Цагаан гаа, нимбэг, сармисны ач тус

 Цагаан гаа, нимбэг, сармисны ач тус

Сармис, цагаан гаа, нимбэг нь ханиад томууны эсрэг шалгарсан хүнс юм. Одоо харин дэгдээд буй шинэ корона вирусын эсрэг эдгээр нь бидэнд тус болох болов уу?
Нийгмийн сүлжээнд гар доорх энгийн бүтээгдэхүүнээр корона вирусээс хэрхэн хамгаалах талаар маш олон арга нийтлэгдэж байна. Зарим нь сармисны сайныг гайхаж байхад, харин зарим нь нимбэг жимсний ач тусыг магтаж, нөгөө хэсэг нь цагаан гааг илүүд үзэж байна. Зарим “мэргэжилтнүүд” өдөр бүр их хэмжээгээр цагаан гаа хэрэглэвэл шинэ вирусээс өөрийгөө хамгаалж чадна гэжээ. Мөн цагаан гааг гар болон хөлөндөө, гэхдээ зүүн талдаа зүүвэл вирусээс хамгаалж чадна гэсэн мэдээлэл ч байна.
Мэдээж бүх зүйл хоёр талтай байдаг. Нэг талаас Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага сармис, нимбэг, цагаан гаа нь шинэ төрлийн корона вирусээс бүрэн хамгаалж чадна гэж мэдээлээгүй. Эдгээр гурван бүтээгдэхүүнийг гол нь тохирох хэмжээгээр хэрэглэж зөвхөн өөрсдийн дархлааг л бэхжүүлэхийг санал болгож байна. Нөгөө талаас дээрх гурван бүтээгдэхүүн болон турмерик, цангис, дарсан байцаа зэрэг нь дархлааг сайжруулдаг бөгөөд энэ нь цар тахлын үед маш чухал юм. Учир нь энэхүү вирус нь хамгийн түрүүнд дархлаа сул өндөр настнууд, архаг хууч өвчтэй хүмүүсийг өвчлүүлж байна. Дархлаа суларсан хүмүүст хүндрэх магадлал өндөр байгаа тул ашиг тустай бүтээгдэхүүнийг зохистой хэмжээгээр хэрэглэх нь чухал байна.

Сармис

Сармис нь дархлааны системийн хүчтэй идэвхжүүлэгч гэдэг нь нэгэнт нотлогдсон. Сармис хэрэглэснээр амьсгалын замын халдварт өвчин тусах эрсдлийг бууруулахаас гадна эдгэрэх явцыг хоёр дахин хурдасгадаг байна.

Ханиад томууны үед спиртэнд дарсан сармис сайн үр дүнтэй байдаг. Өдөрт нэг жижиг хундагаар уугаад байхад өвдөхгүй гэсэн үг.
Сармис өөр юунд сайн бэ? Сармис цусны даралт сайн бууруулдаг тул зарим тохиолдолд эмч даралт бууруулах эмний оронд хэрэглэхийг зөвлөдөг.

Гэхдээ цусны даралт бага хэмжээгээр ихсэх тохиолдолд энэ аргыг хэрэглэнэ гэдгийг анхаараарай.
Мөн сармис нь хүхрийн нэгдэл өндөр хэмжээгээр агуулагдаг бөгөөд хамгийн түгээмэл нь аллицин юм. Аллицин нь бодисын солилцоог хэвийн тогтворжуулж, хорт бодис үүсэхээс сэргийлдэг. Гэхдээ аллицин нь сармисыг зүсээд удаагүй үед л идэвхтэй байдаг гэдгийг санах хэрэгтэй. Халуун боловруулалтанд ороход аллицин бүрэн устаж алга болдог байна. Иймээс болгосон сармис бол амттай ч ашиг тусгүй гэсэн үг байна.

Нимбэг


Олон улс оронд эрт дээр үеэс үрэвслийн эрсэг эмчилгээнд хамгийн ихээр хэрэглэж ирсэн жимс бол нимбэг юм.

