giz монгол Repare төслийн захирал доктор Дуняа Хоффман: СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГУУДЫН ИХ ЗАСВАРЫН АЖИЛ ОЛОН НИЙТИЙН ХУУЧИН БАРИЛГУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ЖИШГИЙГ ТОГТООСОН

 giz монгол Repare төслийн захирал доктор Дуняа Хоффман: СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГУУДЫН ИХ ЗАСВАРЫН АЖИЛ ОЛОН НИЙТИЙН ХУУЧИН БАРИЛГУУДЫГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ЖИШГИЙГ ТОГТООСОН

giz монгол Repare төслийн захирал доктор Дуняа Хоффмантай ярилцлаа.

-“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийг хэрэгжүүлэх шалтгаан, зорилго, зорилтууд нь юу вэ?
-Энэхүү төсөл нь улс орнуудад илүү тогтвортой, уур амьсгалд ээлтэй эрчим хүчний хэрэглээнд шилжих өөрчлөлтийг бий болгох зорилготой төслүүдийг дэмжихэд чиглэсэн “Хүлэмжийн хийг бууруулах үйл ажиллагааг дэмжих байгууллага”-ын арга аргачлалуудаас санаа авч бичигдсэн. Улаанбаатар хотын 375 орон сууцны блокт дулаан шинэчлэлтийн засварын ажлыг хийж төсөл дууссаны дараа ч угсармал барилгуудыг үргэлжлүүлэн засварлах системийг бий болгохыг зорьж байна. Угсармал барилгуудын эрчим хүчний зарцуулалтыг багасгаснаар нүүрс шатаахад үүсэх хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх нөлөөллийг багасгах юм.
-RePaRe төсөл нь бүс нутгийн тогтвортой байдал, ногоон эдийн засгийг дэмжих өргөн хүрээний зорилтуудтай хэрхэн уялдаж байна вэ?
-Барилгын салбарын эрчим хүчний хэмнэлт нь тогтвортой байдлын гурван хүчин зүйлд (эдийн засаг, хүрээлэн буй орчин, нийгэм) хувь нэмэр оруулахаас гадна ногоон эдийн засгийг дэмждэг. Нийгмийн талаасаа гэвэл, оршин суугчид дулаан гэрт эрүүл саруул амьдрах боломжтой болж байгаа нь тэдний хамгийн чухал суурь хэрэгцээний нэгийг шийдэж өгч байна. Эдийн засаг талаас харвал, улсаас жил бүрийн өвлийн улиралд дотоод орчны агаарын температур, агаарын чанар муугаас болж өвчилж буй иргэдийн эрүүл мэндийн зардлыг тодорхой хувиар хэмнэх сайн талтай. Үүний зэрэгцээ шинэчлэл нь айл өрхүүдэд үл хөдлөх хөрөнгийнхөө үнэ цэнийг нэмж, 30 орчим жил тогтвортой байлгах боломжийг олгож байна. Хэрэв одоо л эдгээр барилгуудад хөрөнгө оруулалт хийхгүй бол хэдхэн жилийн дараа эдгээр барилгын оронд шинээр баригдах барилгуудад 10 дахин их хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг. Хүрээлэн буй орчинд гэвэл хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгаснаар нөлөөлж байна. Энэ төрлийн төсөл нь хэрхэн бага зардлаар хүлэмжийн хийг бууруулах боломжтой вэ гэдгээсээ хамаараад олон улсын хандивлагчдын анхаарлыг татах боломж бий болдог. Эдгээр бүх хүчин зүйлүүд нь эрчим хүчний эрэлт багатай ногоон эдийн засгийг дэмжиж, эрэлтээс давсан үед зардал багатай сэргээгдэх эрчим хүчээр нөхөх боломжийг бий болгодог.
-Дулааны техникийн шинэчлэлийн төлөвлөгөөнд орсон ногоон барилгын үндсэн зарчмууд, туршлагуудыг тайлбарлаж өгнө үү. Эдгээр нь эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалахад хэрхэн хувь нэмэр оруулдаг вэ?
-Барилгын дулаан алдагдлыг бууруулах чиглэлээр Монголд хамгийн тод харагддаг жишээ бол барилгын гадна ханын дулаалга. Барилгуудын эрчим хүчний хэрэгцээг цаашид бууруулахын тулд өөр бусад арга хэмжээнүүдийг ч мөн авах шаардлагатай байна. Дулааны алдагдал нь цонх, хаалга, дээвэр, тагтны суурь эсвэл цонхны тавцан гэх мэт гадаа температурыг өрөөнд шилжүүлж буй “дулааны гүүр”-үүдээр алдагддаг. Эрчим хүчний хэмнэлтийг хангах, хэмнэлтийн хэмжээг баталгаажуулах хамгийн чухал төхөөрөмж бол дулаан хэмжигч, холигч насос юм. Энэхүү автомат төхөөрөмж нь халуун ус байшин дотор эргэлтэд орж өнгөрсний дараа буцах температурыг хэмждэг. Хэрэв ус буцаж ирэхдээ халуун хэвээр байгаа бол хавхлага хаагдаж, халуун ус цааш дахин эргэлдэж төвөөс ирж буй халуун усыг хэмнэдэг. Манай төсөл нь хамгийн хэмнэлттэй автомат холигч насос, дулаан хэмжигч суурилуулна, мөн гадна хана болон дээврийн дулаалга, дулааны гүүрийг шийдвэрлэнэ.
