МОНГОЛД ЭЛЭГТЭЙ ГЭР БҮЛ

“Өвөл хучдаггүй алимны сорт гаргахад 10 жил багадаж байна”
Чулуунбатын Нямсайхан Сэлэнгэ аймагт суурьшталаа олон ч газраар явж, их ч юм үзжээ. АНУ-ын Хавай мужид анагаахын сургуульд зургаан жил суралцаж төгссөн, Өмнөд Африк, Энэтхэг, Тайланд, Камбож, Швед, Швейцарь гээд яваагүй газаргүй тэрээр өнөөдөр хөдөөгийн буйдханд аж төрж, нөхрийн хамт жижиг бизнес эрхэлж байна. Төрсөн, тэлсэн хоёр гэр бүлтэй энэ бүсгүйн намтар сонирхолтой. Анх 14 настайдаа Роберт, Мэрлин хоёртой Улаанбаатарт танилцжээ. Насаа хоёроор нэмж хэлж байж гэрийн үйлчлэгчээр ажилд орсон байна. Улмаар зан зангаа авалцан ээнэгшин дасалцаж, дотносов.
Роберт, Мэрлин хоёр Канад улсын иргэд. Монголд ирээд 22 жил болжээ. Үүнээс 12 жил нь Улаанбаатарт хүмүүнлэгийн ажил хийж байж. Сэлэнгэд “Амины мод-сэргэлт” олон улсын байгууллагын Монгол дахь салбарыг байгуулан ажиллаад 10 дахь жилийн нүүр үзэв. Канадад төвтэй, олон улсын энэ байгууллага нь Монголд ургадаггүй шинэ, шилмэл сортыг нутагшуулан бий болгох эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажлыг гардан гүйцэтгэж байгаа юм. Энэ зорилгоор Шаамар суманд 10 га газар эзэмшиж, долоон хүнийг орон нутгаас ажлын байраар хангажээ.
Ч.Нямсайхан амьдралд нь чухал үүрэг гүйцэтгэсэн хоёрыгоо ээж, аав хэмээн авгайлах юм билээ. Тэднийхээ аж ахуйн ажилд туслалцаж, уг байгууллагын оффис ажлыг хариуцан орчуулагч, менежерээр ажиллаж байна. Гэрийн эзэн Роберт уг нь геологич мэргэжилтэй ч сонирхлоороо мод үржүүлж, тариалах ажилд хэдийнэ шуударчээ. Өндөр нуруутай, сахлаа хусаж амжаагүй канад эр монголоор ус цас шиг ярих бөгөөд биднийг зорин очиход Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн ногоочид, мод үржүүлэгч 50 гаруй хүнд аж ахуйгаа танилцуулан, мэдээлэл, зөвлөгөө өгч байхтай таарав. Тэд жилд 2-3 удаа энэ мэт сургалт зохион байгуулдаг бөгөөд дээд тал нь “АДРА” олон улсын байгууллагын шугамаар 70 хүн ирж байжээ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот дахь хашаанд нь уртхан хүлэмжинд Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон ховор сортын тарьц, суулгац гаргаж авах, мөчир нахиа шигтгэх нарийн ажил өрнөдөг байна. Эндээс хээрийн талбайдаа гарган үржүүлж, ажиглаж, тэмдэглэл хөтөлж, ер нь л цаг хугацаа их зарцуулдаг гэнэ.
Улаан интоор, бөөрөлзгөнө, тошлой, үхрийн нүд, далан хальс, давжаа, том алим, монос, өрөл, газрын алим, чавга, усан үзэм, киви зэрэг 20-иод төрлийн, маш олон сортын жимсний бут Канад, Орос, Америк, Монголоос бэлтгэсэн үрээр тарьж ургуулж, үржүүлж, эрлийзжүүлж туршиж байна. Энэхүү нөр ажлын үр дүнд, 10-аад жилийн дараа өвөл хучдаггүй ургах боломжтой торниун болон давжаа алимны тус бүр хоёр сортыг бий болгожээ. Туршилтын ажил үргэлжилж, эдгээр сортоос бусад аймгууд руу илгээн, аль бүс нутагт яаж ургаж байгааг нь тандаж байгаа юм байна. Төрөл бүрийн жимсээр чанамал хийж, хатааж хэрэглэхээс гадна өнгө үзэмтэй савлаж, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд сурталчилж байгаа юм. “Амины мод сэргэлт” байгууллага нь ашгийн төлөө бус учир эдгээр бүтээгдэхүүнийг зарж борлуулахаас илүү хийх жорыг нь бусдад зааж өгөх сонирхолтой гэж Роберт хэлэв.
