Ногоон хивсэн дээр алхсан буянт үйлстэнүүд
Урлаг соёлынхны дунд зохион байгуулдаг улаан хивснийхтэй дүйхүйц ногоон хивсний ёслол боллоо.
Ялгаатай нь бидний амьсгалах агаар, уух усны эх сурвалж болсон мод тарих буянтай үйлсийг түүчээлсэн хүмүүс энэхүү ногоон хивсэн дээр алхсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” зарлиг гаргаж, БОАЖЯ, Ойн газраас 2010 оныг Ойн менежментийг боловсронгуй болгох жилээр зарлаж, “Монголоо ногооруулъя” аян зохион байгуулсны үр дүнд энэ жил манай улс сая гаруй мод тарьжээ. Мод тарих ажилд 100 гаруй мянган хүн гар бие оролцсон гэвэл хамрах хүрээ нь жил бүр нэмэгдэх боломжтой юм. Иймд ногоон үйлстнүүд эдгээр арга хэмжээний хүрээнд хийсэн бүтээснээ дүгнүүлэхээр ийнхүү ногоон хивсний ёслолыг анх удаа зохион байгууллаа. Шилдгийн шилдэг “Улсын тэргүүний ойжуулагч” болон “Тэргүүний ойжуулагч аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөл”-ийг шалгаруулах “Ногоон хивс” ёслолын ажиллагааг БОАЖ-ын сайдын зөвлөх Ц.Баярсүрэн нээж, сайдын илгээлтийг танилцуулсан. Мөн Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Зоригт ёслолд хүрэлцэн ирж, мод тарих үйлс улам хүрээгээ тэлж, хүн бүхэн энэ үйлсэд хүч хөдөлмөр, зүрх сэтгэлээ зориулдаг байхыг хүсэн ерөөж, ойжуулагчдад баярын мэнд дэвшүүлсэн юм.
Энэ жилийн улсын тэргүүний ойжуулагч иргэнээр Булган аймгийн Баяннуур сумын иргэн Т.Цэвэгжав, Завхан аймгийн Улиастай сумын иргэн Л.Галднаа, Увс аймгийн Улаангом сумын иргэн “Борлууд агч” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Цэвгээ нар шалгарчээ. Мөн энэ онд бүтээсэн ажлаараа тэргүүний ойжуулагч, аж ахуйн нэгж, нөхөрлөл, байгууллагаар Хэнтий аймгийн “Биндэр ой” сум дундын ой анги шалгарсан бол хоёрдугаарт байрт “Ойн ирээдүй” ХХК, Өмнөговь аймгийн “Их говийн төгөл” ХХК, гуравдугаар байрыг Завхан аймгийн “За шинэстэй”, Ховд аймгийн “Ховд сафари”, Дархан-Уул аймгийн “Захын ойн төгөл” ХХК эзэлсэн байна. Ногоон хивсний ёслолд оролцогсод амжилт бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж сонирхуулсан нь олон нийтээс өндөр үнэлэлт авсан. Хийсэн ажлаа дүгнэж, мэргэжил нэгт нөхөддөө туршлагаа хуваалцах боломж олгож буй уг ногоон хивсний ёслолыг цаашид жил бүр уламжлал болгон тэмдэглэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, эх орноо ногооруулах эл үйлс улам дэвжиж, улаан хивсний ёслол шиг хүн бүрийн хүсэн хүлээдэг арга хэмжээ болох нь дамжиггүй. Ойн салбарынханд урам өгсөн ийм арга хэмжээ өргөжвөл жил бүр мод тарих хүсэл тэмүүлэлтэй хүмүүсийн эгнээ өргөжиж, ногоон төгөлийн тоо арвижина.