Зэвсэгт хүчин “Тэрбум мод”-ны тэргүүн эгнээнд

 Зэвсэгт хүчин “Тэрбум мод”-ны тэргүүн эгнээнд

– “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн тушаалыг биелүүлэхээр алхаад марш!” –

Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний түүчээ болон үүрэг гүйцэтгэж байна. Ялангуяа, Хуурай замын цэргүүд ачааны хүндийг үүрч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн тушаалыг нэгэн зэрэг биелүүлж байна. Манай Зэвсэгт хүчин цэрэг дайны бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж, эх орноо батлан хамгаалахын зэрэгцээ энх цагийн бүтээн байгуулалтад ийнхүү хүч өргөж, нэр алдраа дархалж явна.
Улсын аюулгүй байдлын үндэс газар шороо. Тэр утгаараа цэрэг дайчид маань үеийн үед сахиж ирсэн ариун тангаргаа хэлбэрэлтгүй биелүүлж, улсын аюулгүй байдал, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө хүчин зүтгэж, тэргүүн эгнээнд бусдыг уриалан хөдөлмөрлөж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлсэн тэр цагаас эхлэн Зэвсэгт хүчин хамгийн хүнд, хэцүү цэгт үүрэг гүйцэтгэж, халуунд халалгүй, хүйтэнд хөрөлгүй байж, бүтээлч үйлсээрээ манлайлж байна.
“Ногоон эрэл”-ийн сурвалжлах хэсэг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн анги, нэгтгэл, бие бүрэлдэхүүн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хэрхэн оролцож байгааг сурвалжиллаа.
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Чимэдгочоогийн Цогтжаргал Зүүнбаянгийн цэргийн ангийн захирагчтай холбогдоход анги нь бүрэн бүрэлдэхүүнээрээ мод үржүүлгийн талбай дээр ажиллаж байна гэж илтгэв. Тэнд 30 га газар мод үржүүлгийн талбай байгуулахаас өнөө жил 15 га-г ашиглалтад оруулжээ. Хуурай замын цэрэгт үүнээс гадна мод үржүүлгийн гурван ч газар бий. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тарьц, суулгац олдохгүй, олдлоо ч төсөв мөнгөгүй учир авч хүчрэхгүй бэрхшээл байж. Модны тарьц, суулгац нийлүүлэгчид хөнгөлөлт, урамшуулал, төлбөрийн уян хатан нөхцөлгүй, баруун зүүнээрээ солилцоно гэж тулгадаг, тиймээс Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн өөрсдөө мод үржүүлэхээр санаа шулууджээ. Чухамдаа Зүүнбаянгийн мод үржүүлэг энэ ажлын эхлэл юм. Одоо тэнд говийн нөхцөлд дасан зохицсон заг, тоорой, сухай, хайлаас, харгана зэрэг мод, бутыг үрээр үржүүлж, хэрэгцээндээ ашиглаж байна.
Зүүнбаян дахь цэргийн ангийн бие бүрэлдэхүүн Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр болон автозамын дагуу нийтдээ 600 гаруй км ойн зурвас байгуулах нүсэр бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлж, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш, эрдэмтэд мэргэжлийн арга зүйгээр хангаж, ажил урагштай байгаад цэргүүд сэтгэл өөдрөг байна. Агроэкологийн сургуулийн багш, эрдэмтэн нар, “Гурил үйлдвэрлэгч, тариаланчдын холбоо” ТББ хамтран нарийвчилсан төлөвлөгөө, ТЭЗҮ-г боловсруулжээ.
Хуурай замын цэргийн командлал үүнээс гадна Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хороололд найман га-д мод үржүүлж, тэндээ Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн, төгөлтэй болохоор шамдаж байна. Сонирхуулахад, Өлзийт хорооллын мод үржүүлгийг хариуцан ажиллаж буй Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн дайчид цэцэрлэгт хүрээлэндээ ямар нэр өгөх вэ гэж олон санаа уралдуулж байгаа ч эцсийн байдлаар нэршлийг шийдээгүй гэнэ.
