“Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн компаниуд бидэнд урьдчилан захиалгаа өгч болно

 “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн компаниуд бидэнд урьдчилан захиалгаа өгч болно

Хаврын анхны бороо орсон  сайхан өглөө  “Ногоон эрэл”-ийнхэн Шадивлан дахь талбайд эхэлсэн “амьд” сургалтыг сурвалжлахаар очлоо. Уг сургалтыг  биологийн ухааны доктор,хөрс судлаач  Шаравын Пүрэвсүрэн гуай зохион байгуулж,биологийн ухааны доктор Хөхөөгийн Отгонбилэг, ойн инженер Сономын Дашдаваа нар урилгаар оролцов. Мод үржүүлгийн гурван “акуль” сурагчиддаа маш олон үнэт зөвлөгөө өглөө.

-Мод тарих зардал их л дээ. 2000 мод гэдэг ус их ууна. Цахилгаан насосоор өндөр газар руу худгийн ус шахаж 5 тонныг дүүргэхэд цахилгааны төлбөр сардаа 400-500 мянган төгрөг гардаг.“Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд ядаж мод ургуулах гэж зарцуулсан цахилгааны төлбөрийг хөнгөлж чөлөөлж  өгдөг бол маш их дэмжлэг туслалцаа болно доо.

-Бургас нас богинотой, тайрч байх хэрэгтэй. Тайрах тусам л залуужна.

-Ер нь энэ сар бол маш чухал, хариуцлагатай цаг үе. Хорхой хөдөлж, мод руу авирна. Даруйхан л зогсоох ёстой. Түүнээс мод нахиалаад, хорхой ч дээшээ алга болоод өгсөн үед хичнээн устгаад тусгүй. Мөн таналт тайралтыг ид хийдэг цаг шүү. Модны шим шүүс дэгдэхээс өмнө үржүүлгийн мөчрөө тайрах, өөр газар шилжүүлэн суулгах гээд яг энэ  сар мод тарьж буй хүнд алт шиг үнэтэй. Түүнчлэн моддыг хэлбэршүүлэн янз байдлыг чимэглэн засах тэр цаг нь мөн л одоо.

-Мод үржүүлэхийн тулд үрээс эхэлнэ. Үрийг зохистой бэлтгэж, хадгалах, идэвхижүүлэх, тарих, арчлах дэс дарааллаар уйгагүй хичээж байж ургана. Усалгааг тохируулах нь чухал. Хэтэрхий ихдүүлбэл үндэсний шим тэжээл нь угаагдаж арилдаг. Ер нь хөрсний чийг ямар ч модонд 60-70 хувьтай байвал сайн.

-Болжмор шар хуайсны үрэнд маш дуртай. Өөр модны үртэй цуг булсан байхад зөвхөн шар хуайсныхыг олоод идчихдэг юм. Яаж мэддэг юм, элдэвтэй золигнууд шүү. Үрлэсний дараа байнга л сахиж, хамгаалж байхгүй бол болохгүй.

-Голт борын үрийг цэвэрлэх шаардлагагүй шууд цацаад тарьчих.

-Буйлс, гүйлс, мойлын үр тийм хатуу ястай хэрнээ тун амархан задардаг юм.

-Улиасыг шуудуу, далангаар тарьвал зүгээр. Унгиралыг нь даралттай усаар шүршихээр нам болдог юм билээ.

-Модыг эхлээд тархиндаа сайн тарих ёстой юм байна. Тэгсэн байхад талбайд ургуулахад юухан байх вэ.

Талбайд энэ мэт зөвөлгөө завсаргүй өрнөж байлаа. Ажиглахад, энэ жил мод тарих сонирхолтой хүн олширчээ.

Ойн инженер С. Дашдаваа: Түргэн ургалттай модноос эхэлж тариарай

 

Тэрээр, ХААИС-ийг ойн инженер мэргэжлээр төгссөнөөс хойш эдүгээ хүртэл 50-иад жил тасралтгүй хөдөлмөрлөж явна. 1997 оноос хойш шинэс, нарс, улиас, хайлаас, хуайс, монос, өрөл гэхчлэн Монголд ургадаг голлох 30 гаруй төрлийн мод, сөөгийг 2,2 га газарт үржүүлж байна. Та тэдний “Төгөл мод үржүүлэг” гэсэн фейсбүүк хаягаар зочлоорой.