Роберт, Мэрлин хоёр өргөмөл монгол охиноо боловсролтой болгоход ихэд анхаарч, бүх талын туслалцаа үзүүлжээ. Тэд өөрийн таван хүүхэдтэй, гурван хүү, хоёр охинтой, есөн ач, зээтэй. Таван хүүхдийн том нь 39, бага нь 30 настай гэсэн. Мэрлин Байрг,
-Бид жилд нэг удаа нутаг руугаа явдаг. Үр хүүхдүүд нь ч байнга ирдэг. Би бага боловсролын багш мэргэжилтэй хүн. Харин одоо бол нөхөртөө тусалж, мод үржүүлэх ажлын мэдлэгтэй болсон. Канадад хүүхдүүд, ач, зээ нар байгаа бол Монголд өргөмөл охин маань, мөн
сайн найз нөхөд, ажил төрөл байна. Миний зүрх хоёр “хуваагдсан” шүү гэж инээлээ. Мэрлин төрөл бүрийн орц жороор элдэв янзын хоол хийж, жимсээр баяжуулсан талх, бялуу барьдаг. Өргөмөл охин нь түүний ховор нандин жорыг сурч авчээ.
Энэ гэр бүл монголчуудад зориулан олон төрөл жимсний шинэ, үр ашигтай сорт бий болгож өгөхийг үнэхээр зорьж, хичээж байна.
-Эхлээд бид хамгаалалтын ойн зурвас байгуулсан. Одоогоор дөрвөн га-г ашиглаж байна. Цаашид 10 га газраа бүрэн дүүрэн ашигладаг болох нь дамжиггүй. Мод үржүүлгийн ажил цаг хугацаа, тэсвэр тэвчээр их шаарддаг. Жишээ нь, өвөл хучдагггүй, хүйтэнд тэсвэртэй, -45 градуст хөлддөггүй торниун алимны сорт бий болгож, үйлдвэрлэлийн хэмжээнд ашиглахын тулд 10 жил багадаж байна. “Гэвч бид хичээж байгаа” гэж гэрийн эзэн Роберт өгүүлнэ лээ. Тэрээр, эрдэм шинжилгээ, судалгааны эл ажилдаа тухайн бүс нутгийнхаа цаг агаарыг нарийвчлалтай гаргах төхөөрөмж суурилуулан ашиглаж байгаа аж.
Ч.Нямсайханы нөхөр нь америк хүн. Травис Арместронг гэх энэ эрхэм 2015 оны хавар Христэд итгэгч байгууллагын шугамаар сайн дурын ажилтан болж Монголд иржээ. Роберт, Мэрлин хоёрын үүсгэн буй аж ахуйн ажилд нь туслав. Энэ үедээ Ч.Нямсайхантай танилцаж, гэр бүл болсон байна. Тэд хоёр хүүхэдтэй, гурав дахь нь удахгүй мэндлэх юм. Монголд хайртай, Монголд амьдрах хүсэлтэй Травис айлын ганц хүү, аав, ээж нь өндөр настай, нутагтаа амьдардаг ажээ. “Кофе соёлыг Монголд дэлгэрүүлж байгаадаа баяртай байна” гэж тэрээр сэтгэл хангалуун өгүүлсэн. Бизнесээ анх Сүхбаатар хотын зах дээр чиргүүлтэй эхэлж байжээ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төвд байх “АМС” кофе шопт хүмүүс ам сайтай. Энд зарагдаж буй Ч.Нямсайхан, Мэрлин хоёрын гараар барьсан бялуу,
жигнэмэг, шанзтай боов гүйлгээтэй. “АМС”-ын бүтээгдэхүүн хямд, дээд тал нь 10500 төгрөгөөр зарагдаж байна. “Эдний шиг амттай кофе Сэлэнгэд байтугай Улаанбаатарт байхгүй дээ” гэж үйлчлүүлэгчид ярих. Ванилтай, иристэй, агч модны шүүстэй латтэ, мока, американо, эксперессо, цагаан гаатай цай, тоортой хүйтэн цай цэсэнд нь дурайна.
Часхийсэн амттай, мөстэй американо аягыг ууж баахан ярилцаж байгаад гарахад Травис Арместронг “Баярлалаа, өдрийг сайхан өнгөрүүлээрэй” гэж үдэв.