Монголын амьтан, ургамлын мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооны тэргүүн Л.ГАНБОЛД: ХӨДӨӨ ОРОН НУТАГТ АЖИЛГҮЙДЭЛ, ЯДУУРАЛ АРИЛНА

 Монголын амьтан, ургамлын мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооны тэргүүн Л.ГАНБОЛД: ХӨДӨӨ ОРОН НУТАГТ АЖИЛГҮЙДЭЛ, ЯДУУРАЛ АРИЛНА

Багаасаа “Залуу байгальчдын станц”-аас салдаггүй байсан Л.Ганболд хүү барилгын инженер болсон ч байгаль хамгаалах ажлаа орхилгүй Монгол Улсын Байгаль орчин болон Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан болж, түүний хөдөлмөр, бүтээлийг төрөөс үнэлж “Алтан гадас” одонгоор шагнажээ. Харин тэрээр өнгөрсөн онд “Янгирын ноолуур болон бусад ан амьтдын хөөвөр, ноос, ноолуурыг хаягдалгүй авах ногоон технологи“ гэсэн 14575 дугаартай Зохиогчийн эрхийн гэрчилгээ авчээ. Төр, засгаас түүний энэ ажлыг үнэлж  “Хөдөлмөрийн гавъяаны одон”-гоор шагнажээ. Иймээс бид түүнтэй уулзаж ярилцсан юм.

Энэ сэдвийг яагаад сонгох болов.
-Аргаль угалз, янгир ямаа, хар сүүлт зээр, халиун буга гэх мэт тууртан амьтад бэлчихдээ чоно, бүргэд, ирвэс гэх мэт махан идэшт амьтдаас сэргийлж хоорондоо зайтай бэлчдэг төдийгүй хөлийнхөө хооронд ургамал орхиж идээшлэн бэлчээрээ доройтол, цөлжилтөд оруулдаггүй байгалийн өөрийн гэсэн зохилдлоготой байдаг. Харин олон бог мал ялангуяа ямаа бэлчээрийн ашигт ургамлыг яг л сахлын хутгаар үс хусаж байгаа мэт юу ч үгүй болтол мөлжин цөлжилт үүсгэдэг. Тэгвэл хөгжингүй улсуудын эрдэмтдийн олон жил цаг заваа зарцуулж, олон салбарыг хамруулсан шинжлэх ухааны хамтарсан судалгаагаар Арабын ертөнц гэгддэг Ойрхи Дорнодын яг манайх шиг байсан унаган, дагшин байгаль ямаанаас болж Холоцен буюу одоогоос 10 гаран мянган жилийн өмнө бүрэн цөлжсөн болохыг нотолсон байна. Энэхүү шинжлэх ухааны том судалгааг АНУ-ын Талсын их сургуулийн Антропологийн салбарын эрдэмтэн Дональд О Хенри, АНУ-ын Оклахомын их сургуулийн Газарзүйн салбарын эрдэмтэн Карлос Э.Кордова, Их Британийн Редингийн их сургуулийн Археологийн салбарын эрдэмтэн Марта Портильо, Испаний Барселоны их сургуулийн Эртний түүх, археологийн салбарын эрдэмтэн Роза-Мария Альберт, АНУ-ын Дорнод Каролины их сургуулийн Физикийн салбарын эрдэмтэн Регина ДеВитт, Францын
Рене-Жинувесийн их сургуулийн Археологи, угсаатан судлалын салбарын эрдэмтэн Алин ЭмериБарбье нар хамтран хийж гүйцэтгэн “Blame it on the goats? Desertification in the Near East during the Holocene” буюу “Ямаа гол буруутан мөн үү? Ойрхи Дорнод Холоцены үед цөлжсөн” гэсэн судалгааныхаа дүнг нийтийн цахим сүлжээнд нийтлүүлсэн юм. Иймээс бидний өмнө цөлжилтөөс салахын тулд гэрийн ямааны ноолуураас 46 дахин үнэтэй байгаа янгирын ноолуурыг яаж авах вэ гэсэн асуулт тулгарч бүгд янз бүрийн арга хайж эхэлсэн. Өнөөдөр зөвхөн Балбад л нутгийн иргэдэд мөнгө төлж, өндөр ууланд хад, модны үзүүрт үлдсэн янгирын ноолуурыг цуглуулж Италичууд өндөр үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Ер нь аль ч тууртан амьтад ноос, ноолуур, хөөвөр нь хөөрөхөөр бие нь загатнаж шөвгөр болгоныг очиж шөргөөдөг. Бид энэхүү зан араншингийн онцлогийг нь ашиглаж энэ технологийг гаргаж авсан юм.