-Та энэ сургалтад зөвлөх багшаар уригдан оролцлоо?

-Тийм ээ. Ш.Пүрэвсүрэн бид хоёрыг мод л танилцуулсан даа. Модонд дуртай улс чинь найз нөхөд байдаг юм. /инээв/ Пүүжээ маань тун хэрэгтэй санаачилга гаргаж, мод тарих, арчлах үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. Найзын хувьд туслалцаж, бид хамтран анхлан мод тарьж буй болон туршлага мэдлэгээ зузаатгахыг хүссэн хүмүүст чадлын хэрээр зөвлөгөө өглөө.

-Тухайлбал…?

-Газраа зөв сонгож, хөрсөө сайн боловсруулж, услалтын асуудлаа зөв шийдвэрлэх хэрэгтэй дээ. Дараа нь тарих модоо зөв сонгох ёстой. Би бүгдийг нь тарина, чадна гэх хэрэггүй. Нэг удаа бүтэлгүйтнэ, шантрах, сэтгэлээр унах явдал гарах вий. Тиймээс түргэн ургалттай модноосоо эхэлсэн нь дээр. Тухайлбал, шинэс байж болж байна. Төвөгтэй нь төвөгтэй, гэхдээ тарихаас л болохгүй. Шар хуайс, улиас, монос, өрөл гэхчлэн үндсэн нэр төрлийн модыг тарьж ургуулсны дараа нь нарийн ширийн руугаа орвол дээр. Сайн төлөвлөх ёстой. Ингэж л зөвлөлөө.

-“Тэрбум мод-Үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд тарьц, суулгацын эрэлт нэмэгдэх бололтой?

-Тийм ээ. Бид эрэлтийг дагаад үржүүлэх модныхоо тоо хэмжээг ч нэмэхээс аргагүй болж байна. Өмнө нь шийдвэрлэх асуудлууд бий. Талбайгаа томруулах, усалгааны системээ шинэчлэх, ажиллах хүчнээ нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ бүхэнд санхүүгийн асуудал л бий.

-Ногоон зээл авах уу?

-Тэгэх л байх. Гэхдээ надад нэг бодол байдаг юм. “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн том компаниуд хэдэн зуун саяар нь мод тарина гэсэн амлалт авч байна. Тэгвэл бидэнд урьдчилаад захиалга өгөөд “2024 онд танайхаас төдөн төрлийн төдөн мод авна” гээд тохироод, гэрээ байгуулж, урьдчилгаа мөнгө өгвөл нэн сайн байх сан. Тэр мөнгөөр бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, чанарын шаардлага хангасан тарьц суулгацыг бэлэн болгох юм. Олон жил мод үржүүлгээр бидэн шиг ажиллаад тодорхой бааз суурьтай болсон, сайн, муугаа мэдсэн хүмүүсийг түших нь зөв л дөө. Түүнээс биш цоо шинээр мод үржүүлгийн газар байгуулаад суулгац гаргатал хамгийн багадаа 5 жил орно шүү.

Биологийн ухааны доктор Хөхөөгийн Отгонбилэг: Хүний бүтээлч үйл ажиллагаа маш чухал

Юуны өмнө ногоон сэдвийг дагнан бичиж, олон нийтэд ногоон боловсрол олгох үйлсэд манлайлан, амжилттай ажиллаж буй танай сэтгүүл, сайтын хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе.

Би сүүлийн 20-иод жил эмийн ховор ургамал тарьж үржүүлэх ажил хийж байна. Энэ чиглэлээр Жаргалантад гавъяат Мэндсайханы “Монг эм” компанид анхнаас нь гар бие оролцон ажиллаж байгаа юм. Хэрлэн голын савд доктор профессор Дэмбэрэлнямын ижил төрлийн аж ахуйн ажилд зөвлөдөг. Хувьдаа хоёр ч хүлэмжтэй, улиас голдуу үржүүлж, хот тохижилтын байгууллагад нийлүүлдэг юм.