Их хэмжээний С амин дэм, бусад ашигтай эрдэс болон органик хүчлүүдийн нэгдэл агуулдаг тул дархлаа сайжруулах хамгийн чухал бүтээгдэхүүн юм.
Мөн дотор муухайрсан үед бага зэрэг нимбэгний шүүс уухад маш хурдан зүгээр болдог байна.

Халуун цай, усанд хийвэл ашигтай бодисууд алга болдог тул бүлээн ус, цайнд хийж хэрэглээрэй.
Нимбэгэнд С аминдэм хамгийн ихээр агуулагддаг. Иймээс бэлэн болсон загас, далайн бүтээгдэхүүн, шинэ салат, жимсний холимог, коктейл зэрэгт нимбэгийг хамгийн сүүлд нь хийх нь зүйтэй.

Цагаан гаа

Энэхүү шидэт хүнсэнд маш их хэмжээний С аминдэм болон амин хүчлүүд агуулагддаг тул дархлааг үнэхээр сайн дэмжиж өгдөг байна. Тиймээс өөр сайн гэсэн бүтээгдэхүүнтэй нийлүүлж хэрэглэвэл илүү үр дүнтэй байх болно. Жишээлбэл цагаан гаа, нимбэгтэй цайг хүн бүр мэднэ. Мөн дархлаа дэмжих, судас бэхжүүлэх /зүрхний шигдээ өвчнөөс сэргийлэх/ үйлчилгээтэй цайг цагаан гаа, нимбэг, зөгийн балтай хольж хийх бөгөөд хөргөгчинд хадгална. Энэ цайг өдөрт нэг халбагыг усанд найруулж ууна.
Цагаан гаа нь өөхийг сайн хайлуулдаг тул жингээ хасах сонирхолтой хүмүүст их хэрэгтэй байдаг.
Цагаан гаанд агуулагддаг ашигтай эрдэс, амин дэмүүд шинэ дээрээ ч, даршилсан үед ч хэвээрээ байдгаараа онцлог юм. Мөн нунтаг цагаан гаа нь ижил үйлчилгээтэй байдаг байна.
Цагаан гаа нь гурвалжин будаа болон хүүхдийн будаанаас бусад бүх төрлийн будаатай зохицдог. Тиймээс бүх төрлийн шөл, сүмсэнд тохиромжтой. Мөн бүх төрлийн нарийн боовонд, талх, боов, кекс, шоколадаар бүрэх зэрэг олон янзаар хэрэглэж болно. Халуун амттан хийхдээ цагаан гааг халуун боловсруулалт дуусах үед, харин зуурмагт бол зуурах үедээ хийдэг гэдгийг анхаараарай.

Хориглох заалт – цагаан гаа, сармис, нимбэг
Гэдэс, ходоодны шарх, улаан хоолойн үрэвсэлтэй хүмүүст энэ 3 бүтээгдэхүүн хориотой.
Мөн цагаан гаа нь цөсний хүүдийг үрэвсүүлэх, цусны даралт ихэсгэх эрсдэлтэй тул болгоомжой хэрэглэх хэрэгтэй. Мөн хэтрүүлэн хэрэглэвэл хоол боловсруулах эрхтэн хямрах эрсдэлтэй.
Нимбэгийг нойр булчирхайн үрэвсэл, ходоодны хүчил ихтэй хүмүүс хэрэглэхийг хориглоно. Мөн бүх исгэлэн жимсний адил нимбэг нь харшил үүсгэж магадгүй. Сармисыг бөөрний өвчтэй хүмүүс хоолноосоо хасах хэрэгтэй. Мөн сармис нь хоолны дуршил нэмэгдүүлдэг тул илүүдэл жинтэй, хоолны дэглэм барьж байгаа хүмүүс хэрэглэхгүй байсан нь дээр.
Эцэст нь хэлэхэд дээрх гурван бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэмжээг нь тааруулж байнга хэрэглэхийг зөвлөж байна.

 

Холбоотой мэдээ