ФЕРМИЙН АМЬТДЫН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ 20 БАРИМТ

 ФЕРМИЙН АМЬТДЫН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ 20 БАРИМТ

Үнээ сүүнээс гадна асар их шүлс ялгаруулдгийг та мэдэх үү?
Саалийн үнээ жилд дунджаар 9500 литр сүү “үйлдвэрлэдэг” бол өдөрт 35-75 литр шүлс мөн гоожуулдаг байна. Харин идэшний үхэр жилд бараг дөрвөн тонн баас гаргадаг гэсэн тооцоо бий.
Үнээ мөн сайхан сэтгэлийг мэдэрдэг болох нь батлагджээ. Хайр халамж мэдэрсэн, тавтай тухтай орчинд байдаг саалийн үнээ жилд ойролцоогоор 280 литр сүү илүү өгдөг байна. Сонирхуулахад үнээний дэлэнг 90-100 удаа шувтарч байж нэг литр сүү гаргаж авдаг.

Хонь үнэхээрийн сайн хараатай. Харах өнцөг нь 300 градус байдаг тул хажууд нь өчүүхэн төдий хөдөлгөөн гарахыг анддаггүй. Тэгэхдээ толгойгоо ч хөдөлгөлгүйгээр өөр лүү нь хүн, амьтан ойртохыг мэдэрч чаддаг. Хонь, ямаа мөн дээд шүд гэх юмгүй, оронд нь байх хатуу эвэрлэг эдээрээ өвс ногоо зөөллөж иддэг.

Адгуус амьтан бүр биеэ хамгаалах байгалийн зөнтэй. Харин тахиа байгалийн төрөлх зөнгөөсөө гадна ээжээсээ сурч мэдсэн нарийн эрдэм ухаанаараа өөрийгөө хамгаалдаг болохыг судлаачид тогтоожээ. Эх тахиа дэгдээхэйнүүддээ муудсан хоол идэхгүй байх, том биетэй адгуус амьтдаас биеэ хамгаалах, элдэв дуу чимээнд хууртахгүй байх зэргийг багаас нь зааж сургадаг.

Америкийн Хүмүүнлэгийн нийгэм нэртэй бие даасан судалгааны байгууллагын эрдэмтдийн тогтоосноор ямаа тун өөдрөг амьтан гэнэ. Өмнө нь хүнд хэцүү нөхцөлд байсан гэлтгүй ямар ч ямаа бусад гаршуулсан болон фермийн тэжээвэр амьтдыг бодвол таньж мэдэхгүй газартаа хурдан дасдаг, шинэ төрлийн хоол хүнсийг огт сэжиглэдэггүй зэргийг судлаачид ажиглажээ.

Америкийн Хүмүүнлэгийн нийгэм нэртэй бие даасан судалгааны байгууллагын эрдэмтдийн тогтоосноор ямаа тун өөдрөг амьтан гэнэ. Өмнө нь хүнд хэцүү нөхцөлд байсан гэлтгүй ямар ч ямаа бусад гаршуулсан болон фермийн тэжээвэр амьтдыг бодвол таньж мэдэхгүй газартаа хурдан дасдаг, шинэ төрлийн хоол хүнсийг огт сэжиглэдэггүй зэргийг судлаачид ажиглажээ.

Бохир заваан гэсэн муу нэртэй ч гахай үнэндээ дэлхий дээрх хамгийн ухаалаг амьтад гэсэн жагсаалтад дөрөвт буюу шимпанзе, далайн гахай, зааны дараа бичигддэг. Гахай байгалийн ямар ч орчинд хурдан дасан зохицдог, юуг ч хурдан сурдаг. Хаалга нээж, хаах; хонь туух, тэр бүү хэл видео тоглоом хүртэл тоглож сурсан гахай бий. Эрдэмтдийн 1996 онд гаргаж авсан Доли хонь бол өөр биеийн эсээс хиймэл буюу атомын шилжүүлгийн аргаар гаргаж авсан анхны хөхтөн амьтан юм. Доли зургаан жилийн дараа, долоо хүрэхээсээ таван сарын өмнө 2003 онд үхжээ. Түүний чихмэл одоо Шотландын Үндэсний музейд бий.

