Хөрвөх чадвартай хамт олон
Хаа ч явсан ажлын төлөө төрсөн, бүдүүн хадуун ч элгэмсэг дулаан сэтгэлтэй хүн таардаг. “Хүдэр бумбатын овоо”ХХК-ийн гүйцэтгэх захирал Лхамгаравын Болд-Очир тийм л хүн шиг санагдсан. Бид утсаар ярин, Хүдэр сумын угтах, үдэх хаалган дээр болзов. Арай л түрүүлээд ирчихжээ. Замын хоёр талд зорчигчид амарч тухлан суух сүүдрэвч харагдана. Өөгүй цэвэр модыг харуулдан зүлгэж, углуургадан тааруулж хийсэн бөх бат сандал, өндөрхөн ширээ нэг л тух оргиулна. Зам дээгүүр тавтай морилохыг урьсан бичиг бүхий “хаалга” солонго шиг нумарчээ. Өнгөлөг ч юм.
Л.Болд-Очир удалгүй ирлээ. Гурвуулаа ажээ. Ярилцах зуур дотор нь тухалж, сэрүүцэн хүлээсэн энэ сүүдрэвчийг тэд сумынхаа 50 жилийн ойд зориулан барьж, хүлээлгэн өгснийг мэдлээ. “Солонгон хаалга”-ыг ч адил, өөрсдийн хөрөнгөөр сэргээн засварласан байна.
-Манай компани үндсэн болон гэрээт 16 ажилтантай. Бумбатын овоо гэдэг маань Монгол Улсад нарсны үр бэлтгэх гол нөөц, түшиц газар юм шүү дээ. Анх 2008 онд “Мөнххайрхан” нөхөрлөл байгуулж, улмаар 2014 онд компани болгон өргөжүүлсэн. 2018 оноос ойн мэргэжлийн байгууллага болсон. Мод үржүүлэх ажлыг 2014 оноос эхэлсэн. Нэг га-д шилмүүст мод үрээр үржүүлж байна. Тарьц, суулгацынхаа нэр төрөл, тоо ширхэгийг нэмэгдүүлж, тэр хэрээр зах зээлд өрсөлдөхийг зорьж байгаа гэж “Хүдэр бумбатын овоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.БолдОчир ярилаа.
Эднийх энэ жил 600 шоо метр мод бэлтгээд 12 га-г нарс модоор ойжуулжээ. Жилийн зургаан сарын турш ойд гарах боломжгүй, сул зогсож байдаг. Тэр хугацаанд ажлын байраа хадгалах, нэмэлт орлого олох зорилгоор эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн байна. Тухайлбал, амралтын шовгор буюу аялагчдын байрлах тухлаг байрыг үйлдвэрлэн борлуулж байгаа нь зах зээлд нэр хүндтэй, байр суурьтай ч болжээ. “Амралт, жуулчны баазууд захиалдаг. Зөөвөрлөн суурилуулах боломжтой” гэж захирал Л.Болд-Очир нэмж хэллээ.
“Хүдэр бумбатын овоо” компани “МАК” компанитай гэрээлж, ачааны доод модон суурийг 2000 ширхэг хийж нийлүүлсэн гэнэ. “Хүдэр бумбатын овоо” ХХК-д шаардлагатай техник хэрэгсэл бүрэн ажээ. Энэ хамт олон нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, эмзэг бүлгийн
нэг өрхөд 5х7 хэмжээтэй байшин үнэ төлбөргүй барьж өгсөн байна. Гэр нь шатсан эмэгтэйд “шовгор” өгөв. “Туслаад л өнгөрдөг болохоос зураг хөрөг болоод, би ингэсэн, тэгсэн гэж сурталчлаад явдаггүй л дээ. Хашааны банз, түлээний мод байнга л буулгаад өгчихдөг. Намайг гээд зорьж байгаа улсад “үгүй” гэж хэлж болохгүй л гэж боддог. Ажилчдадаа бол жилд хоёр тэвш зах банз өгчихдөг. Хашаагаа адаглаад сэлбэнэ биз дээ гэж гүйцэтгэх захирал Л.Болд-Очир хэллээ. Тэр уг нь Баянхонгорын хүн. Эцэг нь 1984 онд Хүдэрт ерөнхий агрономичоор томилогдон ирсэн цагаас хойш энэ сайхан нутагтай ажил, амьдралаа холбож, ач, зээгээ үзэж, дөрвөн үеэрээ сайн сайхан амьдарч байна. Хүү Гансүхдээ аж ахуйн нарийн ширийн ажлыг хүлээлгэн өгсөн юм байна.