Энэхүү Оюуны өмчийг яаж инноваци болгох вэ?
-Юуны өмнө өнөөдөр банкны зээлэнд барьцаалагдсан малчид, орон нутгийнхныг өрнөөс гаргаж, ан амьтдын ноос, ноолуур, хөөвөр авах төхөөрөмж захиалах санхүүгийн боломжтой болгох хэрэгтэй. Ингэхийн тулд манай Байгаль орчныг хамаалах тухай хуульд үйлчилж байгаа “Байгаль хамгаалах гэж харамлахыг хэлнэ. Энэ зарчмыг зөрчвөл торгоно, төлбөр тооцно, шоронд хорино” гэсэн социализмын үеийн зарчмыг өөрчлөн хуульчлах шаардлагатай байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулийн заалтуудад нийцдэг НҮБ-ын Олон
улсын гэрээ болох байгаль хамгаалах конвенцийн зарчим нь “Байгаль хамгаалах гэж тогтвортой ашиглахыг хэлнэ. Тогтвортой ашиглах гэж байгаль хамгаалахыг хэлнэ” гэсэн зарчим юм. Энэ зарчмыг л яаралтай хуульчлах хэрэгтэй байгаа юм. Учир нь энэ зарчмын ачаар олон улсад CITES гэгддэг НҮБын “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон лсын хэмжээнд худалдаалах тухай конвенц(Convention on International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora)-ийн 183 гишүүн улсууд жил бүр олон
улсын квот авч өөрийн орны нэн ховор буюу I хавсралтын амьтан, ургамлаа өсгөн ховор гэсэн II хавсралт руу, харин II хавсралтын амьтан ургамлыг элбэг гэсэн III хавсралтад оруулах зорилготой ажилладаг. Ингэж байж л амьтан, ургамлын нөөц нэмэгдэн жинхэнэ ёсоор хамгаалагддаг. Өөрөөр хэлбэл, бидний амьтан ургамлаа тогтмол, жил бүр зөв ашиглах хэмжээг олон улсын квот гэх бөгөөд энэхүү квотоор орж ирж буй орлогын 90 гаруй хувийг тухайн амьтан, ургамалтай хамт амьдарч байгаа орон нутгийнхан авдаг байх тогтолцоог бий болгох шаардлагатай. Ийм тогтолцоо бий болгосноор өөрсдөдөө тогтмол орлого оруулж байгаа амьтан, ургамлаа тухайн орон нутгийнхан хамгаалж өөрсдөө төдийгүй гадны хүмүүсийг хулгайн ан, хууль бус ургамал олборлолт хийхийг таслан зогсоодог учир тухайн улсын байгаль бодитоор хамгаалагдаж эхэлдэг. Мөн нутгийн иргэд тогтмол валютын орлого оруулдаг ан амьтан, байгалийн ургамлаа шинжлэх ухааны үндэслэлтэй өсгөхийн тулд эрдэмтэн, судлаачидтай хамтарч ажиллаж байгалийн нөхөгддөг баялгийг жинхэнэ ёсоор хамгаалж өсгөж чаддаг. Олон улсын квот авахын тулд амьтан, ургамлын нөөцөө маш нарийн буюу яг л хүн амын тооллого шиг жил бүр нарийвчлан гаргаж Женевт байгаа CITESийн Нарийн бичгийн газарт өгч албан ёсны сайтад нь нийтлүүлдэг журамтай. Ингэж байж CITES-ийн конвенцийн гишүүн 183 улсын хамгийн өндөр үнэ өгсөн улс манай амьтан, ургамлыг авч орон нутагт тогтмол өндөр орлоготой иргэдтэй болж ядуурал арилна. Учир нь өнөөдөр ан амьтан, байгалийн ургамал дэлхийн зах зээл дээр манай мал, бидний тарьж буй ургамлаас 10-2300 дахин үнэтэй байна. Алтнаас хамаагүй илүү үнэ хүрч байгаа амьд байгалийн бүтээгдэхүүн манайд цөөнгүй байна. Байгалийн ургамал, ан амьтад нь бидний тарьж буй ургамал, адгуулж буй малаас яаж ингэж илүү үнэ хүрэх вэ гэдгийг өнөөдрөөс 250 жилийн өмнө алдарт эдийн засагч Адам Смитын бичсэн “Үндэстний баялаг” номын монгол орчуулгын 243-р хуудсанд хэн ч ойлгохоор товч бичигдсэн байгаа.

