Сэлэнгэ аймгийн ХАА-н газрын дарга Б.МӨНХТӨР: Улсын хэмжээнд үр тарианы 50-иас дээш хувийг хангах үүргээ үеийн үед Сэлэнгийн тариаланчид биелүүлсээр ирсэн

 Сэлэнгэ аймгийн ХАА-н газрын дарга Б.МӨНХТӨР: Улсын хэмжээнд үр тарианы  50-иас дээш хувийг  хангах үүргээ үеийн үед Сэлэнгийн тариаланчид  биелүүлсээр ирсэн

Ургац хураалт эхлэх гэж байна. Сэлэнгэ аймагт энэ жил ургацын гарц ямар байв, төлөвлөгөөний биелэлт хэдэн хувьтай байгаа зэрэг цаг үеийн асуудлаар аймгийн ХАА-н газрын дарга Б.Мөнхтөртэй ярилцлаа.

-Намрын ургац хураалтын үеэр тантай уулзаж таарлаа. Энэ зун бороо хур их, үертэй, ургац алдсан газрууд их сонсогдож байна. Танай аймгийн хувьд ямархуу өнгөрөв?
-Манай аймаг 17 сум 6 тосгонтой, үүний 16 сум, 44 баг нь тариалангийн бүс нутагт хамаардаг. Монгол Улсын Засгийн газраас тариалангийн бүс нутгийг зарласнаас хойш тодорхой хугацаа өнгөрлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгал, УИХ-ын 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ХХААХҮЯ-ны сайдтай байгуулсан гэрээний үүргээ биелүүлэхэд анхаарлаа хандуулж ажиллалаа. Аймгийн хэмжээнд газар тариалан эрхэлдэг 327 аж ахуйн нэгж, 197 иргэн төмс, хүнсний ногоо тариалдаг 41 аж ахуйн нэгж, 2118 иргэн байна. Тариаланчдаас гадна энэ бүсэд мал аж ахуй эрхэлдэг 75 аж ахуй, 10566 иргэдтэй. 1.9 сая мал, 5541 малчин өрхтэй, 5025 гаруй мал бүхий өрхтэй, үүний 5541 өрх нь яг малаа малладаг гэсэн үг. Газар тариалан, хөдөө аж ахуйн хөгжилд Засгийн газраас тодорхой хэмжээгээр түлхэц өгч тариаланчдад эргэлтийн болон үндсэн хөрөнгийн зориулалтаар 5-6 хувийн хүүтэй зээлийг нийт 222 зээлдэгчид 26,3 тэрбумын зээлийг банкуудаар дамжуулан олгосон байна. Үүний хүчинд тариаланчид маань төлөвлөсөн цаг хугацаандаа тариа, ногоогоо тарих техникийн хүчин чадалтай болж хаврын тариалалтыг хугацаанд нь хийсэн.
-Аймгийн хувьд үр тариа, хүнсний ногоогоо хэдэн хувийн биелэлттэй хурааж авах төлөвтэй байна вэ?
-Энэ хавар Сэлэнгэ аймгийн хэмжээнд 206,8 мян/га талбайд тариалалт хийгдсэнээс үр тариа 131,8 мян/га талбайд, үүнээс улаанбуудай 126,5 мян/га талбайд, бусад үр тариа 5,3 мян/га талбайд, тэжээлийн ургамал 17,3 мян/га талбайд, тосны ургамал 51,3 мян/га талбайд, төмс 2,3 мян/га талбайд, хүнсний ногоо 4 мян/га талбайд тариалалт хийсэн. Энэ жилийн хувьд ч цаг агаар тааламжтай байснаас ургацын баланс эерэг, өөдрөг гарч байгаа.
-Газрын даргаас асууя, малчин тариаланч хоёулаа танай салбарын бодлогоор зохицуулагддаг юм байна. Энэ хоёр субьектын газрын талаархи зөрчлийг яаж зохицуулах вэ. Нэг нь бэлчээрийн талбайгүй гээд, нөгөөх нь малаа талбай руу туулаа гээд бөөн зөрчил дунд амьдардаг юм байна?
-Энэ бол өнөөдрийн хувьд бидний тулгамдсан асуудал болоод байна аа. Аймгийн хэмжээнд 1,6 сая,га бэлчээртэй, хонин толгойд шилжүүлсэнээр 1,1 сая толгой мал бэлчээрлэх боломжтой боловч хонин толгойд шилжүүлсэнээр 4,1 сая толгой мал бэлчиж байгаа нь бэлчээрийн даац 3,5 дахин ихэссэн нь малчид бэлчээргүй болох эхлэл болж байна. Малчид малаа тариалангийн талбайд жилийн 4 улирал оруулахгүй байх хуулиар зохицуулагдсан үүрэгтэй боловч малаа хариулгагүй бэлчээрлүүлэх, тариалангийн талбайд санаатайгаар хашааг нь эвдэж удаа дараа хариуцлагагүй хандах тохиолдол их гарч байна. Тариалангийн талбай малын бэлчээр биш. Үүнээс шалтгаалан малчид, тариаланчдын зөрчил