Танай сэтгүүл, сайтаар дамжуулаад Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод-Үндэсний хөтөлбөр”-ийн талаар хэдэн үг хэлмээр байна. Энэ хөтөлбөрийн экологи, эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр өгөөж  асар их, ач холбогдолтой юм. Тэрбум модныхоо чөлөөнд, завсар зайгаар нь жимс жимсгэнэ ургуулж ашиг орлоготой амьдарч болж байна. Зарим хэсэгт нь эмийн ургамал тариалж болно. Балт ургамал алаглуулж, зөгийн аж ахуй эрхэлж болно. Хадлан бэлчээрийн талбай гаргаж болно. “Тэрбум мод-Үндэсний хөтөлбөр” амжилттай хэрэгжсэнээр аж ахуйн нэгж, өрх айл,иргэн  ажилтай, ашиг орлоготой байх бүрэн боломжтой. Тэр хэрээр ядуурал буурч, нийгмийн үзүүлэлт сайжирна. Экологи талаасаа бол ойлгомжтой шүү дээ. Агаар чийглэгдэнэ, шороо тоос, дуу чимээ багасна, хөрсөнд ус хуримтлагдана гээд тэр орчиндоо нэн тааламжтай микро орчин бүрдүүлнэ.

Хүний бүтээлч үйл ажиллагаа маш чухал. Сэтгэлээсээ хандах хэрэгтэй шүү. Мод үржүүлгийн ажлаар 50-иад жил оролдож буй хүний хувьд ингэж л хэлэх байна. Энэ хугацаанд мөн ч олон газар юм хийсэн дээ. Зөгийн станц гэж байхад ажиллаж байв. ХАА-н нэгдэлд агрономич хийсэн. Төмс, хүнсний ногоо, малын тэжээл тариалах, улаан сармис ургуулах гэхчлэн олон зүйлийг давхар давхар оролдож байлаа. Олон шавьтай болсон байна.

Энэ удаагийн сургалтад зөвлөх багшаар уригдан оролцсондоо баяртай байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Ц.Болормаа: Биднийг мод тарих сонирхол маань нэгтгэдэг

-Би өмнө нь дүү нартайгаа хамтран гурван жил мод тарьсан юм. Гэхдээ дандаа жимсний болон гоёлын мод ургуулж байлаа. Харин ноднин хавраас бургас, улиас, хайлаас үржүүлэх болов.

-Яагаад?

-“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд чанарын шаардлага хангасан мод, бут сөөгний тарьц, суулгац их хэмжээгээр шаардлагатай байна. Зах зээлд эрэлт хангалттай их байна шүү дээ. Тиймээс арай өргөн хүрээтэй ажиллая гэж шийдээд гэр бүлийн гурван найзтайгаа хамтран “Төхөмийн булаг” нэртэй нөхөрлөл байгуулаад байна. Ерэн хэдэн оны айхтар ганд  ширгээгүй  Зүүнхараад үлдсэн ганц шандын нэрийг их л бэлэгшээж өгсөн нэр дээ.

-Хэр том газарт тариалж байна вэ?

-Хашаандаа… Арай томхон талбай авчихъя гэхээр бэрхшээл их байна. Дэд бүтэцгүй газар ав гэдэг. Тэгэхээр чинь тэнд худаг гаргана, цахилгаан татна, зам харилцаа бий болгоно, хэцүү л дээ. Тэгээд ч бид гурав төрийн болон хувийн хэвшилд тус тусдаа ажилтай улс. Биднийг мод тарих сонирхол маань нэгтгэдэг гэх үү дээ. Нөхрүүд маань хаа очиж дэмжин тусалдаг шүү. Ажлынхаа чөлөө заваар санаа тавьдаг юм. Найз нөхдүүд ч урам өгдөг.

-Хэр олон тарьц, суулгац үржүүлж байна даа?

-Урьд нь жилд 6000-7000 суулгац гаргаж байсан. Харин энэ жилээс 200.000-ийг бэлтгэхээр төлөвлөсөн.

-Огцом өссөн байна шүү?

-Тийм ээ. Тэгээд л жаахан юм мэдэж авъя, номын дуу сонсъё, нүд, чихээ “онгойлгоё” гэж холоос зорин ирлээ.  Ш.Пүрэвсүрэн доктор бид хэд эртний танил. Энэ сургалт тун өгөөжтэй боллоо. Санаагүйг сануулж, мэдээгүйг мэдүүлж, улам их урам зориг өгсөнд баярлаж байна.

-Бэлтгэх хэмжээгээ нэмжээ. Харин борлуулах талд яах вэ?

-Захиалга их байна. Үржүүлж л чадвал алтны компаниуд нөхөн сэргээлтдээ авъя гэдэг. Говиос хүртэл түргэн ургалттай мод сураглаж л байна.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье!

 

 

Холбоотой мэдээ