Энэ бүхнийг хийхийн тулд яг яах ёстой вэ?
-Хамгийн гол нь бид “Байгаль орчныг хамгаалах тухай” хуульд байгаа нөхөгддөг баялгаа орон нутгийн иргэдэд эзэмшүүлэх, хуулийн бүхэл бүтэн бүлгийг хэрэгжүүлдэг болох ёстой. Үүний тулд энэ хуулийг Монгол Улсын Үндсэн хууль болон Олон улсын гэрээ гэгддэг НҮБ-ын конвенцид нийцүүлж өөрчлөх ёстой. Ганц жишээ авахад өнөөдөр хушны самрын тусгай зөвшөөрөл гэх нэг цаас барьсан нөхөр орон нутагт очоод самрыг нь түүж байгаа учир нутгийн иргэд “Гадныхан ингэж байгаа юм чинь бид яагаад болдоггүй юм бэ” гээд хууль бусаар самар түүгээд маш хямдхан зарчихаж байна. Гаднаас хууль бус самарчид ирж хуш модыг нь сүйтгэж байна. Харин орон нутгийнхан амьтан, ургамлаа эзэмшиж 183 улсын хамгийн өндөр үнэ өгсөнд нь Олон улсын гэрээний дагуу зарж, валютын тогтмол орлого олж эхэлвэл тэд гадны хэнийг ч оруулахгүй байгалиа хамгаалдаг болно. Гол ялгаа нь ердөө л энэ юм. Гадны эдийн засагчид манай улсыг Олон улсын гэрээ болох НҮБ-ын “Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийг хэрэгжүүлдэг болчихвол нөхөгддөг баялгаас жил бүр нэг тэрбум 200 сая евро олох боломжтой гэсэн тооцоо гаргасан байдаг. Маш товчоор энэ мөнгөний 90 гаран хувь орон нутагт ордог болж ядуурал, ажилгүйдэл шууд утгаараа арилах юм. Өнөөдөр манай судлаачид байгалийн 800 зүйл ургамлыг ямар эмэнд ашиглаж болохыг тогтоочихсон. Харин бид эдгээр ургамлыг ашиглаж ядаж 330 сумандаа нэг нэг гадны хөрөнгө оруулалттай эмийн үйлдвэр байгуулж, орон нутгийн иргэдэд давуу эрхээр эдгээр үйлдвэрийн хувьцааг эзэмшүүлэх ёстой. Ингэснээр орон нутагт баталгаат дундаж давхаргын иргэд бий болж манай улс хөгжингүй улсын ангилалд орох үндэс бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, эцсийн бүтээгдэхүүн болох эко эм үйлдвэрлэж эхэлснээр жил бүр орон нутгийн иргэдийн орлого хэд дахин нэмэгдэх болно.

Хөдөө орон нутаг ядуу хүнгүй болж, ажилгүйдэл нэг мөр арилах юм байна. Үүнийг хуульчилснаар хотынхонд ямар ашиг гарах вэ?
-Хамгийн гол нь байгаль ном ёсоороо хамгаалагддаг болж эко жуулчид манайд улсад ирдэг болно. Мөн орон нутгийн эдийн засгийн боломжийг эрс нэмэгдүүлж, иргэдийг валютын тогтмол орлоготой болгон, ядуурал, ажилгүйдлийг богино хугацаанд арилгаж, хулгайн ан, хууль бус ургамал олборлолт, цөлжилтийг зогсоон бэлчээрийн экосистемийг буцаан сэргээж, хотоос хөдөөг зорих иргэдийн их нүүдэл эхэлнэ. Өөрөөр хэлбэл “хашааныхан” гэгддэг хотын иргэд орон нутагтаа буцаж очно. Ингэснээр улсын төсвөөс нэг ч төгрөг
гаргахгүйгээр хот суурингийн түгжрэл, агаар орчны бохирдлыг маш хурдан хугацаанд арилгана. Хамгийн гол нь хөдөө орон нутаг өөрийгөө хамгаалдаг, баталгаат дундаж давхаргынхан гэгддэг өөрийн эзэдтэй болно.

Холбоотой мэдээ