Тахианы өндөгний өнгө тухайн тахианы гениэс шалтгаалдаг. Гэхдээ эхэндээ бүгд цагаан байж байгаад аажмаар бор, шаргал өнгөтэй, эсвэл бүр ногоон, хөх туяатай болон өөрчлөгддөг. Нугас болгон гаагалдаггүй. Ялангуяа эр нугаснуудын дийлэнх нь огт дуу авиа гаргадаггүй бөгөөд эм нугаснууд л элдэв авиа гаргах чадвартай байдаг. Эм нугас гаагалахаас гадна исгэрч, шүгэлдэж, хүржигнэж, тэр бүү хэл ослын дохио шиг чарлах чимээ гаргах нь ч бий. Тэр болгон нь хоол нэхэх, анхаарал шаардах, аюул осол ойрхон байгааг сануулах зэрэг өөр өөр утга илэрхийлнэ.

Морины хөл насан туршид нь бараг нэг ижил хэмжээтэй байдаг. Өөрөөр бол дөнгөж эхээс унасан унага нас бие гүйцэхдээ ч ижил урттай хөлтэй байдаг гэсэн үг.

Адуу заримдаа инээж байгаа юм шиг харагддаг ч үнэн хэрэгтээ тийм биш. Морь нүд, чихээ голдуу ашиглан нүүр царайны хувирал үзүүлдэг ч инээж чаддаггүй.

Гахай хөлсний булчирхайгүй гэх ойлголт нэлээд түгээмэл байдаг. Гэхдээ энэ нь эндүүрэл бөгөөд гахайн цөөн хэдэн хөлсний булчирхай ердөө хөхтөн амьтдад хэрэгтэй байдаг биеийн хэмийг зохицуулах хэмжээнд хангалттай их хөлс ялгаруулдаггүй төдий юм. Тиймээс ч бүгчим халуун өдөр гахай ус, шавартай газар хөлбөрч биеийн чийгээ өөрөө зохицуулдаг.

Үхэр барагтай бол хөдөлдөггүй, зогсоогоороо унтаж байгаа үхрийг мөргөчихвөл унтаа чигээрээ дөрвөн хөлөө дээш харуулан унадаг гэсэн явган яриа бий. Үүнд итгэдэг хүмүүс ч олон байдаг гэх. Гэхдээ энэ нь бодит байдалд яагаад ч боломжгүй юм. Дундаж биетэй үхрийг 4-5 хүн л хөдөлгөж, унагаж дийлнэ. Мөн үхэр зогсоогоороо зүүрмэглэх нь тун ховор байдаг гэнэ.

Нугас шувууг зарим нутагт мөнхийн хайрын бэлгэдэл гэж үздэг ч үнэндээ зөвхөн үржлийн үед л нугас хосоороо байдаг. Зэрлэг нугасны эм нь өндөглөж эхлэхтэй зэрэгцээд эр нь орхиж явах ба дараагийн үржлийн улирлаар эм нугас ахиад л хамгийн өнгө зүс сайтай, хамгийн эрч хүчтэй эр нугасыг сонгон авч аль сайн гэсэн генийг дараагийн үедээ өвлүүлнэ.

Харин насан туршаа ганц л ижилтэйгээ амьдардаг, жинхэнэ хайрын бэлгэдэл болох шувуу бол галуу юм. Зэрлэг галуу ижлээсээ хагацсан бол ахин “гэрлэхээс” татгалздаг.

Эр, эм цацагт хяруул хоёулаа хамар амнаас нь унжих торлог туузан эдтэй, том улаан залаатай байдаг. Эдгээр нь хэдий урт байна, төдий хэрээр эрүүл саруул гэж үздэг тул эм цацагт хяруул нүүрэн аман дээрээ хачирхалтай эвэрлэг эдтэй эр цацагт хяруулд илүү татагддаг.

Лам гөрөөстэй ойрын төрөл болох алпака гөрөөсийг эртний инкчүүд анх гаршуулжээ. Альпака 22 янзын өнгө зүстэй.

Альпака гөрөөсний хөөвөр үсийг тэмээний ноолуурнаас нарийн ширхэгтэй, цэвэр даавуунаас зөөлөн, ямар ч нэхмэл эдлэлээс дулаахан, ангор ямааны ноолуурнаас бат бөх, торгоноос ч илүү торгомсог гэдэг. Мөн гал, усанд тэсвэртэйгээрээ гайхагддаг байна.

Туулай айж цочихоосоо илүү баярлаж хөөрсөн үедээ дэгдэж дэрвэдэг. Тэгэхдээ гайхмаар хурдтай, бүр 72 км/цаг хүртэл хурдлах нь бий.

Холбоотой мэдээ