Хуурай замын цэргүүд Орхон аймгийн Эрдэнэт хот, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун фабрикт мөн мод үржүүлж эхэлжээ. Ажил урагштай, үр сайн соёолж ургаж байгаад тэд урам зоригтой байна. Цаашид эдгээр газруудад модны тарьц, суулгацыг төрөлжүүлж ургуулна гэж Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Чимэдгочоогийн Цогтжаргал хэлэв. “Мод үржүүлгийн газраас гаргаж буй бүх тарьц, суулгацаа ашиглаж байна уу, эсвэл илүү гарсныг нь зах зээлд борлуулж, санхүүжилтийн эх үүсвэр болгож байна уу?” гэсэн асуултад “Зэвсэгт хүчин аж ахуйн нэгж биш. Ашиг орлого харж энэ бүтээн байгуулалтад оролцоогүй. Хуулийн дагуу хүлээсэн үүрэг, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас өгсөн тушаалыг биелүүлж байна” гэж тэрбээр хариуллаа.
Эрдэнэт хотод шилмүүст мод голчлон үржүүлэх бол Өлзийт хороололд гоёлын мод, мандлын цэцэг ургуулах аж. Одоогоор Эрдэнэт дэх цэргийн ангид үрээр голт бор, агч, шар хуайс, хайлаас, нарс, шинэсийг ил талбайд үржүүлж байгаа бөгөөд ирэх намар тэндээс 100.000 ширхэг хайлаас гаргаж тарих юм байна. Мөн Өлзийт хороололд үрээр гүйлс, буйлс, агч, хайлаас, тайраадсаар бургас, улиас үржүүлж байгаа гэлээ. Энэ хавар тэд баруун тийш автозам дагуу, Эмээлтээс цааш ойжуулж эхэлжээ. Гэхдээ нэгэн бэрхшээл байна. Юу гэвэл, Зэвсэгт хүчинд хүн хүч хангалттай ч төсөв санхүү хүндрэлтэй байдаг байна. Мод тарих ажилд зориулж улсын төсвөөс нэг төгрөг ч төсөвлөдөггүй бөгөөд эр цэргүүд маань тушаалтай тулдаа л энэ их ажлыг амжуулж байна даа гэж бодогдсон. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд маань цэргүүдээ дэмжээд, тэдний тарьсан модны арчилгаа, ургалтыг нь хариуцаад авчихдаг бол сайн сан. Энэ санааг бригадын генерал ч дэмжсэн бөгөөд менежментийн зөв төлөвлөлт хэрэгтэй байгааг сануулна билээ.
Зэвсэгт хүчинд техник хэрэгсэл байдаг ч шатахуунгүй суучихдаг байна. Гэсэн ч сайны жишээ байгаа нь, Хуурай замын цэргүүд энэ хавар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэнд, Дарханаас Эрдэнэт орох замын хоёр хажуугаар 10.000 хайлаас тарьж ойжуулжээ. Тарьц, суулгацыг нь мал идчих гээд, дараа нь усалгаа арчилгааг яах билээ гэж байтал сайн санаат, нийгмийн идэвхтэй хүн гарч иржээ. Эко бордоо үйлдвэрлэдэг, газар тариалан эрхэлдэг Батзанаа захиралтай “Эйл Би Эйч Агро” компани хамтарч ажиллах болж, хариуцан үлджээ. Одоо тэнд цэргүүдийн тарьсан модод хариуцах эзэнтэй, харах хүнтэй ургаж байна. Үүнтэй адил сайн жишээ цаашид үргэлжилнэ гэдэгт бие бүрэлдэхүүн найдаж байна.
Зэвсэгт хүчин мод тарих ажилд оролцоход анхандаа мэргэжлийн агрономич олдохгүй хэцүүхэн байж. Хоёр ч ажлын байр нээлттэй байгаа ч хүн ирэхгүй байгаа гэнэ. Хоорондоо алс зайтай мод үржүүлгийн дөрвөн газар дундаа нэг агрономичтой бөгөөд бригадын генерал Ч.Цогтжаргалын хэлснээр, залуу хүн тулдаа л тэсэж байгаа аж. Генерал ч өөрөө цаг наргүй, өдөр шөнөгүй давхиж байж ажлаа амжуулдаг юм байна.  Гэвч бие бүрэлдэхүүн  бэрхшээлийн өмнө бууж өгсөнгүй. Дотоод нөөц бололцоогоо ашиглан цэргүүдээ сурган дадлагажуулж байна. Цэргээс халагдаад сурсан мэдсэнээ амьдралдаа ашиглаж, тарьц, суулгац үржүүлж, ашиг орлоготой байх олон цэрэг тэдний дунд байгааг үгүйсгэхгүй.
“Мод үржүүлэх туршлага мэдлэг хуримтлуулж, ажил ч жигдрээд ирж байна” гэж ангийн удирдлагууд сэтгэл өөдрөг ярив. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал бүх анги, нэгтгэлээ ногоон орчинтой болгохоор зорьж байна. Түүнчлэн офицер, ахлагч, ажилтан, албан хаагчдынхаа гэр хашаа, зусланд мод тарихыг уриалж, тарьц, суулгац өгч байгаа гэнэ.
Бүгд л эрвийх дэрвийхээрээ оролцож, хамтарч зүтгэж байж “Тэрбум мод” хөдөлгөөн амжилтад хүрч, зорьсон зорилгоо биелүүлэх билээ.

 

Холбоотой мэдээ