“Хүдэр бумбатын овоо” ХХК-ийн ажилтан бүр бүхээгт суувал жолооч, талбайд гарвал агронимич, зуухны дэргэд очвол тогооч болж “хөрвөдөг”, нэг хүн 2-3 мэргэжлийн ажлыг чадварлаг гүйцэтгэдэг, эвсэг сайхан хамт олон юм. Тухайлбал, уулын бригадын ахлах, ойн инженер Төмөрбатын Анхбаяр даргархаад байхгүй, мод бэлтгэлийн бригадын даргаас гадна жолооч, заримдаа ч тогооч болчихдог тухайгаа хүүрнэсэн. Т.Анхбаяр хэлэхдээ,
-Аав, ээж минь наяад оны дунд баруун аймгаас, илгээлтээр, малчин болж энэ нутагт ирж байлаа. Одоо ч төрсөн нутаг шиг ээлтэй сайхан санагддаг. Бид үр боргоцойг өөрсдийн хүчээр түүж бэлтгэдэг. Энэ жил үр тааруу гарлаа. Дараа жил ихсэх байх. Дэргэдээ боргоцойн цех байгуулах санаа бий гэлээ.
Тэгвэл тус компанийн менежер Төмөрбаатарын Бямбаа анхны тракторчин хүн юм.
-Хүдэр сум Ерөөгийн нэг тасаг байсан юм. Тэжээлийн аж ахуйтай байлаа. Оросууд трактор барьдаг, монголчууд байдаггүй, тиймээс цөөнгүй залуусыг тракторын жолоочоор хойно сургасны нэг нь би юм. Би уг гарвал Хөвсгөлийн хүн. Трактор, комбайны ТМС төгсөөд, 1972 оноос трактор барьсан. 15 жил ажиллаад зах зээлд орж, нягтлангаар ч ажилласан. Одоо тэтгэвэртээ гарсан. Л.Болд-Очир чинь миний төрснөөс ялгаагүй дүү юм шүү дээ. 2014 оноос өдийг хүртэл гар, сэтгэл нийлэн, хоёр биедээ дэмтэй тустай ажиллаж, амьдарч байна гэж Т.Бямбаа ярилаа. Тэрээр, “Би гурван хүүхэдтэй. Нэг нь нутагтаа малчин, хоёр нь хот руу явсан. Ач, зээ нар том болжээ” гэж хуучлав.
СУМАНДАА АНХДАГЧ “ХҮДЭР МӨНГӨЛӨГ”
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ойн мэргэжлийн 24 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тэдний төлөөлөл болгон “Хүдэр мөнгөлөг” ХХК-иар зочиллоо. Энэ компани сумандаа ойн мэргэжлийн анхдагч байгууллага гэдгээрээ алдартай ажээ. 2007 онд байгуулагдсан, үндсэн 18 ажилтантай, тэднийхээ эрүүл мэнд, нийгмийн даатгалыг цаг хугацаанд нь төлдөг байна. Улирлын чанартай ажилд гэрээт ажилчид авдаг гэнэ.
Тус компанийг үүсгэн байгуулагч, анхны захирал Лхамхүүгийн Давга жолооч мэргэжилтэй хүн юм. Хүдэр сумын тэжээлийн аж ахуй гэж байхад 34 жил тээврийн тэрэг барьсан ч мод үржүүлэх технологийн нарийн ажлыг туршлагаар сурчээ. Танхим, сургуулиар яваагүй ч ямар ч их, дээд сургууль төгссөн хүнээс дутахгүй мэдлэгтэй болжээ. Эдүгээ тэрээр, хүү Ганзоригтоо компанийн ажлаа даатгаж, зөвлөхийн ажил хийж байна.