Төсөл нь Улаанбаатар хотын оршин суугчдын өргөн хүрээг хамарсан ногоон байгууламжийг сайжруулах арга барилыг хүртээмжтэй байлгахын тулд боломжийн болон хүртээмжтэй байдлын сорилтуудыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Цар тахлын дараа барилгын материалын үнэ нэмэгдсэнээс хойш угсармал барилгын олон оршин суугчдын эдийн засгийн байдал нэлээд хурцадмал нөхцөлд байна. Үүний зэрэгцээ эрчим хүчний үнэ хямд байгаа нь хэрэглэгчдийг урт хугацаанд найдвартай эрчим хүчээр хангах зардлыг нөхөж чадахгүй байна.“Хүлэмжийн хийг бууруулах үйл ажиллагааг дэмжих байгууллага” энэ сорилтыг ойлгож, төсөлд буцалтгүй тусламж үзүүлж байна. Энэхүү буцалтгүй тусламж нь угсармал орон сууцны оршин суугчдад дулаан техникийн шинэчлэл хийх анхны хөрөнгө оруулалтын тодорхой хувийг хариуцах зорилготой. Төсөл нь өрхүүдэд тохирсон төлбөрийн бүтцийг бий болгож, хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг л буцааж төлөх хөнгөлөлттэй нөхцөлийг санал болгож байна. Мөн төсөл нь хэмнэгдсэн эрчим хүчний үнэ цэнийг тодорхойлох системийн өөрчлөлтийг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Хэрэглэгчид метр квадрат тутамд эрчим хүчний төлбөрөө төлдөг. Ашиглагдаагүй эрчим хүчийг илүү их дулаан үйлдвэрлэхгүйгээр өөр олон барилгад ашиглах боломжтой болно. Энд хэмнэгдсэн эрчим хүчний үнэ цэнийг манай санхүүжилтийн системд шилжүүлэх боломжийг эрчим хүчний салбарынхан хүлээн зөвшөөрч, хэлэлцэхэд нээлттэй байгаа нь ирээдүйд чухал ач холбогдолтой. Ингэснээр ойрын жилүүдэд илүү олон барилга байгууламжийг шинэчлэх боломж нэмэгдэнэ.
-Төслийн хугацаанд ямар эрчим хүч хэмнэж, CO2 ялгаруулалтыг бууруулахаар төлөвлөж байна вэ?
-Төслийн хэрэгжилтийн хугацаанд 375 угсармал барилгын блокийг дулаан техникийн шинэчлэлд хамруулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь CO2 ялгаруулалтыг 219,553 тонн бууруулах тооцоо гарсан. Угсармал орон сууцыг дулаалснаар дулаан алдагдлыг 40 орчим хувиар бууруулна, мөн тухайн барилгын ашиглалтын хугацааг 30 орчим жилээр нэмнэ. Тухайн орон сууцны оршин суугчид 30 жилийн дараа магадгүй дахин дулаалж, шинэчлэлтийн ажлыг хийснээр барилгын ашиглалтын хугацаа нэмэгдсээр байх юм. Эрчим хүч бага хэрэглэж байна гэдэг цахилгаан станц дээр түлэгдэх нүүрсийг хэмнэнэ гэсэн үг. Ингэж хэмнэснээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна.
-Энэхүү төсөл нь Улаанбаатар хотыг ногоон хот болоход хэрхэн тусалж, хотын тогтвортой байдлын зорилтуудыг хэрэгжүүлэхэд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
-Тогтвортой эрчим хүчний систем нь үйлдвэрлэсэн эрчим хүчийг үр ашигтай ашиглахаас эхэлдэг. Тэр тусмаа дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатарт бид эрчим хүчийг үр ашигтай ашиглах нь маш чухал. Барилга бүр нь эрчим хүчний бодит хэрэглээний 40-өөс доошгүй хувийг хэмнэх боломжтой. Энэ нь нүүрсэнд суурилсан цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага болон халаалтын системд үзүүлэх дарамтыг бууруулдаг. Мөн нүүрс шатаах хэрэгцээ багасаж, хотын агаарын чанарыг, ялангуяа өвлийн улиралд нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулдаг. Сургууль, цэцэрлэгүүдийг шинэчлэн засварласан бидний сүүлийн төсөлд GIZ тогтвортой хөгжлийн 17 зорилтын 13-ыг нь шийдвэрлэсэн гэдгийг нотлох баримтаар хангасан. Барилгын эрчим хүчний хэмнэлт нь CO2 ялгаруулалтыг бууруулахаас гадна агаарын бохирдлыг бууруулж, доторх агаарын температурыг сайжруулснаар эрүүл мэндэд тустай. Энэ нь хүүхдүүдийг тав тухтай, хүүхдэд ээлтэй орчинд эрүүл саруул сурч боловсрох боломжийг улам бүр нэмэгдүүлнэ. Хүйтэн, тав тухгүй орчноос үүдэн хүүхдүүд өвчлөх үед эмэгтэйчүүд гэртээ харж үлдэх хандлагатай байдаг нь тэднийг өрхийн орлогод оруулах эдийн засгийн боломжоос хасдаг тул жендерийн асуудлыг ч мөн хөндөж байгаа юм.
