хар галуутай л холбоотой гэж дүгнэж байгаа. Дээш нь тайлагнахаар “Үргээх л хэрэгтэй…” гэдэг. Ялангуяа, жижиг загас цөөрсөн шүү.

Холбоотой мэдээ