Дроноор нөхөн сэргээх аргыг туршиж үзмээр санагддаг. Хөвч, тайгын гүнд, хүн, машин очих боломжгүй бэрх газруудад ялангуяа, тун үр дүнтэй шиг байгаа юм. Саяхан Шаамар суманд туршсан гэсэн. Боломжийн санагдсан шүү. Бид яахав, хүйтний улиралд, хөрс хөлдөж царцсан дээр очоод модоо бэлтгэчихнэ. Хавар, намарт нөгөө талбайгаа нөхөн сэргээх гэхээр очиж чадахыг байчихдаг. Ийм дутагдал засрах болов уу гэж бодож байна гэж ахмад ойчин Л.Давга ярилаа.
Тэгвэл “Хүдэр мөнгөлөг” компанийн гүйцэтгэх захирал Дашбалбарын Лхагвасүрэн хилийн цэргийн дэд хурандаа цолтой хүн юм. Хилийн цэрэгт 33 жил, 10 сар алба хаагаад тэтгэвэрт гарчээ. 2013 онд энэ компанид ирснээс хойш хамт олон нь жил бүр аймгийн шилдэг татвар төлөгчөөр шалгарч, сумандаа ажил үйлсээрээ тавантаа түрүүлжээ. Салбарын яамны жуух бичиг гээд шагналууд ханаар нь дүүрэн харагдсан.
-Бид ойн менежментийн төлөвлөгөөний дагуу талбай тусгаарлуулж авдаг. Энэ жил 765 шоо метр мод бэлтгэх зөвшөөрөлтэй. Үйлдвэрлэлийн ашиглалтаар төд, ойн цэвэрлэгээгээр төд гэх мэтээр нарийн зааж өгсөн байдаг. Ашиглалтын дараа ойжуулах ёстой. Энэ онд 29,5 га-г нөхөн сэргээсэн. Хавар үйлдвэрлэлийн ашиглалт явуулсан талбайдаа 100 гаруй мянган нарсны тарьц суулгасан. 36 сая төгрөгийн зардал гарсан л даа. Намар дахиж очоод үхэж хорогдсон бол нөхөн тариална. Амьдралтын хувь 70-аас дээш хувьтай шүү дээ.
Тарьц суулгацаа өөрсдөө үйлдвэрлэнэ. Үржүүлгийн талбайдаа үрээр тариалж, арчилж, дор хаяж хоёр жил, тэгээд гурван жил ургуулсны дараа нөхөн сэргээлтэд гаргадаг гэж “Хүдэр мөнгөлөг”-ийн гүйцэтгэх захирал Д.Лхагвасүрэн ярилаа.
Эднийх бэлтгэсэн модоо зүсмэл материал болгон зах зээлд гаргадаг, Улаанбаатарт төлөөлөгчийн газраараа дамжуулан борлуулдаг байна. Модыг дүнзээр нь биш, бэлдэц болгон зүсэхэд худалдан авагчид ам сайтай. Тухайлбал, “Бест буйдан”, “Говь хангай мебель” зэрэг гэр ахуйн тавилгын мундагууд “Хүдэр мөнгөлөг” компанийг бэлтгэн нийлүүлэгчээр сонгожээ. Товчхондоо, эдний ямар зориулалтаар ашиглахаас шалтгаалан зузаан, нимгэн, урт, богино хэмжээтэй зүсэж бэлтгэсэн зүсмэлийг том, жижиг үйлдвэр, мужааны цех авч
ашигладаг байна. Тэд зөвхөн нарс бус тодорхой хэмжээнд хус мод бэлтгэдэг. Хусаар гэрийн хана, унь, морин хуурын цар, савх, барилгын хавтан материал үйлдвэрлэхэд нэн тохиромжтой гэнэ лээ. “Хүдэр мөнгөлөг” нь хусан бэлдцээ орон нутагтаа борлуулахаас гадна Сэлэнгийн Алтанбулаг суманд байгуулагдсан хавтангийн үйлдвэрт нийлүүлдэг. Чухам хусаар хийсэн барилгын хавтан хөнгөн, дулаан тусгаарлалт сайтай, бөх бат болдог юм билээ гэж Д.Лхагвасүрэн захирал сонирхуулсан. Энэ хамт олон байнгын захиалгатай ажилладаг юм.