ихсэх хандлагатай байна. Иймд бэлчээрийн даацад тохирсон өндөр ашиг шимт мал сүрэгтэй болох шаардлагатай байна. Үүнийг манай малчид ойлгодог боловч өнөөдрийн байдлаар махны үнэ, малын түүхий эдийн үнэ хямд, массаар өсгөж байж борлуулах сэтгэлгээ нийт малчдын дунд давамгайлж байгаа нь бэлчээрт болон тариалангийн талбайд сөрөг нөлөө ихээр үзүүлж байна. Иймд малчид мал сүргийн эдийн засгийн эргэлтэд богино хугацаанд оруулах, эр, сувай малыг сүрэгт байлгахгүй байхад анхаарч сүрэгт эзлэх хээлтэгчийн хувийг нэмэгдүүлэх, хариулгатай, хариуцлагатай байх шаардлагатай. Үүнийг зохицуулаад байх юмгүй. Тариалангийн тухай хуульд “тариалангийн бүс нутагт өндөр ашиг шимтэй, эрчимжсэн мал аж ахуй эрхэлнэ гээд заачихсан байгаа. Бидний хэрэгжүүлж чадахгүй байгаа нэг алдаа бол тариалангийн бүсэд байгаа малыг тасралтгүй борлуулж чадахгүй байна. Хоёрдугаарт, Газрын зөрчлийн хувьд гэвэл, энэ аймагт он удаан жил амьдран дассан иргэд бол хэзээ ч тариалангийн талбай руу малаа тууж, тариалан сүйтгүүлэхгүй. Хоорондоо зохицоод хэн хэндээ хүндэтгэлтэй хандаад болоод ирсэн. Аливаа зүйл хуулийн хүрээнд хийгдэх ёстой. Сангийн яам, Хуульзүйн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яамны сайдуудын гарын үсэг зурсан хамтарсан журам бий. Журамд тариалангийн талбайд мал орсон тохиолдолд учирсан хохирлыг мал бүхий иргэн барагдуулна гэсэн заалттай. Тэр журмын дагуу аж ахуйн нэгж сумын Тамгын газарт өргөдөл өгсний дараа, ажлын хэсэг гарч газар дээр нь зохицуулж ажилладаг. Хойшдоо бид яах ёстой вэ гэхээр бэлчээртээ тохирсон малтай байх ёстой. Бэлчээрийн даац хүрэлцэхгүй бол мал тарга тэвээрэг авч чадахгүй. Ашиг шим өндөртэй эрчимжсэн малтай болох шаардлага бидэнд зүй ёсоор тулгарч байна. 1000 толгой малаас авах ашиг шимийг 200 толгой малаас авах нь дээр байна уу, 1000 малаас авах нь дээр байна уу. 50 үнээ сааж гаргадаг 100 литр сүүг таван үнээнээс авах нь дээр байна уу, 50 үнээгээ саагаад суух уу. Төрийн бодлого бол энэ. Энэ бодлогыг сум орон нутагт удаан боловч хэрэгжүүлж ажиллаж явна. Засгийн газраас манай яаманд тариалангийн талбайг малаас хамгаалах, малын чанарыг сайжруулж эрчимжүүлэх тал дээр анхаарч “Хөдөө аж ахуйн бүсийн тухай ” хуулийн төслийг яаралтай боловсруулах чиглэлийг өгч, ажлын хэсэг томилогдон дээрхи ажил эрчимтэй явж байгаад талархаж байгаа. Энэ хууль батлагдан хэрэгжсэнээр малчил, тариаланчдын зөрчил байхгүй болно гэж бодож байна.
-Хохирлыг барагдуулдаг журам мод үржүүлэг, ойжуулалтад хамаатай юу. Мод үржүүлэгчид Байгаль орчны яаманд, малчид танай яаманд гээд тус тусдаа харьяалалтай юм, ойжуулах газар малын өвөлжөө хаваржааны зөвшөөрөл өгчихдөг гээд бас л зөрчилтэй байгаа юм билээ?
-Тариалангийн талбай болгон хашаатай. Эргэлтийн зурвас 100 метр. Тариаланчид тариалангийн талбайгаа хамгаалж хашаа барьдаг. Малчид ч бас малаа маллаж амьдардаг. Үүнтэй адилхан мод тарьж ойжуулж байгаа аж ахуй, иргэд маань ойжуулсан хэсэгтээ хашаа барьж өөрсдөө хамгаалмаар байна шүү дээ. Нэг юм хийх гээд нөгөөг үгүйсгэж болохгүй биздээ. Хашаа эвдээд албаар малаа туудаг хүн манай аймагт суурьшсан иргэдийн дунд лав байхгүй. Сүүлийн жилүүдэд нүүж ирсэн, газар тариалангийн бүс нутгийн онцлогийг мэддэггүй цөөн тооны хэдхэн хүн л байдаг. Тэр хүмүүст ярьж хэлж ойлгуулаад аль болох зохицуулаад явж байгаа.

 

Холбоотой мэдээ