Улаанбаатар хотын дэд бүтцэд тэргүүлэх ач холбогдол бүхий хөрөнгө оруулалт, дэмжлэг үзүүлэх системд анхаарлаа хандуулах боломжийг бүрдүүлэхийн тулд бүх төрлийн барилгын эрчим хүчний хэмнэлтийн сэдвийг стратегийн үүднээс авч үзэх төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулсан.
-Энэ төслөөр хийгдсэн эрчим хүчний хэмнэлт, Улаанбаатар хотын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хэрхэн хувь нэмэр оруулж байгаа талаар ярина уу?
-Төсөл нь юуны түрүүнд дулаан техникийн шинэчлэл хийхээс өмнө барилгын блок бүрийн дулааны хэрэгцээг хэмжих дулааны тоолуур суурилуулна. Бидний хэрэгжүүлэх арга хэмжээнд хэрэв шаардлагагүй бол дулааны зарцуулалтыг багасгах боломжийг бий болгох автомат холигч насос суурилуулах ажил багтсан байгаа. Хэмнэгдсэн эрчим хүчийг өвлийн дараа дулааны тоолуураар хэмжиж гаргана.
-Таны бодлоор Улаанбаатар хот ногоон байгууламж, эрчим хүчний хэмнэлттэй төслүүдэд хөрөнгө оруулалт хийснээр урт хугацаанд байгаль орчин, эдийн засгийн үр өгөөж нь юу байх вэ?
-Энэхүү төсөл нь эрчим хүчний хэмнэлттэй барилгыг бий болгоход дэмжлэг үзүүлж, оршин суугчид ирээдүйд эрчим хүчний үнэ өсөхөд даван туулах боломжийг бий болгоно гэж харж байна. Хэрэв эрчим хүчний үнэ зардлаа нөхдөг болох юм бол аж ахуй нэгж, хөрөнгө оруулагчид үр ашигтай технологид хөрөнгө оруулах сонирхол нь нэмэгдэж, шинэ технологийн хэрэгжилт олон талаар нэмэгдэх болно. Сэргээгдэх эрчим хүчинд суурилсан дулааны үйлдвэрлэл, эрчим хүчний гүйцэтгэлийн гэрээ байгуулах нь эдийн засгийн үйл ажиллагааны шинэ салбар болж, айл өрхөөс их хэмжээний хөрөнгө оруулалт шаардахгүйгээр үр ашигтай технологи суурилуулах боломжийг олгоно. Агаарын чанар сайжирч, эмнэлгийн зардал багасаж, бизнесийн чадавх нэмэгдэж, Монголын ард түмэнд илүү сайн хөгжих боломж зэрэг дээр дурдсан эерэг нөлөөлөл бий болно.
-Ногоон Улаанбаатарын алсын хараанд Улаанбаатар хотын иргэд хэрхэн идэвхтэй оролцож, дэмжих вэ? Энэ төсөлтэй холбоотой оршин суугчид оролцож болох санаачилга, олон нийтийн оролцоо бий юу?
-Тийм ээ, угсармал орон сууцны оршин суугчид бол манай төслийн зорилтот иргэд юм. Барилгын блок дээр дулаан техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэхийн тулд оршин суугчдын зөвшөөрлийг авах нь чухал юм. Төсөлд хамрагдах хүсэлтэй орон сууцны блокууд нь газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээнд хамрагдсан байх шаардлагатай. Юуны түрүүнд орон сууц өмчлөгчид repare.mn сайтаас орж зөвшөөрлийн хуудсыг татан авч хөрөнгө оруулалтын тодорхой хэсгийг төлөхөө оршин суугч бүр гарын үсэг зурж зөвшөөрөх хэрэгтэй. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол мөн төслийн багтай холбогдож танилцуулга авах боломжтой. Угсармал сууц эзэмшигчдэд хандан хэлэхэд энэ боломжийг бүү алдаарай.

Холбоотой мэдээ