“Хүдэр мөнгөлөг” ХХК-ийн хамт олон бог, бод нийлсэн тодорхой тооны малтай. Хадлангаа өөрсдийн хүчээр бэлтгэдэг байна. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, жил бүр сум, орон нутагтаа байгалийн гамшигт өртсөн, амьдралын боломж тааруу нэг айлын орон сууц байшинг үнэ төлбөргүй барьж хүлээлгэж өгдөг ньдууриал болохуйц санагдсан. Түүгээр зогсохгүй жил бүр 10-20 өрхийг түлээний модоор хангадаг. Гэр бүл болж буй залуусыг дэмжиж 28 хүнд орон сууц барих модон материалыг үнэ төлбөргүй бэлтгэж өгсөн гээд сайн
жишээ дурдаад байвал цөөдөхгүй ажээ.
Уулын шаардлагатай техник бүрэн байгаа. Гагцхүү, ойн зам хүндрэлтэй. Шавар намаг, бартаа саад ихтэй учир машин техникээ эвдэх нь олон. Социализмын үед зассан зам эвдэрч дууссан. Ашиглах ямар ч боломжгүй. Хэрэв замтай бол орон нутгаа төдийгүй Монгол Улсынхаа мод, модон материалын хэрэгцээг дор хаяхад ойрын арван жилийн хугацаанд бүрэн хангачих боломж, нөөц манай энд хангалттай бий юм шүү гэж зөвлөх Л.Дагва өгүүллээ.
Мод үржүүлгийн талбайд нь нарс, шинэс, цэнхэр гацуур хэдэн зуун мянгаараа ургаж байсан. Л.Давга гуайн хэлснээр, эднийд үрийн нөөц хангалттай байгаа гэнэ лээ.
ХУУРАЙ ЗАМААР ДЭЛХИЙГ “БАЙЛДАН ДАГУУЛАГЧ”
“Хүдэр мөнгөлөг” ХХК тив дэлхий, олон улсад тээвэр хийж буй орон нутгийн анхны компаниар нэрлэгдэж, нэн шинэ түүхийн эзэн болжээ. Тус компанийн ерөнхий захирал Давгын Ганзоригийн хэлснээр, хуурай замаар хүрч чадахгүй газар орон байхгүй гэнэ. Тус бүр нь 20 тоннын даацтай, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, хөргүүртэй болон чингэлэгтэй найман ч автомашинаар захиалагчийн хүссэн барааг, хүссэн хэмжээгээр нааш, цааш тээвэрлэн, компанийн орлого нэмэгдүүлэхэд үлгэр дууриалтай ажиллаж байгаа юм.
Манай компани олон улсын сертификаттай. Бүх орон руу чөлөөтэй тээвэр хийх эрхтэй. Европын бүх хотоос татаж байна. Станы орнууд, хөлөөр хүрч болох газар орон бүрт хүрнэ. Монголоос мах, самар, ноос, ноолуур, юу эс тээвэрлэх вэ. Харин гаднаас автомашин, хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, архи дарс, барилгын материал орж ирдэг гэж Д.Ганзориг захирал ярив. Жишээлэхэд, БНСУ-аас хуурай замаар тээвэр хийсэн нь анхны тохиолдол болсон билээ. Нийт 3500 км, дөрвөн хоног л явдаг гэнэ. Цаг хугацаа хэмнэж, тэр хэрээр тээврийн зардлыг бууруулж байгаа учир “Хүдэр мөнгөлөг”-ийн транзит тээвэр эрэл суралттай байна.
Эднийхэн үйл ажиллагаа өргөжүүлж, зах зээлд орлогын шинэ эх үүсвэрийг бий болгон ажиллаад дөрвөн жил болжээ. Сонирхуулахад, Д.Ганзориг мод үржүүлэг, газар тариаландаа хэрэглэх бүх л техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөө хямд үнээр, гадаад улс орнуудаас татан авчээ. “Хүмүүс гайхдаг л даа. Сумын компани олон улсад тээвэр хийж байна гэхээр сонин санагддаг шиг байгаа юм. Би “Яагаад болохгүй гэж…” хэмээн хариулдаг” гэж Д.Ганзориг захирал нэмж хуучилсан.
Алтан шар зам тань өлзийтэй байг ээ!